УИХ-ын гишүүн Н.Батбаяр өнөөдөр News.mn-ийн сэтгүүлчид тун сонирхолтой ярилцлага өгчээ. Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй чухлыг цөөнгүй үндэслэлээр нотлохыг хичээсэн уг ярилцлагад анхаарал татахуйц, эргэцүүлэн бодохуйц зарим санаа дурдагджээ. Ялангуяа дараах өгүүлбэр нэн содон юм.

“Хэрвээ 2000 онд Үндсэн хуульд долоон нэмэлт оруулахдаа Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болгочихсон байсан бол Монгол Улс 15 жилийн хөгжлөө алдахгүй байлаа”.

Энд өгүүлж байгаагаар манай улсын хөгжихгүй байгаагийн буруутнууд нь сүүлийн 15 жилд төр тэргүүлсэн дээрх гурван эрхэм болж таарлаа.

1992 онд одоогийн Үндсэн хуулийг батлах үед Ардын Их Хурлын орлогч даргаар ажиллаж байсан эрхэм гишүүн маань 23 жил мөрдөж ирсэн Үндсэн хуулийнхаа нэрний ҮХ товчлолоос өнөө хэр ихэд сэжиглэж явдаг бололтой. Тулгуур хуулиа өөрчлөн Эх хууль болгох бас нэг шалтгаан ч энэ юм байна.

Тэнгэр дээдэлж, гал шүтдэг түшээ ярилцлагадаа бэлгэдэл юугаа ч мартсангүй.

“Дэлхийн жишгээр үзэх юм бол манай парламент 120 гишүүнтэй байх ёстой юм билээ. Харин бид гурван оронтой тоонд оруулаад яах вэ гэж үзсэн. Нэмээд хэлэхэд тооны бэлгэдлээ бас бодсон. Ес гэдэг тооны бэлгэдлийг та мэдэх байх. Ес гэдэг тоог монголчууд зүгээр гаргаад ирсэн юм биш. Ес гэдэг бол их  утга учиртай тоо. Есөн гариг, есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн үе, есөн ерөөл гээд цааш хөвөрнө л дөө. Есөн гариг чинь нартайгаа нийлээд арав, есөн эрдэнэ чинь газартайгаа нийлээд арав, есөн өрлөг чинь хаантайгаа нийлээд арав гээд бүтэн болдог. Тэгэхээр 99 дээр Ерөнхийлөгчөө нэмэхээр зуу болно, бүтэн болно гэсэн үг.  Ес бол арга билгийн тоо” хэмээн айлдсан байна.

Х.Дөлгөөн

politik.mn