Заримдаа нүүр хийх газар олддоггүй юм. Хааяа нэг хүүхдүүдтэйгээ зэрэгцэн кино үзжээ суутал дундуур нь санамсаргүй эсвэл санаатай шигтгэж өгсөн эр эмийн явдал бүр ёс юм шиг гарна гээч.

Чимээгүй суугаад байх хэцүү. Сувгаа сольчих ч бас хаашаа юм. Инээдмийн хэрнээ эмгэнэлт жүжиг шиг инээх ярвайхын дунд ийм нэг явдал бидний амьдралд өдөр бүр шахам л болдог.

Гэтэл лав л миний мэдэхийн германууд телевизийн зар дээрээ урьдчилан “Энэ долоо хоногт ийм, ийм кино гарна. Энэ нь насанд хүрэгчдэд, тэр нь хүүхдэд зориулсан” гэхчлэн нас намбаар нь нарийн заагаад өгчихдөг юм билээ. Кино гаргасан ч дэлгэцийн аль нэг буланд ялгах тэмдэг заавал тавьдаг тул бидэн шиг эвгүй байдалд орж байн байн пал хийх нь ховор байлгүй, бодвол. Харин манайд гэнэтийн “зочин” асуух ч үгүй, зөвшөөрөл эрж хаалга тогших ч үгүй шууд орж ирээд л сандчааж орхино.
За, тэгээд биднийг байх байхгүйд хүүхдүүд юу ч үзэж харж суудаг юм, бүү мэд.
  Тэгэхээр кино үзэхийг нь тас хориглоод байх уу? Эсвэл зөнд нь хаячих уу? Гэтэл бидний хүсэл ердөө л энэ үү?
  Ганц кино ч биш юм аа. Бидний эргэн тойронд сексийн харилцаа бүхий л хэлбэрээр чөлөөтэй өрнөж байна. Ямар ч ядуу хороололд сексийн оромжууд аль хэдийнэ, өчнөөн төчнөөгөөрөө бий болчихсон төдийгүй энэ төрлийн бизнес цэцэг­лэж, ямар л бол ямар үйлчилгээ санал болгож байна. Хүмүүс яагаад порно үздэг юм? Яагаад энэ зүгийн зураг, бичлэг нэтээр дүүрэн байдаг юм?
  Бид л ярьж сураагүй болохоос биш гэр бүл, ер нь хүний амьдралын олон талт асуудал чухамхүү эр эмийн энэ харилцаа, сексийн тухай яриатай шууд холбогдож байдаг. Гэр бүлээс гадуур ч бас нийгэмд таалагдах таалагдахгүй олон нарийн ширийн харилцаа байдгийг бид мэднэ.
  Тэгэхээр бид энэ сэдвийг бүрхэг чигээр нь орхих нь зөв үү, буруу юу гэдэг асуулт гарч ирж байна. Ер нь энэ тухай ярьж бичих нь хэрэгтэй, эсвэл илүү зан юм уу?
  Ил гаргаж тавьлаа гэхэд нэг хэсэгт нь таалагдана. Тэртээ тэргүй шаардлага хэрэгцээ нь зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэнэ.
  Үүнтэй холбогдуулан бид нийс­лэлийн нэгэн багашаархан зочид буудлын эзнээс ярилцлага авсан юм.
  - Танайхаар ихэвчлэн ямар хүмүүс үйлчлүүлдэг вэ
  - Янз бүр. Хөдөөнөөс ч ирнэ. Гэхдээ дийлэнх нь хотынх.
  - Дунджаар хэдэн насных?
  - 20-40 насны.
  - Хоноглох гэж ирэх үү?
  - 1-2 цагаар орно. Тэр нь ч манайх шиг цөөхөн өрөөтэй буудалд илүү ашигтай байдаг юм. Сүүлийн үед хүмүүс өдрөөр буудалд орох нь ихэсч байгаа. Яагаад гэвэл аль ч буудал өдрийн цагаар төлбөрөө бууруулдаг болсон.
  - Нууц амрагуудад зориулж уу?
  - Жижгэвтэр буудалд өөр хэн орж ирэв гэж. Гол орлого оруулах хүмүүс тэд шүү дээ. Насанд хүрээгүй шахам охин дагуулсан эр, хүүхэд шигээ залуу дагуулсан авгай нар орж ирж л байдаг юм. Одоо яах вэ дээ? Тэдний хооронд хайр сэтгэл гэж юу байв гэж. Нэг нь мөнгө, нөгөө нь сексийн хэрэгцээгээ хангах гэж л ингэж явдаг байх. Бие биедээ үнэхээр хайртай хосууд ч орж ирдэг. Харахад андашгүй. Харин машинаа тавих гэж л их сандарцгаадаг шиг байна лээ.
  - Яагаад?
  - Хэн нэгэн харчихаад эхнэрт нь очоод хэлчихвэл яах уу?
 - Аан. Солонгост зочид буудлын­хан үйлчлүүлэгчдийнхээ машины дугаарыг далдалдаг гэсэн?
  - Наадахыг чинь хэрэгжүүлье байз.
  - Ижил хүйстнүүд үйлчлүүлдэг үү?
  - Хоёр удаа таарсан. Ичиж, санаа зовох болов уу гэж бодсон. Тоох ч үгүй юм билээ. Нүцгэн шалдан гарч ирснээ порно кино тавьж үзэх гэсэн юм, DVD байна уу гэж асууцгааж байсан.
  Гэхдээ ихэнх нь эсэргүүцэх л болов уу. Шууд хүлээж авах хөрс шороо манайд алга. Гаднаас, өнгөц харахад секс гэдэг хоёр хүн тохироод унтаа л биз, хүсэл тачаалаа хангаа л биз, тэгээд яачихаа вэ, амьдралд үүнээс чухал зүйл байна гэж ойлгогдох байх л даа.
Тэр хэрээр үл тоомсорлож мэдэх юм. Эр эмийн бэлгийн харьцааг адгуусны зөн совин төдий ойлгож, гутлаа арчихын дайтай төсөөлж байгаа бол энэ тухай өгүүлэх нь мэдээж илүүц.
  Зарим нэгэнд нь хүний дотоод сэтгэлтэй холбоотой энэ асуудлыг ил гаргаж тавина бүр байж болшгүй хэрэг санагдана. Энэ сэдвийг хөндөх сонирхол ч үгүй. Огт гаргаж ирэхгүй, хаалттай байх нь тэдэнд илүү амар, тааламжтай. Яагаад гэвэл айдаг. Өөрийгөө нээхээс, үнэнийг мэдэхээс эмээнэ
   Гэтэл хүн гэдэг амьтнаас ялгаа­тай нь зүрх сэтгэлдээ захирагддаг. Секс гэдэг нэг талаар сэтгэлийн гүнд байсан хүсэл эрмэлзэл биел­лээ олж буй хэрэг байдаг. Энэ нан­дин харьцаа нь янхантай унтах, настай эр залуу охинтой дэр нийлүүлэхийг хүсэмжлэхээс их өөр юм. Харин байгаль, адгуусын үүргээ гүйцэтгэчихээд үүгээр дамжуулан эр эмийн ёсыг ойлгож байгаа бол энэ тухай үнэндээ юугаа ч ярих билээ дээ. Нүүдэлчин амьдралын шүүмжилж болохооргүй орчин нөхцөлд, энэ тухай ярьж үзээгүй, энэ тухай ярьж мэддэггүй малчин монголынхоо өнөө сайхан томоотой, дуугүй, гүндүүгүй, ичимхий, бүрэг сэтгэхүйгээрээ хандах ч хангалтгүй юм.
  Эргээд л байрандаа хүрээд ирнэ. Өнөө л ил бөгөөд далд амьдралаар, нэг хүн атлаа хоёр өөр дүр эсгэн насыг барна гэсэн үг. Гэтэл бид хүссэн хүсээгүй олны дунд амьдарч байна. Нэгэнт хүмүүсийн хүрээлэл, харилцаан дунд хашигдан амьдарч байгаагаас хойш далд байх ямар ч боломжгүй. Далд байя гэвч амаргүй, хэцүү, шаналгаатай. Яаж ч хичээсэн ямар нэг байдлаар ил гарч ирж л таардаг.
  Үүгээрээ бусдын мууд дурлаж, бусдын нууцыг дэлгэе гэсэн хэрэг биш л дээ. Энэ нууцынхаа талаар хүмүүс өөрсдөө мэдэх хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм. Учраа мэдэж байвал эерэг шийдвэр гаргана. Харин утга учиргүй байна гэдэг нэг талаар амар хялбар боловч хэзээ нэг цагт хүнд байдалд орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, даравч дардайна. Гэхдээ дэлбэрэх маягаар, шарх сорви үлдээх маягаар.
Бид сексийн тухай хэрхэн ярилцдаг вэ?
  Хэ, хэ. “Туулай зааныг хүчиндэж гэнэ” гэхчлэн бид сексийн талаар ярилцдаггүй биш ярилцдаг юм. Гэхдээ жоготой, жуумалзаад л. Нэг л ярьж болохгүй зүйл шиг толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч аваад нууцлаг, илэн далангүй ярихаа хүрвэл ийнхүү онигоо маягаар, маазарч. Гэтэл секс гэдэг маань “Эр хүнийг урхиндаа оруулах 10 арга, дур булаам харагдах 20 зөвлөмж, нууц амрагтай болсныг илтгэх 30 шинж” төдий хүрээнд, ийм амархан ойлгочих зүйл мөн үү, үгүй юү? Магадгүй, хүмүүсийн сэтгэл санаатай холбогдох хэр нь холбогдохгүй, байгалийн шинж төрхөндөө захирагдаж байгаа бол энэ жорыг мөрдөж болох байх л даа. Бид сексийг зөвхөн нэг талаас онилдог учраас нийгмийн нөгөө агуу соёл, ёс суртахуунтай харьцуулшгүй, эсрэгээр амьтны инстикт гэж үздэг төдийгүй энэ хэрээр сексийн амьдралаа боомилон дарж ирсэн улс.
Хүний сексийн амьдрал гэдэг илүү нарийн үйл явц болохыг анзаарсан ч анзаараагүй юм шиг хэнэггүй алхаж иржээ. Тойрч суухаараа, бэлхүүснээс доош сэдвээр бол нүүр улайж, чих халууцтал, байх суухын аргагүй бүр хайр найргүй хэрнээ ямар хялбархан ярилцдаг гээч. Тэгсэн атал бэлгийн харилцааны талаар илүү нухацтай, бодитой ярилцаж адгууснаас ангид, хүн тал руу хандуулъя гэвэл тийм ч аятай хүлээж авахгүй. Ер нь энэ талаар яриа хөөрөө монголчуудын дунд өрнөхөд их амаргүй шүү. Энэ тухай зориглон ам нээвэл тухайн хүнийхээ зан төрхтэй шууд л холбож ойлгоно.
“Энэ чинь яасан сонин нөхөр вэ, ийм сэдвээр ярих хообийтой юм байна” гэхчлэн жижигхээн юм бодчихдог. Ярих хэлэх юм олдохгүйдээ, сексийн тухай амттай яриа өрнүүлэх хүсэл сонирхолдоо ийнхүү өдөөд байна гэж ойлгоно. Өнөө зам зуур хэлэлцдэг шальдар булдар үг шигээ санаж, эсэргүү­цэхгүй ч басамжилсан, доог тохуу хийсэн харцаар өмнөөс ээрэх болно. Сексээс татгалзаж, үгүйсгэж чадахгүй хэрнээ өчүүхэн эсвэл огт ач холбогдолгүй зүйл мэт хандан, сонирхсон ч сонирхоогүй юм шиг худал дүр эсгэх нь бий. Ийм эсэргүүцэлтэй үргэлж тулдаг. Үнэндээ бэлгийн харилцааны талаар нарийвчлан ярилцах нь битгий хэл тоймлоход ч хэцүү. Гэвч энэ цаг үе биднийх. Энэ цаг үеийн аз жаргал, зовлон зүдгүүр ч биднийх. Яагаад бидэнд хамаагүй гэж. “Энэ тухай ярих цаг болоогүй, манайхан ойлгох ч үгүй” гэхчлэн хээв нэг загнах хүмүүстэй олон таарч байлаа. Ингэж ихэрхсэнээрээ ухаантай юм шиг бусдад ойлгогдож, ингэж хэлүүлэхийг хүсдэг юм уу. Яагаад энэ бүхнийг биеэрээ туулаад байгаа хэрнээ ойлгохгүй, мэдэхгүй гэж. Ярилцаж сураагүй, энэ тухай ам нээхээс зүрхшээж л байгаа болохоос биш ултай суурьтай, гүнд нь орохыг хүсч л байгаа шүү дээ. Өөрийгөө толинд харж, бусдыг таних тийм муу зүйл гэж үү? Эсвэл ингэж яваад цаг үеийнхээ золиос болох гэсэн юм уу, хэлмэгдсэн чигээрээ дуусах юм уу. Ийм харанхуй байгаагийнхаа төлөө санаа зовохгүй, юу ч хийхгүй, юу ч дуугарахгүй өнгөрөх хэрэг үү. Бодит байдал дээр сексийн харилцааны хэрэгцээ шаард­лага бидний ярьж хэлдэг хэм хэмжээ, утга агуулгаас хавьгүй түрүүлснийг анзаарах сөхөөгүй явна биш үү?
Эрт эдүгээ
   Өнгөрсөн жил манай сэтгүүлийн­хэн Хуримын ордонд очиж сурвалжлага хийсэн юм. Тэгээд нийтлэлээ “Хонгорхон үр, дараа нь хурим” гэж гарчиглаж билээ. Хэдхэн жилийн урд, гэрлэхээсээ өмнө хүүхэд гаргах залуус ховор байлаа. Нөхөрт гарахаас өмнө секс хийхийг нүгэл гэж үздэг үе ч байлаа. Гэтэл хуримлаж буй хосуудын дийлэнх нь 1-2 хүүхэдтэй. Амьдрал их өөрчлөгдсөн байна шүү дээ. Буруут­гах ч юм алга, зөвтгөхийг ч урьтал болгосонгүй. Гэхдээ үүний цаад мөн чанар нь юу юм?
  Нэг л залуутай энгэр зөрүүлж, тэр эртэйгээ насан туршдаа гэхдээ үнэнч амьдрах ёстой гэж эмээ ээжид, ээж надад сургажээ. Гэтэл нөхөр маань нэг л өдөр надад таалагдахаа больж магад. Анх танилцаж, дурлаж догдолж байсан шиг залуу биш юм гэдгийг ойлгож эхэллээ. Яаж ч хичээсэн бид нэг хүн шиг байж, нэг зүг рүү харахгүй нь. Тэгэхээр би эмээ, ээжийнхээ замнаснаар явж чадахгүй ээ гэсэн үг. Хэрэв тэдний сургаалаар явбал миний амьдрал утгаа алдана, өөрийнхөөрөө байх боломжгүй болно. “Хувь хүний эрх чөлөө” гэж юм бий. Ингээд бодохоор эмээ, ээжийн үг дэмий санагдана. Туйлширсан, өөрсдийгөө гаргуунд нь хаясан, тулгасан, хүний эрх зөрчсөн, хоцрогдсон, орчин цагтай минь ер нь нийцэмгүй шиг бодогдоно. Харин эгч минь тэдний үгийг дагасан. Найз бүсгүй маань бусдын жишгээр амьдарч байна. Энэ явдлаа туйлаас зөв, үүнээс өөрөөр амьдарч байгааг буруу гэж үзэж байна. Тэгэхээр би яах вэ?
  Манай нийгэмд эмэгтэй хүн дандаа л буруутдаг. Нөхөртөө онгон биеэр очоогүй бол, хэд хэдэн хүнтэй энгэр зөрүүлсэн бол, хэд хэдэн удаа нөхөр сольсон бол, салсан бол, ганц бие яваа бол...
  Бараг бүх л тохиолдлыг “янхан” гэдэг ганцхан тамгаар тамгалчихдаг. Харин эрчүүд бол яг эсрэгээр, баатар. Тэгэхээр эмэгтэй хүн эрх чөлөөтэй байна гэдэг зөвхөн тэдний хүсэл эрмэлзлийн зоргоор биелдэг зүйл биш байх нь. Энд тэгш эрхийн тухай голчилсонгүй. Эдийн засгийн хараат байдал, хууль дүрэм, уламжлал, ёс гэхчлэн нийгмийн шинжтэй олон хүчин зүйл эмэгтэйчүүдийн амьдралыг шийдвэрлэж байна гэж хэлэх гэсэн юм. Хэчнээн эрх чөлөөтэй байх гээд хүсээд ч болохгүй, яагаад гэвэл ийм боломж олгох ч үгүй. Бид үүнийг “бүсгүй хүний хувь тавилан” гэж хүлээж авдаг. Гэтэл үнэндээ нийгмийн байгаа царай нь л тэр байдаг
  Өнөөдөр дөнгөж 30 гарсан бүсгүйн бүх амьдрал нь “дууссан” байх нь олонтаа. Дурлаж, хайр­лаж, секс хийснийхээ горыг ингэж амсдаг. Зөвхөн “эцэггүй” хүүхдүүдийнхээ төлөө хамаг амьд­ралаа зориулахаар шийдсэн. Дахин нөхөр, дахин секс, дахин аз жаргалын тухай бодохгүй. “Хүү минь л хүний дайтай болвол болоо, тэг­вэл би үхэхэд бэлэн” эмэгтэйчүүд бидний дунд цөөнгүй.
Хамтын амьдрал
  Орчин үеийн европчуудын амьдрал биднээс өөр. Тэд ихэвчлэн эхлээд хамтран амьдардаг. Цагаа тулахаар таван сар болоход ч хэцүү шүү дээ. Харин таван жил амьдарна гэдэг ондоо. Энэ хооронд маш их юм туулна, бие биеэ маш сайн мэддэг болно, хэн хэнийхээ эрхэнд халдахгүй. Хүүхэд гаргасан ч бүгдийг хуулиар зохицуулна. Нэг хэсэг хамтдаа байгаад “За, бид үхэн үхтлээ салахааргүй бие биедээ хайртай, хэрэгтэй хүмүүс юм байна” гэдгээ ойлгохоороо гэрлэлтээ бат­луулдаг. Бүгдийг хамтатгасан юм биш л дээ. Нэг хэсэг нь зугаалж зугаалж эцэст нь залхаад гэрлэдэг бол зарим нь амьдралаа төлөвлөж, тэр дагуу амьдрах нь бий.
  Гэхдээ европ залуу албан ёсоор гэрлээд эргээд салсан тохиолдолд цалингийнхаа 2/3-ыг эхнэртээ өгөх ёстой тул хэр баргийн хүүхэнд сууя гэсэн санал тавихгүй. Харин нэгэнт гэрлэсэн тохиолдолд тийм амар салахгүй, салахгүй байхыг л хичээнэ. Энэ хэрээр иргэд гэрлэлтдээ хариуцлагатай хандана гэдгийг төр нь нарийн, хатуу чанд хуулиараа хашаад өгчихдөг юм байна л даа. Тухайлбал, албан ёсоор гэрлэсэн хүмүүс хамт амьдарч байгаа хүмүүсийг бодвол илүү эдийн засгийн боломж эдэлдэг юм билээ. Энэ нь 500-600 еврогийн зөрүүтэй. Амьдрахад арай л дөхөм болно биз. Тэнд албан ёсны хүүхэд биш ч эцгээ өнгөрөхөд өв залгамжлах эрхтэй. Ямар гоё хүнлэг вэ? Ер нь эхээс нь салсан ч бай, салаагүй ч бай аав хүн үр хүүхдээ 18-26 нас хүртэл асарч тэтгэх үүрэгтэй. Хэрэв тэжээх чадваргүй гэдэг нь тогтоогдвол улсаас тэтгэнэ. Бүх зүйл тодорхой, ойлгомжтой тул хосууд хожим тохиолдож болзошгүй асуудлаа анхнаас нь шууд ярилцаад л тохирчихдог. Хэл амгүйхэн зохицуулчихдаг тул бие биедээ гомдож туниад, хонзогноод байх шаардлагагүй.
  Харин манайд бүх зүйл урс­галаараа. Хуулиар зохицуулах зүйл бага. Амьдрал гэдэг үнэндээ аз мэдсэн хэрэг байдаг. Мэдээж залуу хүмүүс бие биеэ сонирхоно. Аль болох л цуг байх боломж эрэлхийлнэ. Сексийн хэрэгцээндээ захирагдан хэн нэгэнтэй нэр, бие холбогдож л таарна. Ялангуяа хөв­гүүд ямар нэг байдлаар сексийн байнгын харилцаатай байхыг хичээх нь бий. Гэвч удалгүй эдийн засгийн болон харилцааны бэрхшээлтэй учирна. За магадгүй, энэ хооронд хүүхэд гарна. Энэ чинь “гэмт хэрэг” шүү дээ. Өнөөх хархүү хийсэн хэрэгтээ ороогдоод нэг их хүсээгүй ч бүсгүйтэй гэрлэх л болно. Эсвэл гэр орноороо орж гаралцаж 2-3 жил гүйлдчихвэл эцэг эх, найз нөхөд нь “Та хоёр ямар учиртай улс юм, суух гээд байгаа юм уу, үгүй юм уу” гэж шаардаж шахаж эхэлнэ. Ингээд бараг хүчээр гэрлэж бараалж таарна.
  Ерөөсөө л гялс танилцаад, гялс суудаг. Танилцсан уу танилцсан, дурласан уу дурласан. Эхлээд бүх л юм таарч байгаа юм шиг, жам ёсоороо яваа юм шиг санагдана. Тэгээд шийдвэр гаргана. Гэвч магад­гүй тав, арван жилийн дараа өнөөх учраа мэдэхгүй гэрлэсэн залуус “том” болно, зарим нь бие биедээ таарч тохирох хүмүүс биш юм гэдгээ ойлгоно. Эхнэр, нөхрөөс нь сайн сайхан хүмүүс байдаг юм байна, алдаа хийжээ гэдгээ анзаарна. Энэ асуудал ил гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, сексийн хэрэгцээнээс илүү амьдралд чухал юм байдгийг ойлгох чадвартай болдог. Дээр нь хам­тын амьдрал, хайрынхаа төлөө тэмцдэггүй, хөдөлмөрлөдөггүй, санаа тавьдаггүй бол хэзээ нэгэн цагт бүр нурж таарна. Энэ тохиол­долд өнөөх л эмэгтэйчүүд илүү зовж, илүү хүндийг үүрэх нь их. Салахгүй ч гэсэн хажуудах нь гэртээ хонохоо байна, түүнийг тэвчиж сууна гэдэг хүсээд байхаар юм биш. Шанална, гунина. Харин нөхөр магадгүй бараг л хоёр эхнэртэй юм шиг амьдарна. Иймэрхүү амьдралын хэв маяг манайд элбэг шүү дээ. Гэвч эцсийн дүнд ихэнх эмэгтэй бууж өгдөг, цөхөрдөг, дүүрч гэж боддог, бодит байдалтайгаа эвлэрэхээс аргагүйд хүрдэг. Харин чин сэтгэлд бол хорсол явж байдаг. Үүнийгээ ил харуулдаггүй. Учир нь тавья ч гэсэн таваг олдохгүй. Орон зай ч байхгүй. Цөхөрсөн сэтгэлээ ямар нэг байдлаар орлуулах гэж үзэх байх л даа. Тэр нь явцгүй. Тэртээ тэргүй нийгэм хөлийг нь тушиж орхино. Тэгээд дээр өгүүлсэнчлэн үр хүүхэд, ач гучаа өсгөхөөр сэтгэл шулуудна даа. Ингээд л нэг олдсон амьдрал дуусаа. Секстэй бүх зүйлийг холбох нь хаашаа ч юм. Гэхдээ л үүдсэн олон амаргүй асуудал бий гэдгийг үгүйсгэх хүн гарахгүй биз. Хорьтой бүсгүйг бодвол 40 гарсан бүсгүйд сексийн байнгын харилцаа таслагдахад илүү хүнд тусна. Энэ тухай олон эмэгтэйчүүдийн амнаас сонсож байлаа. Үүнээс болж өөрийгөө доод хэмжээнд тавих үе ч гарна. Ийм байдалд хүрснийх нь төлөө хүмүүс тэднээр доог тохуу хийнэ, доромжилно. Бидний хамтын амьдралын ерөнхий дүр зураг энэ.
Хот хөдөөгийн “franquctte”
Х.Баярбаатар /42 настай/: - Охин маань хамт нэг оронд унтдаг учир сэрээчихгүйн тулд эхнэр бид хоёр шалан дээр нөгөө юмаа хийж байсан юм. Нэг мэдсэн охин маань сэрэхээр барах уу, орон дээрээ биднийг чимээгүйхэн харчихсан сууж байснаа “Би та хоёрт дахиад битгий ингэж бай гэж хэлээ биз дээ” гэдэг байгаа.
Б.Амараа /28 настай/: - Таван настай байхдаа ээжийгээ өмөөрч уйлж байснаа мартдаггүй юм. Харин жаахан том болоод секс гэж юу байдгийг гадарладаг болсон хойно бусад хүн болно, харин ээж аав хоёр бол болохгүй гэсэн хатуу байр суурьтай байлаа.
Х.Мюллер /52 настай/: - Миний нэг танил байдаг юм. Ганц өрөө байранд суудаг. Гэвч гадна дотны хүн байнга шавчихна. Нэг өдөр ч биш, нэг сар шахам тухалдаг гэсэн. Тэр үед эхнэртэйгээ унтаж чадаж байна уу гэж асуусан чинь “Яаж ч чаддаггүй” гэсэн шүү.
Х.Ганбаяр /43 настай/: - Хүүхдүүд сонсдог л байх даа. Эхнэр бид хоёр тэднийг унтсан байх гэж бодоод л начигнуулчихдаг юм. Заримдаа унтахыг нь хүлээсээр байгаад өөрсдөө нам явчихна. Энэ чинь ганц манайд болдог явдал биш. Хотод ч, хөдөө ч, гэрт, нэг өрөөнд амьдардаг айлын хувьд байдаг л үзэгдэл. Санаагаар болдог бол тусдаа өрөөтэй, тусдаа телевизтэй л баймаар байх юм.
Г.Туяа /37 настай/: - Гурван настай охин маань байсхийгээд л хөнжил сөхөн “Ээж аав хоёр боовоороо үнсэлцээгүй биз” гэх юм. Тэгэхээр нь сандраад “Үгүй, үгүй. Чи хар л даа. Бид хоёр дотоожтойгоо, зүгээр л хэвтэж байгаа биз дээ” гэж хэлдэг. Ийм юм хаанаас мэдчихдэг байна аа.
В.Эдуард /48 настай/: - Franquctte sex гэж бий. Хажуу байрлалыг ингэж хэлдэг. Эр эм хоёр дээр дороо ороод сексдвэл чимээ их гарна. Гадны хүн байхад эвгүй шүү дээ. Харин энэ байрлалаар хурьцвал мэдэгдэх нь арай л бага.
Р.Баттулга /28 настай/: - Хөдөө секс жинхэнэ утгаараа байхгүй. Айдас, хүйдэстэй. Ийм байдалтай хийсэн секс ямар олигтой болох вэ дээ. Хүссэн үедээ сэтгэл зүрхээрээ хийж чадахгүй. Харин хүсээгүй үедээ хийхээс өөр аргагүй байдалд ордог. Ер нь бидний сексийн амьдрал тодорхой үечлэлтэй, хэмнэлтэй хэр­нээ энгийн амьдрал маань ямар ч төлөвлөгөөгүй. Гэтэл европчууд сексийн хувьд задгай хэрнээ, амьд­рал нь төлөвлөгөөтэй. Их өөр дүр зураг харагдаж байгаа биз.
Х.Мюллер /52 настай/: - Хөдөө гэрт байсан, хотод нэг өрөө байранд амьдарсан хоёр яг адилхан. Тэгэхээр хот хөдөөгийн сексийн харилцаа ижил гэсэн үг.
  Энэ удаа бид монголчуудын сексийн амьдралд тохиолдох бэрх­шээлийн тухай ярилцаж байна. Бид­ний амьдралын олон зүйл түүнээс хамаардгийг ойшоохгүй өнгөрч болом­гүй
  Жишээ нь, хүн аз жаргалыг үргэлж амтлахыг хүсдэг. Бүр хамгийн дээд хэмжээнд амтлахыг хүснэ. Бай­галиас заяасан тэр аз жаргалын нэг нь секс. Нэгэнт аз жаргалыг хамгийн дээд цэгт нь хүртэл амтлахыг хүсч байгаа тохиолдолд сэтгэл санааны маш тааламжтай орчин нөхцөл хэрэгтэй болно. Мэдээж, санаанд хүрсэн их аятайхан эр, бүсгүй ч юм уу байх ёстой. Энэ мэт олон хүчин зүйлийн үр дүнд аз жаргал гэдэг жинхэнэ утгаа олдог.
  Хэн нэгэнтэй санаандгүй учиртал санаанаас гарахгүй сайхан секс өрнөж. Уг нь хормын төдий жаргал шүү дээ. Гэтэл дахин амсах, амтлахын тулд ямар ч зовлонг сөрөх зоригтой болдог. Цэг тавих нь битгий хэл, энэ жаргалаа улам гоё, улам төгс төгөлдөр болгох гэж хүснэ. Ингэж шунан тэчъяадах нь хүний төрөлх чанар юм. Харин энэ нөхцөл бүрэн хангагдаж чадахгүй тохиолдолд секс секс биш, нөгөө аз жаргал маань аз жаргал байх боломжгүй болно. Тэгэхээр бид энэ аз жаргалыг бүрэн дүүрэн эдэлж чадаж байна уу?
  Гадны л нэг сэтгүүлээс уншиж байсан юм, хүн төрөлхтөн цаг хугацаа өнгөрөх тусам биологийн хэрэгцээ гэхээс илүү хүнлэг, чин сэтгэлийн сексийг эрхэмлэх болсон тухай. Харин хүсч байсан хэмжээнд хүрэхгүй бол сексээс татгалзах болж. “Дахиад хэзээ ч секс хийхгүй” гэдэг номонд ч энэ тухай дурдсан байх нь бий. Энд сексээс зай барьж, бүр үзэн ядаж байгаа хүмүүсийн тухай өгүүлсэн байдаг юм.
  Хөдөө, хотын секс өөр гэх нь юу юм. Гэхдээ харилцаан дээр авч үзэх юм бол олон зүйл дээр зөрчил харагддаг. Тухайлбал, малчин эр эм хоёр өглөө эрт босоод шөнө дүл болтол үргэлж хамтдаа ажлаа хийн амьдралаа залгуулна. Харин хот газар бол гэр бүлээсээ ондоо орчинд, гадны хүмүүсийн дэргэд ихэнх цагаа өнгөрөөнө. Их том ялгаа юм шүү. Ажил дээрээ аятайхан залуу харж сууна гэдэг хөдөө гэртээ хар хүнээ харж суухаас их өөр юм. Удаан хамт байхаар ямар нэг харьцаанд орно. Өөр уур амьсгал бий болно. Гэхдээ үүнийг манайхан их амархан шийддэг. Эхнэр нь “Чи яаж байгаа юм” гэнэ. Тэгээд л болоо. Хамт олон нь ч “Та нар яасан шог юм бэ”. Их хялбархан ойлгож, ойрхон хүрээнд тусгаж авна. Хөдөө хээр зөвхөн эхнэр, нөхөртэйгээ байтал ийм асуудал үүссэн бол өөр хэрэг. Гэтэл хүссэн ч хүсээгүй ч, зорьсон ч зориогүй ч ийм харилцаа бий болчихож байна.
Дээд давхрын оффисийн ажилтан эмэгтэй нөгөө хэн гуайд их секси харагддаг. Таалагдаад, бүр нүдээ салгаж чаддаггүй ээ. Энэ тохиолдолд бүсгүйг нүдэнд битгий өртөөд бай, хойшид хувцаслалт дээрээ анхаар гэж зэмлэх үү. Бодит байдал, хүмүүсийн харилцаа гэдэг бидний бодсончлон зүйл биш байдаг. Гэтэл үүнийг зөвхөн бэрхшээл зовлонгоор л дамжуулан ойлгоход хүрдэг аж. Тэгээд тэр ойлгосон нь утгагүй. Бидний үйл явдлаар дамжуулан ойлгож л сурсанаас мөн чанарыг нь мэдэхийг хүсдэггүйн нэг жишээ энэ.
  Дотроос гарч байгаа зүйл бүхэн жам ёсных. Харин “тэгэх ёстой, ингэх ёстой” гэх юм бол өөр болоод явчихна. Гэвч монголчууд удаахид нь илүү сурцтай. “Дотоод шаталт”-тай явсан бол бидний амьдрал өдийд ондоо байж мэднэ. Ганц секс ч биш, их олон зүйл дээр энэ сул тал маань анзаарагддаг. Яагаад гэвэл гадна талдаа л анхаарахаас биш, дотоод сэтгэлдээ үнэнч биш.
  Хот газар өдөрт хэчнээн хүнтэй танилцаж, хэчнээн хүнтэй муудал­цаж, сайдах уу.
http://tsagtur.mn/2010-08-09-02-01-54/