2013-04-08(ХОШИН ӨГҮҮЛЛЭГ)

Хотын зүүн захаас баруун зах руу яг төв замаараа явдаг нэгэн шар автобус ирэхэд шар эрээн хувцастай кондуктор "алтан гургалдай"-н хоолойгоор "Дүүрэн суудалтай дөрвөлжин автобус 400-500!" гээд орилтол хүмүүсийн ихэнх нь гайхаж, юу гэнэ вэ хэмээн дор бүрнээ гайхан гацав. Анзааргагүй зарим нь яваад орчихов. Кондуктор чиглэлээ зарлаад байхад л орсон хойноо "тэр хүрэх үү, тэнд очих уу?" гээд баахан зүйл асууж кондукторын эгдүүцлийг төрүүлдэг шүү дээ. Зарим нь ч чиглэлээ хараад тэр автобус руу гайхсаар дунд хаалгаар уван цуван орлоо. Нээрээ л хоёр талдаа хоёр эгнээ олон суудалтай автобус байлаа. Бүгд суухад зогсоо хүн нэг ч гарсангүй. Автобус хаалгаа хаагаад хөдлөнгүүт:
-Автобусны сандалд суувал 500, зогсоод явбал 400! гэх дуунаар сандалд суусан хүмүүсийн ихэнх нь сандран босоод, сандал сандлынхаа хажуудах бариулаас нь зүүгдэхэд сандалд гуравхан хүн сууж үлдэв. Тэгтэл кондуктор зогсож байгаагаас нь 400 төгрөгөө хурааж, сандалд суугаад үлдсэнээс нь 500 төгрөг хурааж байтал нэг залуу "Би хөл муутай хүн. Тэгээд ч надад байгаа нь л 400 төгрөг байна" гэвэл кондуктор "Би ямар эмч биш, 500 төгрөг байхгүй юм бол зогсоод явахгүй юу. Манайх та нарыг эхлүүлдэг газар биш шүү!" хэмээн их л зандрангуй хэлэхэд залуу дуртай дургүй босоод зогслоо. Хүмүүс "Сандалд суусан нь 500-г төлдөг нь ямар учиртай юм бэ. Яагаад ийм сонин журам гаргав аа, танай компани? гэхэд ааш ихт кондуктор "Тийм ойлгомжгүй байна уу? Та нар суугаад явахад тохьтой тухтай байдаг биз дээ. Харин зогсоочууд чинь арай хямдхан явах нь ойлгомжтой биз дээ?" гээд намжир унаган мөнгөө хураасаар.
-Ямар сонин юм бэ?
-Нээрээ тэр нь ч зөв юм уу?
-Юу гэсэн үг вэ? Тэгвэл зогсоод явж байгаа нь чихэлдсэн автобусанд хэцүү байдаг биз дээ. Юм мөргөнө, юмаа хулгайд алдана, хоорондоо хэрэлдэнэ... Тиймээс дахин хямдруулаад сууж ямбалсан юмнуудаас нь нэмж авбал таарна.
-Болж болж, одоогийн залуучууд суудал тавьж өгөх тун дургүй. Худлаа цонх мэлрээд л суугаад байна. Эсвэл худлаа унтсан дүр үзүүлнэ, эсвэл ном уншиж буй царайлна, бас чихэвч зүүгээд бүр босох янзгүй суудаг улсууд зуун төгрөг нэмээд сандалд ямбалж чадахгүй, амар юм биш үү?
-Тэгвэл 500 төгрөгөө төлсөн хүн өндөр настан, эсвэл жирэмсэн хүн, хүүхэдтэй хүнд суудлаа өгөхгүй ээ гэсэн үг үү?
-Тийм л болж байх шиг байна...гэх мэтээр хүмүүс шаагилдаж гарав. Кондуктор "Өнөөдрөөс хойш ийм журмаар манайх үйлчилнэ. Хүмүүс сандлын төлөө "алаан" болдог. Үүнийг л манай компани бодлогоор цэгцэлж байна. Суудалд суух нь илүү мөнгөө өгвөл хэн түүнтэй хэрэлдэх юм бэ, тийм биз дээ? Уулын буга нь урамдах цагаар... гээд амандаа аялсаар жолоочийн кабин руу орж явчихав. Энэ журам үйлчилсээр мөнгөтэйнүүд нь суудалд тухалж, мөнгөгүйнүүд нь мөргөлдөж нэг, хэрэлдэж нэг явах болов оо, хөөрхий. Автобусны "Халтур" компани жолооч, кондукторууд, бусад ажилчдаа цуглуулан хурал хийлээ. Менежер нь:
-Ер нь манай компани автобусуудаа ангилбал таарах юм байна. Өндөр настны, хүүхдийн, залуучуудын, архичдын гээд... Тэгээд журамд заасны дагуу олсон орлогынхоо төдөн хувиар тухайн жолооч, кондуктор хоёр цалинжина. Бид ангилал ангилалаар нь жолооч кондукторуудын нэрийг заагаад тавьсан байгаа. За нэрсээ сонсоно уу гээд Доржгарам, Балгармаа хоёр өндөр настны ангилалд, Сүхбазар, Ням хоёр архичдын ангилалд, Долгор, Батсүх хоёр хүүхдийн ангилалд, Сүрэнбат, Аюур хоёр залуучуудынхад гээд суув.
-Бид хоёр л лав өндөр настных болохгүй шүү!
-Яагаад?
-Тэд чинь бүгд л үзүүлж харуулдаг юмаа харуулаад явахаар бид хоёр хаашаа юм, цалингүй ажиллах юм уу?
-Та хоёр чинь яасан толгой муутай юм бэ? Өндөр настнууд бүгдээрээ үзүүлдэг юмгүй ш дээ. Тэд чинь мунгинаад ихэнх нь үзүүлдэг юмаа мартаад гарна. Тэр энэ тэр нь та хоёрын зол болно биз дээ, аан? Улсаас тусгай харуулдаг юм хумыг нь өгөөд байхад мартаад байгаа бол мөнгөө төлөөд явахаас өөр яана.
-Тэд чинь юмаа мартсан гээд мөнгөө ч өгөхгүй тас гөжүүдлээд бүр сандалд тухлаад яваад байдаг ш дээ. Зарим нь бүр огт харуулах юмгүй байж худлаа мартсан дүр эсгээд мөнгөө төлөхгүй явах санаатай байдаг биз дээ. Ямар уут, торыг нь булааж аваад дотроос нь 500 төгрөгөө авалтай нь биш дээ. Дээрэм болно биз дээ?
-Бид хоёр ч гэсэн архичдын автобусанд ажиллахгүй ээ!
-Бас яагаад вэ?
-Юу яагаад гэж, тэр заваан архичдын наад зах нь үнэр танар нь, тэгээд автобусан дотор, сандал дээр, шалан дээр бөөлжинө, орилж хашгирна. Тийм ядаргаатай орчинд яагаад бид хоёрыг тавьж байгаа юм бэ? Царай хараад байгаа юм уу, хаашаа юм?
-Та хоёрыг учиртай сонгосон юм. Сүхбазар нилээд булиа юм чинь архичид руу нэг том дуугараад нударгаа харуулахад тэд цагдаа харсан мэт нам болно. Харин Нямын тухайд бол бас л эрчүүдээс дутахгүй бие хаатай, тэгээд ааш омголон, хурц болохоор та хоёрыг зориуд сонгосон нь тэр шүү дээ.
-За тийм байж. Тэгвэл тэд чинь ямар ч мөнгөгүй юмнууд согтуугаараа түрий бариад манай автобусанд сууна шүү дээ. Тэднээс юуг нь олж авах юм бэ?
-Үгүй та нар чинь яасан дүнхүү оргисон толгойтнууд вэ? Харин ч архичдын халаас хотоос нь зөндөө л мөнгө гарна шүү дээ. Заримаас нь бүр мянган төгрөг авсан ч мэдэхгүй, бүр арван мянгыг авсан ч мэдэхгүй унтаад өгдөг биз дээ. Мөнгөгүй бол ядаж утас, цаг, бөгж гээд юмнууд нь байна. Тэднийг нь авахгүй юу! Ийм ашигтай ангилалд "сонгогдчихоод" хэлэхээс нааш ойлгодоггүй яасан дүнхүү донгио амьтас вэ?
-Залуучуудынх чинь бас л ихэнх нь оюутнууд, тэгээд визагаа харуулаад л бидний орлого таг шүү дээ?
-За битгий давраад бай, бас хэлүүлэх нь үү, бүгд визатай юм уу тэд чинь. Тэгээд ч 10 цагаас хойш визагаар үйлчлэхгүй. Оюутан залуус чинь шөнө орой их тэнэж, баар саваар хэснэ. Манай автобус бол шөнийн нэг цаг хүртэл ажиллана. Та нар ер нь хаашаа юм. Чадахгүй бол больцгоо, яршиг зүгээр. Цаана чинь ажилгүй ангарцгууд зөндөө л байна. Та нарыг гуйхгүй шүү. Харин ч бусад автобус компаниудаас илүү боломж нөхцөлтэй, өндөр үнэ өртөгтэй ажлын байр үүсгэж байхад юундаа давраад байгаа юм та нар хэмээн дарга бухимдаж уурлахад бүгд нам болов. Үүнээс хойш "Халтур" компанийн автобусуудыг хүмүүс ч мэддэг болж, ажил нь ч жигдрээд ирэв. Суудалд тухлах дуртай нь 500 төгрөгөө өгөөд нүүр бардам сууж, өөрөөс нь хэд эгч ах байсан ч босож өгнө өө гонж с у у д а г болов. Харин мөнгө нь хүрэхгүй, харамч нарийн, суух дургүй, хувцас хунар үрчийнэ гэсэн өөр өөр үзэл бодолтнууд нь зогссон шигээ л явдаг болж. Зарим нь 500 төгрөгөө өгөх гэхэд сандал олдохгүй уурлаж бухимдан, кондуктор луу хилэгнэн явдаг болов. Энэ хугацаанд олон ч "асуудал" гарч ирнэ. Хоёр залуу орж нэг суудалд суугаад мөнгө хэмнэх үүднээс дундаасаа 500 төгрөг өгтөл кондуктор нь,
-Наадах чинь нэг хүний л үнэ болохоос суудлын үнэ биш. Нэг сандалд гурван ч хүн суусан тус тусдаа 500-гаа өгнө мэдэв үү. Мөнгөгүй гуйлгачид юм бол битгий заль хэрэглээд бай. Зогсоод явцгаа хэмээн уурлахад тэр хоёр өөдөөс нь улам сөрвөлзөж,
-Бид хоёр харахад чинь гуйлгачин шиг харагдаад байна уу, муу авгай минь. Үхлээ юу, чи 1000 төгрөгийн төлөө хэмээн хашгираад нугалсан мянган төгрөг гаргаад шидсэнд кондуктор бүр ч уурлан шидсэн мөнгийг нь авахаар гараа сарвайхдаа өөрөө ойчиж, бөөн инээдэм тарилаа. Мөн хөгшчүүлийн автобусанд нэгэн маргаан гарсан нь: Хоёр гартаа ачаатай настан орж ирээд тор савтай зүйлээ сууж байгаа хүний өвөр дээр тавихад цаад хүн нь "Арай гэж би 500 төгрөгөө төлсөн, Харуулдаг юмаа мартаад гарсан болохоор. Тиймээс таны ачааг өвөр дээрээ тавьж байгаа болохоор 250 төгрөг өгчих" гэсэнд нөгөө настан уурлаж, "Би харуулдаг юмтай явж байгаа хүн. Надад чамд өгөх 250 төгрөг байтугай 100 ч төгрөг алга"... гэх мэтээр автобусны суудлын наймааны хэрүүл тасрахаа байжээ.
Хэсэг хугацааны дараа "Халтур" компанийн хамт олон дахин хуралдлаа. Менежер:
-Манай компанийн ажилчид гаргасан журмын дагуу маш амжилттай ажиллаж, орлого хоёр дахин өслөө. Иймээс би дахин нэг санаа бодож оллоо. Амралт болон баярын өдөр тусгай автобус явуулж нэг буудал явахад 100 төгрөг, хоёр буудал явахад 200, гурван буудал 300, дөрвөн буудал 400, таван буудал 500 гэх мэтээр буудлын тоогоор зуу зуун төгрөгөөр нэмэгдээд явбал яасан юм бэ гэж. Энэ санаа та нарт ямар санагдаж байгааг сонсох гэж хурал зохион байгууллаа гэвэл, дарга нь
-Их сайхан санаа байна! гээд алга ташив. Тэгтэл нэг кондуктор:
-Тэгээд хүмүүс чинь нэг буудал явна гээд 100 төгрөг өгчихөөд түүгээрээ 10 буудал явбал яах вэ? Олон хүнтэй харьцаж байгаа юм чинь нөгөө хүн чинь завшина биз дээ?
-Ээ кондуктор Долгор эгч минь, тэр чинь амархан шүү дээ. Нэг буудал явах хүнээ өөр тийш нь явуулалгүй буух хаалганы тэнд л хоргооно шүү дээ. Хоёрт гэвэл буух хүмүүсээ сайн нүдлэнэ. Ингэж ажилласнаар тухайн кондукторын мэдрэмж, хараа, нэг харсан хүнээ сайн нүдэлж сурна. Хүмүүсийн менгийг хураахдаа л нэг, хоёр, гурван буудлын дараа бууна гэдгийг нь сайтар тогтоож, тэр хүнээ мөн л сайн нүдлээд авна шүү дээ. Тэгээд ч кондукторуудын ур чадвар сайжраад цагдаагийн ажилтнаас ч дутахгүй болно шүү дээ. Үүнээс хойш баярын өдрүүдэд хүмүүс "Баярын халтур" гэсэн хаягтай автобусанд баяр хөөртэйгөөр чихэлцдэг болов оо.
П.Мөөг
Эх сурвалж: Алаг хорвоо