УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хүүхдийн мөнгөний олголт болон ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойрон дахь асуудлаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тэрээр энэ үеэр хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ юун түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, И-Монголиа төрийн үйлчилгээний цахим систем нэгдсэн дата үүсгэж, мэдээллийн санг шинэчлэхэд анхаарах ёстой гэв.
УИХ-ын дарга үргэлжүүлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. Ковидын үеийн нэмэгдлийг зорилтот бүлэгт нь халамж хэлбэрээр олгох тооцооллоос мөн нэг ч өрх үлдэх ёсгүй. Иймээс цахим шилжилтийн хүрээнд төр, иргэд хамтран ажиллаж, мэдээллийн санг шинэчлэн, засварлахад онцгой анхаарахаас гадна хуулийн хэрэгжилтийн дагуу хүүхдийн мөнгийг яаралтай хэвийн олгож эхлэх хэрэгтэй” гэлээ.