Заримдаа би ер нь хаана явна вэ гэх бодол толгойд зурсхийн орж ирдэг болоод удав. Нэг л харь газар, хүний хотоор сэлгүүцэх мэт. Хажууханд “Гуашин” ресторан харагдана. Ялимгүй наашилбал буюу Баруун дөрвөн замын уулзварт нэгэн бяцхан хөшөө тавьчихаж.

“Ард Аюуш”-ийн гэх цэгт босгосон хөшөөнцрийн алдар нь “Чун-Гу”-гийнх юм байна. Монголын түүхэнд Ард Аюушаас маань илүү үүрэгтэй нөхөр бололтой. За тэгээд IV хороолол руу өгсвөл баруун гар талд “Tae Jo Young” зоогой байх.

Тэр хавь тэр чигтээ эрээн мяраан агаад бараг бүгдээрээ харь нэртэй ажгуу. Зүүн дөрвөн замаар зорчихуй “Нам Ян Жу”-гийн гэх бөөрөнхий чулуун хөшөө буй. Хаа хүрдгийг нь мэдэхгүй юм.

Ямар ч байсан дээрх нэртэй гудамж үргэлжлэх бүлгээ. Сансар хорооллын баруун, зүүн этгээдийн нэрс бүхэлдээ хятад, солонгосоор холилдон бичигджээ. Ерөөсөө Бээжингийн болон Сөүлийн хаа нэгтээ яваа мэт санагдах авай. Үе үе дотор чичирч, бие агдгасхийж байлаа. Дотор ихэд бачуурч, давчдсаныг ийн илэрхийлэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/Хүүхдийн парк/-д “Сөүлийн цэцэрлэг” уржигдархан бий болов. Удахгүй “Бээжингийн гудамж”-тай болно. Гоё байна уу, аан. Ирэх сард гэсэн байх шүү. Баянхошуунд очвол, Найрамдал зуслан явдаг замд“Ли-Жин”-гийн эзэмшил гэх хашаа харагдана. За тэгээд, “Тан-Лу”-гийн гудамж, “Туул-Жин-Пан” гээд л өмнө зүгийн нэртэй газар тоймгүй тааралдах болж. Бидний хэлж заншсан “Дэнжийн-1000”, “Зуун айл” гэдэг шиг л сонсдоно.

Энэ чинь одоо юу болоод байна аа, монголчуудаа. Орчин үед аливаа улс орныг хүчирхийллийн замаар бус, эдийн засаг, онцгой обьектуудынх нь нэрийг эзэмших аргаар эзэлдэг юм гэнэ билээ. Тэр үнэн бол Улаанбаатарыг хятад, солонгосууд “эзэлжээ”.

Байгууллагын зарим хаягийг англиар бичвэл ч дүүрч гэе. Эрхбиш дэлхий нийтийн хэл юм даа. Бусдаар бичихийн больё. Бүр болиулья. Бичих албатай гэвэл маш жижгээр өгөөч. Үндсэн хаяг монголоор байх ёстой гээд солиороод байсан, хаачив.

Тянь-Ань-Миний талбай, Маогийн гудамж, хэн нэгэн солонгос өвөөгийн өргөн чөлөө, хөшөө л одоохондоо алга. Аймшигтай, цөвүүн цаг үеийн амьд гэрч болох гашуун хувь тавилан бидэнд заяасан юм гэж үү.

Тэр хятад, солонгосууд манай баялаг, газарт шунахаас биш, монголчуудад санаа тавих нь юу л бол. Монгол хүн үгүй болчихвол тэдний магнай хагарна гэдгийгл баараггүй хэлж чадах байна даа. Хэзээ бид иргэний үнэмлэхээ хятад юм уу, солонгосоор хэвлүүлж зогсох бол доо.

Г.Мөнхнасан

www.bataar.mn