Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 26 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

- Тээврийн прокурорын газраас “Таван богд фүүдс пицца” ХХК-ийн жолооч Э.Ч нь хүргэлтийн автомашин жолоодох үедээ иргэн М.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан ажилтан, албан хаагчдын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулах,тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах талаар тус компанид,

- Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид хичээлийн цагаар хоорондоо маргалдаж, бие биедээ халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх асуудалд сурагчдад чиглэсэн эерэг нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах, хууль тогтоомжийн талаар мэдээ, мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийлгүүлэхээр сургуулийн захиргаанд,

- Дорнод аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын хяналтын камерын ажиллагааг сайжруулж, дүрс бичлэгийн сан үүсгэн хадгалж байх, Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд холбох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх талаар “Дорнод худалдаа” ХК-ийн захиргаанд тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.