Улаанбаатар хотын агаарын бохирдлын мэдээг БОАЖ-наас хөтлөн явуулдаг agaar.mn сайтаас харах боломжтой. Тус сайтаас харвал 2022 оны 1-р сарын 21-ний 16.30 цагийн байдлаар Улаанбаатар хотын хойд чиглэлийн гэр хороолол Баянхошуу орчимд агаарын бохирдол 479 буюу маш их бохирдолтой байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан гэх шалтгаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн. БОАЖ-ын шинэ сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт ажлаа хүлээн авлаа. Шинэ сайд хотын гэр хорооллыг хангаж буй сайжруулсан шахмал түлшний хоёр үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ жил утаа өмнөхөөс их байгааг тодруулахаар ажилласан бөгөөд энэ жилийн тухайд шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлингийг есдүгээр сард татаж эхэлсэн нь түлшний чийгшил болон хатаалттай холбоотой олон асуудал дагуулсан гэх урьдчилсан дүгнэлт хийснээ танилцуулна лээ.