2024-03-28
Бид ч гэсэн амьдралтай
Хандив гуйгсдын хүрээ улам л тэлж, өдрөөс өдөрт, цагаас цагт илүү олуулаа болж байна. “Наба нь нутаг буцах боллоо. Мөнгө өгөөч”, “Осоржамаа нь шартаад үхлээ. Ганц юмны мөнгө өгөөч”, “Сургуулийн 80 жил боллоо.
Боловсрол эзэмшсэн юм бол хандив хайрлаач”, “Сумын, аймгийн 100 жил боллоо. Өсөж төрж, өдий зэрэгт хүн болсон юм бол таван цаас өгөөч”, “Ядруу амьдралтай нэгэн байна. Гэр аваад өгчихье”, “Өрх толгойлсон аав, ээж нялх хүүхэдтэйгээ зовж явна. Үр үндэстэй л байлгүй халуун гараа сунгаач”, “Эх орныхоо сайхан ирээдүйн төлөө тэмцэж жагсаж байна. Ирж жагсаж чадахгүй юм бол халуун хоол, ундааны мөнгөөр дэмнээч”, “Улс төрд та нарыг төлөөлөх гэж байна. Дэвшигчдээ мөнгө хайрлаач”, “Идэж буй хүнснийх нь аюултай, аюулгүйг нь судалж байна. Дэм хайрлаач”, “Монголын баялаг, өв соёл үгүй боллоо. Малчдадаа туслая” гэх мэтчилэнгээр үргэлжилсээр. Хандиваа гуйхдаа уйлна, гуйна, загнана, хараана, ерөөнө, доромжилно.
Өгөх нь өгч, өгөхгүй нь дуугүй байж, үлдсэн зарим нь эсэргүүцнэ. Эсэргүүцсэн заримыг нь элэглэнэ. Уг нь өгөхгүй байх эрхтэй, өгөх албагүй. Тэд амьдрах гэж зүдэж буй бол бид ч гэсэн энэ амьдралд бүтээх гээд бүдчиж явна.
Хандивлахад учир бий...
Монголд эмчлэгдэх боломжгүй, эмчилгээний зардал нь хэдэн зуун саяар хэмжигдэж, амь нас нь дээсэн дөрөөн дэнжигнэж буй, хүнд өвчтэй нэгэнд халуун гараа сунгах нь сайн хэрэг. Учир нь, тэд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж, орон байр, унах унаагаа зарж, зээлэх боломжтой бүхнээс зээлсэн ч хэдэн зуун саяын ард яагаад ч гарч чаддаггүй нь үнэн. Тиймээс туслах гэсэн сэтгэл байвал хандив өгөхөд буруудахгүй. Харин дээр дурдсан бүхэнд хандив өгөөд байх нь “Ажил хийхгүй ч гэсэн хандиваар амьдарч болдог юм байна” гэсэн сэтгэхүйг хойч үедээ суулгаж байна.
Сайд нь хүртэл хандиваар оноо авдаг
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Этүгэн” багийн тоглогч О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаад 2019 онд хорвоог орхисон. Түүнд халуун сэтгэлт монголчууд гараа сунгасан ч амийг аварч чадаагүй. Тухайн үед Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сагсчин О.Дөлгөөнд хувиасаа нэг сая төгрөг хандивлаж байлаа. Энэ нь чухамдаа хандивт гараа сунгасан гэхээсээ илүүтэй нийгэмд хүчтэй давлагаа өрнөж байсан учир сайд асан оноо авах гэсэн л хэрэг. Харин үүний оронд Монголд эмчлэгдэхгүй өвчний жагсаалтыг ганц, хоёроор ч болов цөөлж, гаднын улсад эмчлүүлж буй иргэддээ тав биш ядаж 10 саяыг олгуулах асуудлыг л шийдэх нь чухал байсан мэт. Үгүй дээ л элэгний өвчлөл, хавдар нас баралтыг бууруулах нэг алхам хийсэн бол Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл болоод нас баралтаар дэлхийд тасархай тэргүүлэхгүй байлаа.
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй түшээ бүр Д.Сарангэрэл сайдын жишгээр хорт хавдартай бүхэнд нэг сая төгрөг хандивладаг бол ам.долларын саятан байгаад ч бүгдэд нь өгч хүрэлцэхээргүй олон хүн хавдраар өвчилж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв
"ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна."
Гадагшаа эмчлүүлэх ажилд одоо л дэвшил гарч, манай улсад эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалтын хоёр өвчин саяхан хасагдлаа. Мөн Монгол Улсад эмчлэх боломжгүй, зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө таван хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20, хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгох боломж бүрдүүлээд байна.
Хэнийг, хэдэн байртай болгох вэ
Хандив, тусламж нийгэмд гаарахын хэрээр өөгшүүлж буй, бас хамгийн их ашиглуулж буй салбар нь хэвлэл мэдээллийн салбар боллоо. Ялангуяа мэдээллийн сайтууд мэдээ, мэдээллийн чанар, чансаа, агуулгааараа бус хэнийг хэдэн байртай болгох вэ гэдгээрээ уралдаад байх шиг. Өвчтэй нэгэнд туслахыг уриалдаг байсан бол одоо өрх толгойлсон аавуудыг байртай болгохоор төрөлжсөн шиг харагдана.
Хамгийн сүүлд гэхэд мэдээллийн нэгэн сайтад ээж нь охиноо хоёр сартайд нь орхиод явсан залууг урьж, өргөө цагаан гэртэй болгох тусламж өрнүүлж эхэллээ. Аав, охин хоёр нийтийн байраа хоёрдугаар сарын 29-нд суллах ёстой болсон бөгөөд Монголын ард түмнээсээ жижигхэн цагаан гэртэй болъё гэсэн хүсэлтэй байгааг нь уламжиллаа. Охины аав Э.Ц “Аавтайгаа усны дусал мэт ижилхэн охиноо асрамжийн газарт өгч чадахгүй юм билээ. Гэхдээ охиноо харж суугаад, ямар ч орлогогүй, сүү нь хүртэл тасарлаа. Өмнө нь ээжийнхээ тэтгэврийн зээлээр түрээсээ өгч, найзуудаасаа сүүний мөнгө залгуулдаг байсан. Өөрийн гэртэй бол тэрийгээ арчлаад аваад явна гэж бодож байна” хэмээн гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Ай амьдрал минь” хэмээх эгшиглэнт аялгуунд өгүүллээ. Сэтгүүлч амьдардаг өрөө нь умгар хэмээн тодотгож, ээж нь эргэж хараагүй тухай ч өгүүлжээ. Уг нь тэр залуугийн байгаа байдлыг харвал эрүүл саруул, эрхтэн бүтэн, ажил хөдөлмөр хийх чадвартай харагдана. Хэсэгхэн хугацаанд ээж болон ах дүү, хамаатан, садан, эсвэл асрамжийн газар өгөөд хөдөлмөрчихвөл өргөө цагаан гэрээ өөрөө өлхөн авчихмаар л харагдана. Хэрвээ энэ залууг монголчууд гэр оронтой болгочихвол дараагийн нэг өрх толгойлсон аав гараад л ирнэ. Мэдээллийн сайтуудын хувьд давалгаалж буй сайн үйлсийн хандив өрөөлд ч тустай, өөрсдийнх нь хандалтад ч дэмтэй байж мэдэх. Гэвч нийгэмд хүчтэй нөлөөлөх үүргээ буруугаар ашиглуулах нь эргээд нийгэмдээ асар хортой зүйл юм.
МУБИС-ийн ректор, сэтгүүл зүй судлаач, профессор Ж.Батбаатар
"Сэтгүүл зүй, хэвлэл шүүн таслах байгууллага шиг байж болохгүй. Бас Улаан загалмай нийгэмлэгийн үүргийг ч гүйцэтгэх хэрэггүй. Ийм хэтэрхийллүүд уртдаа ардчилсан нийгэм, чөлөөт хэвлэлийн институцэд л хортой. Ер нь хэвлэл мэдээлэл нэр хүндтэй байх, сүрхий нөлөөлөгч байх гэхээсээ илүү үндсэн үүргээ гүйцэтгэдэг байх нь чухал. Тэр нь илчлэн шүүмжилдэг, шүгэл үлээдэг, олон нийтийн дуу хоолойг сонсдог, нийгэмд хүргэдэг чөлөөт хэвлэлийн үндсэн үүргээ биелүүлэх юм. Тэгэхгүй бол ийм гажуудсан хандлага түгээмэл болж, манай хэвлэл нэг тийм үүрэг, зорилгоосоо хазайсан унтаа эсвэл уянгалсан болчих тал байна. Өнөөдөр нийгмийн сүлжээний дэмжлэгтэйгээр сэтгүүл зүйг элдэв зорилгод хөтлөх, ашиг сонирхлын хэрэгсэл болгох явдал түгээмэл болчихлоо."
“Өр”-гүй завшигчид
“Хандивын залилан” хэмээх нэршилтэй залилангийн тусдаа хэрэг ч бий боллоо. Хамгийн сүүлд л гэхэд 2024 оны хоёрдугаар сарын 24-26-нд нийслэлийн нутаг дэвсгэрт малын өвс тэжээл худалдан авах зорилгоор бусдад их хэмжээний мөнгө залилуулсан гэх иргэдийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад А гэгч цахим орчинд хуурамч хаяг нээж, “Монгол Улсад зудын бодит эрсдэл бий болж хаваржилт хүндэрч байгаа энэ үед малчдад 300 сая төгрөгийн уураг тэжээл хандивлаж, 3000 малчны зээлийн хүү, төлөлтийг найман сараар хойшлуулав” гэх хуурамч зар мэдээллийг байршуулан иргэдээс 200 гаруй сая төгрөгийг залилсан байж болзошгүй үйлдлийг тогтоогоод байна.
2022 оны эхний таван сарын байдлаар 5523 залилах гэмт хэргийн 3618 буюу 65.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Харин үүний 754 буюу 20.8 хувь нь хандив тусламж авахаар цахим орчинд хандсан иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан байна. Хэргүүдийг тодруулбал,
-20 настай Л “Зүрхний тосгуур хоорондын цооролтой дүүгээ Солонгост эмчлүүлэх гэж байна” гэсэн постыг гурван өөр нэртэй хуурамч хаягаас цахим орчинд байршуулж, 150 удаагийн үйлдлээр таван сая төгрөг,
-Иргэн А “Миний хүү бурхан болчихлоо, сайхан сэтгэлт ард түмэн минь оршуулгын зардалд туслаач” гэсэн худал мэдээллийг цахимд оруулж, нэг сарын турш 229 хохирогчоос 115 сая төгрөг,
-Иргэн Э нь урьд өмнө нь ГССҮТийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдийн зургийг ашиглан “Миний хүү 80 хувийн түлэгдэлттэй, Турк улс руу яаралтай хагалгаанд явах шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт ард түмнээсээ тусламж хүсэж байна” гэх утгатай зар байрлуулж, 600 удаагийн үйлдлээр 10 гаруй сая төгрөг залилсан хэрэг гарчээ.
Мөн өрх толгойлсон эмэгтэй хүүхдэдээ хандив гуйж байхад Аав Э гэж данс тавин 280 сая төгрөгийг 588 хүнээс шилжүүлэн авсан хэрэг одоогоор Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй.
Хандив гуйж байгаа өвчтэй гэх хүнийх нь зураг мэдээлэл хуурамч, данс нь хэнийх вэ гэдгийг хэн ч шалгахгүй, сайхан сэтгэлээр гар сунгаж, хамгийн багадаа л 300- 500 хүн 5-50 мянган төгрөг шилжүүлдэг байна.
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Ц.Төгөлдөр
"Монголын ард түмний сайхан сэтгэл дээр дөрөөлөн цахим орчинд үйлдэгдэж байгаа залилангийн гэмт хэргийн өөр нэг хэлбэр нь “Хандив тусламжийн залилан мэхлэх гэмт хэрэг” юм. Хүний өвчин зовлонгийн хажуугаар худал мэдээлэл нийтэлж, хандив цуглуулах нэрийдлээр залилан хийдэг тохиолдол, гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна."
Тасардаггүй бас “ичдэггүй” хүсэлт
Олны танил уран бүтээлч, нөлөөлөгч, олон дагагч нартай хэн бүхний нэг толгойн өвчин нь хандивын хүсэлт болжээ. Өдөр бүр тасралтгүй хүсэлт ирж, өвдсөн зовсон, амьдрал хэцүү байгаа тухайгаа өгүүлдэг байна. Танил талын шугамаар ч цөөнгүй хүсэлт ирдэг байна.
Гэвч тэдний дургүйг хүргэсэн “ичдэггүй” гэж тодотгомоор хүсэлтүүд цөөнгүй ирдэг. Жишээлбэл, “IPhone 15 авах гэсэн юм туслаач”, “Хүүхдийн маань сүү дуусаад уйлаад байна. Памперсгүй болчихлоо”, “Приус 30 авах гэсэн урьдчилгаа дутчихлаа. Гурван сая төгрөг дутаад байна” гэх мэтчилэн хүсэлт ирдэг байна.
“Зэс” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэ
"Миний хоёр гар ажиллагаагүй. 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. Жирэмсний долоон сар хүртлээ тасралтгүй хөдөлмөрлөсөн. Төрөх бэлтгэлийнхээ мөнгийг өөрөө олсон. Төрөөд 14 хоноод ажилдаа орсон. Дандаа онлайнаар ажлаа хийдэг, ажлын байрыг бэлдэж чадсан. Тасралтгүй суралцсан. Одоо ч гэсэн суралцсаар л байгаа. Сургалтад маш их мөнгө төлдөг. Тэрнийхээ хэрээр олон улсад ажиллаж байна. “Хүүхдийн сүүний мөнгө байхгүй. 10, 20 мянгаар өгөөч” гэж надаас гуйх юм. Хохирогчийн энэ дүрээсээ салахгүй юм уу. Эрхтэн бүтэн, эрүүл саруул байж надаас мөнгө гуйхаасаа ичихгүй байна уу гэж асуумаар байна."
Нэвтрүүлэгч Д.Одзаяа
"Надад өдөрт 1000 орчим мессеж ирдэг. Үүний ихэнх нь хаанаас, хэдээр юу авсан бэ гэсэн агуулгатай байдаг ч сүүлийн жилүүдэд маш их ирж буй хүсэлт бол хандив тусламж гуйсан хүсэлт. Манай гэр бүлийн зүгээс уг нь чадахаараа туслаж, хандивийн тоглолтод ч олон оролцдог. Сайн үйлс хийхэд ч ажлынхаа хажуугаар заавал цаг гаргадаг. Одоо харин ганц хүний төлөө гэхээсээ олныг хамрах сайн үйлсийн аянд илүүтэй оролцож байна. Хамгийн сүүлд гэхэд малчдадаа туслах аян өрнүүлж, 90 гаруй сая төгрөгийн хандивыг босгож таван аймгийн малчдад хүргүүлсэн. Мөн “Зургаан сая төгрөг өгөөч. Боломжтой болохоороо өгье”, “Утас авах гэсэн юм. Хоёр сая төгрөг дутчихлаа туслаач” гэх хүсэлт хүртэл танихгүй хүмүүсээс ирдэг. Гэтэл би чинь бас өөрийн гэсэн ахуй амьдралтай хүн шүү дээ. Өнөөдрийн энэ амьдралдаа хүрэхийн тулд чадахаараа л хөдөлмөрлөсөөр ирсэн. Одоо ч нойроо умартан өдөрт 12-16 цаг тогтмол ажилласаар л байна. Тиймээс нэгдүгээрт гар хөл эрхтнүүд чинь бүрэн бүтэн бол хэнд ч гомдоллолгүй дуугай л хөдөлмөрлө. Хөдөлмөрийн үр шимээ хүртэх шиг амттай амьдрал гэж үгүй. Хоёрдугаарт, өвчин зовлон гэмтэл бэртэл хэзээ ч хэлж ирдэггүй хийсч ирдэг учир машинаа даатгуулж, оношлуулдаг шигээ эрүүл мэндийн даатгал заавал хийлгээрэй гэж уриалая."
“Хандивын аян” цагаандаа гарсны балаг одооноос ийнхүү гарч эхэллээ. Бэлэнчлэх сэтгэлгээтэй бүхэл бүтэн арми 100, 100-гаар эгнээгээ зузаатгаж байна. Тиймээс хандивлахдаа учиртай хандъя. Өөрийн олсон хэдээсээ өрөөлд илүүлчлэхдээ ухаантайхан шиг хандахгүй тусламж эрсэн бүхэнд гараа сунгаад байвал залхуу хойрго, ажил хийх дургүй, сэтгэн бүтээх чадваргүй, аз болон хандивт найддаг нийгмийг нийтээрээ бүтээх нь.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл