2014-08-07Дэлхийн 1-р дайн яг 100 жилийн өмнө Сербийн Сараево хотод Австрийн ханхүү буудуулсанаар эхэлсэн. Жижигхэн үйл
явдал магад тохиолдол боловч асар том үр дагавар авчирсан.
Ерөөсөө түүх гэдэг ийм л ямар нэг жижигхэн үйл явдал хэн ч төлөвлөөгүй хэн ч тооцоолоогүй тийм л бараг л жижигхэн осолоос том хэтэрхий том үр дагавартай олон сая хүний амийг хөнөөсөн хэрэг үүсдэг түүхтэй.
Австри-Унгарын импери Серби улс руу дайн зарласнаар Балкан гэж үргэлжийн зөрчилдөөнтэй бас ээдрээтэй улстөрийн зохион байгуулалтай дэлхийн зурвас газар Дэлхийн 1-р дайны гал ноцсон. Энэ гал цааш улам дүрэлзэж Герман, Орос, Франц, Англи гээд дэлхийн том имперүүд дайнд датагдан орсон.
Азийн Япон, Хятад гэсэн оронууд бас л тухайн үедээ нэгэнт дэлхийн нөлөөтэй улс оронууд хэдийний болчихсон байсан тул яах ч аргагүй дэлхийн 1-р дайнд датагдан орсон. Ингээд дайны талбар тодорхой болсон. Тэгвэл одоо хэн хэний эсрэг одоо байлдах вэ?
Хэнтэй нийлбэл улс орон ард түмнээ авч гарч түүний хажуугаар олз олох вэ гэдэг л асуулт гарч ирсэн. Мэдээж Америк эхлээд дайныг санхүүжүүлсэн.
Одоо тэгвэл улс болоогүй үндэстэн болоогүй хаа ч бүртгэлгүй зөвхөн Орос орон л өрөвдсөн харцаар харсан Хятад орон бүр залхаж гүйцсэн энэ Монгол нэртэй тархай бутархай гэждээ ерөөсөө талаар нэг тарсан хоорондоо үргэлжийн хэрүүл уруул хулгай дээрэмээр дүүрсэн Ази төрхийн ардуудын асуудал шийдэгдэх цаг 1-р дайнаар ирсэн.
Яагаад гэвэл Манж Түвд гэсэн хоёр Азийн ардуудын гарт бүрэн орсон Ар Монголыг Хятадууд ингэсгээд явагдээ гэтэл Манжуудын асуудал шийдэгдсэн тул одоо Ар Монголыг яах вэ? Өвөр Монгол тэртэй тэргүй Хятадтай ойр тул асуудал ерөнхийдөө шийдэгдсэн.
Үүний хажуугаар бас хойд хөрш Орос Буриад Монголын асуудалыг шийдсэн тул тайван байсан. Гэтэл гэнэт Манжаас суларсан энэ Ар Монголоор энд тэнд оргож дүрвэсэн гадны осолтой нөхдүүд дүүрч хилийн асуудал эвгүй болж ирсэн тул Ар Монголыг одоо бас яах вэ?
Австри-Унгарын импери Серби рүү дайн зарласан шалтгаан гэвэл 1914 оны 6 сарын 28 нд Австрийн хан хүү Сараево хотод эхнэртэйгээ хамт зочилж яваад нэгэн Боснийн Серби хүнд буудуулсан явдал байсан.
Тиймээс дөнгөж колончилолоос салж шинээр зохион бүтээгдсэн Балканы орнууд буцаад дайсан болохнээ гэдэг дүгнэлт гарч тэднийг үтэр түргэн дарах дайн эхэлсэн. Нэгэнт Австри-Унгарын импери Серби рүү дайн зарласан тул Сербийн талд Оросын импери орж Австри-Унгарт дайн зарласан.
Харин Австри-Унгарын талын Германы импери Орос орон луу дайн зарласан. Оросын талд Франц орсон тул Францын эсрэг Герман дайн зарласан. Англи орон Францын талд орж Германы эсрэг бас дайн зарлаж дэлхийн 1-р дайн өрнөсөн. Харин Америк орон Англи болон Франц хоёрын хүссэн зээлийг өгч санхүүжүүлсэн.
Европт ингэж дайн дэгдэж хойд хөрш Орос орон луу Герман орон дайн зарлахад Ази тивийн хоёр том орон Япон болон Хятад оронд юу болов? Яагаад гэвэл Ар Монголын асуудал урд хөршөөс дэндүү хамаатай шүү дээ.
Урд хөрш Хятад орон дэлхийн 1-р дайнд бас татагдан орж Германы эсрэг дайн зарласан. Гэхдээ Хятад хөрш дайнд оролцохын тулд хамгийн их чаддаг зүйлээ зориулсан ба энэ бол хүн. Нийтдээ Франц орон луу дайнд зориулж 140 мянган ажилчин явуулж бүхий л хар ажил хийлгүүлсэн баримт бий.
Мэдээж Хятад орон Германы эсрэг дайн зарлаж буйгийн цаана бас л асар их цэргийн хүч хуримтлуулсан дайсан Япон зогсож буй. Япон орон дэлхийн 1-р дайныг бараг л угтан орсон.
Яагаад гэвэл Япон орон Азийг эзэлж Азийн Нэгдсэн Улсыг байгуулах ирээдүйн төлөвлөгөөтэй. Тиймээс Хятад оронд нөлөөгөө улам ихэсгэхийн тулд Япончууд Германы эсрэг дайн зарласан.
Хойд хөрш Орос, урд хөрш Хятад хоёр ингэж дэлхийн 1-р дайнд хамтдаа Германы эсрэг харин Англи, Францтай нэгджээ. 1-р дайнаас урд хойд хоёр хөршүүд хэрхэн олз олж үүний улмаар Ар Монгол зохион бүтээгдэх зайлшгүй нөхцөл хэрхэн бүрдэв?
Дайны дараа Орос оронд 1917 оны Лениний Октябрийн хувьсгал гарч Оросууд социалист орон болж биеэ дааж чадсан тул дайнаар далимдуулж Орос орны газрын баялаг руу шунаж байсан Герман, Франц, Английн мөрөөдөл төгсгөл болсон.
Харин Хятад орон Франц, Англи гэсэн хамсаатан руугаа хүнээ явуулж хичнээн их тус болж хар ажил гүйцэлдүүлсэн хэдий ч дайны дараа хэдийгээр дэлхийн 1-р дайныг хамтдаа ялагчаар төгсгөсөн хэдий ч ямар ч олз авалгүй хоцорсон.
Түүний хажуугаар Япон бүр Франц, Англи орнуудтай нийлж Хятадын эсрэг холбоотон болцгоожээ. Ингээд Хятад орон дэлхийн 1-р дайны дараа ганцаараа хоцорч хамсаатандаа биш ард түмэндээ найдах найдлага л үлджээ.
1917 онд Хятадын хувьсгалч Сүн Ят Сен буцаж ирсэнээр Хятад орны хувь заяа шинээр эхэлсэн. Тэр 1921 онд хаант төргүй шинээр байгуулагдах ёстой республикийг байгуулж албан бус ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Түүнээс гадна Сүн Ят Сен Орос оронд гарсан хувьсгалыг дэмжиж Ленинтэй холбоо барьж коммунист нам байгуулах төлөвлөгөөтэй байсан ба 1923 онд улстөрийн шинэ бичиг баримтуудыг үйлдэж Хятад оронд ид өрнөж байсан иргэний дайныг зогсоох гэж хичээж байсан.
1917 онд Орос орон хаант засаггүй республик болж Хятад оронд бас хаан устаж республик болсон тэр ээдрээтэй он жилүүдэд Ар Монголд юу болов? Республик болох уу? Богд хааныг яах вэ? Үгүй ээ. Ар Монгол эхлээд Орос, Хятад хоёрыг дагаж демократ буюу өнөөдөрийн хэллэгээр ардчилсан орон болох ёстой.
Тухайн үедээ Ар Монгол демократ гэдэгийг Хятад хэлнээс хөрвүүлэн “Ардын засаг” гэж орчуулжээ. Харин Ар Монгол хаант төргүй республик болоход дахиад мөн урт зам хүлээж байв.
Ямар ч л гэсэн дэлхийн 1-р дайнаас хүчирхэгжиж гарч ирсэн Орос орон Ар Монголчуудын асуудалыг шийдэх зайлшгүй асуудалтай тулгарсан. Оросын ардчилсан хувьсгалаас зугатаасан Хаант засагийнхан Ар Монголд орогнож ноёд феодалуудын толгойг эргүүлж баахан түйвээсэн.
Бас түүний хажуугаар Хятадын ардчилсан хувьсгалаас айсан хуучинсаг бодлоготонгууд болон хаангүй болсон Манжууд бас Ар Монголд ирж бас л элдэв толгой эргүүлж сүм хийдийн лам нарыг хүртэл зэр зэвсэгээр хангаж байсан.
Тэр үед ёстой л ороо бусгаа болж янз бүрийн гадна дотнын эх үүсвэртэй бослого хөдөлгөөн эрх чөлөөний хөдөлгөөн гэх мэт бослогууд дэгдэж олон зуун жил юу ч хийхгүй дэлхийн түүхээс дэндүү хоцорсон Богд хааныг бараадсан энэ хэсэг Монгол нэрэндээ дарагдсан хүмүүсийг гадаадынхан өөртөө татахад дэндүү амархан байв.
Орос, Хятад хоёр ийм л гамин барон хөлхөлдөж энд тэнд бослого үймээн дэгдээсэн эх нутагтаа өрнөж буй ардчилалыг эсэргүүцсэн эсэргүүнүүдийг дарах том тэмцэлтэй тулгарсан. Тиймээс гамин бароны цэргүүдийг нохотгохын тулд хамгийн түрүүнд Ар Монгол улсыг л байгуулах нэн тэргүүний асуудал үүссэн.
Оросын талаас Буриад Монголыг Ар Монгол гэсэн ороныг хэрхэн бүтээхэд оролцуулах. Хятадын талаас болохоор иргэний дайн өрнөж яах бол гэсэн өөрийн асуудал. Түүний хажуугаар ямар ч гэсэн Өвөр Монгол баттай байх ёстой. Тэгэхээр Өвөр Монголыг бас Ар Монголыг босгоход оролцуулах.
Орос орон том гүрэн. Хятад бас том гүрэн. Нэгэнт Хятад орон том гүрэн тул Орос орон нэг ойртох ч биш бас холдох биш. Хөршүүд гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс Ар Монгол гэсэн ороныг зохион бүтээхээр Оросууд Хятадтай ярилцаж зөвшөөрүүлэх.
Хятадууд Ар Монголыг шийдэх зав цаг ч алга өөрсдийн асуудал болох иргэний дайныг хэрхэн төгсгөх л одоохондоо чухал. Түүний хажуугаар үргэлж өнгөлзөж Манжуудыг босгож Хятадыг эзлэх гэсэн Японуудыг бас яах вэ? Бөөн асуудал нэгэн зэрэг тулгарсан.
Хятадаас өөрөөр Орос орон одоо социализмаа дэлхийн коминтернтэй нийлж босгох л үлджээ.
Ийм л хачин сонин нөхцөлд Тогоонтөмөр хаанаас хойш дүрвэн зугатааж нүүдэл хийж амьдрах хувь заяандаа хаягдсан Монгол нэртэй олон аймагууд нэгдэж чадалгүй 20-р зуунтай золгосон. Тэдний нэг аймаг болох Ар Монголын энэ ард түмэн бусад Монгол аймгуудыг бодвол заяа таарч дэлхийн түүхэнд оролцох боломж олдсон.
1924 онд Богд хаан нэртэй төрийг шашинтай хослуулан барьдаг нэртэй Манж Түвдийн гар хөл ноёд феодалуудыг цол хэргэмээр шагнах үүрэгтэй энэ хүн нас барж Ар Монгол зохион бүтээгдэх боломж гарчээ.
Гагцхүү Монгол ард түмнийг удирдаад аваад явах мэдлэг боловсролтой цэцэн эрдэмтэй тийм Монгол эр хараахан төрөөгүй л байлаа. Чингисээс хойш ийм хүнээр мөн ч их цангасан даа.
Ар Монголыг бүтээн босгож өөрийгөө аваад явчих хэмжээний төр улс болгоход хамгийн түрүүнд удирдагч хэрэгтэй. Тэр удирдагч морь унаж нум сум харваж бөх барилдахдаа гарамгай биш харин оюун ухаандаа гарамгай байх шаардлагтай.
Оросын Ленин, Хятадын Сүн Ят Сентэй ойртохгүй ч гэсэн ядаж юм үзэж нүд тайлсан хүн байх шаардлагтай байсан. Гэтэл тийм хүн байсангүй.
Энд тэнд явсан Япон хэлтэй, Орос хэлтэй гээд л гадуур дотуур хэрэн хэсэж яваад ирсэн янз бүрийн эрчүүд байсан хэдий ч тухайн нөхцөл байдлыг мэдрэхгүй хоёр хөршийгөө хуурч залилаж мэхэлж хаа хамаагүй алс холын орнуудтай холбоо сүлбээ тогтоох гэсэн эрс л хөлхөлдөж байв. Энэ бүгд Ар Монголыг шинээр зохион бүтээх гэж байсан Орос, Хятад хоёрт таалагдаагүй.
Ар Монголд тавьсан Орос, Хятад хоёрын шаардлага бол нэгд ард түмэн улс орноо бодож Ар Монгол гэсэн орон босгож ав үгүй бол асуудал өөрөөр эргэн шүү гэцгээж байсан бололтой. Ар Монголын асуудлыг шийдэх тэр Хиагтын гэрээг хүлээн зөвшөөрөх тийм эрдэмтэй Монгол эрийг хоёр хөршүүд шаардаж байлаа.
Тэр үеийн мөрөөдөл болсон юун Швэйцар шиг болох. Ямар ч боломж бололцоо байхгүй шүү дээ. Түүний оронд саяхан зохион бүтээгдсэн Албани орноос жишээ авах хэрэгтэй. Тиймээс энд тэндхийн харсан улсаа дууриах гэж хоосон мөрөөдөхийн оронд эхлээд шинээр төр улстай болж авахыгаа бодоо ч гэж хоёр хөршүүд тулгаж байсан.
Ямар ч л гэсэн Ар Монгол гэсэн цөөхөн Монгол ардуудад ийм биеэ даах боломж олдсон явдал бусад дэлхийгээр хэрэн нүүдэл хийдэг бусад Монгол ардуудын атаархалыг төрүүлсэн. Тэднийг бодоход Ар Монголд зая таарсан. Заяатай л Ар Монгол.
1921 онд Ар Монголыг зохион бүтээхэд Орос, Хятад хоёр хэдийний том гүрнүүд болчихсон байлаа. Тэд их сургуулиуд байгуулчихсан олон мянган залуусаа Европ руу сургахаар илгээчихсэн байлаа. Тиймээс Орос, Хятад хоёр дэлхийн том гүрнүүд болоход мэдлэг боловсролын их нөөцтэй байсан тул хувьсгалууд хийж чадсан.
Харин Ар Монголд ганц ч хүн хаа нэг Европын оронд суралцаж дэлхийн том том философийн номуудыг уншиж амжаагүй байсан явдал ямар ч хувьсгал хийх тийм хүнийг төрүүлж чадаагүй. Тиймээс Ар Монголыг зохион бүтээхтэй адил бас Ар Монголыг аваад явах хэмжээний тийм Монгол эр бүтээх хэрэгтэй.
Тэр хүн хэн бэ? Яаж богино хугацааны дотор боловсролтой болгох вэ? Гэтэл Ар Монгол тэр чигээрээ шашин мухар сүсэг бөө лам хуврага гээд танин мэдэхүйн гадна шүү дээ. Ядаж гадаад оронд хүн явуулж сургуулж чадаагүй бол дотооддоо хүний урманд ганц их сургууль байхгүй гэхэд дээд сургууль байхгүй шүү дээ. Хэн энэ бүгдийг бас бүтээх вэ?
Хятадын Сүн Ят Сен хэмжээний Монгол хүн хаа ч бэлтгэгдсэнгүй. Тиймээс тухайн үед ямар ч Монгол эрийг Сүхбаатар болгох боломжтой байлаа. Бодоо, Данзан, Лосол, Чойбалсан гээд Монгол эрчүүд бүгд л хоорондоо ялгарах юмгүй яахыгаа мэдэхгүй хий л хүсэл мөрөөдөлүүд байсан.
Тэд тухайн үеийн дэлхийн улстөрийг мэдрээгүй бөгөөд дэлхийн 1-р дайнд Орос, Хятад хоёр ямар их үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч чадаагүй тул одоо Ар Монголыг үтэр түргэн босгох шаардлагатай гэдгийг ч ойлгоогүй.
Тэд Ар Монгол хэзээ ч өөрөө өөрийгөө босгож чадахгүй бас Орос, Хятад хоёр хөршүүдээс өөр ямар ч орон энэ дэлхий дээр Ар Монголд туслах битгий хэл тоож харахгүй шүү дээ гэдгийг ойлгохгүй байсан явдал бол Чингисээс хойш Монгол хаадуудын хийж ирсэн гэнэн томоогүй хүсэл мөрөөдөлүүдийн үргэлжлэл байлаа.
Харин Лениний хэмжээний Монгол хүн төрөх боломж ч үгүй тийм зориг хатуужил ч Монгол эрд байсангүй. Олон зуун жил мухар сүсэгт баригдсан энэ ард түмэнд танин мэдэхүй гэдэг дэндүү тэнгэрийн зүйл байлаа. Өнөөдөр ч 100 жилийн дараа Лениний хэмжээний хүнийг бэлдэж чадсангүй.
Ямар ч л гэсэн 1921 оны хувьсгал нэртэй Ар Монголыг босгож ардчилсан орон болгосон үйл явдал олон харанхуй бүдүүлэг зөвхөн л мал хөөж амьдарсан Азийн хэтэрхий бүдүүлэг хоцрогдсон Монгол хүмүүст дэндүү том хөгжил дэвшил авчирсан.
Харин ноёд феодал лам гэх мэт Манж Түвдийн нөлөөнд олон зуун жил баталгаатай амьдарсан гэр бүлүүдийн хувьд шинийг хүлээж авах уу эсвэл хуучиндаа хорогдох уу гэсэн асуулт тавигдсан. Нэгэнт ардчилсан болсон буюу тэр үеийн хэллэгээр ардын засагтай болсон Ар Монгол одоо бие даасан улс болохын тулд республик болох ёстой.
Республик гэсэн ойлголтыг бас л Хятад хэлнээс хөрвүүлэн “Бүгд найрамдах” гэж орчуулсан байдаг. Хэрвээ Бүгд найрамдах улс болж чадвал ерөнхийлөгчтэй болж чадна. Ерөнхийлөгчтэй гэдэг бол удирдагчтай өөрөөр хэлбэл аавтай эцэгтэй болно шүү дээ.
Эндээс дүгнэж харахад дэлхийн 1-р дайн бол Монгол хүмүүст маш их учир утгатай бас дэндүү их үр нөлөөтэй дайн байсан. Хэдийгээр энэ дайн Европт гол дайны талбар явагдаж Герман нэгэнт Европын төвд тул бас дайны төв болж байсан хэдий ч алс холын Монгол ард түмэн Ар Монгол гэдэг орон бүтээн босгох боломж өгсөн.
Ерөөсөө Хар Хорин болон Хүрээг тойрч олон зуун жил болсон Монгол хүмүүст Ар Монгол асар том ирээдүй авчирсан бол бусад Ази тивээр тархан амь зуух Монгол хүмүүст Ар Монгол зүүд шиг л үйл явдал болсон. Тиймээс ч үүний үр дагавар бол Ар Монгол руу ирэх гэсэн Монгол ардуудын тоо эрс өссөн.
Ердөө л 500 мянга хүрэхгүй тоотой гэж байсан Ар Монголд цөөхөн жилийн дотор асар хурдан хүн амын тоо өссөн. Энэ тоог харгалзахгүйгээр өнөөдөр ч гэсэн хүн амын тоо яагаад өсөв гэхээр төрөлт ихэссэн гэдэг ганцхан л тайлбар хийдэг.
Ардчилсан буюу ардын хувьсгал ялсан 1921 оны дараа тэгвэл энэ их хурдан өсөж буй Ар Монгол энэ олон энд тэндээс орж ирсэн Монгол ардуудтайгаа нийлж нэг гэрт амьдарч хэрхэн хамт ажиллаж хөдөлмөрлөж тэр социализм гээчийг байгуулах вэ? Чадах уу?
Ар Монгол капитализмыг алгасаагүй дайрсан бол хөгжих байсан гэдэг. Яаж? Капитализмын суурийг мануфактур, фабрик гээд үйлдвэрлэл хөгжсөн хөгжил бүтээдэг ба түүн дээр л түшиглэж аж үйлдвэр болгон хөгжүүлдэг.
Гэтэл Ар Монголд юу ч байхгүй тул капитализмыг алгасах битгий хэл зүгээр л бид эхлээд ядаж гар үйлдвэртэй болох хэрэгтэй гэхээс өөр замгүй байсан. Тиймээс социализм Ар Монголд байхгүй фабрик мануфактуруудыг байгуулах ёстой болж ноос угаах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг эхлээд том хэмжээгээр байгуулсан.
Өөрөөр хэлбэл социализм эхлээд Ар Монголд феодализмыг сонгодог утгаар байгуулж үйлдвэртэй болгож түүгээр орлоготой мөнгөтэй болгох асуудалтай тулгарсан.
Тэр үед банк санхүү зээлийн ойлголт байсан хэдий ч жинхэнэ эдийн засаг байсангүй. Тиймээс Марксын улстөрийн нөлөөгөөр эдийн засаг босгож ирэх тухай “Капитал” ном ид хэрэгтэй байлаа.
Харин социализм ид оргил үедээ орж 80-аад онд аж үйлдвэр дөнгөж босож иртэл ардчилалын залуус нэг буурал өвгөнтэй нийлээд хувьчлал нэрийн дор капитализмд орох боломжтой болж ирсэн аж үйлдвэрээ устгасандаа. Ингээд социализм ч үгүй бас капитализм ч үгүй өнөөдөр нүүрс зэсээ бөөндөөд л сууцгааж байна.
Ар Монгол нэг иймэрхүү л дэлхийн түүхийн дотно нэг орж гадна нэг гарч ирлээ. Одоо тэгээд хэзээ дэлхийн түүхэнд буцаж орсон шиг орох вэ? Үүний тулд фабрик, мануфактураас эхлэх ёстой? Гэтэл Зүүн Европт социализмын үед бэлтгэсэн мэргэжлийн ажилтанууд хаачив?
Дахиад л Орос, Хятад хоёр мэргэжилтэнээ явуулах уу? Түүх урагшлахгүй харин зогсож бүр буцаад хоцрогдсон луу гаа явж дахин дахин давтагдах Ар Монголоо гэж…
Доктор С.Молор-Эрдэнэ