амьдралынхаа туршид New-York Times-ийн нэг дугаартай л тэнцэхүйц хэмжээний мэдээлэл авдаг байсан гэнэ. Харин орчин үеийн иргэншсэн хүн өдөр тутам 174 сонин уншсантай тэнцэхүйц хэмжээний мэдээлэл авдаг аж. Энэ нь 30 жилийн өмнөхтэй харьцуулбал тав дахин өссөн гэсэн үг бөгөөд АНУ-д 2009 онд явуулсан нэгэн судалгаагаар дундаж америк иргэн өдөрт 34 гегабайттай тэнцүү буюу текстээр бол 100 мянган үг /Л.Толстойн “Дайн ба Энх” зохиол 460 мянган үгтэй/ бүхий мэдээлэл авдаг байв. Ингээд бодохоор бидний өдөр тутмын амьдралд медиагийн гүйцэтгэх үүрэг юутай ч зүйрлэмгүй болжээ. Ээжийн захиас, аавын үг, багшийн зааварт эргэлзэх үе бий. Харин медиагийн өгөх мэдээлэлд хэн ч, ямар ч эргэлзээгүйгээр итгэж л орхидог. 

Онолын үүднээс авч үзвэл масс медиа нь бодит байдлын тусгал, ямар нэгэн нөлөөллөөс тусгаар, иргэдийг улс төр, нийгэм, соёлын мэдээллээр хангах үүрэгтэй. Гэхдээ тэд үнэхээр тийм байж чаддаг уу?

“Бодит байдлыг зохиох нь” номын зохиогч Майкл Паренти “Орчин үеийн масс медиа бол иргэдийг хамгаалах, эсвэл тэдний эсрэг ашиглах зэвсэг” гэж тодорхойлжээ. Түүний үзэж байгаагаар орчин үед масс медиа нь томоохон корпорациуд болон улстөрчдийн төлөө үйлчлэх болсон гэнэ. Ингэж үзэх ч бүрэн эрхтэй юм. 1982 онд америкийн хэвлэл мэдээллийн салбарын 90 орчим хувийг 50 компани бүрдүүлдэг байсан бол өнөөдөр ердөө л таван /Time Warner, Disney, News Corporation, Vivendi Universal, Viacom/ аварга корпораци нийт мэдээллийн 95 хувийг хянаж байна. Эдгээр корпорациуд нь кино үйлдвэрлэл, радио телевизийн сүлжээ, сонин сэтгүүл, видео тоглоом, цахим мэдээллийн хуудсууд гээд медиагийн бүхий л салбарыг хамран үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд Time сэтгүүл, New York Times сонин, ESPN, CNN гээд бидний үзэх дуртай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнхийг эзэмшдэг байна. Үүнээс гадна эдгээр аварга корпорациуд нь зэр зэвсэг үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, газрын тос, хөдөө аж ахуй, төмөр зам, төмөрлөгийн үйлдвэрлэл, эрчим хүч болон цэвэр усны хангамж гээд медиатай хамааралгүй бизнесийн салбаруудтай ч нарийн холбоотой ажилладаг байна. Жишээ нь, Руперт Мурдокийн News Corporation нь хэвлэл, сонин, телевизийн сүлжээ, хиймэл дагуулын болон кабелийн телевиз, 20th Century Fox зэргийг эзэмшдэгээс гадна газрын тос, байгалийн хий, компьютер тоглоомын бизнест ч хүч үздэг. Тэр байтугай бидний мэддэг хэвлэл мэдээллийн гигантуудын удирдах зөвлөлд олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг корпорациудын төлөөллүүд ч багтдаг. New York Times-ийн удирдах зөвлөлд л гэхэд Lehman Bros, Ford, PepsiCo, Alcao, Avon, Chase Manhattan гэх мэт үндэстэн дамнасан корпорациудын төлөөлөл багтдаг байна. Ингээд бодохоор эдгээр медиа компаниуд ямар нэгэн гадны нөлөөгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг гэж итгэхэд нэн бэрх. The Media Monopoly номд дурдсанаар “Америкийн сонины эрхлэгчдийн холбоо”-ноос явуулсан судалгаагаар америкийн хэвлэлийн нийтлэлийн бодлогыг тодорхойлогчид эцэг компанидаа хор хохирол учруулж болохуйц түүхийн талаар чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 

Энэ жишээ зөвхөн америкт хүчинтэй биш. Британийн хэвлэл мэдээллийн зах зээлийн 80 хувийг дөрөвхөн корпорац л хянадаг. Австралид 1926 онд 21 эзэнтэй 26 өдөр тутмын сонин үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол 2005 онд хоёр корпорацид харьяалагдах 12 сонин л ажиллаж байжээ. Италийн экс ерөнхий сайд Силвио Берлускони төлбөргүй хоёр, төлбөртэй гурван телевизийн суваг, хэд хэдэн сонин, сэтгүүл эзэмшдэг. Түүнийг сонгуульд удаа дараа ялалт байгуулахад нь эдгээр медиа компаниуд чамгүй тус хүргэсэн нь ойлгомжтой. Тэгэхээр зөвхөн Монголд л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрчид болон томоохон компаниудад үйлчлээд байдаггүй бололтой. 

Австрали гаралтай хэвлэлийн магнат Руперт Мурдок бол дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын хамгийн мундаг эр. Тэр австралийн хэвлэлийн зах зээлийн 2/3-ийг хянахаас гадна английн хамгийн их уншигчтай өдөр тутмын хоёр сонинг эзэмшдэг бөгөөд сансрын хиймэл дагуулын сүлжээг нь зөвхөн Азид л гэхэд 220 сая хүн үздэг. Мурдок 1980-аад оноос эхлэн английн ерөнхий сайд Маргарет Тетчерийг идэвхтэй дэмжих болсон бөгөөд Тетчерийг халаагаа өгсөний дараа түүний залгамжлагч Жон Маёорыг дэмждэг байв. 1997 оны сонгуулийн үеэр тэрбээр европт явуулах бодлогоо өөрчлөх саналыг Маёорт тавьсан ч татгалзсан хариу авсан гэдэг. Ингээд Мурдокийн хэвлэлүүд Маёорын өрсөлдөгч Тони Блэйрийн талд үйлчилж эхэлсэн бөгөөд үр дүнд нь Тони Блэйр ерөнхий сайд болсныг та бид мэднэ. Английн олон нийтийн судалгаа явуулдаг Leveson Inquiry байгууллагын мэдэгдэж буйгаар Английн Засгийн газар медиа компаниудтай хэтэрхий ойр ажилладаг гэнэ. Тэдний судалгаагаар одоогийн ерөнхий сайд Дэвид Камерон медиа компанийн эзэд, сонингийн эрхлэгч нартай сард 26 удаа уулзалт зохион байгуулж байжээ. 

Мэдээж, орчин үеийн нийгэмд масс медиагаас ангид амьдрах аргагүй ч ийм нөхцөл байдал дунд бид хүртсэн мэдээлэл болгондоо шууд итгэх нь хэтэрхий гэнэн хэрэг болжээ. Үнэндээ бол Сэнди хар салхи Гайтид ч, Кубад ч АНУ-д учруулснаасаа дутуугүй хор хохирол учруулсан, оны төгсгөлд зөвхөн Ньютонд ч бус Палестинд Израилийн армийн явуулсан үйл ажиллагааны золиосонд 30 хүүхэд, 13 эмэгтэй өртөж амиа алдсан гэдгийг бид бараг л анзааралгүй өнгөрсөн дөө...

А.Амармэнд
ЦАГ ТӨР