2013-10-08Та алжаалаа тайлж дэлхийн сонгомол яруу найргаас уншина уу...
Өргөст бутны
Гэгээхэн шүүдэр
Өргөс бүрээс бөнжигнөнө
Аянгын гялбаанд
Хулсны навчнаас
Шүүдэр асгарах дуулдана
Цээнэ тасалчихаад,
Оройжингоо
Сэтгэл дундуур.
Гутлаа тайлж бариад
Зуны горхийг туулах
Нэн таатай.
Утаан дунд сар ...
Цөөрмийг мэлхий булингартуулжээ.
Ус нь ч хаана, тэнгэр нь ч хаана
Бусан Ёса-но /1716-1783/
Торонд хоригдсон шувуу
Ялаа болоод эрвээхэйн зүг
Яаж харсан гээч
Ямар гоё вэ
Урагдсан туурган завсраар
Сүүн зам. зурайна.
Амьдрал гэдэг шүүдэр.
Шүүдрийн ганцхан дусал.
Тэглээ чиг гэсэн дээ ...
Бяцхан шүүдэр замхарчээ.
Бидний энэ ертөнцөд
Байж тэссэнгүй еэ.
Тэнгэрээс л унасан байлтай,
Интоорын цэцэгс
Тийм хосгүй
Исса Кобаяаши /1763-1327/
Уйтгартай ч байна.гунигтай ч байна
Үймрэн тэчъядсан гүн зовлонт үед
Санаж сарвайх ч хүнгүй,
Уйтгартай ч байна, гунигтай ч байна.
Хүсч зорих уу?
Үргэлж дэмий хүсч тэмүүлсний хэрэг юу билээ?
Үнэтэй сайхан он жил өнгөрсөөр л байна
Амраглаж дурлах уу?
Дурлая гэхэд.хэндээ ч дурлах билээ?
Хэсэгхэн зуур дурлаад ч яах юм билээ,
Хэзээд мөнхийн дурлал гэж байхгүй шүү дээ.
Балран арилж мөргүй болсон өнгөрсөн явдлаа дурсахад
Баясан хөөрч.зовон гиюүрч явсан минь юухан ч билээ дээ...
Тачаал хүсэл ч гэсэн дээ,
Эрт орой хэзээ нэгэн цагт эргүүлж бодохтой зэрэг л
Аль сайхан бүхэн нь арилж үгүй болно шүү дээ.
Хүйтэн харцаа тусгаж орчин тойрныг ийн ажихад
Хүний амьдрал гэдэг чинь мунхаг, хоосон, шог юм байна.
1840 он
Михаил Юрьевич Лермонтов /1814-1841/
Газар дэлхий гунихарсан хэвээрээ,
Гагцхүү агаарт л хавар анхилна.
Талын ганц үхмэл шарилж ганхаж,
Танхил гацуурын мөчир найгана.
Байгаль гүйцэд сэрээгүй ч,
Ханаж буй нойрныхоо чөлөөнд
Хаврыг сэм анирдан чагнаад,
Өөрийн эрхгүй инээмсэглэнэ...
Сэтгэл минь.чи ч бас нойрмог...
Мөчийн зуур юунд ингэтлээ догдолж,
Зүүдэндээ хэнийг энхрийлэн үнсэнэ вэ?
Мөрөөдлөөс юун гэрэл цацарна вэ?
Хунгар цасан цавцайн хайлж,
Цэнхэр тэнгэрт нүд гялбана.
Цус минь хөөрөх нь хаврын зөн үү?...
Эсвэл бүсгүй хүний хайр уу?...
1836он
Федор Иванович Тютчев /1803-1873 он/
Өргөлийн үг
Эвий, дохилог хангалуун болоод тухгүй ядуусын үе ээ гэж,
Нар салхинд зугаалагч загасчдыг би харсан,
Найгүй заваан гэр бүлтэйгээ явааг нь үзсэн,
Байгаа бүх шүдээ нэг бүрчлэн ил гаргаад,
Байдаг чангаараа эг маггүй инээхийг нь сонссон.
Тэгээд чамаас илүү жаргалтайгаа мэдсэн,
Тэд харин надаас илүү жаргалтай байсан,
Өмсөж зүүх юу ч үгүй загас
Өнөөх нуурандаа санаа амар сэлж явсан.
Эзра Паунд /1885-1972он/
Дуусч байгаа намрын
Гунигт автсан миний хувьд
Бурхад ч,гэгээрэл ч эс орших...
Бийрийн минь үзүүр дэх цэцэг
Хагдарч ч магадгүй
Тэр зүгт би явж байна.
Цайны гэрт
Ятга уянгалахад
Буцаж явсан хавар азнасхийв...
Хаврын бороонд
Голын дээрх дүүжин гүүр
Үл мэдэгхэн найгана...
Шики Масаока /1867-1902/
Сүүлчийн хундага
Ханхайж хоцорсон гэрийнхээ төлөө,
Хатуу ширүүн амьдралынхаа төлөө,
Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө,
Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна,
Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө,
Хайргүй хүйтэн харцны чинь төлөө,
Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө,
Аз жаргалыг Бурхан хайрлаагүйн төлөө ууж байна.
1934он
Анна Ахматова /1889-1966/
Аялгуут бүсгүй минь.чамайг төгөлдөр хуур тоглохуй
Аз жаргалаар эгшиглэгч модон даруулын дээгүүр
Савхан хурууд чинь бүжихүй, чавхдас уянгалахын аясаар
Сайхан бэлхүүс чинь гунхалзахуй.чих дүлийрэх мэтээ.
Энхрий турьхан гарын чинь ялдам гоод хүрэлцэн
Эгшиг цацлах хаан хуурт ямар их атаархана вэ
Гэнэт чи минь ичингүйрэн тоглохоо больсны дараа
Гэрэлтсэн тэдгээр даруулд золгүй уруулаа хүргэх минь
Үхмэл модыг амьд уруулаас ч жаргалтай болгогч
Үелзсэн уран хөдөлгөөнт энэ л шидэт гарт чинь
Үргэлж өртөх тавилантай хөгжмийн даруул болчихвол
Үлдсэн бүх амьдрал минь хөөр баяраар гийхсэн.
Азтай хөгжүүн даруулд гараа ахиад хүргээч,
Амтат уруулаа надад ганцхан удаа өгөөч.
Уильям Шекспир /1564-1616/
www.bolod.mn