Никкан Гэндай
Өнгөрсөн 2021 онд 4 түрүүлэхдээ 77 давж, 13 унаатайгаар Оны хамгийн олон давсан бөхөөр шалгарсан ёкозүна Тэрүнофүжи. Гэмтэл бэртлээр жонидан хүртэл унасан ч ёкозүна болж чадсан Тэрүнофүжигийн эргэн ирэлт сүмогийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн.
Төгс сүмо гэж юу вэ?
-Ёкозүна, таны хувьд төгс сүмо, барилдаан гэж юу вэ?
-Зүүн сугадаж, баруун золгоод өрсөлдөгчөө тогтоож, ёрикири мэхээр түлхэн гарах сүмо.
-Өрсөлдөгч бөхийнхөө дайралт, түрэлтийг хүлээн авч, зогсоосны дараа ялах. Хүмүүсийн хэлээд байдаг “Ёкозүна сүмо” гэсэн үг үү?
-Би “Ёкозүна сүмо” гэж онцгойлж бодоод байдаггүй. Янз бүрийн мэх хийдэг, бужигнуулдаг бөх биш болохоор анхнаасаа л бярдаж барилддаг байсан. Мөргөлтийг тогтоогоод дайрна гэсэн стильтэй байснаа сайжруулж, бэлтгэл хийж ирсэн л хэрэг. Ёкозүна хүн заавал ингэж барилдах ёстой, ёкозүна болсон болохоор өрсөлдөгчөө эхэлж дайруулаад дараа нь ялья гэж огт боддоггүй. Анх барилдаж эхэлсэн үетэйгээ л адилхан барилдсан хэвээр байгаа.
-Мэргэжлийн сүмод орж байсан үетэйгээ барилдаан өөрчлөгдөөгүй гэсэн үг үү?
-Тиймээ, би том биетэй болохоор чадах юм цөөхөн. Яаж барилдахаа бодож, цэгнэж байгаад сонгосон маягаараа одоо ч гэсэн барилдаж байна.
Монгол сүмочидтой харьцуулахад...
Урьд өмнө байсан монгол аваргууд бүгд эхэлж дайрдаг, довтолдог аваргууд байлаа. Асашёорюү маш хурдан шуурхай дайрдгаараа алдартай байсан бол Харүмафүжи, Какүрюү ч ижилхэн. Хакүхо нэг хэсэг өрсөлдөгчдөө мөргөж, түлхэх боломж олгож байгаад дараа нь ялдаг байсан ч энэ барилдаанаа орхиж, түрүүлэн дайрдаг болсон билээ.
-Өмнөх монгол аваргуудтай адилхан барилдах сан гэж бодож байсан удаатай юу?
-Би тэдэн шиг авьяаслаг бөх биш болохоор.... Надад хэрэв ямар нэг авьяас чадвар байгаа бол тэр нь том бие, хүч чадал. Тийм болохоор өөрийнхөө чаддаг ганц зүйлээ л улам сайжруулах гэж бодож ирсэн.
-Ёкозүна хүний биеэ авч явах байдал, үйл хөдлөл болгон олны нүдэнд байдаг. Хакүхо гэхэд Сүмогийн холбооноос анхааруулга, сануулга авч байсан.
-Энэ их гавьяа байгуулж, түүхэнд үлдсэн их аваргын талаар би юу ярих вэ дээ.
Аавын оронд аав болсон Ояката
Тэрүнофүжигийн талаар ярихад дурсахгүй өнгөрч болохгүй нэг хүн бол Исэгахама ояката. Жонидан хүртэл унасан шавиа багш нь байнга дэмжиж, урам өгсөөр ирсэн юм.
-Исэгахама ояакта таны хувьд хэн бэ?
-Бүх талаар тусалж, дэмждэг, байнга зөвлөж, зааж сургадаг багш. Эцэг эхийг минь оролсон хүн. Үнэхээр баярлаж явдаг. Хэнээр ч орлуулахгүй эрхэм хүн.
-Та Японы иргэн болоод багшийнхаа Сүгиномори гэсэн япон нэрийг авсан гэсэн.
-Тиймээ.
-Таны сэтгэлд хоногшин үлдсэн багшийнхаа сургаалаас хэлбэл?
-Юу ч хийсэн үүрэг хариуцлагаа хүлээж сур. Сайн зүйл болсон ч, муу зүйл тохиолдсон ч бүгдэд нь өөрийнхөө хариуцлагыг бодож, яваарай. Одоо ч багш байнга хэлдэг.
-2015-2017 онд озэки байхдаа яаж барилдахыг хичээдэг байсан бэ?
-Одоотой л адилхан. Дээр хэлсэнчлэн, баруун золгох. Гэхдээ тэр үед сайн хийж чаддаггүй байлаа. Өдөр бүр бэлтгэл хийсээр, бага багаар чаддаг болж эхэлсэн.
Болье гэж боддог байсан
-Гэмтэж бэртээд доод зиндаанд унасан байх үед юу бодогдож байв?
-Юу бодогдсон, ямар мэдрэмж төрж байв гэж олон хүн асуудаг. Би тэр үед үнэхээр болье гэж л боддог байсан.
-Харин Исэгахама ояката зодог тайлуулаагүй гэдэг. Чи дахин цол авч чадна гэж урам зориг өгч байсан гэсэн.
-Тиймээ, энэ талаар ч сэтгүүлчид үргэлж асуудаг. Одоо хариулахад ч хариулт ижилхэн.
-Гэмтлээс эргэн ирээд жониданд эргэн ирэлтийн эхний барилдаанаа хийхдээ сандарч байсан уу?
-Би ер нь сандарч тэвддэггүй. Харин тэр өдөр бие чичрээд ч байгаа юм шиг нэг л сонин байлаа. Яаж барилдсанаа ч санадаггүй.
-Хоёр өвдөгний бэртэл илааршиж байна уу?
-Энэнээс илүү эдгэрч, сайжирна гэж байхгүй байх гэж боддог. Сүмо барилдаж байгаа цагт энэ гэмтэл надаас салахгүй, хамтдаа л явна даа. Харин сэдрээхгүй байх л. Маш чанга боож, багаллаа гээд гэмтэл сэдрэхгүй, огт өвчингүй болно гэсэн үг биш.
-Таны хувьд төгс ёкозүна гэж ямар хүн бэ?
-Амжилт гаргаж, сайн барилдлаа гээд төгс ёкозүна биш гэж боддог. Гол нь хүн болгонд хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Ёкозүна боллоо гээд өөрийгөө өөрчлөөд байх шаардлаггүй гэж боддог. Миний хувьд өөрийнхөөрөө л байж, урьд өмнөх шигээ л хичээн зүтгэх хүсэлтэй. Энэ хичээл зүтгэлийг хүмүүс үнэлэхэд л “Би ёкозүна болжээ” гэж бодно. Хэрэв үнэлж, хүлээн зөвшөөрөхгүй бол “Би хараахан ёкозүна болоогүй байгаа юм байна” гэж бодох болно.