Адуундаа хайртай малчид
2017 оны 12-р сарын эхний нэгэн өдөр Хөххотод маш хүйтэн байлаа. Хишигтэн хошуунаас Хөххот орж, Байцын хөндийн цомбон туурайт адууг яаж хамгаалах тухай санал сонсохоор ирсэн Зоригт, Бай Шюйфен гэх хоёр буурал нэг өдрийн ажлаа дуусгаад буудалдаа амарч байлаа. Тэд хошууныхаа албан байгууллагад ажиллаж байсан бол тэтгэвэрт гарсны дараа "Хишигтэн хошууны адуун соёлын нийгэмлэг"-т зөвлөхийн ажил хийж, энэ удаа энэ ажилтайгаа холбогдуулан Хөххот орсон байна.
Байцын хөндийн цомбон туурайт адууг Хишигтэн хошууны Үндэстний хэрэг эрхлэх товчооны Эрдэмт гуай ийнхүү танилцуулж билээ.
1368 онд Юань улсын Тогоонтөмөр хаан Бээжингээс ухарч явахад 10 мянган Хишигтэн цэрэг дагуулсан байдаг. Шант хотод хүрч цэргээ нэмж 20 мянган Хишигтэн цэрэгтэй болсон байлаа. Мин улсын цэрэг Хишигтний Барс хотод нэхэн хүрэхэд эдгээр цэргийн тал хувь нь байлдаанд амиа алдаж, зарим нь Хишигтэний Байцын гуунд нуугдаж амь үлджээ. Тухайн үед энэ газар нь байц бэрх бартаатай, хад чулуутай уулархаг газар байсан бөгөөд жижиг биетэй, зузаан туурайтай адуунууд л энэ нутагт зохицож байжээ. Байцын хөндийн цомбон туурайт адуу нь эзнээ хамгаалж энэ нутагт зохицон үлдсэн байв. Тухайн үед Байцын хөндийд монголчууд байсан бол дараа нь тариалах соёлын түрэлтээр малчин айл цөөрч, гадагш нүүж явсан малчин айлын адууны цус нь холилдож, харин Байцын хөндийд үлдэж хоцорсон цөөн тооны цомбон туурайт адуу нь цэвэр удмаараа үлджээ.
2007 онд Хишигтэн нутагтай Төвийн Үндэстний Их Сургуулийн Ц.Хишигтогтох профессор ач хүү Буяндалайдаа “Цэвэр удмын цомбон туурайт адуу Байцын хөндийд бий, тун удахгүй удам тасрах байх, авч ирэн үлдээ”гэж захисан байна.
Буяндалайгийнх Хишигтэн хошууны Далайнуур суурингийн Баянзүрх багаар нутагтай, Байцын хөндий нь тэднийхээс 200 километр зайтай байдаг. Түүний хадам талын авга Алтандэлгэр гэх хашир адуучин байсан болохоор тэд үзэл бодол нийлэн арваад адуу худалдан авч, хоёр гурван удаа хуваан авч ирэн Баянзүрх багтаа маллаж, 120 гаруй болтол өссөн байна. Тухайн үед адууг худалдан авахдаа тэд мөнгөө шавхаж, үр угсааг нь таслахгүй гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн нь энэ.
Байцын хөндийн цомбон туурайт адуу бие бялдар бага, туулайн толгойтой, өргөн магнайтай, нимгэн шовгор чихтэй, хэвлий бүдүүн, дэл сүүл шингэн, хурдан гүйдэлтэй, бүдүүлэг тэжээлтэй, хүйтэнд өлчир байдаг. Уул хадаар явахад тохирсон жижиг зузаан туурайтай тул “Хишигтэний төмөр туурайт адуу” гэж нэрлэдэг.
Тариалах орноос ачин авч ирсэн төмөр туурайт адуугаа өсгөх явцад Буяндалай, Алтандэлгэр нар олон зүйлд санаа зовж, Хөххотод ирж, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Манлай доктор нартай уулзаж, бодит хөгжлийн замыг хайсан байна. Тэд 2008 оны 06-р сарын 27-нд Баянзүрх багт “Хишигтэн адуун соёлын наадам” зохион байгуулж, ойр хавийн сум суурингийн адуунд дуртай хүмүүс цуглан, эрдэмтэн мэргэжилтнийг урьж адуун соёл, адуугаа хамгаалж өсгөх ач холбогдлын тухай илтгэл тавиулсан юм.
- Тэр цагаас эхлэн манай нутагт малчид адуугаа өсгөж, адууны тоо нэмэгдэж эхэлсэн. Одоо манай хошууны адуу 20 мянга гаруйд хүрч, төмөр туурайт адуу, бусад үүлдрийн адуу, эрлийз адуу бүгд багтаж байгаа. Бид “Хишигтэн хошууны адууны нийгэмлэг”, “Баянзүрх монгол адуу тэжээн үржүүлэх тусгай хоршоо” байгуулсан гэж Бай Шюйфен гуай ярьж байлаа.
Гэвч одоогоор Байцын хөндийн цомбон туурайт адууг улсын хамгаалан үржүүлэх малын үүлдрийн бүртгэлд оруулаагүй байгаа бөгөөд тоо толгой нь тун цөөн байгаа тул хэрхэн үр дүнтэй хамгаалах тухай бодит арга хэмжээ үгүй хэвээр.
- Бид төмөр туурайт адуугаа хамгаалахын зэрэгцээ монгол адуугаа хамгаалахаар хичээнэ гэж бодож байна. Одоогоор Байцын хөндийн цомбон туурайт адууны цэвэр цусны адуу 100 гаруй л байгаа. Хожим нь яаж хөгжүүлэх, хэрхэн эдийн засгийн үр ашиг гаргах нь малчид, орон нутгийн Засгийн газрын ажилтнуудад түшиглэнэ хэмээн Зоригт, Бай Шюйфен нар ярьж байсан юм.
Адууны судалгаандаа хариуцлагатай эрдэмтэд
Өвөр Монголд адууны судалгаа хийдэг эрдэмтдийг ярихад Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Манлай докторыг хэлэх хэрэгтэй. 2002 онд намайг оюутан байхад Манлай доктор Япон улсаас буцаж ирээд удаагүй байсан бөгөөд оюутнуудад хандан лекц уншсан юм. Тухайн үед тэрээр: “Би Япон улсад адуунд байнга тусдаг нэг төрлийн өвчний судалгаа хийсэн. Манай Өвөр Монгол олон адуутай. Монголчууд ч морины нуруун дээрх үндэстэн хэмээгддэг. Иймээс би адуугаа судлан хөгжүүлэхэд Өвөр Монголдоо л байх ёстой гэж бодсон” хэмээн ярьж байсныг нь санаж байна.
Тэр цагаас хойш тэрээр монгол адуугаа хамгаалан хөгжүүлэх аянд мордож, боловсон хүчнийг бэлтгэх, адууны аж үйлдвэрлэлийг сайжруулах, адуун соёлыг дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ өргөсөөр иржээ. Монголчууд ч монгол адууныхаа үнэ цэнийг танин мэдэж, адууны үйлсдээ итгэл төгөлдөр болж, хөдөө нутагт адууны тоо нэмэгдэн, хүмүүс адуугаар бахархах болжээ.
Адууны соёл уламжлалдаа хариуцлагатай ханддаг нь Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд үе залгамжлан үргэлжилнэ. Тус сургуулийн залуу багш, доктор Өнөрхүү: “Орон нутгийн үүлдэр бол тэр янзаараа нэг төрлийн өв хөрөнгө юм" гэлээ. Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Амьтны шинжлэх ухааны дээд сургуульд багшилдаг тэрээр 2014 онд “Морьтон” адуун үйлсийн ХК байгуулж, монгол адууны хамгаалалтад нэгийг хийхээр зорьсоор байлаа. Тэрээр 2009 онд ген удамшил үүлдэр бойжуулах мэргэжлээр докторын зэрэг хамгаалж, одоо сургуульдаа адууны үүлдэр бойжуулах хичээл орж байгаа аж.
- Сүүлийн жилүүдэд хэдийгээр хөдөө нутагт адууны тоо толгой нэмэгдсэн хандлагатай байгаа ч монгол адууны хувьд эдийн засгийн үр ашиг тийм сайн биш болохоор малчид адуугаа их хэмжээгээр зарах буюу эрлийз адуу бойжуулах нь их болжээ. Монгол адууныхаа эдийн засгийн үр ашгийг яаж уудлан гаргаж, монгол адуугаа хамгаалах нь компани байгуулсан зорилго юм ”гэж байв.
2016 оноос эхлэн Өнөрхүү Шилийнгол аймгийн хошуудаар уяачидтай уулзан, ханаж хатгах арга мэргэжлийн сургалтыг зохион байгуулж, тухайн орны малчид, албан байгууллагын өндөр үнэлгээг хүртжээ. 2017 оны 06-р сарын 09-өөс 13-ны өдрүүдэд Сөнид баруун хошууны Өргөнтал суурин, 2018 оны 06-р сарын 24-өөс 30-ны өдрүүдэд Сөнид баруун хошууны Сайхан-Өлзий суманд зохион байгуулсан адуу үржүүлгийн арга мэргэжлийн сургалтад Өвөр Монголын таван аймаг хотын 20-иод хүн оролцжээ. Сургалт явуулахдаа их дээд сургуулийн тусгай мэргэжлийн багш нарыг урьж, ороо орох, хээл тогтсон эсэхийг B хэт долгионоор шалгах, зохиомол хээлтүүлэг хийх, олон төрлийн өвчин хижгийг оношлох мэргэжлийг заасан байна. Эдгээр шинэ арга мэргэжил, онол нь тухайн орны уяачид, адуунд хорхойтой хүмүүст шинэ арга мэргэжил хүртээж, шинэ мэдлэг олгосон байна.
Өнөрхүү үргэлж адууныхаа үүлдрийг хэрхэн хамгаалах, эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх тухай бодож явдаг. Энэ бүхнийг хийхэд өөрийн давуу тал, дутагдалтай талаа таньж мэдэх хэрэгтэй. Монгол адуу хол зайд даацтай байдаг онцлогт суурилан өнгөрсөн зунаас эхлэн тал нутгийн морин уралдааны гарааны газраас барианы газар хүртэлх бүх явцыг бичлэг хийж, тайлбарлан ярьж, видио болгон үзүүлж эхэлжээ. Малчин айл, малчдын тусгай хоршоотой хамтарч “Адуун үйлсийн жишээч суурин газар”, “Монгол адууны хамгаалалтын суурин газар”, “Хурдан морины үржүүлгийн суурин газар” зэргийг байгуулжээ.
- Бид монгол адуугаа хамгаалахад хоёр замаар замнаж болно. Нэг талаар хурдан морины удамтай монгол адуугаа зохих хэмжээгээр эрлийзжүүлж, уралдааны морь үржүүлж болно. Гэхдээ зохиомол хээлтүүлгийн арга мэргэжлийг дэлгэрүүлж, дэлхийн нэртэй сайн азарганы ичээл үрийн хээлтүүлэг хийнэ. Ингэж байж эдийн засгийн ачаалал хөнгөрөн үр дүн өндөр болно. Нөгөө талаар цэвэр цусны адуугаа үр дүнтэй хамгаална. Энэ нь малчдын эдийн засгийн үр ашиг, наадмын шинжийг дээшлүүлэх бөгөөд цэвэр цусны монгол адуугаа ч үр дүнтэй хамгаалж чадах байх гэж Өнөрхүү ярив.
Адуундаа итгэдэг монголчууд
2014 оны жилийн эхээр дарга Ши Жиньпин Өвөр Mонголд айлчлахдаа, ӨМӨЗО-ы үндэстний дарга удирдлага, ард түмнийг ажил хийж, үйл хэргээ босгохдоо монгол морь адил тэсвэр тэвчээртэй байж, буцалтгүй зүтгэх “Монгол адуу”-ны үзэл баримтлалыг бадруулаарай гэж хүссэн байдаг.
Монгол хүн, монгол нутаг, Өвөр Монголын бэлгэдэл гэвэл адуугаар л бүрэн гүйцэд илэрхийлэгдэх юм. Адуу өмнө нь бэлчээрт халтай хэмээн гадуурхагдаж байсан бол одоо малчдын орлого олох шууд арга зам болж эхэлсэн. Адуун соёлын наадам, уралдааны хүлэг, аялал жуучлалын төсөл, айргийн үйлдвэр зэрэг маш олон цар хүрээнд монголчууддаа ашиг орлого өгөх болжээ.
Баарин Баруун хошууны малчин Хашчулуу 2010 оноос хоёр гүү барин сааж, айраг исгэж эхэлжээ. Тухайн үед айраг кг нь 10 юаниар зарагдаж байсан ч авах хүн маш цөөн байв. Гэсэн хэдий ч Хашчулуу гэргийн хамт энэ ажлаа баримталсаар 2012 он гэхэд айраг кг нь 20 юаньд хүрсэн бөгөөд авах хүн их болж, зарим өдөр хангалт нь хэрэгцээндээ хүрэхгүй болсон байв.
Одоогоор Өвөр Монголд адууны тоо толгой 100 мянгыг давсан аймаг хотод Хөлөнбуйр хот, Шилийнгол аймаг, Тунляо хот болон Улаанхад хот багтаж, адууны тоо толгой 10 мянгыг давсан 31 хошуу шянь дүүрэгтэй болжээ.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол монгол адууны удамшлын эх үүсвэрийг хамгаалах ажлыг үргэлжлүүлэн өрнүүлж, орон нутгийн үүлдрийн монгол адуу, Авгын сэнсэн хар адуу, орцон адуу, Шинэхэн голын адууг идэвхтэй авран хамгаалахын зэрэгцээ үржүүлэн бойжуулж байгаа үүлдэр болох гурван голын адуу, хорчин адуу болон Шилийнголын адуу зэрэг 7 үүлдрийг “Хятад улсын мал жигүүртний удмын нөөц баялгийн ойллого”-д оруулж, монгол адуу болон орцон адууны үүлдрийг улсын зэрэглэлийн удмын нөөц баялгийн хамгаалалтын нэрсэд бүртгүүлэн, Шилийнгол аймаг, Хөлөнбуйр хот, Ордос хотод адил бус ижилсэг сүрэг бүхий монгол адууны үүлдрийг хамгаалах сууринг байгуулж, үүлдрийг хамгаалах монгол адууны удмын нөөц баялгийн үүлдрийг хамгаалах системийг анх удаа байгуулав. Өвөр Монгол мөн адууны шилдэг үүлдрийг үржүүлэн бойжуулах, үүлдэр бойжуулах ажлыг сайжруулж, эрлийзжүүлэн үүлдэр сайжруулах ажлыг төлөвлөгөөтэй зохион байгуулалттайгаар хийж, хорчин адуу, Гурван голын адуу болон Шилийнголын адууг өсгөжээ. Цэвэр удмын морь, аахар тахь, араб морь зэрэг үүлдрийг оруулахын зэрэгцээ монгол морины хол замд тэсвэр даацтай байдаг давуу талыг түшин тэсвэр даацтай, хурд сайтай хурдны морины шинэ удмыг өсгөж байна.
Эдийн засгийн бодит хүч болон соёлын байдал дээшлэхийг дагаад Өвөр Монголд монгол мориор сэдэв болгосон морин спортын зэрэг, соёл спортын олон төрлийн аялал жуулчлал хөгжиж, шилдэг үүлдрийн адууг үржүүлэх, эм бүтээх, адууны ашиг шимийг нарийн боловсруулах зэрэг аж үйлдвэрлэлийн системийг хурдтай байгуулж, адууны аж үйлдвэрлэлийн улсын дотоодын зах зээл, тэрчлэн дэлхийн зах зээлийг өргөжүүлж байна.