-2013-2014 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн төлбөр хэд байх вэ, нэмэгдэх болов уу?
-Удирдах зөвлөл хуралдаад сургуулийнхаа төсвийг баталж байна. Тухайлбал, Техникийн их сургууль 3-5 тэрбум төгрөгийг зах зээл дээр өөрийнхөө патентыг борлуулж олно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Их сургуулиуд сургалтын төлбөрөөр 100 хувь амьдардаг байсан бол багш нарынхаа бүтээлийг борлуулаад амьдардаг болно. Тиймээс сургалтын төлбөрийг тэдэн хувь нэмэгдэнэ гэж хэлэхэд эрт байна. Хамгийн гол нь инновацийн хуулийг хэрэгжүүлэх журмаа батлаад, зөвлөх үйлчилгээ өгөх эрхийг нь их сургуулиудад хурдан өгөх юм бол тэр хэмжээгээр хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс гадна орлоготой болно. Жишээ нь, сургалтын төлбөрийг энэ жил 10 хувь нэмнэ гэвэл судалгаа, инноваци, зөвлөх үйлчилгээнээсээ 10 хувийн орлого олж чадвал сургалтын төлбөр нэмэхгүй байх боломж бүрдэнэ. Үүнийг аль болох богино хугацаанд бүрдүүлчихвэл улсын өмчит их сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байх бололцоотой.
-Энэ онд хичнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?
-ЕБС-иудад 26296 суудал нэмэгдэнэ, энэ нь ойролцоогоор 30 гаруй сургууль ашиглалтад орно гэсэн үг. Цэцэрлэгийн хүчин чадал 5530 ороор нэмэгдэх буюу 40 орчим цэцэрлэг, 19 дотуур байр ашиглалтад орно. Шинээр 29 спорт заал барина. Нийт шинээр 100 гаруй барилга байгууламж ашиглалтад оруулах юм.
-Нурах аюултай, акталсан барилгад хичээллэж байгаа сургууль, цэцэрлэг олон бий. Үүнээс нэн түрүүнд нурааж, шинээр барих ямар сургууль, цэцэрлэг байна вэ?
-Яаралтай шийдвэрлэх долоон цэцэрлэг, гурван сургууль бий. ХУД-ийн 32, БГД-ийн 73, 38 дугаар сургууль, БЗД-ийн 10, 59, 146, ЧД-ийн 18, СХД-ийн 26, БГД-ийн 47, 57 дугаар цэцэрлэгийн барилга ашиглах боломжгүй болсон. Хуучирч байгаа барилгууд эрс нэмэгдэж байна. Тиймээс бид дорвитой хөрөнгө оруулалт шийдэх хэрэгтэй. Тиймээс найм биш 80 сургууль Улаанбаатар хотод барих хэрэгтэй болж байна.
-Оюутны хотхон барих асуудал ямар шатандаа яваа бол?
-Багануурын оюутны хотхоны төсөл бол маш том төсөл. Нийлбэр дүнгээрээ 13 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Оюутны хотхоны техник эдийн засгийн үндэслэлийг нь шинэчилж, даалгаврыг нь өгсөн. Ерөнхий төлөвлөгөөг ирэх сард батлаад, санхүүжилтын асуудлаа ярина. Оюутны хотхоноо шинжлэх ухааны парктай хамт барих чиглэлийг барьж ажиллаж байна. Ингэхийн тулд шинжлэх ухааны паркын хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Энэ хоёр хамт байвал нэг нь нөгөөгөө орлогоороо нөхөх юм.
-Гадаадад хичнээн оюутан төрийн сангийн зээлээр суралцаж байна вэ? Эх орондоо ирж ажиллах сонирхлыг нь нэмэгдүүлэх талаар хийж буй ажил бий юу?
-Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сурч байгаа 1342 хүн бий. Үүнээс одоо 400 гаруй нь суралцаж байна. Гадаадад сурчихаад эх орондоо эргэн ирж зээлээ төлөөгүй 200 орчим хүн байна. Энэ хүмүүс 2004 оноос өмнө ямар нэг барьцаагүйгээр зээл олгодог байсан үед сурсан хүмүүс. Засгийн газар хоорондын гэрээгээр жилд 1000 орчим оюутан гадагшаа сурч байна. Ихэнх нь Хятад, Орос, Солонгос, Японд суралцдаг. Магистр, докторт жилдээ 100 оюутан суралцах квоттой. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу гадаадад бакалаврын зэрэг эзэмшихээр сурч буй оюутнуудын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн бакалаврт сурах сургуулийн хязгаарыг өргөтгөж өгсөн. Өнөөдрийг хүртэл оюутнуудыг дэлхийн шилдэг 50 их дээд сургуульд суралцах ёстой гэсэн нөхцөлтэй байлаа. Тэгвэл үүнийг 100 сургууль болгосон. Гэхдээ үнэхээр улс орондоо хэрэгтэй мэргэжлийн дагуу явуулна. Харин дэлхийн шилдэг 20 сургуульд ямар ч мэргэжлээр сурч болно. Дэлхийн шилдэг 20 сургуульд тэнцсэн хүүхдэд бакалаврын тэтгэлэг өгнө.Тэтгэлэг өгөхдөө эргэж ирж ажиллах ёстой гэсэн шаардлага тавина. Барьцаа заавал авна, хэрвээ гадаадад удвал барьцааг нь хураадаг системийг нэвтрүүлнэ. Хэрвээ Монголд ирээд ажиллах юм бол зээлийг нь тэтгэлэг болгох системээр солих зарчмыг УИХ-д оруулна.
-Багшийн сургууль төгсөгчид ёс зүйгүй байдал гаргаж багш нарын нэр хүндийг унагадаг. Энэ талд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Багш нарын ёс зүйн асуудал хурцаар тавигдаж байна.Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн захирлуудын үүрэгт багшийн ёс зүй, хандлага орно. “Багш” хөтөлбөрийн хүрээнд багшийн өөрийн хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Үүнд сургуулиуд анхаарал тавин ажиллаж байна. Багш өөрөө өөрийнхөө хөгжлийг тодорхойлж байгаа. Сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйчийн сургалтад хамруулж байна. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын зэрэг дэвийг нэмэгдүүлнэ. Ингэснээр багш нарт зөвлөгөө өгдөг болно. Нөгөөтэйгүүр цөөхөн хэдэн багш нарын гаргаж байгаа дутагдлаас болоод монголын багш нарыг бүгдийг нь харлуулж болохгүй. Бид сайныг нь, саарыг нь ч хардаг баймаар байна.
-Сургууль, цэцэрлэгт хандивын асуудал тасардаггүй. Үүнийг хэрхэн зогсоох вэ?
-Хандивын асуудлыг ирэх хичээлийн жилээс шийднэ.Тэгэхийн тулд эцэг эхчүүдтэй хэлэлцүүлэг хийнэ. Эцэг эхчүүдийн оролцоог сургууль дээр бодитой бий болгох механизмыг хуулинд оруулна. Эцэг эхчүүдийн оролцоо заавал хэрэгтэй. Монголчууд сүүлчийн сохор зоосоо хүүхдийнхээ боловсролд зардаг болох юм бол улс хөгжинө. Сургуулийн орчинд авлига, аргалдаг байдал, архидалтыг үгүй болгоно. Ирэх хичээлийн жилээс маш хатуу хяналтыг шат дараалан тавина.
-Жил бүр хонхны баярын хавтгайрал хүрээгээ тэлж цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл хонхны баяр хийдэг болсон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хонхны баярын хавтгайрал бол монголчууд бидний найр наадмыг хавтгайруулдаг нэг жишиг. Түүнээс хонхны баяр бол шинэ соёл гэж би харахгүй байна. Тиймээс бид тавдугаар анги болон цэцэрлэг төгсөхөд хонхны баяр хийхгүй гэсэн шийдвэр гаргасан. Ирэх жилээс бид жишиг төгсөлтийн баярыг хийж үзүүлнэ. Хонхны баярыг цаашдаа ард түмэнтэйгээ хамтран өөрчлөөд явах болно. Ард түмэн нь найр наадам хийдэг, архи уудаг байх юм бол хүүхдүүд мөн тийм л орчин хүснэ. Тийм учраас үүнийг зөвхөн боловсролын яам хийнэ гэж байхгүй. Хүүхдүүд юу хүсч байгааг нь тодруулж, хүүхдийн хүсэлд нь тохируулж ажиллаж байна.
-Зургаан настнуудыг сургахад туслах багш хэрэгтэй, сурах орчин нь бүрдээгүй, тэдэнд даалгавар их өгдөг, ядардаг, хүндрэл их байдаг гэж эцэг эхчүүд гомдоллодог? Сургалтын хөтөлбөрийг нь эргэж харвал яасан юм бэ?
-Зургаан настай хүүхдүүдийн хувьд үнэхээр гайхамшигтай. Би “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн нэгдүгээр ангиийн тоо бодлого, монгол хэлний хичээлд сууж үзлээ.Тооны хичээл дээр тэгш өнцөгтийн тухай өгүүлбэртэй бодлогыг тэр цоллоод байгаа зургаан настнууд зохиож бодож байна. Тийм учраас би энэ шинэчлэл зөв байсан байна гэж харж байна. Японд одоо таван настай хүүхдүүдийг сургуульд оруулах гэж байна. Орчин үеийн хүүхдүүдэд бидний үеийн бойтог байдал алга. Зургаан настнууд ном сурах, хөгжих тал дээр үнэхээр гайхамшигтай. Харин дотуур байранд байгаа зургаан настнууд маш хүнд. Тиймээс хөдөөний малчдын хүүхдүүдийн зайны сургалтыг яаж хийх вэ гэж бодох хэрэгтэй. Туслах багштай болгох талаар бодитой судалгаа хийж байна. Гэрийн даалгаврыг цоо шинээр харж байгаа. Багш хүүхдэд 40 минутад амжаагүй хичээлээ гэрт нь даалгавар болгоод өгдөг. Хүүхэд гэртээ очоод аав, ээжээрээ хийлгээд очиход, өөр хүнээр хийлгэсэн даалгаварт нь онц дүн тавьдаг. Залиланг зургаан наснаас нь эхэлж сургаж байна. Есдүгээр сарын нэгнээс эхэлж даалгаврыг эрс өөрчилнө. Бага ангийг ахицаар нь дүгнэдэг болно. Багшийг дүгнэхдээ хүүхдийн ахицаар дүгнэнэ. Та бүхний олж хараад байгаа энэ дутагдлыг засахын тулд үндэсний хөтөлбөрийг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Зургаан настнуудын орчин бүрдээгүй байгаа нь үнэн.
-Хавар элсэлтийн шалгалтын тест задардаг гэх асуудал их гардаг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Манай яам, Тагнуулын ерөнхий газартай хамтарч хяналт тавьж байна. Элсэлтийн шалгалтын матералд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар оролцож байна. Элсэлт ил тод, шударга болно. Төрийн өмчийн их, дээд сургуулиудад арын хаалгаар мөнгө төлж, элсэх ямар ч боломжгүй болно. Бүх хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулаад программ хангамжид хийгээд лацадсан. Асуудал бүр хариуцсан эзэнтэй байгаа шүү. Тиймээс би захирлуудад хариуцсан ажилдаа эзэн байгаарай гэж сануулдаг.
Ж.Болор
MONTSAME



























.jpg)


































































