Өнөө жилийн чуулганд гадаадын 2200 гаруй зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулагчид уригдав. Энэ үеэр Монгол Улс дэлхийгээс мөнгө босгох боломжуудаа дэлгэлээ.

Салбар, салбарын онцлог, төрийн бодлого, дэмжлэг гээд олон талын судалгаа, мэдээллээ танилцуулсан юм. Манай улсын нэг хүнд оногдох ДНБ 5000 ам.доллар давж, төсвийн орлогоо давуулан биелүүлснээс гадна эдийн засгийн өсөлт ирэх онд улам хурдасна гэсэн өөдрөг үзүүлэлтүүд гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж өгөх шиг боллоо. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг татахын тулд гарц шийдлүүд ярьж, оновчтой хувилбаруудыг санал болгож байгаа. Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын институциүдийг хүлээж авч уулзахдаа Монгол Улс өмнөх алдаагаа давтахгүйг хичээнэ гэдгээ илэрхийлж, уучлалт гуйсан нь тэдний итгэлийг дахин сэргээв. Энэ нь саяын эдийн засгийн чуулганд оролцсон гадны зочдын дүгнэлтээс тод уншигдана лээ. Жишээлбэл, Монгол Улс дэлхийн тавцанд өрсөлдөх асар их нөөц боломжтой орон юм гэх үгс хөрөнгө оруулагчдын амнаас олонтаа унасан.

Бид үнэхээр өмнөх алдаагаа давтахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт татахыг хүсч байгаа бол хуулиа өөрчлөх хэрэгтэй. Төрийн алдаатай бодлого, хуулийн дарамт, шийдвэр гаргачдын эрх ашгаас болж хөрөнгө оруулагчдыг өөрсдөөсөө үргээчихсэн улс Монголоос өөр хаана ч байхгүй. Амжилттай яваа гадны бизнесүүдийг дээрэмддэг манай дарга нарын увайгүй кэйсүүдийг дурдвал тоймгүй. Зохиомол хэрэг тохож сүрдүүлж байгаад л хөрөнгийг нь завшаад эздийг нь хөөгөөд явуулчихдаг. Тийм болохоор гадныхан Монгол Улсад хөрөнгө оруулна гэхээр сүнсээ зайлтал айдаг болсон. Ямар сайндаа “Монголд хөрөнгө оруулалт хийгээд 20 хувийн ашиг хүртэж байсан дор Шведэд хоёр хувийн өгөөж амсаад суух нь хамаагүй дээр юм” гээд барууны хөрөнгө оруулалтын сангийн захирал ярьж байх вэ дээ. Тэрбээр өмнө манай улсад хөрөнгө оруулж, амжилттай ажиллаж байгаад гэнэтхэн нэг өдөр яваад өгч. Яагаад Монголоос татгалзах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Шведэд ядаж л тайван хононо. Харин Монголд тэгж чадахгүй. Маргааш өглөө юу ч болж мэднэ. Хэн ч ирээд эхлүүлсэн төслийг маань гацаах эрсдэлтэй. Ямар ч хэрэг үүсгэж яаж ч гүтгэж магадгүй” гэжээ. Мань эр ном ёсоор нь хуулийн дагуу бүх зөвшөөрлөө аваад ажиллаж байсан хэрнээ гэнэтхэн нэг өдөр Монголоос айгаад явчихаж. Аргагүй биз, наад захын нэг байцаагч орж ирээд амжилттай яваа бизнесийг орвонгоор нь эргүүлж мэдэх ийм хууль эрх зүйн орчинтой улсад яаж бодсон ч хэн тайван байж чадах вэ дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ хөрөнгө оруулалтын хуулиа сайтар нухаж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна. Ингэж чадвал гадныхан аяндаа мөнгөө бариад бидэн рүү гүйгээд ирнэ биз дээ.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гадны бизнесийнхэн анхааралтай ажиглаж байгаа. Гэтэл хуульд тусгасан хэд хэдэн ноцтой заалтыг өөрчлөхгүйгээр бид хөрөнгө оруулагчдыг татна гэвэл худлаа. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан улс болохын тулд юун түрүүнд татварын урамшууллыг хуулийн шинэчлэлээр бий болгох ёстой. Уг нь одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын хуульд гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай заалт бий. Гэтэл шинэ хуулиас энэ чухал заалтаа аваад хаячихжээ. Үүнийгээ татварын ерөнхий хуулиар зохицуулна гэж хууль санаачлагчид тайлбарлаж харагдсан. Харамсалтай нь татварын хуульд хөрөнгө оруулагчдыг дэмжсэн татварын урамшуулал байхгүй. АМНАТ-өө л хариуцна гэсэн тайлбар өгч байгаа харагдана лээ. Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том дарамт юу вэ гэвэл бүгд татвар гэж хариулдаг. Тэгвэл энэ хуулиар хөрөнгө оруулагчдыг дэмжих нь битгий хэл татварын бодлогоор дарамтлах бололтой. Дэлхийн жишигт хөрөнгө оруулалтын урамшууллыг голдуу татварын хөнгөлөлт хэлбэрээр, бизнесийн үйл ажиллагаа явуулж эхлэхээс нь олгодог. Хамгийн ойрын жишээ гэхэд БНСУ байна. Тэнд жижиг хотод бий болгосон барилга, худалдан авсан тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгийн нийт өртөгийн 20-25 хүртэлх хувийг төрөөс татаас хэлбэрээр олгохоор хуульчилжээ. Бас Чех улсад 3.6-4 сая еврогийн хөрөнгө оруулалт хийвэл эхний 10 хүртэлх жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлдөг байна. Энэ мэтчилэн Казахстан, Вьетнам, Камбож зэрэг улс хөрөнгө оруулагчдад ийм таатай орчин амлаж байхад тэдэнд Монгол руу тэмүүлэх сэдэл төрөх үү. Үнэхээр бид хөрөнгө оруулагчдыг татъя гэж байгаа бол ядаж бүс нутгийн хэмжээнд татварын өрсөлдөхүйц бодлоготой баймаар байна.

Хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа өөр нэг хууль Ашигт малтмалын шинэчилсэн найруулгын төсөл дэх хайгуулын лицензийн төлбөрийн асуудал. Уг хуульд хайгуулын тусгай төлбөрийг 70-120 дахин

нэмэгдүүлэхээр тусгажээ. Дээрээс нь дагалдах элементүүд болох төмрийн хүдэр дэх хөнгөн цагаан зэрэгт давхар АМНАТ оногдуулахаар төсөл орж ирсэн зэргээс харахад татварын бодит хувь хэмжээг нэмэгдүүлэхэд асар хортой. Хамгийн гол нь олон

улсын жишигт нийцэхгүй иймэрхүү заалт хөрөнгө оруулагчдыг улам л түлхэнэ.

Өнөөдөр хөрөнгө оруулагчид зөвхөн Монголыг сонирхоод байдаг юм биш. Африкийн орнууд хүртэл хөрөнгө оруулалтын таатай орчин амлаад татаад байна. Өнөөх “Айвенхоу Майнз”-ын Р.Фрийдланд хүртэл Конго улсад Оюу толгойтой өрсөлдөхүйц маш том орд нээчихсэн талаар дэлхий дахинд түгээд байна. Тус улсын Засгийн газар нь хөрөнгө оруулалтын маш тухтай нөхцөл санал болгож байгаа болохоор энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэсэн хүлээлт бий. Нөгөө талаар цар тахал, дайны хямралаас болж улс орнууд хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөж байгаа. Дэлхийн эдийн засгийг тодорхойлогч Хятад, Америк зэрэг том гүрнүүд хүртэл өнөөдөр хөрөнгө оруулалт татах болсон. Ийм эрсдэлтэй үед бид баялагтай орон гээд цээжээ дэлдэх нь нэгэнт үеэ өнгөрөөсөн дэндүү хойш ухарсан үйлдэл юм.

Тийм болохоор Хөрөнгө оруулалтын тухай хууль болон дагалдах бусад хуулиудаа зоригтой либеральчлах хэрэгтэй. Манай улс 2013 оноос хойш Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа 11 удаа засвар оруулсан юм билээ. Тэглээ гээд гадныхан манайд мөнгөө бариад шуурсан бил үү. Хөрөнгө оруулагчид тэнэг улс биш болохоор хууртахаа больсон.

Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа дорвитой өөрчилж, таатай боломжуудыг амлахгүй бол Монголд мөнгөө хийж луйвардуулах “тэнэг” олдохгүй шүү дээ.