ирэх болжээ. Хар муу санаатны золиос болох нэг нь байхад үйлийн үрээр өөрийн буруугаас болж эрсдэх залуус ч цөөрөхгүй шинжтэй.

Хулгай зэлгий, хар тамхи, биеэ үнэлэлт элдэв муу хэрэгт холбогдож харийн орны хуулийн байгууллагын үүдийг татсан мэдээлэл ч өдөр алгасалгүй гарах юм.

Үүнээс үндэслээд монгол хүний тал шигээ уужуу холч ухаан, хүний мөс чанар алдагдлаа, бидэн шиг залхуу амиа хичээсэн хүн дэлхийд байхгүй боллоо хэмээн хаа сайгүй бичсээр.

Энэ дүгнэлтэд хариу болгож жаахан ч гэсэн монгол хүний чанарыг өмөөрөхүйн хажуугаар залуучуудад сургамжтай нэгэн түүхийг дор сийрүүлье.

Энэ түүхийн баатар нь Монгол Улсын иргэн биш хэдий ч бидний мах цусны тасархай, хөх толботны үр удам.

1991 оны наймдугаар сарын 04-нд ОХУ-ын Агийн Буриадын тойрогт Цыденжапов буюу Цэдэнжавын гэр бүл хүү охин хоёр ихэр үртэй болсон ба бүстэйд нь Алдар, бүсгүйд нь Арюна буюу Ариунаа хэмээх нэр өгчээ.

Алдар хүү өсөн торниж төрөлх хотдоо ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж эрийн цээнд хүрэн 2009 онд цэргийн албанд татагдсан байна. Улмаар Номхон далайн флотын харьяа Фокино хот дахь тэнгисийн цэргийн ангид хуваарилагдсан байна.

Байгал нуурын эрэгт өссөн буриад хүүгийн хувьд усан цэрэг болох нь нэр төрийн хэрэг байжээ.

2009 оны есдүгээр сарын 24-ний өглөө түүний алба хааж байсанНомхон далайн флотын байлдааны усан онгоц Камчатк руу хөдөлжээ.

Замд явж байх үед байлдааны усан онгоцны түлш дамжуулагчийн холбоос утсанд богино холбоо үүссэний улмаас хоромхон зуурт асар их гал дүрэлзсэн байна.

Тухайн үед уурын зуухны жижүүр хийж байсан Алдар богино холболт үүссэн цахилгааны утсыг аюулгүй болгох гэтэл урдаас нь дүрэлзсэн их гал тосож байв.

Гал маш хурдтайгаар газар авч байсан тул юу юугүй онгоцны түлшний савны бусад холбоосыг хайлуулж дэлбэрэх аюул нүүрлэлээ.

Энэ үед Алдар мөчийн төдийд ч эргэлзсэнгүй гал руу орж бүх холбоосыг салгаж амжлаа. Тэрээр дүрэлзсэн галын голомтонд салгах товхыг эргүүлээд гарч ирэхэд 9 секундыг зарцуулсан юм.

Гэвч энэ 9 секунд түүний амь амьдралыг хэмжсэн хугацаа байлаа.Байлдааны усан онгоцны уурын зуухны хэсгээс Алдарыг гарч ирэхдээ түүний биед түлэгдээгүй газар үлдээгүй байжээ.

Хэрвээ Алдар усан онгоцны уурын зуухны галын эх сурвалжийг зөв тогтоож, аюулгүй болгоход өчүүхэн төдий хугацаа алдсан бол хэдэн зуун тонны түлш бүхий усан онгоц дэлбэрч 300 гаруй усан цэргийн амь үрэгдэх байлаа.

ТүүнийгВладивосток дахь Номхон далайн флотын цэргийн эмнэлэгт хүргэж ирсэн ба эмч нар буриад залуугийн амийг аврахын тулд дөрөв хоног тэмцсэн боловч 2009 оны есдүгээр сарын 28-нд Алдар Цыденжапов нас барсан юм.

Тэр ердөө ганцхан сарын дараа цэргээс халагдаж төрөлх Агийн Буриадад орших гэртээ очих байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдар Батарович Цыденжаповыг ОХУ-ын Баатар цол, Алтан од одонгоор нэхэн шагнажээ.

Мөн түүний хөшөөг төрөлх хотод нь босгож нэг гудамжийг түүний нэрэмжит болгожээ.

Олон эрсийн амийг аварсан буриад залуу шиг олон монгол залуус манай улсад бий.

Бусдын төлөө өөрийнхөө амийг өргөнө гэдэг хүмүүний сэтгэл зүрхний далд оршиххамгийн энэрэнгүй хэрнээ эрэлхэгийн туйл ажгуу.

Хэн нэгний төлөө өөрт байгаагаа харамгүй зориулж чаддаг эрэлхэг зоригт хөвгүүд манай улсын дотоодод өч төчнөөнөөрөө бий, тэдний түүх ч тасрахгүй оршсоор байгаа гэдэгт итгэлтэй байна.

Цаг төр