2014-01-21“Цэргийн шүхэрчдийн загалмайлсан эцэг” хэмээн олноо хүндлэгдсэн бэлтгэл хошууч Андуугийн Банзрагчтай ярилцлаа.

Тэрбээр 1969-1970 онд Ардын армийн 109 дүгээр ангид шүхрийн багш, 1987-1990 онд Батлан хамгаалах яам, тагнуулын хэлтэст 176 дугаар ангийн оперативийн офицер, Болгар улсад Монголын шүхэрчдийн багийг анх удаа бэлтгэж амжилттай оролцож байжээ.
-Таны төрж өссөн нутгаас яриагаа эхэлье?
-Би 1942 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нурууны Гүзээт гэдэг газарт төрсөн. Айлын тав дахь хүү. Хүүхэд насандаа бусдын адил хонь, хурга хариулж, хурдан морь унаж өссөн. Завхан аймгийн арван жилийн дунд сургуульд 1951-1958 онд сурч байлаа.
-Шүхрийн спорттой амьдралаа хэрхэн холбосон бэ?
-Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн техникумыг 1958- 1962 онд нярав мэргэжлээр төгссөн юм. Уг нь нягтлан, нярав хүн шүү дээ, би. Сургуулиа төгсөөд Дорнод аймгийн сангийн аж ахуй, Улаанбаатар хотод “Кино үйлдвэр”-т нярав хийж ажил, амьдралын гараагаа эхлүүлж байлаа. Харин шүхрийн спортоор өөрийн сонирхлоор хичээллэсэн.
Шүхрийн багш, дасгалжуулагчийн ангид суралцаж төгсөөд шүхэрчин болох гараа минь эхэлсэн. 1969 онд шүхрийн багш дасгалжуулагч болоод одоогийн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид десантын багшаар томилогдсон юм. “Шүхэр десантын алба” гэж 1970 онд байгуулагдахад даргаар нь томилогдож 1987 он хүртэл ажилласан даа.
-Танд шүхрийн спортыг анх хэн зааж өгсөн юм бэ?
-Тухайн үед шүхрийн спортоор хичээллэдэг хүн цөөхөн байсан. Тэр дундаа цэргийн ангийн шү- хэр чин ховор байлаа. Хамгийн анх надад Лхамхүү, Мягмар гэдэг хоёр хүн шүхрийн спортын анхны мэдэгдэхүүнийг заасан. Бид нэг үеийнхэн болохоор биенээ сайн ойлгодог байсан юм. Тиймээс ч шүхрээр анх хамтдаа бууж, би тэр хоё рыгоо “Багш аа” хэмээн хүндэлдэг болсон.
-Таныг “Босоо Банзрагч” гэж дууддаг байсан юм билээ. Яагаад ийм нэртэй болчихсон юм?
-Нэг салхитай өдөр “АН-2” онгоц ноос буулт хийсэн юм. Эхний хүмүүс салхинд “алгадуулаад” чирэг дэж хэцүүхэн газардлаа. Тэгэхээр нь тэднийг хараад “Яаж эвтэйхэн газардах вэ” гэж бодохын зуургүй миний гарах ээлж болсон. Үнэндээ дотроо бага зэрэг түгшиж байсан ч онгоцонд суусан. Тэгээд яг газардахын алдад гүйж байгаад шүхрээ унтраачихсан юм.
Унтраана гэдэг нь шүхрээ газардахын өмнө тавихыг хэлдэг. Тэр үед шүхрийн техникч байсан Ичинхорлоо гүйж ирээд “Яаж ингэж чадав аа, ийм салхитай байхад” гээд гайхаж байсан. Өмнө нь буусан хүмүүс нүүр, гараа урчихсан гэсэн. Тэгтэл Лхамаа багш “Үгүй чи их зоригтой байна шүү. Яаж ингэж буух буулт санаанд чинь оров” хэмээн асууж байсан юм.
Бас нэг удаа Октябрийн хувьсгалын ойгоор шүхэрчдийн тэмцээнд оролцож байхдаа анх удаа үүлэнд “ороогдлоо”. Юу ч харагдахгүй нүүр, хувцас нороод айдас хүрээд явчихлаа. Тэгээд арай гэж үүлнээс гараад шүхрээ задлаад харсан чинь газар дээр харагдаад болдоггүй шүү. Хөл рүүгээ хартал хөлийг минь шүхрийн нэг оосор ороогоод татчихсан байдаг байгаа.
Тэрүүхэн хооронд янз бүрийн юм бодогдсон. Гэнэт шүхрийнхээ жолоогоо татаад орхитол нөгөө оосор ч сулраад ирэв. Доор намайг хүлээж байсан хүмүүс “Толгойгоороо бууж байна” гээд сандарцгааж. Хамгийн гол нь тайван байж сэтгэл санаа тогтуун, айж сандралгүй орооцолдоогоо цаг алдалгүй гаргасандаа л амжилттай буусан. Энэ нь хүмүүсийн ярьдгаар “Босоо” газардсан хэрэг л дээ. Түүнээс хойш “Босоо” гэдэг хочтой болчихсон юм даа.
-Энэ спортыг чухам яагаад эр зоригийн гэж тодотгодгийг таны ярианаас ойлголоо. Бас их эрсдэлтэй юм байна?
-“Эрсдэлтэй спортын төрлүүд” гэсэн номонд шүхрийг хамгийн өндөр эрсдэлтэй гээд биччихсэн байдаг. Шүхэрчин хүнд бол тийм ч хэцүү эрсдэлтэй биш гэж би хувьдаа боддог юм. Учир нь хүн их дурласан зүйлдээ айдсаа ч умартан тэмүүлдэг юм байна лээ.
Тэглээ гээд хайнга хандаж болохгүй, амь насанд аюултай. Техник ур чадвар, шүхрийн хэрэгслийг буруу ашиглах, айж сандрах, айдсаа даван туулах сэтгэл зүйн бэлтгэл, эрүүл мэнд гээд олон зүйл хэрэгтэй болдог юм.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн шавь бэлтгэн гаргасан бэ?
-Шүхрийн багш, дасгалжуулагчаар ажилласан хорь гаруй жилийн хугацаанд 1300 гаруй хүнийг шүхэрчин болгож, мэддэг чаддаг зүйлээ зааж өгсөн. Нийт 4000 гаруй хүнийг хорь орчим мянган нислэг буултад бэлтгэсэн. Энэ бүхэн ганц миний амжилт биш л дээ. Баг хамт олны минь хамтын хөдөлмөр юм.
Манай 084 дүгээр ангиас шүхрийн спортын ОУХМ Ц.Сахьяа, Чинбаатар, Төртогтох, Д.Отряд, спортын мастер Д.Жамц, Д.Батсайхан, Ц.Хандсүрэн, Н.Бүүвэй зэрэг тамирчин төрсөн. Миний шавь нараас спортын мастер, улсын зэрэг цолтой хүн олон бий. Шавь нараас минь Д.Отряд анх спортын мастер цол хүртэж байлаа. Би залуу шүхэрчдэдээ “Шүхэрчин хүн ус, агаар хоёрт эрддэггүй” гэж захидаг.
Шүхрийн буулт амжилттай болоход онол, эвхэлт, гаралт, газардалт гол үүрэгтэй. Энэ дөрвийг бүрэн эзэмшиж чадвал ёстой л “Тэнгэрийн бүжигчин” болно доо хэмээн шавь нартаа хэлдэг.
-Таныг нисч байгаа онгоцноос зүүгдэж байх үедээ ёсолж байсан гэж сонссон?
-Энэ их хүнд үзүүлбэр л дээ. 1983 онд командлагч “АН- 2” онгоцоор 50 метрийн олсоор зүүгдэх дасгалыг хийж үзүүл гэсэн даалгавар өгсөн. Д.Отряд маань урт олс бэлтгэж би хийхээр болов. Миний айсан зүйл гэвэл уналтын үед олс хүчтэй дугарч гол таслах вий гэсэн бодол байлаа.
Онгоцны зорчигчдын суудлын доод гогцоонуудаар зүү сүвэлж байгаа шиг олсоор сүвлээд хэдэн хүнээр татуултал хамаагүй хялбар боллоо. Би онгоцны хаалганы босгоноос гараараа зүүгдэж байгаад олсоо жаахан суллахаар тавьчихсан. 50 орчим метр чөлөөт уналт хийгээд байгаа олсондоо зүүгдэн агаарт “нисч” эхэллээ.
Үзүүлбэр үзүүлэхийн урьд өдөр нэг удаа ингэж бэлтгэл хийгээд маргааш нь Улс төрийн товчооныхонд үзүүлсэн. Зөвлөлтийн мэргэжилтнүүд бүгдээ- рээ нэг асарт орчихоод “Та нар маш их эрсдэлтэй зүйл хийж байна. Бид л лав зөвшөөрөл өгөхгүй” гээд гарч ирэхгүй байсан гэсэн.
Ингээд Батхүү хурандаагийн зөвшөөрлөөр онгоцноос зүүгдэж сургуулийн талбай дээгүүр “нисч” гарсан даа. Сайд дарга нарын яг дээгүүр гарах үедээ ёслоход бүгд л хариу ёсолж харагдсан. Манайхан дараа нь “Сайдыг хүртэл өөртөө ёслуулдаг” гээд инээлдэж байж билээ. Одоо бодох нь ээ, би яаж тийм эрсдэлтэй аймаар зүйл хийж байсан юм бол гэж айдаг. Залуу, зоригтой байж дээ.
-Та олон газар буулт хийж байв уу?
-Наяад оны үед говийн уулын орой дээр шүхрээр бууж байсан. Түүнээс хойш манай шүхэрчид Монголын хамгийн өндөр уулсын орой дээр буултууд хийсэн. Д.Отряд Сутай хайрхны оройд шүхрээр буулт хийх зэргээр улам хөгжүүлсэн. Манай арми шинэ бүхнийг амьдралд хэрэгжүүлдэг алба.
Манайхныг нэг шөнө буулт хийх гэж байгааг нисэх клубынхан мэдчихээд “Армиас урьтаад буучих юм” гэж байсан гэдэг. Оросын Чита мужид Зөвлөлтийн шүхэрчидтэй хамтарсан буултад оролцох үед 3000 метрээс цагариг унах үзүүлбэр хийж байсан минь миний 1000 дахь буулт болсон.
-Шүхрээр бууж газардах үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Үүлэн дунд дүүлэн ниснэ гэдэг сайхан зүйл л дээ. Гэхдээ маш их хариуцлагатай байх ёстой. Би анх шүхрээр бууж байхдаа сандарч байсан. Хамгийн сүүлчийн шүхрээр бууж байхдаа ч надад тэр мэдрэмж мэдрэгдэж байлаа. Одоо ч гэсэн шүхрээр буух боломж олддог юм бол үзүүлбэр үзүүлэх юм сан гэсэн бодол битүүхэн тээж явдаг.
Саяхан Налайхад залуучууд шүхрээр үзүүлбэр үзүүлсэн юм. Тэгэхэд би орох гэхэд залуучууд хориглоод буулгаагүй. “Таны нас өндөр байна” гэсэн. Одоо тэгж хамаагүй бууж болохгүй гээд халгаагүй шүү. Нэг сонин юм ярихад, би тэр орой шүхрээр үзүүлбэр үзүүлэн газардаж байна гэж зүүдэлж байлаа. Ингээд бодохоор би нэг насаараа шүхрийн спортод дурлаж иржээ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй
Эх сурвалж: