2022-12-30НҮҮРСНИЙ ХУЛГАЙ
2022 оны аравдугаар сарын 26-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон байдаг. Иргэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг зарлахыг шаардаж, 12 сарын 4-нөөс эхлэн Сүхбаатарын талбайд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ
“Хөгжлийн банк”-ны захирал Н.Мандуул нэгдүгээр сарын 23-нд 25 чанаргүй зээлдэгчийн нэрийг зээлийн хэмжээтэй нь зарлав. Мөн нэгдүгээр сарын 31-нд 17 хүний нэрийг зарлаж, Хөгжлийн банканд нэг их наяд 873 тэрбум төгрөгийн хохирол учирсан болохыг нийтэд ил болгосон. 2022 оны нэгдүгээр сарын 20-оос арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл 803.7 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.
ЕСӨН САЙД ШИНЭЭР ТОМИЛОВ
Монгол Ардын намын Удирдах зөвлөл наймдугаар сарын 29-нд хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын найман сайдыг чөлөөлж, УИХ-ын гишүүдээс сайд томилох саналыг оруулсан байдаг.
“ЧИНГИС БОНД”-ЫН 137.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТӨЛСӨН
Монгол Улсын Засгийн газар Чингис бондын энэ оны хуваарьт төлбөр үлдэгдэл болох 137.8 сая ам. долларыг хөрөнгө оруулагчдад төлсөн. Монгол Улс 2012 онд анх удаа бонд босгож, хөрөнгө оруулагчдаас нийт 1.5 тэрбум ам.доллар татан дэд бүтэц сайжруулах болон бусад чиглэлээр зарцуулсан байдаг.
ХЭНТИЙ АЙМАГТ ГОВЬСҮМБЭР АЙМГААС 24 ДАХИН ИХ ТӨСӨВ ТӨСӨВЛӨВ
Монгол Улсын 2023 оны төсвийг арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан байдаг. Монгол Улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөгийн зарлага гаргахаар төсвийн төслөө боловсруулсан. 2020 оноос буюу 2021 оны төсвийн жилээс Хэнтий аймагт хамгийн их төсөв хуваарилагдаж байгаа билээ.
БНХАУ-ААС 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ, НҮХЭН ГАРЧ БАРИХААР БОЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар арваннэгдүгээр сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотод төмөр зам доогуур автозамын нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулахаар болсон билээ. Нүхэн гарц байгуулснаар түгжрэл 20 хувиар буурна гэж тооцжээ.
МАХ БОЛОВСРУУЛДАГ 17 ҮЙЛДВЭРИЙГ БИТҮҮМЖИЛЛЭЭ
“Эмээлт” захын зарим аж ахуйн нэгж махны шаардлага хангадаггүй, муудсан мах иргэдэд нийлүүлдэг, хорт бодис маханд шахсан байдаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан “Эмээлт” захын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийж, махны чанарт анхаарч эхэлсэн.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ЖИЛД 40-70 САЯ ТОННД ХҮРГЭХЭЭР ХЯТАДЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦОВ
БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайд “Хятадын нүүрсний хэрэглээ багасаж байгаа гэсэн ч Монголоос нүүрс авахгүй байж болно” хэмээж байсан. Харин манай улс нүүрс экспортолсон орлогоороо эдийн засгаа тэжээж, төсвөө бүрдүүлдэг билээ. Харин У.Хүрэлсүх урд хөрш дэх айлчлалынхаа үеэр гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гол нь гацаагүй гаргах асуудлыг хөндсөн. Жилд ихдээ 30 орчим сая тонн нүүрс экспортолж, тэр орлогоороо төсвийнхөө талаас илүүг бүрдүүлдэг манай улсад 70 сая тонн бага тоо биш юм.
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ЭКСПОРТОЛНО
“Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурлын үеэр газрын ховор элемент, өндөр технологийн түүхий эд, дэвшил гарцын талаар хэлэлцсэн. Газрын ховор элемент нь стратегийн чухал ач холбогдолтой, геополитикийн зэвсэг гэж нэрлэгдэх хүртлээ үнэ цэн нь өссөн.
“ОЮУТОЛГОЙН” ГҮНИЙ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АНХНЫ ТЭСЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ
Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах тооцоо гаргаж байв. Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт оршдог. "Оюу толгой" компани гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулах юм.Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэх юм.
НОЦТОЙ ХҮН АМИНЫ ХЭРГҮҮД
Завхан аймагт 15 настай хүү өөрийгөө буудсан бол Ховд аймагт 15 настай хүү аавыгаа буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Мөн Хөвсгөл аймагт 28 настай эмэгтэйг хамтран амьдрагч нь хоёр хүүхдийнх нь дэргэд хөнөөж, амийг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсан. Түүнчлэн хүн ашигладаггүй зоориноос хоёр ч эмэгтэй хүний цогцос гарав. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард 28 настай, шүдний эмч мэргэжилтэй, жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэх эмэгтэй хоёр хүүхэд, долоон машин мөргөсөн ноцтой осол гаргасан. Сингапур Улсын 60 настай эрэгтэй манай улсын 300 гаруй эмэгтэйчүүдийг барьцаалж, хүний наймааны золиос болгосон байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.
МОНГОЛЧУУД ХАВРЫН ДУЛААН ӨДӨР Ч, ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭН Ч НЭГДЭЖ, ТӨВ ТАЛБАЙДАА ЖАГСЛАА
Өнгөрч буй 2020 онд Монгол Улсад хэд хэдэн жагсаал, цуглаан боллоо. Үүнээс онцолбол, өнгөрсөн дөрөвдүгээр сард залуучууд “Ажлаа хий” жагсаалыг таван хоног зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн байдаг. Харин арванхоёрдугаар сарын 4-нөөс “Нүүрсний хулгайчдаа зарла” хэмээх жагсаал эхэлж, өдгөө 25 дах өдрөө үргэлжилж байна. Залуучууд тэмцлийн хурц хэлбэрт шилжилж, Засгийн газар, УИХ-ыг нүүрсний хулгайчиддаа бодитой хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.
П.ОРХОНЫ ЭРХ СЭРГЭЖ, Б.ОРХОНБАЯР УЛСЫН НААДМЫГ ШУУГИУЛАВ
Улсын наадмын дэвжээнд Улсын харцага Б.Орхонбаяр онцгой сайн байж үзүүрлэлээ. Тэрбээр улсын арслан цолыг 23 насандаа хүртэж, олныг баясгалаа. Харин чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон дөрвөн жилийн дараа дэвжээндээ эргэн ирлээ. Сэргээш хэрэглэсэн хэмээн барилдах эрхээ хасуулсан П.Орхон гавьяат өнгөрсөн есдүгээр сараас тэмцээнд оролцож, амжилтаа ахиулхаар хичээж байна.
ЗУЛЗАГАН МОД шилжүүлэн суулгахыг ХОРИГЛОЛОО
БОАЖЯ ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хориглолоо. Ингэхдээ байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгах хориглох шийдвэр гаргасан юм.
ОРОН ДАЯАР ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
ЭМЯ-наас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан. Энэ хүрээнд тавдугаар сарын 1-ний өдөр орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэгүй хамруулах үйл ажиллагааг хийж эхэлсэн. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эхлүүллээ.
ОНЦЛОХ МЭС ЗАСАЛ
Орон нутгийн мэс заслын эмч нар олон төрлийн мэс заслыг орон нутат нутагшуулж, иргэдэд үйлчлэв. Үүний нэг нь Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эмч нар өчигдөр үсээ иддэг ховор төрлийн өвчнөөр өвчилж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа нь саармагжсан зургаан настай охинд мэс засал хийжээ.
НОМГОНЫ ХӨНДИЙГӨӨС ТҮҮХИЙН НЭН ХОВОР ХОЁР ГҮЕГТЭЙ АРСЛАНГИЙН ХӨШӨӨ ОЛДЛОО
Цаг хугацааны явцад түүхийн дээврийг сөхөн судлахаар олон улсын Түрэг академи, Монголын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран 2019 оноос “Номгон” төслийн хүрээнд малтлагын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг, Билгэ хааны аав Кутлуктай холбоо бүхий нэн үнэ цэнтэй олдворыг илрүүлсээр байна.
“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ 117 УДАА ТОГЛОХОД ТАНХИМ ДҮҮРЭН ХҮН ҮЗЖЭЭ
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тамгагүй төр” жүжгийг дөрвөн сар тоглосон. Одоогоос 24 жилийн өмнө Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн жүжгийн зохиолыг тайзнаа дахин амилуулсан Б.Баатар найруулагчид олон хүн алга ташиж, дараагийн уран бүтээлд нь амжилт хүсэж байв.
“ЭХ ОРОНДОО Л ОЧИХ СОН” БАРИМТАТ КИНО ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛСОН
“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачлан бүтээсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино үзэгчдийн хүртээл болсон.
“МOON DANCE” ХАМТЛАГ ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛЖ, МОНГОЛЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ
Герман Улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д өрсөлдсөн “Moon dance" хамтлаг латин төрөлд аваргын дэд байр эзэлж анх удаа мөнгөн медаль хүртсэн. Мөн "Star dance" хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарч, монголчуудыг баярлуулсан билээ.
МОНГОЛЫН ГУРВАН ШАТАРЧИН СОНИРХОГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг тамирчдаас дэлхийн гурван аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд шинэ хуудас нээлээ.
МОНГОЛ ХҮҮХЭД БҮХ ОРОСЫН УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭНЭЭС ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ АВЛАА
Оросын алдарт тамирчин Александр Владимирович Поповын нэрэмжит Бүх Оросын усанд сэлэлтийн цомын төлөөх тэмцээн зургадугаар сарын 24-25-нд болсон. Тэмцээнээс Монголын тамирчин, спортын мастер Энхтөрийн Эрхэс гурван алтан медаль хүртсэн билээ.
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ” ТӨРИЙН ӨМЧ БОЛГОВ
Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг цуцалж, төрийн өмчит болгосон. Концесс эзэмшигчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй үйлдвэрийн горим алдагдсан байсныг үе шаттай сайжруулж байгаа аж.
МХЕГ-ЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛНА
Мэргэжлийн хяналтын байгууллагыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгаж, Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулахаар болсон. МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьжээ.
ЦАР ТАХЛЫН УЛМААС УЛСЫН ХИЛ ХААГДАЖ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДЭВ
Хил хаалттай, шатахууны үнэ нэмэгдэж, инфляц өссөний улмаас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурсан.
ГАДНЫН ТАГНУУЛ ГЭГДЭХ Ч.МӨНХБАЯРТ 10 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООВ
Иргэн Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тус хэргийн дагуу Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Тэгвэл шүүгдэгч Ч. Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 28-ны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 10 жилийн хорих ял ногдуулжээ.
Н.ТҮВШИНБАЯРЫГ НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД 16 ЖИЛ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРАВ
Найзыгаа онц хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн Н.Түвшинбаярыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр болов. Түүнийг хүн алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн, хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ял оноов.Эрүүгийн болон Иргэний хуулийн тус тус заалтуудад үндэслэн шүүгдэгч Н.Түвшинбаяр нь 2.5 тэрбум төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдсан.
МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ГЭР БҮЛД 3.8 САЯ АМ.ДОЛЛАР НӨХӨН ОЛГОХООР БОЛОВ
Шах Аламын Дээд шүүхээс 2006 онд амиа алдсан Монголын загвар өмсөгч Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая ам.доллар төлөхийг Засгийн газар болон бусад гурван хүнд даалгасан байна. Энэхүү мөнгөн дүн нь монголын 3.8 тэрбум төгрөгтэй тэнцэх юм. 2007 онд иргэний нэхэмжлэл гарснаас хойш 15 жилийн дараа дээрх шийдвэр гарч буй юм.
Ж.БАТЗАНДАН, Г.АЮУЛГҮЙ НАРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРЬСОН
УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан туслах Г.Аюулгүйтэй хамт 30 хоног баривчилсан. Мөн түүний ах Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг тус яаманд ажиллаж байхдаа эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 48 цаг саатуулж байсан юм.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙГ НАЙМАН ХҮНИЙ ХАМТ БАРИВЧЛАВ
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчилсан. Мөн түүний эхнэр, эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай саатуулсан байдаг. Шалгалтын үеэр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн бөгөөд мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
МОНГОЛЧУУД ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАНГАХ САВАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЛОО
Монгол Улс цагт гурван мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн үйлдвэртэй болсон. Ингэснээр хатуу савангаа дотооддоо хангах боломжтой болж, импортын хараат байдлаас гарч чадсан билээ. Тус үйлдвэрийг “Mongol made” нэгдлийн санаачилгаар босгожээ.
“ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” КИНО ОСКАРТ ОРОЛЦОХООР БОЛОВ
Энэ жил соёл урлагийн салбарт олон кино, ном, жүжиг нээлтээ хийсэн. Түүнээс “Эргэж ирэхгүй” намар кино нь Оскарын кино наадамд оролцож буй долоо дахь бүтээл аж. Энэ жил манай улс Кино урлагийн зөвлөлтэй болсноороо анх удаагаа зөвлөлийн хамт олноороо хэлэлцэж, 2022 онд гарсан бүх бүтээлийг үзсэний эцэст “Эргэж ирэхгүй намар” киног Оскарт Монгол Улсаа төлөөлж чадах бүтээл хэмээн шалгаруулсан байна.
ТӨМӨР ЗАМЫН НЭЭЛТҮҮД
Монгол Улсын хилийн төмөр замын хоёр дахь гарцыг нээж Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтэц тээвэрт бэлэн боллоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд бүтээн байгууллаа.
“ЧИНГИС ХААН” МУЗЕЙ АШИГЛАЛТАД ОРЛОО
“Чингис хаан” хаад язгууртны музей нь Их эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрнээс авахуулаад хаад язгууртны олон зууны түүхийн баримт, үзмэрүүдийг агуулсан бүтээн байгуулалт юм. Мөн барилга талбайн хэмжээгээрээ Ази тивд тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.
“ИД ШИДИЙН ОРОН” ХӨВСГӨЛ, ДУНДГОВЬ АЙМАГТ СҮНДЭРЛЭЛЭЭ
“Лантуун дохио” ТББ-аас анх эхлүүлсэн “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөл болон Дундговь аймагт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Ингэснээр “Ид шидийн орон” төсөл монгол орны бүх аймаг, суманд баригдах эхлэл тавигдлаа.
ЭЕШ-ЫГ ЖИЛД ХОЁР УДАА АВДАГ БОЛЛОО
ЭЕШ-ыг цаашид жилд хоёр удаа авдаг болохоор бэлтгэлийг хангаж, ажиллаж байна. Ингэснээр сурагчид ЭЕШ-д бэлэн болсон гэж үзсэн тэр үедээ шалгалтаа өгөх боломж бүрдэнэ. Мөн өмнөх шалгалтад амжилтгүй дүн авсан шалгуулагч хагас жилийн дараа дахин шалгуулах боломжтой юм.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН СУГАЛААГ БОЛИУЛЛАА
Өнгөрсөн хавар төв талбайд болсон залуусын жагсаалаас Засгийн газарт хандаж тавьсан шаардлагуудын нэг нь хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулдгийг болиулах асуудал байсан. Энэ дагуу салбарын яаманд Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хамран сургах тойргийн асуудлыг энэ жилээс нэг мөр шийдвэрлэхээр салбарын яам ажиллаж байгаа аж.