2014-11-02
Өргөө 1639-1651 он
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд өргөө байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Өргөө нь Монголын шарын шашны хийгээд Халх Монголын улс төрийн төв, гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ оржээ.
Номын хүрээ 1651-1706 он
Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.
Их хүрээ 1706-1911 он
Энэ үеийн гол онцлог нь Их Хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их Хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ хятад, түвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их Хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан байна. Энэ үед Их Хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их Хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их Хүрээ нь XIX зууны эцэс гэхэд Монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.
Нийслэл Хүрээ 1912-1921
Сэргээн байгуулагдсан Монгол Улсын нийслэл болсон үе. Нийслэл Хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
Улаанбаатар хот 1924 оноос одоо хүртэл
Монгол Улсын анхдугаар их хурлын 1924 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна. 1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан билээ.
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй байна гэдгийг ч мөн хуульчилж өгсөн.
Улаанбаатар хотын Засаг захиргааны нэр
1924 он Нийслэл хотын түр захиргаа
1925 он Улаанбаатар хотын захиргааны хэрэг эрхлэх газар
1932 он Улаанбаатар хотын аймгийн захиргаа
1933 он Улаанбаатар хотын захиргаа
1938 он Улаанбаатар хотын захирах яам
1941 он Улаанбаатар хотын захиргаа
1948 он Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн бага хурал
1953 он Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа
1961 он Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаа
1992 он Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Хотын дарга нар
1. Моононгийн Баяр 1924-1926 он
2. Санжийн Батсүх 1926-1927 он
3. Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он
4. Ламжавын Мижиддорж 1929-1930 он
5. Бадамын Цэдэндамба 1931-1932 он
6. Өлзийн Равдан 1932.07.04-08.27
7. Дансранбилэгийн Догсом 1932-1933 он
8. Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он
9. Лодойн Тавхай 1939.05-11
10. Өлзийцогтын Мажиг 1940-1941 он
11. Ломбодонойн Дамдин 1941. 07-08
12. Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он
13. Содномын Шагдар 1942-1944 он
14. Гүндийн Багаа 1944-1956 он
15. Бадрахын Ламзав 1956 он
16. Будын Батжаргал 1956-1959 он
17. Санжийн Батаа 1959-1962 он
18. Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он
19. Догсомын Цэдэв 1965-1971 он
20. Сономын Лувсангомбо 1971-1972 он
21. Сүрэнжавын Балбар 1972-1976 он
22. Очирын Цэнд 1976-1978 он
23. Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он
24. Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он
25. Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он
26. Жанлавын Наранцацралт 1996-1998 он
27. Миеэгомбын Энхболд 1999-2005 он
28. Цогтын Батбаяр 2005-2007 он
29. Түдэвийн Билэгт 2007-2008 он
30. Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 -2012 он
31. Эрдэнийн Бат-Үүл 2012 оноос