2013-11-25Уулзаж учирч, мөр зэрэгцэн алхаж, хийж бүтээж, жаргал зовлонгоо хуваалцаж явсан хэн нэгэн

нөхрийгөө олон сар жилээр бараа сураггүй, хаана байгаа нь үл мэдэгдэн, холбоо харилцаа тасрахад үе үе сэтгэл эмзэглэж "амьд л яваа байгаа даа" гэж өөрийн эрхгүй уулгамчлан бодож, нэрээр нь дуудан босмоор болох нь олон.
Ингэж намайг үе үе дуу алдуулдаг анд минь Хайдавын Сэргэлэн. Муу найзынхаа бараа зүсийг зургаа, долоон жил харсангүй. Нас барсан гэж дуулаагүй болохоор "хаа нэгэнтээ амьд сэрүүн суугаа, юунд ингэтлээ чимээгүй байна вэ" гэж элдвийг бодож явдгаа юунд нуух билээ. Тэгээд энэ цаг үед Сэргэлэн шиг хүн зуурдаар эндэх нь юу л бол...
Сэргэлэн минь элдэв муу санаа, хар шаргүй, уян зөөлөн тунгалаг, аядуу зөөлөн хүн сэн. Шунаг сувдаг , атаа хорсолт сэтгэлийн үнэрч байхгүй. Товчоор хэлэхэд Сэргэлэнг сэтгэлийн өндөр боловсролтой, ариун хүн гэж болно.
Нэгэнтээ архинд гүнзгий орж, гудамжинд гаран гуларч явах үедээ манай эхнэрийн ажил дээр ирж уулзаад "Намайг муухай царайтай, хачин юмнуудтай явж байхад тааралдвал танихгүй юм шиг л өнгөрч байгаарай. Мэндлээд ч хэрэггүй шүү. Даваадашид хэлээрэй" гэчихээд яаруухан гарч одсон гэдэг.
Хөөрхий минь нөхөртөө муугийн сүүрдэр өчүүхэн ч унагалгүй, өөрийн зовлонгоо өөрөө л үүрч дуусахыг бодож явсан ариусал нь тэр л дээ. Энэ үедээ муу муухай яваагаа аав дүү нар, сайн санаат нөхдөдөө харуулахгүй юм сан, дуулгахгүй юм сан гэж хичнээн зовж явсан бол. Ингэж явахад нь түүнийг далдлах орон зай нь архинд донтогчдын хар хүрээлэл болж, ягуухан нөхрийг мииь уусгаж байсан нь нууц биш.
Нэгэнтээ Баянзүрх дүүргийн халамжийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд тун дориун болчихсон. Удалгүй Эрдэнэт рүү яваад үе тэнгийн насны нэг эмэгтэйтэй нийлж амьдрал холбоод, Өвөр Монгол руу явж Соёл урлагийн газар хоёр ч жил ажилласан санагдана. Ирсэн даруйдаа надтай гудамжинд тааралдаад их л баяртай хөхүүн байсны дээр "Хоёулаа хэдэн сайхан дуу хийнэ шүү. Өвгөн нь амьддаа 1000 дуу л зохионо" гэж өөртөө итгэлтэй ярьж байж билээ.
Нэг үе Сэргэлэн маань Уранчимэг гэдэг дуу хөгжмийн багш мэргэжилтэй, алаг нүдтэй сайхан бүсгүйтэй амьдарч байлаа. Тэд гуравдугаар сургуулийн баруухантай сууцанд амьдарч байснаа удалгүй Шувуунд хашаа байшин аван хөөрхөн суурьшаад авсан сан.
Зунд нь тэд ногоо тарьдаг байсны дээр хоёр гурван саалийн үнээтэй болж нэг ёсондоо хөдөөгийн "нударган" болсон хэрэг. Бид гэр бүлийн найзууд байсны учир эхнэр бид хоёр хааяа очиж Сэргэлэн, Урнаа хоёрынхоо уран бүтээл хийгээд аж амьдралын бор ажил өрнөсөн ахуйд хонож өнжиж "хөдөөх" сэтгэлээ баясгана.
Сэргэлэн минь төгөлдөр дээрээ шинэхэн зохиосон дуу болон дан хөгжмийн бүтээлүүдээ тоглож Шувууны дуу чимээ багатай бүг ахуйг сэрээж сэтгэлийн урам хөгжөөнө. Нэг удаа би очихдоо Сэргэлэнтэй томоохон ярилцлага хийж сонинд нийтлүүлэхийг зорьсон юм.
Тэгэхэд Сэргэлэн маань амьдралынхаа өнгөрсөн хугацааны үүх түүхийг дэлгэж хөөрхөн яриа хөгжөөсөн дөө. Энд тэмдэглэхэд Сэргэлэн хол ойрын хов жив мэт элдэв утга учиргүй яриа дэлгэж суух дургүй хүн. Харин тэр удаа надад нэлээн зүйлийг ярьсан нь сэтгэлд үлджээ.
Сэргэлэн бол Хайдав гуайн ууган хүү бөгөөд ээж нь Дарьсүрэн нэртэй, Бөмбөгөр ногооны авьяаслаг хөгжимчний нэг байж. Харамсалтай нь тэр 24-хөн насандаа ертөнцийн мөнх бусыг дагаж, гурван хөөрхөн үр нь өнчрөн хоцорсон гэдэг. Тэрээр дүү Алтансүхийнхээ хамт эмээ Цэнгэнбаярын гар дээр өсөж өндийсөн аж.
Харин МУГЖ Төмөрбаатар нь аавынхаа дэргэд хүн болжээ. Сэргэлэн эмээ Цэнгэнбаяр, аав хоёрынхоо хүчинд л хүн болж, эрдэм боловсрол эзэмшсэнээ ярьж байсны дээр таалал төгссөн хойд ээж орос бүсгүй /маам/ болон одоо байгаа Онон маам нарыгаа их хүнлэг, ариун хүмүүс гэж ярьж байж билээ.
Тэгэхэд Сэргэлэн анхны хань дуучин Мөнхшүрээ "Их сайхан сэтгэлтэй, тунгалаг хүн шүү дээ. Гурван хүүхдийг минь өсгөлөө. Миний зохиосон дуунуудыг байнга дуулдаг юм шүү дээ" хэмээн их өөдрег ярьж суусан сан. Сэргэлэн ингэж л хүмүүсийг гэгээтэй, өнгөтэй талаас нь харж, хүний тухай ямагт өөдрөг бодол тээж явдаг хүн.
Тэр нэгэнтээ намайг Өвөрхангай аймагт ажиллаж байхад яруу найрагч Н.Очирбат, хөгжмийн зохиолч "Саа мөнгөн Хэрлэн"-гийн Сүхбаатар, гэргий Уранчимэг болон том хүүгийнхээ хамт хорин хүний суудалтай "Газ" маркийн ханхай автобус хөлөглөчихсөн тууж ирэв. Зорилгыг нь лавлавал театрт тоглолт хийж, бүжиг явуулж мөнгө "хормойлох" юм гэнэ.
Зах зээлд дөнгөж шилжиж байсан 1994 он юм чинь тэдний тоглолтыг үзэж, бүжиг эргэх амьтныг Арвайхээрээс олно гэдэг холын хэрэг байлаа. Би бүүр арга ядахдаа машинд нь жаахан бензин хийж өгөөд “Майдар эргэж байна” гэсэн сургаар Уянга сум оров. Тэр хэдийг тоож харах амьтан гэж нэгээхэн ч байсангүй.
Би тэнднийхээ сэтгэлийг засаж муу ахындаа дагуулж очин мах чануулж өгөн, айраг архиар дайлан байж шилийг нь харж билээ. Нөхөртөө итгэсэн халуун сэтгэл нь тэднийг нэгтэл хөтөлж, амаргүйхэн цаг үеийн хэдэргээт замаар Арвайхээрт хүргэж ирсэн нь тэр. Энэ мэтээр Сэргэлэн бид хоёрын уулзаж учирч явсан өдрүүд олон .
Анх 1988 онд Арвайхээр хотын Худалдааны трестийн Улаанбаатар хотод тоглох концертийг бэлтгүүлэхээр Гавьяат жүжигчин Н.Дугарсанжаа, хөгжмийн зохиолч Гунаажав, Сэргэлэн нар очсон юм. Энэ үед Сэргэлэн бид хоёр танилцаж, миний "Цэнхэр хөдөө мину" хэмээх шүлгэнд ая хийн,уран бүтээлийн ганзага нийлсэн хэрэг.
Сэргэлэн маань тэр дуугаа хотод очуутаа дуучин Ерөөгөөр дуулуулан телевизээр явуулж л байлаа. Ингэж л бид хоёрын нөхөрлөлийг дуу холбосон түүхтэй. Түүнээс хойш Сэргэлэн бид хоёр бишгүй л хэдэн дуу хийсэн боловч дуулуулж түмэнд хүргэх нь бүү хэдэн шалдан нотыг нь хадагласаар өдий хүрлээ.
Хэн хэн нь анхаарал муу тавьж байгаа учир энэ хэдэн дууны хувь заяа бүрхэг хэвээрээ үлдэж байна. Уг нь Сэргэлэнгийн хийсэн аялгуу өрнөл хөгжил сайтай, дуурсал өрнүүн, сэтгэлд нийцтэй байдаг. Тэр хэдийгээр "Нийслэл хүү" боловч хөдөөгийн аж байдал, тайвуун амьдралын хөг айзам, морь малаа дээдлэх Монгол хүний сэтгэл зэргийг аялгууны гайхамшгаар илэрхийлэн гаргахдаа тун бузгай.
Түүний бичсэн "Тэмээн дээрээс наран ойрхон", "Сэргэлэн бага нас", "Дэлтэй шувуу", "Тод магнай", "Хулан хээр" зэрэг олон сайхан дуунууд нь 40-50 жил дуулагдан, ард түмэнд хайрлагдсаар байна. Сэргэлэнгийн эдгээр дуунуудад Монгол хүний омог бахархал, сэтгэл хөдлөл, "Морины соёл"-оо дээдлэх хүндлэл хайрлал нэвт шингэмэл бөгөөд Монголын тал нутгийн чөлөөт дуулал болон дуурссаар мөнхийн хутгийг олж байна.
Тэр ингэтлээ хөгжмийн нотын онолд нэвтэрснийгээ анх Хөгжим бүжгийн дунд сургуульд Ардын жүжигчин Жамъян багшаараа морин хуур заалгаж, Монгол хөгжмийн гайхамшигтай танилцсантайгаа холбож ярьдаг юм. "Тэр үед л би Монголынхоо үзэсгэлэнт байгаль, хөдөө нутаг, малчин түмний аж амьдралын сайхантай хөгжмийн эгшиг аялгуугаар танилцаж зүрх сэтгэлдээ жаахан юм шингээж авсан юм" гэж товчхон өгүүлнэ.
Улмаар Сэргэлэн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургууль, Н.К.Крупскаягийн нэрэмжит соёлын дээд сургуульд суралцан дүүргэж өрнийн болон дэлхийн урлаг соёлын гайхамшгаар оюун ухаан, авьяас билгээ хөгжүүлсэн хэрэг. Тэр даанч бүтээж туурвих их замынхаа дундаас бор дарсанд толгойгоо мэдүүлж налбуу, салбуу явж эхэлсэн нь олон хүнийг эмзэглүүлсэн.
Ингэж яваа хүн их зүйлийг алддаг нь амьдралаар нотлогдсон үнэн. Зарим нь бүр алдар нэр, ажил амьдрал, ёс суртахуун, хүн чанараа хүртэл гээдэг. Харин муу Сэргэлэн маань хэдийгээр их зүйлээ гээсэн ч ариун ёс суртахуун, хүн чанараа гээгээгүй явсан юм сан. Тийм л учраас бидний нөхөд "Хайдавын Сэргэлэн хаа явна аа" гэж дуу алдан, нөхрөө сураглаад байгаа" юм.
Хамгийн үнэтэй нандин зүйлээ алдагүй хүн, амьд л байгаа бол тэнцээд босдог сон. Нэг их өндөр алдартай биш ч гэсэн жирийн биднийхээ дунд эрүүл алхаж явах шиг сайхан юм юу байхав. "Амьд яваа хүн алтан аяганаас ус уудаг" гэж сайхан үг бий.
Хүний заяаг авч төрсөн амьдын хорвоод аавын хүү "нурж" болдог ч, дахиад "зүүний үзүүр дээр тогтсон арвай" амьдын заяа үнэтэй учраас Сэргэлэн минь чамайг тоостын нэг өнцгөөс торолзоод гараад ирэх байх гэж харж сууна. Хүний чанар муудаж байгаа ч хүнээ хөсөр хаях болоогүй. Чамайг өргөх гар олон бий.
Н.Даваадаш /МУСГЗ/
Эх сурвалж: