Манай гэр л цэвэрхэн байвал манай орц ямар байх нь надад ер нь ямар хамаа байна вэ? Манай хашаа л цэвэрхэн байвал манай гудамж хогоор дүүрсэн ч надаад хамаагүй.

Миний амьдрал л болж байвал дээгүүрээ эрх баригчид нь идэж ууж байх нь надад хамаагүй. Хамгийн гол нь миний амьдралд нөлөөлөхгүй байх нь чухал гэнэ.

Энэ бол өнөөдрийн монголчуудын аминч занг илэрхийлсэн үгс. Гудамжинд хоёр хүн муудаад барьцалдаж аваад зогсож байхад хэн ч очиж салгахгүй. Бүгд нүднийхээр булангаар харан тойрон гүйцгээнэ. Нэг нэгнээ гэмтээчихвэл юу болох билээ. Очоод салгачихад болохгүй зүйл баймааргүйсэн. Яг ийм жишээ Баянзүрхийн авто вогзал дээр болсон юм.

Автобусны жолооч нэг залуутай муудаад бүүр сүүлдээ хоёулаа хоорондоо зодолдох юм болоод барьцалдаад авлаа. Нэг нэгнийгээ түлхээд л татаад л их удлаа. Абтобуснаас ачаа бараагаа авах гэсэн хүмүүс дуугүй хүлээсээр. Хоёулаа эрүүл хүмүүс ч нэг нэгний доор орохгүй гэсэн эр хүний бардам зангаар зууралдсаар л байлаа. Хажуугаар нь олон хүмүүс тойроод гүйгээд байх юм. Зарим нь ч хараад инээгээд суух юм.

Хэн ч ойртохгүй байхаар нь өөрөө би очиж одоо больцгоо дэмий юман дээр битгий маргалд хэмээн учирлаж, уурлах аядаж байж салгалаа. Хоёулаа залуу хүмүүс тул тэгээд үгээр идэж байгаад хоёр тийш болсон юм. Хоёр эрүүл хүнийг салгачихад хүнээс юу унах гээд байгааг ойлгохгүй юм. Хүн бүр хувиа бодож, довоо шарлуулан амьдарцгаана.

Магадгүй олон хүмүүс амьдрал хэцүү байгаа учраас өөрийгөө л бодохгүй бол болохгүй нь гэх байх. Энэ үнэн л дээ. Гэтэл нийгэм маань яах болж байна. Нийгэм гэхээр хүмүүс шууд өөдөөс "төрийн төлөө огтоно" боож үхнэ гэгчээр дэмий юм бодож битгий сэтгэлээ зовоож бай. Чамаар дутахгүй гэнэ.

Сүүлийн хорин гурван жилд Монголчууд "иргэн баян бол улс баян" буюу "хар амиа бодох" гэсэн уриа лоозонтойгоор явсаар өнөөдөр нийгмээ устгажээ. Нэг зорилготой, нэг үнэт зүйлтэй хүмүүсээр бүрдсэн хамтын нийгэм устаж түүний оронд хувиа хичээсэн хүмүүсийн бөөгнөрөл бий болжээ. Нэгэнт л нийгэм бүрдээгүй тул, хүмүүс танихгүй хүмүүстэй зэрэгцэн амьдарч сураагүй тул бүгд л нутгийнхнийгаа, таньдаг хүмүүсээ хайцгаана. Энэ бол монголчууд нийгэм болж чадаагүй хамгийн том илрэл.

Нийгэм гэдэг бол зүгээр л хүмүүсийн бөөгнөрөл биш. Үнэт зүйлтэй, нийтлэг зарчимтай хүмүүсээс нийгэм бүрддэг. Өнөөдөр нэг хэсэг нь хулгай хийхийг муу гэж байхад нөгөө хэсэг хулгай хийхийг чадаж байгаа юманд арга байхгүй хэмээн зөвтгөж байна. Ийм бодолтой хоёр хүүхэд яаж хамтран амьдрах вэ?

Бүгдээрээ хулгай хийгээд байвал улс орон юу болох вэ? Хүүхдэд зарцуулах ёстой сургуулийн мөнгийг захирал нь, өвчтөнд зарцуулах эм тарианы мөнгийн эмнэлгийн дарга, ард түмнээ хамгаалах цагдаагийн газрын мөнгийг дарга нь хулгайлж идээд дуусгачихвал хүүхдүүдэд минь хэн хичээл зааж, өвчтэй хүүхдийг нь хэн эмчилж, биднийг хэн хамгаалах вэ? Үүнийг л бид мартчихаад байгаа юм биш үү.

Олон ч хүн өнөөдөр амиа бодохыг номлож байна. Гэвч энэ зөв биш ээ. Иргэн баян бол улс баян биш харин иргэд хамтаараа хөдөлмөрлөж байж баян чинээлэг улсыг бий болгож чадна. Улс орон бол бидний гэр орон. Баян тансаг, амар амгалан гэр орноо бид өөрсдөө л бий болгож чадна. Би нийгмээ мартчихсан өнөөдөр асуудал дунд тарчлан амьдарч байна.