2019-07-22“Цайны зам ба музейн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, музейчдын туршлага солилцох уулзалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн музейн хурлын танхимд долдугаар сарын 16-нд боллоо.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн хамт олон эл уулзалтыг санаачлан зохион байгуулсан бөгөөд Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн өмнө болж буйгаараа онцлог аж.
ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хот, Хиагт, Зэдийн районы төлөөллүүд оролцсон уулзалтын үеэр ярьсан илтгэлүүдийн үндсэн сэдэв нь “Цайна зам”-тай холбоотой байлаа.
Учир нь энэ өдрүүдэд Наймаачин хот Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт, ОХУ-ыг холбосон цайны замыг цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн захирал Л.Бямбаа: Гурван улсын хооронд соёлын үндсэн жим гаргахад чиглэж байна
”Бидний хувьд маш чухал үйл үйл явдал болж байна. Учир нь Наймаачин хот буюу Алтанбулаг хот байгуулагдсаны 290 жилийн ой, хил орчмын Хиагт, Зэдийн районуудын хамтарсан “Эв мод”-ны наадмын өмнөх үйл ажиллагаа ийн эхэлж байна.
Бид БНХАУ, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, БНХАУ-ын Хөх хотын Байгалийн түүхийн музей, Эрээн хотын музейн захиргаатай урьдчилан хэд хэдэн удаа уулзаж ярилцсан юм.Үүний үр дүнд өнөөдөр бид уулзаж байна.
Энд ОХУ-ын Буриад Улсын төлөөлөгчид, Монголын үндэсний музейн төлөөлөл ирлээ. Хятадын нөхөд замдаа яваа. Уулзалтын зорилго нь БНХАУ, ОХУ, Монгол Улсын хооронд соёлын үндсэн жим гаргахад чиглэж байгаа.
Учир нь манай хөршүүдэд адилхан төстэй зүйлүүд олон бий. Нэг үндэстэн гэдэг утгаар Монгол, Буриад, Өвөр монгол ахан дүүс хамтран ажиллахад дөхөм юм.
Бидэнд соёл иргэншлийн талаар адил төстэй зүйлүүд ч бий. Иймээс хөрш орныхоо музейн байгууллагууд хамтран ажиллая, туршлагаа хуваалцъя, ажилчдаа солилцъё, хамтран ажиллаж, хамтран үзэсгэлэнгээ гаргая гэж зорьж байгаа” гэв.
Наймаачин хот буюу Алтанбулаг
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс цайны ёслол, зан үйлд хэрэглэж байсан эд зүйл, урдаас хойшоо нийлүүлж байсан цай ямар хэлбэртэй, амт чанартай ямархуу байсан, ямар зан үйл хийж байсан гэдгийг харуулсан булан нээх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлжээ.
Учир нь тухайн үед амьдарч байсан хүмүүсийн эд хэрэглэлээс олдсон зүйлүүд бий аж. Олдворуудаас цуглуулсан зарим үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан аж.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн эрдэм шинжилгээний ажилтан цайны замын дагуух түүхийг хадгалан үлдсэн хоёр хөршийнхөө музейн байгууллагатай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага мэдээллээ солилцож байж энэхүү цайны зам дагасан музей үйл ажиллагаа үр дүнд хүрнэ.
Мөн цайны зам дагасан газруудын музейн хамтарсан экспедиц ч юм уу тухайн үеийн олдворыг олох судалгааны баг гарган хайгуул, малтлаг, судалгааг хамтран хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэн олсон олдвороороо үзэсгэлэн гаргаж, музейн сан хөмрөгийг баяжуулдаг байх нь бидэнд чухал талаар онцолсон.
Наймаачин хот буюу Алтанбулаг сум цайны замын гол үндсэн тулгуур, гүүр болж байжээ. Иймээс цайны зам, цайны ёслолтой холбогдолтой үзмэр, олдвороор баяжуулж, цайны ёслолтой холбогдолтой үйл ажиллагааг өргөн дэлгэр зохион байгуулж байх санааг аймгийн нэгдсэн музейн хамт олон дэвшүүлж байлаа.
Хиагтыг саятнуудын хот буюу Оросын алтан хаалга хэмээн нэрлэж байжээ
Музей бол аялал жуулчлалын хөтөлбөрийн гол оролцогч. Музей болон музейд буй эд өлгийн зүйлээ хүмүүс хэрхэн хамгаалж, үүх түүхээ сурталчилж буйгаар тухайн улс гүрний хөгжил, соёл иргэншлийг ойлгож болдог. Мөн үндэсний үзэл санааг илэрхийлж байдаг хэмээн албаныхан илтгэлдээ дурдсан.
Буриадын Үндэсний музейн сан хөмрөг бол ОХУ-ын түүхийн нэгээхэн хэсэг юм. Энд янз бүрийн арга замаар цуглуулсан сан хөмрөг байдаг аж.
Энэ нь оросын худалдааны соёл, хэрэглээний бүтээлүүд, хөгжлийн түүхийг харуулсан ховор нандин эд зүйлс, үзмэрүүд хадгалагдаж байдаг.
Тухайлбал пааландсан, янз бүрийн гоё хээ угалз гаргаж хийсэн шавар бүтээлүүд, мөн зэс аяга таваг гэх мэт маш олон нарийн төрөл бий аж.
Мөн данхнууд ч байгаа гэв. Тухайн үед наймаа хийж байсан цайны том худалдаачид нийгмийн тусын төлөө буяны үйл бүтээж тодорхой сургалтын байгууллагуудыг ивээн тэтгэж байжээ.18-19 зууны үеийн цайны эдлэл хэрэглэлүүд нь хэрэглээний урлагийн маш том ховор үзмэрүүд учраас цайны соёлыг төлөөлж чаддаг аж.
Буриадын Үндэсний музей нь Буриадын аялал жуулчлалын төвүүдтэй хамтран ажилладаг гэнэ. Тухайлбал таван өдөр зургаан шөнийн маршрутын аялал байдаг гэх. Буриадын зургаан хот суурин энэ хөтөлбөрт хамрагддаг ажээ.
"Буриадын домог" нэртэй хөтөлбөр нь ОХУ-ын Соёлын яам дэмжсэн төслийн нэг юм. Үүнд Буриадын үндэсний музей хамрагдаж чадсан байна. Энд мөн буриадын түүхийн музей ч хамрагдсан гэх.
Энэ нь үндэсний музейн нэг хэсэг аж. Буриадын үндэсний улсын их сургуулийг түшиглэсэн үндэсний хүрээлэн байдаг бөгөөд тус музей нь аялал жуулчлалын салбартай хамтран ажилладаг байна.
Музей нь Буриадын их сургуультай хамтарч "Цайны ёслолын уламжлал" гэсэн хөтөлбөрийг дунд сургуулийн бага анги болоод СӨБ-ын хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлдэг байна. Буриадын үндэсний музей нь буриадын хэмжээний бусад музейд удирдлага, арга зүйн зөвлөгөөг өгч ажилладаг байна.
ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хот дахь Буриадын Үндэсний музейн захирал Т.А.Бороноева: Бидний уулзалт сонирхолтой, ач холбогдолтой болж байна
Тэрээр илтгэлдээ тухайн үед наймаа хийж байсан цайны замын худалдаачдын орлого жилдээ 16 сая рубль зарим үед бүр 30 сая хүрч байсан гэж дурдав.
Цайны замын урт нь дэлхийн уртын хэмжээний гуравны нэгийн хэмжээнд хүрч байжээ. Бээжингээс Москва хүртэл 9000 км урт зам туулдаг байсан аж. Энэ урт замын гол төв нь Хиагт хот байв.
Тухайн үед Хиагтыг саятнуудын хот, Оросын алтан хаалга хэмээн нэрлэж байжээ. Энэ ч утгаараа оросын эзэнт гүрний цайны том төв байсан гэнэ лээ. Тухайн үед Хиагтад 40 том пүүс байсны 20 нь саятнууд байсан бөгөөд Хиагтад нийгмийн олон анги давхрагын хүмүүс амьдарч байжээ.
19-р зууны 60-аад оны үед Хиагтын Наймаачдын хөгжлийн оргил үе байсан гэнэ. 1920-иод оны дайны хөлд Наймаачин хот галд өртжээ.
Цайны зам 200 гаруй жил оршин тогтнохдоо Монгол, Орос, Хятад улсын хөгжил, харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Хиагт, Улаан-Үд нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, музейн үйл ажиллагаанд газар зүйн байдлаараа ихээхэн ашигтай байсан.
Тэрээр “Цайны зам бол маш чухал зам. Би энэ хуралд оролцож буйдаа баяртай байна. Манай Үндэсний музей нь цайны замтай холбоотой олон үзмэрүүдтэй. Бидний уулзалт сонирхолтой, ач холбогдолтой болж байна.
Үүнийг зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн хамт олонд баярлалаа, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ. Намар болох халх голын ялалтын баяраар бид ирж үзмэрээ дэлгэх болно” хэмээн ярив.
Цайны замын гол зам нь Хаалган-Хүрээ-Наймаачин-Хиагт байжээ
Цайны замнь 200-гаад жил Манж чин гүрнийг Орос оронтой холбох гол гүүр нь байжээ. 19-р зууны дунд үе гэхэд Манж чин гүрний импортын барааны 95 хувийг бүрдүүлж байсан цайг энэхүү Хаалган-Хүрээ-Хиагт гэсэн замаар зөөж байв.
Цайны замаар цайнаас гадна торго, алт, мөнгө, үнэт эдлэл, арьс шир, мод, төмөр эдлэлийн барааг сарлаг, тэмээ, морин хөсгөөр тээвэрлэж байжээ. Монголын нийт гадаад худалдааны ихэнх нь Өргөө хотоор дамжиж байжээ. Цайны замаар Оросын том пүүсүүд Монголд бараа авчрахын зэрэгцээ Монголоос малын түүхий эд, ангийн үс, тарваганы арьсны 90 хувийг Германы Лейпциг, Австрийн Вена, өлөн гэдсийг Берлин, Хайлаар хот хүргэж, хонь, тэмээний ноосыг Оросын болон баруун Европын зарим хотод аваачдаг байжээ.
Монголын Үндэсний музей, музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга, доктор Д.Бумаа: Цайны зам нь манай улсын цаашдын хөгжлийн нэг стратеги болох учиртай
“Цайны зам ба музейн хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.Би илтгэлдээ цайны замын үүсэл хөгжлийн талаар товч өгүүлсэн.
Тэр үеийн Монгол оронд байсан хятадын худалдаа хэрхэн нэвтэрч байсан, ямар үүрэгтэй байсан, Их хүрээ буюу Өргөө хот цайны замын хөгжил, худалдаанд ямар үүрэгтэй байсан тухай танилцууллаа.
Цайны зам нь манай улсын цаашдын хөгжлийн нэг стратеги болгох талаар төр засгаас, соёлын байгууллагууд, олон нийтийн байгууллагууд үүсгэл санаачилга гаргаж байгаа талаар товч танилцуулсан. Үүнд музейн байгууллага хамтарч хувь нэмрээ оруулах тухай ярьсан.
Манайх музей Монголын Үндэсний музейн статустай. 2008 оноос хойш ийм нэртэй болсон. Манай байгууллага Монголын бусад музейн ажилтнуудад гарын авлага бэлтгэх, удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ажлыг зохион байгуулдаг.
Бид аль нэг музейд очиж сургалт явуулахаас гадна бусад музейн ажилтнууд манай байгууллагад ирж сургалт авч, дадлага хийвэл үр дүнтэй байх болно гэв.
Ч.Отгонцэцэг