2013-07-02Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Невада мужийн Рено хотноо волейболын “Дэлхийн лиг”-ийн 2013 оны тэмцээний

“А” хэсгийн АНУ-Болгарын шигшээ багуудын тоглолт боллоо.
“Дэлхийн лиг”-ийн намтрыг сөхвөл....
Олон Улсын Волейболын Холбооноос зохион байгуулдаг “Дэлхийн лиг”-ийн тэмцээн нь 1990 оноос гараагаа эхэлсэн түүхтэй. Эрэгтэй шилдэг багуудын хооронд лигийн журмаар явагддаг “Дэлхийн лиг” нь эрэмбэ, чансаагаараа Олимп, дэлхийн аваргын л дараа бичигдэнэ. Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Дэлхийн цом” нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог тул ОУВХ-ноос “Дэлхийн лиг”-ийг “эх барьж” авсан байна. “Дэлхийн лиг”-д эрэгтэй багууд ордог бөгөөд эмэгтэй шилдэг багуудын дунд үүнтэй төстэй “Дэлхийн гран при” гэсэн тэмцээн бас болдог.
“Дэлхийн лиг”-д чансаа, амжилтаараа тэргүүлдэг шилдэг 16 баг оролцдог бөгөөд энэ жил анх удаагаа 18 баг оролцуулахаар ОУВХ шийдвэрлэжээ.Энэ жил 24 дэх удаагаа зохиогдож буй “Дэлхийн лиг”-д бүгдэд нь оролцсон хоёрхон баг байдаг нь Бразил болон Итали аж.
“Дэлхийн лиг” –ийг их хадуурвал манай “Цагаан сарын” барилдаантай ч зүйрлэж болохоор. Учир нь “Цагаан сарын” барилдааныг манайхан наадмын өнгө тодорхойлдог гэдэг дээ. Тэгвэл 1996 онд Холланд, 2004 онд Бразил, 2008 онд АНУ-ын волейболчид “Дэлхийн лиг”-д түрүүлсний дараа Олимпийн аварга болж байж.
“Дэлхийн лиг”-д үзүүлсэн амжилтаараа 9 алт, 3 мөнгө, 4 хүрэлтэй Бразил, 8 алт, 3 мөнгө, 2 хүрэлтэй Итали, 2 алт, 5 мөнгө, 7 хүрэлтэй ОХУ, алт, 5 мөнгө, 3 хүрэлтэй Куба, алт, мөнгө, хошой хүрэлтэй АНУ шигшээ “айргийн тав”-д орно.
“Бие жижиг ч билчээр том” хот
Рено хотыг “The Biggest Little City in the World" гэж нэрлэдэг. Үнэхээр ч энэ жижигхэн хот билчээр томтой. Сьерра Невада хэмээх сүрлэг нурууны хормойг дэрлэн, Кальфорн, Невада мужийн хил дээр шахуу, 80 дугаар хурдны зам “дээр” орших Рено хот ердөө 200 гаруй мянган хүн амтай гэх.
Энэ жижиг хотыг дэлхийд таниулсан гол юм нь казино. Олон арван зочид буудал, казиног эзэмших “Ceasars Entertainment Corporation” чухамдаа энэ л хотод “мэндэлсэн” болохоор аргагүй. Казиногоор ч яахав ийм байж.
Өөрийн сонирхдог спортын талаар “ямархуу нөхөр” болохыг бас дурьдалгүй өнгөрөч боломгүй. Манайханд, манай спорт сонирхогчдод Рено гэсэн нэр эртнээс эчнээ танил. Санаж байна уу, манай шилдэг боксчин Нэргүйн Энхбат маань ид үедээ улс төр, үзэл суртлын золиос болон нэгэн дэлхийн аваргыг өнжсөн дөө.
Монголоос анхны дэлхийн аварга төрөх байсан байж мэдэх тэр тэмцээн яг энэ Ренод зохиогдсон юм шүү дээ. Мөн энэ хотод мэргэжлийн боксын “Зууны тулаан” хэмээн нэрлэгдэн түүхэнд мөнхөрсөн хүнд жингийн дэлхийн аваргууд Жэк Жонсон- Жэймс Жеффрио нарын халз тулаан 1910 онд Ренод болж байв. Ялагдашгүй Жеффрио, анхны хар арьст дэлхийн аварга Жонсон нарын тулаан энэ хотын нэрийг казиногоос ч өмнө цуурайтуулсан нь тэр.
Рено хотын уугуул алдар цуутай хүмүүсийн нэрс дотор миний мэдэхээр л лав 1992 оны Олимпийн аварга, уран гулгагч Кристи Ямагучигийн нэр дурайж харагдана билээ. За тэгээд 2022 оны Өвлийн олимпийг зохион явуулах хүсэлтээ ОУОХ-д ирүүлж байсан гэхээр Рено хот “бие жижиг ч билчээр томтой” гэдгээ дахин нэг нотлож байгаа хэрэг.
Дэмжлэг ихтэй болгар, дэндүү даруу америк балиашигууд
2013 оны “Дэлхийн лиг”ийн “А” хэсгийн АНУ-Болгарын шигшээ багуудын тоглолт Рено хотын “Reno Events Center” ордонд боллоо.
Учраа таарсан багууд дэлхийд топ ангилалд зүй ёсоор багтах болохоор сонирхолтой , үзүүштэй тулаан болох нь гарцаагүй байлаа. Америкийн “алгадах бөмбөгийн анги” 1984,1988 оны олимпод аваргалж, 1992 оны олимпод хүрэл меадль хүртсэн, 1986 онд дэлхийн аварга болж байсан бөгөөд “Дэлхийн лиг”-д гаргасан амжилтыг дээр өгүүлсэн.
Харин Болгарын волейболчид дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй бөгөөд ноднин жил “Дэлхийн лиг” болон Лондонгийн олимпод аль алинд нь дөрөвдүгээр байр эзэлсэн.
“Дэлхийн лиг-2013”-д Америкчууд Францын багийг 3:0, 3:1 харьцаагаар хоёр удаа хожиж, Аргентиний багийг нэг хожиж, нэг хожигдсон үзүүлэлттэй яваа бол, Болгарчууд Франц, Аргентиний багийг хоёр хоёр хожиж, нэг ч хожигдолгүй яваа, ийм хоёр баг энэ даваанд таарчээ.
“Дэлхийн лиг”-ийн тэмцээний журмаар хоёр баг хоорондоо хоёр удаа тоглох ёстой. Эхний өдөр болсон тоглолтод Америкчууд 3:0 (25:19, 25:22, 25:21)-ээр сет алдалгүй, манайхны ярьдгаар бол “контр” гаргалгүй хожсон. Тоглолтыг сонирхолтой, сет болгоныг үнэ цэнэтэй болгохын тулд 3:0, 3:1-ээр хожсон багт 3 оноо, хожигдсон багт 0 оноо, 3:2-оор хожсон багт 2 оноо, хожигдсон багт 1 оноо өгдөг нь “Дэлхийн лиг”-ийн том онцлог, маш зөв зарчим юм.
Нэг ч хожигдолгүй явсан Болгарын баг “хуурай” хожигдсондоо их ч дүгнэлт хийсэн бололтой хоёр дахь тоглолтын эхний сетээс л санаачилгыг авч , хийгүй тоглосон. Эхний сетэд 25:20 –оор болгарчууд давамгайлсан бол хоёр дахь сетэд талбайн эзэд 25:18-аар хожин 1:1 болголоо. Гурав дахь сет тун өрсөлдөөнтэй болж, 25:23-аар Болгарчууд дахин давамгайлсан. Дараагийн сетэд ч тэд 25:21-ээр өрсөлдөгчөө хожин нийт дүнгээр 3:1 –ээр хожин гурван оноо аван хэсгээ тэргүүлж эхэллээ. Ирэх долдугаар сарын 17-21 нд Аргентиний Мар дел Плата хотноо болох “Дэлхийн лигийн” финалд оролцоход нэг том алхам ойртлоо, Болгарчууд.
Америкийн баг ихэвчлэн залуу тоглогч олонтой, довтолгооноос ихэнх оноогоо түүж байсан бол болгарчууд чацархаг, тиймээс ч хаалтнаас дийлэнх оноогоо авч байлаа. Болгарын багийн Ц.Соколов, Т. Скримов нарбагтаа ихэнх онооог цуглуулсан бол АНУ-ын багаас М.Андерсон, чөлөөт тоглогч Шожи Эрик нар тун сайн тоглосон.
Ордонд Болгарын балиашигууд бараг тэн хагасыг эзлэн сууж, тоглолтын турш уухайлан дуулж баг, тамирчдаа үнэн сэтгэлээсээ дэмжин ялалтад нь багагүй хувь нэмрээ оруулсан бол америкчууд тун дуу сул, идэвх багатай, зүгээр л “томоотой” сууцгааж байлаа.
“Дэлхийн лиг-2013” тэмцээний явц
“А” хэсэг:
Тт Хо Хд О
Болгар 6 5 1 14
Бразил 6 5 1 13
АНУ 6 4 2 11
Франц 8 3 5 10
Польш 5 1 4 5
Аргентин 7 1 6 4
“В” хэсэг:
Тт Хо Хд О
Итали 8 6 2 17
ОХУ 6 6 2 16
Серб 8 4 4 12
Герман 6 3 5 11
Иран 6 2 4 7
Куба 8 1 7 3
“С” хэсэг
Тт Хо Хд О
Холланд 8 6 2 19
Канад 8 6 2 18
Португал 7 4 3 10
Финланд 8 3 5 9
БНСУ 8 2 6 7
Аргентин 7 2 5 6
Финалд “А” болон “В” хэсгээс хоёр хоёр баг, “С” хэсгээс нэг баг, дээр нь Аргентин нэмэгдээд нийт 6 баг өрсөлдөх юм. Энэ жилийн “Дэлхийн цом”-ын шагналын сан 5,7 сая ам.доллар бөгөөд лигийн тэмцээний тоглолтууд 18 орны 44 хотод болох бөгөөд 2000 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгч байгаагийн дотор Монголын “Таван цагариг” сонин багтлаа.
Ц.Энхтүвшин. “Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч.
2013 оны зургадугаар сарын 29-30. Рено, Невада.