Уг нь Т.Аюурсайхан саяхныг хүртэл Монголын хамгийн том даргын нэг байв. Парламентын засаглалтай улсад УИХ-ын дэд даргын суудал гэдэг бол хэн дуртай нь хүсээд авдаг албан тушаал биш. Гэвч түүнд энэ нь багадсан. Сайд болж, засаг барилцав. Бас л чамлагдсан бололтой. Тэр энэ бүх хугацаанд брэндийн костюм зарж, гадагшаа ховор марк наймаалцаж, төрийн айлчлалаар явахдаа хөөрөгний чулуу зөөж дамлахад л бүхнээ зориулсан гэх...
 
УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Харин яллагдагч шүүхийн танхимд өчсөн бүхнийхээ үнэн, худлыг дэнслүүлдэг хуультай. Харамсалтай нь хохирлын хэмжээ нь 40 их наядаар яригдаж буй “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайханы өмгөөлөгч шүүхийн танхимд тиймэрхүү л юм ярьж, үйлчлүүлэгчийнхээ үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгааныг тайлбарлах гэж хичээж байв. Хэн итгэх билээ дээ. Гэвч Т.Аюурсайханы өмгөөлөгч бүр энэ бүхнийг нь дахин нягтлах үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргалаа. Хэргийг прокурорт буцаана гэдэг шүүх хуралдааныг хойшлуулна аа л гэсэн үг. 
Ер нь “Нүүрсний” гэх энэ хэрэгт холбогдогчдийн зүгээс ямар нэгэн аргаар шүүх хуралдааныг сунжруулах, тасалдуулах, хойшлуулах гэж хичээж буйг 11 хүний эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг дээрээс харж болохоор байв. 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг л гэхэд маш олон зөрүүтэй байр суурийг шүүхийн танхимд илэрхийлж амжсан. Үүнийг нь нэмэлт хачиргүйгээр, өөрийнх нь үгээр хүргэе.  
 
Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг /2023.08.30/
 
Б.Ганхуяг: -Яллагдагч өөрөө өмгөөлөгчгүй оролцох боломжтой гэж хэлсэн учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүсч байна. Би өмгөөлөгчөөрөө дамжуулж нээлттэй гэж хүсэлт тавьсан байгаа. Ганцаараа би 9 сар цагдан хоригдоод байж байгаа. Энийг удаахгүйгээр нийтэд үнэн бодит мэдээллийг өгөх хүрээнд цаг алдахгүйгээр энэ шүүх хурлыг хийлгэх саналтай байна. Нөгөө талаар энэ 11 хүний хэрэг дунд нэг шанага нүүрсний хэрэг яригдахгүй гэдэг нь маш тодорхой байгаа. Энийг эртхэн хүмүүст хэлж зөв ойлголт төрүүлэхийн тулд хойшлуулахгүйгээр шүүх хурлыг хийлгэх саналтай байна. 
 
Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг /2023.09.12/
 
Б.Ганхуяг: -Би энэ компаниас, энэ улсаас, уурхайчдаасаа нэг ч төгрөг хулгайлахгүй. Тийм учраас тэд надад итгэж байгаа. Би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч яллах гэсэн би нэг ч хэрэг хүлээж чадахгүй. Хийгээгүй учраас. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Тийм учраас би шүүгчдээс татгалзаж байна. 
 
Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг /2023.09.20/
 
Б.Ганхуяг: -Шударга ёсыг хамтдаа тогтооё. Байгаа хэргүүдийг гаргаад хэлье. Гэхдээ надад баталгаа өгчих. Миний амь бие, миний гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийн амь биед баталгаа өгөөч. 
 
Эндээс харахад Б.Ганхуяг нэг бол өөрийг нь шүүх хуралдааныг яаралтай хийхийг хүсч, нэг бол шүүгчээс татгалзах замаар шүүх хурлыг хойшлуулахыг шаардаж, нэг бол “Нүүрсний” гэх хэрэг огт байхгүй хэлмэгдлээ гэж мэдэгдэж, нэг бол нүүрсний бүх хэргийг илчилэхэд хууль хяналтын байгууллагатай нягт хамтарч ажиллахыг хүсчээ. 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн энэхүү зөрүүтэй байр сууриуд, Т.Аюурсайханы өмгөөлөгч нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаах хүсэлтээс харахад “Нүүрсний” гэх энэ хэрэгт холбогдсон хүмүүс шүүх хуралдааныг аль болох хойшлуулахыг л хичээж байна. Энд ямар учир байна вэ. Хууль, шүүхийн байгууллагаар мэргэшсэн сэтгүүлчдийн дүгнэж буйгаас харахад, тэд аль болох хурлыг хойшлуулах, болж өгвөл сонгууль өнгөрөөх зорилготой байгаа гэх. Энэ ч үнэний ортой. 
 
Монголд энгийн ардад холбогдох хэрэг “гэрлийн хурд”-аар шийдэгдэж, эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүсийн холбогдсон хэрэг хэдэн жилээр сунжирдаг нь нууц биш. Иймээс ч ял яагаад ялгавартай байгааг, хуулийг яагаад ижил тэгш хэрэглэхгүй байгааг, авлигын хэргүүд заримдаа шүүх дээр очоод яагаад замхардаг болохыг Монголын ард түмэн асуусаар ирсэн. Тэгвэл яг энэ асуудлыг хэлэлцдэг Нийт шүүгчдийн II чуулган энэ сарын 28-29-нд болох юм байна. 
 
Хоржоонтой нь Нийт шүүгчдийн II чуулгантай яг нэг өдөр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал эхлэх юм. Тэгэхээр нэгэн зэрэг болох энэ хоёр хурлаас бид нэгдүгээрт шүүх үнэхээр шинэчлэгдэх нь үү гэдгийг, хоёрдугаарт нүүрсний хэргийг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг харж болох нь. Үүнийг зориуд тодотгосон нь Хөгжлийн банкны гэх хэргийг бүтэн 70 гаруй хоногийн турш Монголын шүүх хэлэлцээд хэрэгт холбогдсон 80 иргэн, дөрвөн хуулийн этгээдийн тэн хагасаас илүүг нь ялаас мулталж байсан удаатай. Иймээс л “Нүүрсний хулгай” дээр шүүхийг шударга ажиллаасай гэсэн хүлээлт, шахалт, шаардлагыг ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн тавьсаар байна. 
 
Н.Мягмар