2019-05-18МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын нэр дэвших эрхийг хаслаа
МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.
Учир нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт
хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос түүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.
Тодруулбал, тэднийг 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Тус гишүүдтэй холбоотой асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Тэгвэл Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлд өгсөн юм.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.
ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:
Сонгинохайрхан дүүрэг
- Баянхошууны эцэс
- Толгойтын эцэс
- Содон хороолол
Хан–Уул дүүрэг
- Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
- Яармагийн хуучин эцэст
Сүхбаатар дүүрэг
- Хангай хороолол
Баянгол дүүрэг
- 25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.
Баянзүрх дүүрэг
- Жуковын талбай
Чингэлтэй дүүрэг
- Бөмбөгөр худалдааны төв
- Хайлаастын эцэс
ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагдлаа
ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагдлаа. Энэ талаар "ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагдсан. Шинэ журмаар төрийн өндөр албан тушаалтан болоод тэдний гэр бүлийн компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн дарга, аймаг сумдын дарга нар, тэдний гэр бүлийн мэдэлд байдаг, хувьцаа эзэмшдэг компаниудад ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн журамлажээ.
Шинэ журманд:
-Хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
-Зээлийн муу түүхтэй, зээлийн үлдэгдэлтэй бол төслийн сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүй.
-ЖДҮХС-аас шууд зээл олгож байгаа тохиолдолд даатгалд заавал хамруулна.
-ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авна. Орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгоно.
Шинэ журам өмнө гарсан алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгасан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн юм.
ЖДҮХС-аас 2018 онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлжээ. 2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд таалал төгслөө
Төрийн ордонд өчигдөр оройн 19.00 цагийн орчимд хүн нас барсан байна. Тодруулбал, талийгаач нь төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан байна. Гэнэт бие нь муудаж унахдаа шатны уруу унасан аж. Тэрээр хавдартай гадаадад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн байна. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Ерөнхий боловсролын сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авчээ
ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авч, 38 сурагч, 1 багш сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон болохыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл, олон нийтийг айдаст автуулаад байгаа сүрьеэгийн өвчлөл ганцхан 15 дугаар сургуульд биш бусад сургуулиудад ч гэсэн тархалт өндөртэй байгааг албаныхан онцлоод байгаа юм.
Энэ талаар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, "Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. Үүний хүрээнд 15 дугаар сургууль дээр 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилсан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 тохиолдол дахиад бүртгэгдэж байна. Тэгэхээр бид үнэнтэй нүүр тулах ёстой. Ерөнхий боловсролын сургууль, багш нарын дунд сүрьеэгийн үзлэгийг орон даяар явуулах шаардлагатай нь харагдаж байна. Бид эрт илрүүлж, оношилж, эмчлэх ёстой. Үүнийг нуувал асуудал хурцдаж, багш сурагчдын амь насанд эрсдэл учирна.Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал байна" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудад хийгдэж байгаа урьдчилсан сэргийлэх үзлэгээр ЕБС-ийн хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар их байгаа нь тогтоогдоод байгаа юм байна.
Иргэдэд “Итгэлийн зээл” олгохоор болов
Энэ долоо хоногийн гол сэдэв нь иргэдэд Итгэлийн зээл олгох болсон явдал байлаа. Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжих улс төрийн шийдвэр гаргалаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан асуудал. УИХ-ын гишүүн, УИХ дахь НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хамт нийт 27 гишүүн санаачилсан хуулийн төсөл юм. Хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж, тодруулж ярилцаад дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” гэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй “Итгэлийн зээл” олгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэсэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иймээс 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Хуулийн төслийг боловсруулах нөхцөл байдал нь 2016 онд 3 сая 100 мянган иргэнтэй, 907.5 мянган хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад манай улсын багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байгаа нь тодорхой байна.
Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан” гэсэн юм.
Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглолоо
Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог гэж үздэг. Үүнтэй холбогдуулан, энэ сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн 220 мянган айл өрх түүхий нүүрснээс татгалзаж, оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болоод байна.
Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулна гэсэн тооцоо бий. Ингэж тооцоолох шалтгаан гэвэл урьд нь гэр хорооллынхон жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлж байсан бол одоо энэ хэрэглээг 600 мянган тн сайжруулсан түлшээр хангах боломжтой гэж байгаа. Өөрөөр хэлбэл, бодит түлшний хэрэглээ хоёр дахин буурч байгаа болохоор утаа мөн энэ хэмжээгээр багасна гэж үзэж байгаа юм.
Шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулна
Түүхий нүүрсний хэрэглээг хоиглосонтой холбогдуулан нийслэлд түүхий нүүрс оруулахгүйгээр зөвхөн сайжруулсан түлшийг худалдаалж эхлэх юм. Ингэхдээ шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах аж.
Эдгээр цэгээс нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна.
http://www.zaluu.com/read/35f5fhbca