Монголчууд аа гэж… Байгаагаараа баян байж даанч нэг чадахгүй улс юм аа. Монголд уснаас их юм байхгүй л санагдах. Гэвч тийм биш болоод дэндүү удчихжээ. Гол усаа өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас ширгээж, дээрээс нь уур амьсгалын дулаарал нэмэр өгөөд хичнээн ч гол мөрөн үгүй болов бүү мэд.
Үнэндээ бид усаа “Чандмань эрдэнэ” гэж өргөмжилсөөр л байгаад үгүй хийлээ. Уг нь хүний амьдралд уснаас илүү хэрэгтэй зүйл байхгүй нь гарцаагүй үнэн. Хүн хоол идэлгүй хэд хоног амьдарч чадах ч усгүйгээр бол чадахгүй.
Амьтад ч мөн ялгаагүй. Зуны халуунд усанд цувж байгаа адуу тоос манарган, уртаас урт жим татуулсаар давхилддагийг мэдэхгүй Монгол хүн ховор биз ээ. Хуланг дөрвөн говь гаталж усанд ирдэг хэмээн говийнхон ярьдаг. үүнээс усны үнэ цэнийг мэдэрч болно.
Манай гаригийн 70 хувийг ус эзэлдэг. Гол, мөрөн, далай тэнгис олон ч тэдгээрээс цэвэр усны нөөцтэй нь тун цөөхөн юм. Дэлхий нийтээрээ цэвэр усны хомсдолд ороод байгаагийн учир нь ердөө л энэ. Харин хүний биеийн 65-70, тархины 85, ясны 20 хувь бас л уснаас тогтдог ажээ. Тэгэхээр хүнд ямар их ус агуулагддаг нь ойлгомжтой. Ойролцоогоор 65 кг жинтэй хүний биеийн 40 кг нь ус байдаг гэсэн сонирхолтой судалгаа байна.
Монгол орон цэвэр усны нөөцөөрөө дэлхийд гайхуулдаг. Усны нөөц нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд харилцан адилгүй тархацтай байдаг ч цаг хугацаа орон зайн хувьд ихээхэн хэлбэлзэлтэй юм. Монгол орон нэгж талбайд ногдох усны нөөцөөр бусад орнуудтай харьцуулахад нэн бага буюу 22 мянган шоо метр гэнэ. Гэвч нэг хүнд ногдох усны нөөц 15 мянган шоо метрээр тооцогддог байна.
Харин сүүлийн үед дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гол ус бохирдох нь ихэссэн. Үүний зэрэгцээ экологийн тэнцвэрт харьцаа алдагдаж хуурайших, цөлжих явц эрчимжих сөрөг үр дагавар бий болсоор байна. Уул уурхайг хөгжүүлж байгаа нэрийн дор томоохон, урсац сайтай голуудын усны урсацыг боож, голдролыг нь өөрчлөх явдал элбэгшжээ. Энэ нь гол ус ширгэх эхлэлийг тавьж байгаа гэдгийг ухаарах сөхөөтэй хүн алга. Барилга байгууламж ч гол, усыг сүйтгэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Хайргыг нь зөөвөрлөж, хулгайгаар Нийслэлд оруулж ирнэ. Сүүлийн үед бүр голын чулууг нь ч зүгээр байлгахаа больж. Голын чулуугаар барилгын чимэглэл хийсэн харагдах. Ер нь голоос авч, ашиглахгүй юм алга.
Гэхдээ байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүй бол ашиглаж болно гэдэг ч нэгэнт ухаад авчихсан хайргыг буцаагаад яаж нөхөн сэргээх вэ гэдэг нь сонирхол татна. Монголчууд өнөөдөр л болж байвал маргааш ямар хамаа байна гэдэг аминчхан үзлээсээ хагацах цаг ирсэн л баймаар. үүнийг ухаарахад бас л хугацаа хэрэгтэй бололтой.
Монгол орны усны нийт нөөц 38.8 шоо км бөгөөд жилд ашиглах боломжит усны нөөцийн хэмжээ 34.6 шоо км байдаг аж. үүний 12.6 шоо км-ыг газрын доорх усны нөөц бүрдүүлнэ. Олон жилийн судалгаагаар, жилд дунджаар 230 мм буюу 361 шоо км хэмжээний ус бүхий хур тундас манай орны нутаг дэвсгэрт унадаг гэсэн тооцоо байна. Жилийн бүх хур тундасны ихэнх нь ууршиж, 10 гаруй хувь нь л үлддэг аж. Ер нь 1985-1995 онуудад гол мөрний элбэг урсацтай үе зонхилж байжээ. Түүнээс хойш голын усны урсац буурах хандлагатай болсон байна. Аж ахуйн ачаалал даах чадвартай Сэлэнгэ, Орхон, Ховд зэрэг томоохон гол, мөрний урсац жилд дунджаар 0.8-1.75 шоо м/с-ийн хэмжээгээр нэмэгдсэн байхад аж ахуйн ачаалал даах чадвар султай Хангайн нурууны өвөр, баруун хажуу, Хэнтий нуруунаас эх авсан голын урсац төдийлөн нэмэгдээгүй байна.
Монгол Улсад нэг хүнд ногдох ус хэрэглээний хэмжээ дэлхийн дунджаас 3-4 дахин бага байна. Судалгаанаас үзэхэд төв, суурин газруудын болон томоохон хот, аймгийн. төвүүдийн гэр хороололд : амьдарч буй нэг хүнд хоногт дунджаар 8-10 литр ус ноогдож байгаа нь эрүүл ахуйн нормоос 4-5 дахин бага байгаа юм. Харин ус хэрэглээний хэмжээ Улаанбаатар хотод хөгжилтэй орнуудын ус хэрэглээнээс давсан үзүүлэлттэй гарчээ.
Энэ нь Монголчууд усыг үрэлгэн ашигладаг, ус түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ тогтмол бус байгаатай холбоотой. Хэдхэн хоногийн өмнө орон сууцанд амьдардаг иргэдийн ахуйн хэрэглээний ундны усны үнэ нэмэгдэж, нэг литр тутмын үнэ нь 25 мөнгө болсон билээ. Мөн бохир усны үнэ 9.8 мөнгө байснаа 14.7 болж өссөн. Усны үнийг нэмэх болсон шалтгааныг Ус сувгийн удирдах газрынхан энэ оны эхээр цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа хэдий ч түүний цаана усны хэрэглээний асуудал давхар хөндөгдөж байгаа юм.
Усны хэрэглээг зөв зохистой байлгахын тулд төрийн бодлогодоо тусгаж эхлэв. Энэ онд Засгийн газраас санаачилж өргөн мэдүүлсэн “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо УИХ-аар хэлэлцүүлж батлууллаа. Энэ хөтөлбөр нь Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгоход чиглэж байгаа юм. Уг хөтөлбөр стратегийн зургаан зорилтод чиглэсэн хоёр үе шатыг хамрах аж. Эхний шат нь 2010-2015 онд, дараагийнх нь 2016-2021 онд хэрэгжих юм байна. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр хот суурин газрын хүн амын 70, хөдөөгийн хүн амын 60 хувь нь эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн усаар хангагдах боломж бүрдэнэ гэж үзжээ. Байгаа усаа бохирдуулж, ширгэчихэлгүй урсаж буйд нь бахархаж яваад нэг л мэдэхэд бүх нийтээрээ гоожуурын усаар тэжээгдэж мэдэх өрөвдөлтэй “баячууд” зөвхөн Монголд л байх юм даа.
Ж.Тагтаа
niislel times