БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор,
хошууч Л.Оюунцэцэгтэй уулзаж ярилцлаа.
Та энэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өгүүлнэ үү?
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлуулсан. Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь Батлан хамгаалах судлал, аюулгүй байдал, цэргийн ухааны салбар зөвлөл, Техник, технологи, инновацийн салбар зөвлөл, Биологи, анагаахын салбар зөвлөл, Батлан хамгаалах салбарын хэвлэл, редакцийн зөвлөл гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөлийн даргаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр ажилладаг. Мөн “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит оны шилдэг бүтээл шалгаруулах журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Түүнчлэн “Батлан хамгаалах салбарын хэвлэл, редакцийн зөвлөлийн ажиллах журам”-ыг шинээр боловсруулж батлууллаа.
Ойрмогхон энэхүү Зөвлөлөөс хэд хэдэн хурлыг зохион байгуулсан. Хурлаар ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?
-Батлан хамгаалах судлал, аюулгүй байдал, цэргийн ухааны салбар зөвлөл, Техник, технологи, инновацийн салбар зөвлөл, Биологи, анагаахын салбар зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулаад байна. Дээрх хурлаар “Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого” баримт бичгийн төсөл, БХЯ, ЗХЖШ-ын захиалгаар салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудаар 2014 онд гүйцэтгүүлэх судалгааны ажлын даалгаврын төсөл, Улсын санхүүжилтээр 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн захиалгын санал, Батлан хамгаалах салбарын сургалт-судалгааны байгууллагын материаллаг бааз, лабораторыг бэхжүүлэх төслийг тус тус хэлэлцсэн.
Олон улсын төсөлт судалгааны ажлынхаа талаар товч дурдана уу?
-Монгол Улсын Засгийн газар ба НАТО-гийн хооронд 2012 онд байгуулсан түншлэлийн гэрээнд заагдсаны дагуу НАТО-гийн “Энхийн төлөө Шинжлэх ухаан” хөтөлбөрийн хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Боловсрол Шинжлэх ухааны яам анх удаа хамтран ажиллахаар болсон. Энэ нь НАТО-гийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй 8 дахь түншлэл бол манай улсын хувьд анхных юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Цэргийн зориулалттай ашиглагдаж байсан газар орны экологийн эрүүл ахуйн орон зайн мэдээллийн сан байгуулах”, “Шинжлэх ухааны академийн компьютерийн сүлжээг дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт хоёр төсөл 36 сарын хугацаатай хэрэгжиж байна.
Манай яам Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран “Цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан газар орны экологийн эрүүл ахуйн орон зайн мэдээллийн сан байгуулах” сэдэвт төсөлд оролцож байгаа. Энэ төсөл нь цэргийн зориулалтаар 1970-1990 онд ашиглагдаж байсан газар нутгийг цаашид иргэний зориулалтаар ашиглах боломжит түвшинд хүргэхийн тулд орчныг нөхөн сэргээх, сайжруулах ажлыг зохистой төлөвлөх, түүнийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх экологийн төлөв байдлын суурь гео мэдээллийн сан байгуулах зорилготой.
Төслийн хүрээнд хийгдэх судалгаа бий байх даа?
-Цэргийн зориулалтаар 1970-1990 онд ашиглагдаж байсан газар нутгуудыг цаашид иргэний зориулалтаар ашиглах боломжит түвшинд хүргэх зорилгоор нөхөн сэргээх, сайжруулах ажлыг зохистой төлөвлөх, экологийн төлөв байдлын суурь мэдээллийн сан байгуулах, цэргийн анги, байгууллагын түвшинд орчны мониторинг хийх чадавхийг бий болгох зэрэг судалгааны ажлууд хийгдэх юм. Төслийн удирдагчаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, оролцогчоор миний бие, судлаачаар БХИС-ийн БХУА-ийн ЭДА-ны тэнхимийн дарга, хурандаа Ш.Амарбаясгалан, БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Д.Содномцог нар ажиллаж байна.
Сүүлийн үед хийгдсэн томоохон судалгааны ажлаасаа...?
-Улсын захиалгат “Цэргийн нэр томъёоны тайлбар толь /2011/2013/”, “Цэргийн удирдлага, холбооны үндэсний технологи /2011-2013/”, “Монгол Улсын иргэдийг эх орноо батлан хамгаалахад бэлтгэх тогтолцоо, түүний сургалт бэлтгэлийн агуулга, арга зүйн судалгаа /2011-2013/”, “Цэргийн зориулалт бүхий тэсрэх бодисыг дотооддоо үйлдвэрлэх технологи, техник эдийн засгийн үндэслэл”. /2012-2013/, “Монголын залуучуудын бие бялдрын хөгжлийн судалгаа /2012-2013/”, “Монголчуудын эх оронч үзэл, хүмүүжил, уламжлал, шинэчлэл /2012-2013/” сэдэвт шинжлэх ухаан, технологийн 6 төсөл хэрэгжиж дууссан. Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар хянан магадлагаа хийх комисс томилогдон дээрх шинжлэх ухаан, технологийн төслүүд болон БХЯ, ЗХЖШ-ын захиалгат найман судалгааны ажилд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2000-2012 онд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн ажлын явц, үр дүнтэй танилцах, хяналт хийх, үнэлгээ дүгнэлт гаргах “Хяналт, хариуцлага, хэрэгжилт” сэдэвт хурлыг өнгөрсөн онд зохион байгуулсан. “Цэргийн алба хаагчдын генийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилт, судалгаа”, “Цэргийн удирдлагын автоматжуулсан системийн онол-практикийн судалгаа”, “Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны удирдлага”, “Цэргийн нэр томъёоны тайлбар толь”, “Цэргийн удирдлага, холбооны үндэсний технологи”, “Монгол Улсын иргэдийг эх орноо батлан хамгаалахад бэлтгэх тогтолцоо, түүний сургалт, бэлтгэлийн агуулга, арга зүй” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг амжилттай хэлэлцүүлсэн.
Цэргийн эрдэмтдийн хүч бололцоог Батлан хамгаалах үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байна вэ?
-“Буудагдсан гуулин хонгиог хайлуулж бэлдэц хийх технологи боловсруулах” туршилт судалгааны ажил явуулж, технологийн карт, тайлбарыг бичиж бэлэн болгосны зэрэгцээ БХЯ-ны Цэргийн аж үйлдвэрийн нэгдлийн захиалгаар 13 дугаар зууны үеийн Монгол цэргийн илд, нум сум хийх, ТТ маркийн гар бууг никелдэх технологийн судалгаа, эдийн засгийн тооцоог хийж хүлээлгэн өгсөн. “Тактик-1” номыг 500 хувь, “Тактик-2” номыг 1100 хувь хэвлүүлж нийтийн хүртээл болгоод байна. Жишээлбэл, сүүлийн нэг жилийн хугацаанд яамны удирдлага, албан тушаалтнууд БХЭШХ-гийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангуудаас давхардсан тоогоор 20 гаруйг судалсан.
Манай эрдэмтэн, судлаачид батлан хамгаалах салбарын эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдэд санал, зөвлөмжөө тусгаж байдаг. Тухайлбал, “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”, Батлан хамгаалах салбарын багц хуулиудын төсөл зэргийг дурдаж болно.
Батлан хамгаалах салбарт хийгдсэн шинжлэх ухааны нээлт, боломжуудыг хөрсөнд хэрхэн буулгах вэ?
-Өндөр хөгжилтэй орнууд дахь шинжлэх ухааны нээлт, ололт амжилтуудыг дийлэнхдээ батлан хамгаалах салбар тэргүүлж нэвтрүүлдэг. Бид ч гэсэн тэдгээр орны өндөр технологийг нутагшуулахын тулд багагүй судалгаа, шинжилгээ явуулж байна. Үүний нэг жишээ нь, доктор, профессор, хошууч генерал Б.Шагдарын удирдсан төслийн багийн зохион бүтээсэн “Шалгах камер Ш2Б-01” Батлан хамгаалах салбарын 2012 оны техник, технологийн шилдэг бүтээлээр шалгарч, одоо Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ашиглагдаж байна.