2022-01-292022 оны нэгдүгээр сар PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мэргэжлийн боксын Н.Төгсцогтын тулаан зэрэг онцлох үйл явдлуудаар дүүрэн өнгөрлөө. Тэгвэл спорт сонирхогчдыг 2022 оны хоёрдугаар сард ямар онцлох тэмцээн уралдаан, үйл явдлууд хүлээж байгааг танилцуулъя.

САР ШИНИЙН БАРИЛДААН

Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурвын даваа хоёрдугаар сарын 01-нд 14:00 цагаас эхэлнэ.
Тус барилдааны нэг, хоёрын даваа нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас эхэлнэ.
АФРИКИЙН ЦОМ

Африк тивийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог 33 дахь удаагийн Африкийн цомын тэмцээн Камерун улсад нэгдүгээр сарын 9-нд эхэлсэн.
Нийт 24 баг оролцсон хасагдах шат үргэлжилж байгаа бөгөөд хагас шигшээ болон финалын тоглолтууд хоёрдугаар сард болно.
Шөвгийн наймын тоглолтууд нэгдүгээр сарын 30, 31-нд хагас шигшээн тоглолтууд хоёрдугаар сарын 3, 4-нд хүрэл медаль болон аваргын төлөөх тоглолт хоёрдугаар сарын 7-нд болно.
ЧӨЛӨӨТ БӨХ

Хоёрдугаар сарын 24-27. Чөлөөт бөхийн чансаа олгох эхний тэмцээн. Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээн Туркийн Истанбул хотод болно.
КЛУБҮҮДИЙН ДАШТ

Олон Улсын хөл бөмбөгийн холбоо(FIFA)-ноос жил бүр зохиодог 18 дахь удаагийн Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 4-нд АНЭУ-д эхэлнэ.
Зургаан тивийн хөл бөмбөгийн холбооны аваргууд өрсөлддөг тус тэмцээн хоёрдугаар сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.
Тэмцээнд Өмнөд Америкаас Бразилын "Palmeiras", Хойд Америкаас Мексикийн "Monterrey", Европоос Английн "Chelsea", Азиас Саудын Арабын "Al Hilal", Африкаас Египетийн "Al Ahly", Номхон далайн орнуудаас Таитигийн "AS Pirae", зохион байгуулагч улсын төлөөлөл АНЭУ-ын "Al Jazira" клубүүд оролцоно.
САГСАН БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ
Нэгдүгээр сарын 27-ны байдлаарх Дээд лигийн хүснэгт
Монголын сагсан бөмбөгийн "Дээд лиг"-ийн долоон тоглолт хоёрдугаар сард болох тов гарсан. Одоогоор лигийн хүснэгтийг Хасын Хүлэгүүд, Алдар Танан Гарьд багууд итгэл төгс тэргүүлж байна.
- Хоёрдугаар сарын 7. 17:00 цаг. Тэнүүн Өлзий Металл - Хасын Хүлэгүүд
- 19:00 цаг. Баянхонгор Мазаалай - ШУТИС Шаркс
- 21:00 цаг. Этүгэн Баянгол Ирвэсүүд - Алтандорнодын Дайчид
- Хоёрдугаар сарын 9. 18:00 цаг. ШУТИС Шаркс - Алдар Танан Гарьд
- 20:00 цаг. Этүгэн Баянгол Ирвэсүүд - Хэнтий Эбэг
- Хоёрдугаар сарын 11. 18:00 цаг. Завхан Brothers - IHC Apes
- 20:00 цаг. Баянхонгор Мазаалай - Налайх Bison
ӨВЛИЙН ОЛИМП

24 дэх удаагийн өвлийн олимп Хятадын Бээжин хотноо болно. Олимпын долоон спортын 15 төрөлд 109 тэмцээн болох бөгөөд гурван мянга орчим тамирчин оролцох төлөвтэй байна.
Бээжин хот нь 2008 онд Зуны олимпыг зохион байгуулж байсан туршлагатай. Зуны олимп болж байсан хотод Өвлийн олимп зохиогдож буй анхны тохиолдол энэ юм.
ЖҮДО БӨХ

Хоёрдугаар сарын 5-6. Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн Францын нийслэл Парис хотноо болно.
Хоёрдугаар сарын 17-19. Жүдо бөхийн Тель Авивын их дуулга тэмцээн Израилын Тель Авив хотноо болно.
ДАШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТ

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн 2022 оны арваннэгдүгээр сард Катар улсад эхэлнэ. Тус тэмцээнд өрсөлдөх багуудыг тодруулах урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна.
Ази тивийн хувьд урьдчилсан гуравдугаар шат үргэлжилж байгаа бөгөөд нийт 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож байна. Дараагийн тоглолтууд:
- Хоёрдугаар сарын 1. 18:00 цаг. Япон - Саудын Араб
- 20:00 цаг. Вьетнам - Хятад
- 20:00 цаг. Ливан - Ирак
- 22:00 цаг. Сири - Өмнөд Солонгос
- 22:30 цаг. Иран - АНЭУ
- Хоёрдугаар сарын 2. 00:00 цаг. Оман - Австрали
Хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноо авсан хоёр, нийт дөрвөн баг ДАШТ-д орох эрхээ шууд авна. Харин хэсэг тус бүрт гуравдугаар байр эзэлсэн хоёр баг нэмэлт эрхийн төлөө Өмнөд Америк тивийн багтай тоглоно.
Зургаан тоглолтын дараагаар А хэсгийг Иран 19, Өмнөд Солонгос 17, АНЭУ 9 оноогоор, B хэсгийг Саудын Араб 19, Япон 15, Австрали 14 оноотой тэргүүлж байна. Хэсгийн шатны сүүлийн тоглолт гуравдугаар сард болно.
Хойд Америк тивийн хувьд сүүлийн шатанд 8 баг тойргоор тоглож байгаа ба хамгийн өндөр оноо авсан гурван баг нь ДАШТ-д орох эрхээ шууд авна. Одоогоор хэсгийг Канад 19, АНУ 18, Мексик 17, Панам 14 оноогоор тэргүүлж байна. Хэсгийн дөрөвдүгээр байрыг эзэлсэн баг Номхон далайн орнуудын багтай нэмэлт эрхийн төлөө тоглоно. Дараагийн тоглолтууд:
- Хоёрдугаар сарын 3. 08:00 цаг. Ямайк - Коста Рика
- 08:30 цаг. АНУ - Хондурас
- 10:00 цаг. Эль Сальвадор - Канад
- 11:00 цаг. Мексик - Панам
Үлдсэн тоглолтууд гуравдугаар сард болсноор эрх авах багууд тодорно.
Өмнөд Америк тивийн хувьд 10 баг тойргоор тоглож буй. Хамгийн өндөр оноо авсан 4 баг ДАШТ-д орох эрхээ шууд авах бол тавдугаар байрт орсон баг нэмэлт нэг эрхийн төлөө Ази тивийн багтай тоглоно.
Одоогоор Бразил 36, Аргентин 32, Эквадор 24, Уругвай 19, Перу болон Колумби 17 оноотойгоор тэргүүлж байна. Дараагийн тоглолтууд:
- Хоёрдугаар сарын 2. 04:00 цаг. Боливи - Чили
- 07:00 цаг. Уругвай - Венесуэл
- 07:30 цаг. Аргентин - Колумби
- 08:30 цаг. Бразил - Парагвай
- 10:00 цаг. Перу - Эквадор
Сүүлийн таван тоглолт гуравдугаар сард болсноор эрх авах багууд тодорно.
Европ, Африк тив, Номхон далайн орнуудын урьдчилсан шатны тоглолтууд гуравдугаар сард болно.
SUPER BOWL

Хойд Америкийн хөл бөмбөгийн лиг буюу NFL-н аваргын төлөөх тоглолт болох "Super Bowl" хоёрдугаар сарын 14-нд болно.
100 жилийн түүхтэй лигийн аварга шалгаруулах тоглолтыг дэлхий даяар хэдэн сая хүн үзэж сонирхдог бөгөөд дэлхийн хамгийн том спортын шоу тоглолтуудын нэг болдог.
Super Bowl-д тоглох багууд нэгдүгээр сарын 31-нд тодорно.
NBA БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ

Хойд Америкийн сагсан бөмбөгийн лиг буюу NBA-ийн 2022 оны "Бүх оддын тоглолт" хоёрдугаар сарын 20-нд Кливленд хотод болно.
Тоглолтыг "TNT" телевиз 20 дахь жилдээ дараалан шууд дамжуулах ба хоёр бүсийг төлөөлөн тоглох тамирчдын нэрс нэгдүгээр сарын 27-нд тодорно.
РЕГБИ

Регбийн хамгийн эртний тэмцээнүүдийн нэг "Six Nations" хоёрдугаар сарын 5-нд эхэлнэ. Ирланд, Англи, Уэльс, Шотланд, Франц, Итали гэсэн зургаан улсын шигшээ баг тойргоор тоглодог тус тэмцээнд 2021 оны аварга Уэльсийн шигшээ баг цомоо хамгаална.
Гуравдугаар сарын 19-нийг дуустал үргэлжлэх тэмцээнийг Англи болон Уэльсийн шигшээ багууд тус бүр 39 цомтойгоор тэргүүлдэг.
ХӨЛ БӨМБӨГИЙН ЛИГҮҮД

Дэлхий даяар шимтэн үздэг хөл бөмбөгийн топ лигүүдийн хэдэн зуун тоглолт хоёрдугаар сард болох хуваарьтай. Тухайлбал
- Английн Премьер лигийн 17, 24, 25, 26, 27-р тойргийн 37 тоглолт
- Испанийн Ла лигийн 21, 23, 24, 25, 26-р тойргийн 41 тоглолт
- Германы Бундеслигийн 21, 22, 23, 24-р тойргийн 36 тоглолт
- Италийн Серие А лигийн 24, 25, 26, 27-р тойргийн 40 тоглолт
- Францын Лиг 1-ийн 20, 23, 24, 25, 26-р тойргийн 41 тоглолт
- Нидерландын Эрэдивизийн 21, 22, 23, 24-р тойргийн 36 тоглолт
- Португалын Примера лигийн 18, 20, 21, 22, 23, 24-р тойргийн 40 тоглолт
- Английн Чэмпионшип лигийн 23, 24, 25, 30, 31, 32, 33, 34, 35-р тойргийн 72 тоглолт
- АНУ-ын MLS лигийн нээлтийн 14 тоглолт тус тус болно.
Түүнчлэн UEFA-гийн Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний найман тоглолт, Европа лигийн плей-офф шатны 16 тоглолт, Конференс лигийн плей-офф шатны 16 тоглолт хоёрдугаар сард болох хуваарьтай.