2024-03-05Монгол Улсын ардын жүжигчин, "The Lyric's Oscars" шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин

Э.Амартүвшин өсөж өндийсөн УДБЭТ-ын тайзнаасаа хоёр удаа үзэгчидтэйгээ уулзах гэж байна.
“Маш их хүлээлт байгаа учир бага зэргийн айдас, сандралтай байна”
Тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр /2024.03.04/ УДБЭТ-т болж, ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо ирсэн сэтгэгдэл хийгээд тоглолтынхоо талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Эх орондоо ирээд сэтгэгдэл маш өндөр байна. Чамгүй олон жилийн дараа театрынхаа тайзан дээр гарах гэж байна. Театрынхаа тайзан дээр дуурьт гараагүй 6, 7 жил болжээ. Энд л би өсөж, бойжиж, уран бүтээлч болж уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Тоглолт маань сайхан болно гэдэгт итгэж байна. Маш их баярлаж сэтгэл догдолж байна. Театр маань сайхан сэтгэлээр хүлээж авч, бүгд эрвийх дэрвийхээрээ хичээж, өөдрөг сэтгэлээр хүлээж авч байгаад огшиж байна. Долоон жилийн дараа театрынхаа тайзан дээр дуулах нь нэг талаасаа маш сайхан. Гэвч билет маш хурдан зарагдаж, үзэгчдийн зүгээс маш их хүлээлт байгаа учир бага зэргийн айдас, сандралтай байна. Цаашдаа театрынхаа тайзан дээр өөр олон сайхан бүтээлүүдийг хүргэх бодолтой байна” гэлээ. Мөн тэрээр “Манай уран бүтээлчид маш их залуужсан байна. “Макбет” дуурийн сургуулилт хоёр дахь өдрөөсөө жигдрээд эхэлсэн. Байх ёстой темп, хэмжээ, характер, өнгө аяс бүх зүйл сайхан байсан. Тиймээс миний хувьд баяртай байгаа. “Макбет”-д дуулах болсон саналаа тавихдаа бүх зүйл бэлэн байгаа байх, хэн хэндээ хүндрэлгүй байхаар бодолцож сонгосон” хэмээсэн юм.
Хатагтай Макбетад Б.Энхнаран гоцолно
Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа Монголынхоо нэрийг дуурсгаж буй тэрээр эхний өдөр буюу гуравдугаар сарын 9-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран Ж.Вердийн "Макбет" дуурийг 2024 оны гуравдугаар сарын 9-ний өдөр толилуулна.
Ж.Вердийн “Макбет” дуурь нь дөрвөн бүлгээс бүрдэх ба дуурийн гол дүр болох Макбетад ардын жүжигчин Э.Амартүвшин, хатагтай Макбетад соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран, Банкод С.Бат-Эрдэнэ, Макдуфд М.Даваадорж, Мальколмд Г.Шижирболд, Фрейлинад (Дама) М.Дариймаа, Эмчид Э.Мөнхтөр, алуурчинд Э.Амарсайн, үйлчлэгч, зэвсэгчид Л.Пүрэвдорж, Дунканд /үггүй/ Л.Батбаатар нар гоцолно. Дуурийн найруулагчаар УДБЭТ-ьн ерөнхий найруулагч С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа, зураачаар О.Баярмагнай, УДБЭТ-ын гоцлол дуучид, симфони найрал хөгжим, найрал дуучид оролцоно.
1847 болон 1865 оны хувилбарыг нэгтгэсэн найруулгаар хүргэнэ
Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг "Макбет" (бүрэн нэр нь "Макбетийн эмгэнэл") нь Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолуудын ба хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдлийг эрэлхийлсэн хүний бие махбод, сэтгэл зүйд ямар хор уршигтайг тайзнаа харуулсан жүжиг юм.
Дуурийг үндэслэсэн түүх нь үзэгчдэд хачирхалтай байсан ч хайр дурлалгүй дуурь гэдгээрээ их онцлог аж. Макбет нь 1847 оны гуравдугаар сарын 14-нд “Театр делла Пергола” театрт нээлтээ хийсэн. Хоёр дахь хувилбарыг 1865 оны дөрөвдүгээр сарын 19-нд "Theatre Lyrique de Paris" тайзнаа тавьжээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 60 жилийн ойн босгон дээрээ буюу өнгөрөгч 2023 онд дэлхийн алдарт “Макбет” дуурийг үзэгчдэдээ хүргэсэн бөгөөд Ж.Вердийн “Макбет” дуурийн найруулагчаар УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга ажиллаж, 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30, тавдугаар сарын 6, 7-нд тайзнаа амилуулсан. Тэрээр энэхүү бүтээлийг 1847 болон 1865 оны хувилбарыг нэгтгэсэн найруулгаар үзэгчдэд хүргэснээрээ онцлог юм.
Ардын жүжигчин Э.Амартүвшиний хувьд
Гала концертод гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга нар оролцоно
Ардын жүжигчин Э.Амартүвшин “Макбет” дуурьд гоцолсныхоо маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдөр УДБЭТ-ын шилдэг уран бүтээлчидтэй хамтран “Gala Concert” тоглолтыг толилуулна. Энэхүү тоглолтод гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга нар оролцох бөгөөд удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир ажиллах юм. Э.Амартүвшингийн Монголд дахь тоглолтын зохион байгуулагчаар “Mongol Events” ажиллаж буй.
“GALA CONCERT” тоглолтын хөтөлбөр
1.Р.Леонкавалло “Pagliacci” дуурийн удиртгал-УДБЭТ-ын симфони найрал хөгжим
2.Р.Леонкавалло “Pagliacci” дуурийн пролог-ардын жүжигчин Э.Амартүвшин
3. Ж.Верди “Травиата” дуурийн Жорж Жермоны ари-ардын жүжигчин Э.Амартүвшин
4. Ж.Бизе “Кармен” Дон Хозегийн ари-УДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир
5. Ж.Верди “Аида” дуурийн Аидагийн ари-УДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг
6. Ж.Верди “Аида” дуурийн Амонасро Аида нарийн хоршил-Ардын жүжигчин Э.Амартүвшин, УДБЭТ-ын дуурийн гоцлооч, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг
7. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн адажио-УДБЭТ-ын симфони найрал хөгжим
8. Төрийн шагналт Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари Ардын жүжигчин Э.Амартүвшин
9. Ж.Вердийн “Трубадур” дуурийн Леонорагийн ари “Tacea la note placida”-УДБЭТ-ын дуурийн гоцлооч, гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа
10. Ж.Верди “Трубадур” дуурийн Ди Луна болон Леонора нарын хоршил-Ардын жүжигчин Э.Амартүвшин, УДБЭТ-ын дуурийн гоцлооч, М Б.Эрдэнэтуяа
11. Умберто Жордано “Андре Шенье” дуурийн Жерарын ари «The Lyric’s Oscars» шилдэг баритон, МУАЖ Э.Амартүвшин
12. Ж.Верди “Риголетто” дуурийн Жильдагийн ари ДБЭТ-ын дуурийн гоцлооч, МУГЖ Ө.Уянга
13. Ж.Верди “Риголетто” дуурийн Риголетто Жильдагийн нарын хоршил-Ардын жүжигчин Э.Амартүвшин, УДБЭТ-ын дуурийн гоцлооч, гавьяат жүжигчин Ө.Уянга
14. Ж.Верди “Макбет” дуурийн Макбетын ари-Э.Амартүвшин
15. Ж.Пуччини “Турандот” дуурийн “Nessun dorma”-Тоглолтод оролцсон бүх уран бүтээлчид, УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим
Сонирхуулахад, гала тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн адажио багтсан бөгөөд энэхүү адажио нь ардын жүжигчин Э.Амартүвшингийн хамгийн сонсох дуртай аялгуу учир хөтөлбөрт багтаахыг хүсэж, ийнхүү оруулжээ.