2024-10-29XXI зууныг тодотгож буй хиймэл оюун ухаан (AI) нь хүн төрөлхтний амьдралд асар их өөрчлөлт авчирч, бараг бүх салбарт хүч түрэн орж ирж буйг бид өдөр бүр харж байна.

Энэхүү технологи нь аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, бизнес, урлаг зэрэг салбаруудад олон шинэ боломжийг нээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, шинэ шийдлүүдийг гаргаж ирэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй.
Энэ дотор ChatGPT нь хиймэл оюун ухааны шинэ хувьсгалын нэгэн том илрэл болж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлж байна. Тэгвэл хүн бүхний анхаарлыг татах болсон дэвшилтэт өгөгдлийн талаар энэ удаагийн нийтлэлээрээ өгүүлье.
Хиймэл оюун ухааны шинэ хувьсгал
ChatGPT нь OpenAI-ийн боловсруулсан, хиймэл оюун ухаанд суурилсан чатбот бөгөөд хүний хэлийг ойлгон, амьд хүн шиг нарийн мэдрэмжээр харилцах чадвартай. Энэхүү чадварлаг систем өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд одоогоор 100 сая хэрэглэгчтэй болж, технологийн салбарт хүч түрж буй нэгэн том хувьсагч юм.
ChatGPT нь “Generative Pre-trained Trans former” (GPT) технологид тулгуурласан бөгөөд энэ нь олон төрлийн текстийн өгөгдлийг боловсруулж, хэрэглэгчдийн асуултад ухаалаг, тодорхой хариулт өгөх боломжийг олгодог. Үүгээр ч зогсохгүй, уг өгөгдөл нь хүнтэй гүн гүнзгий яриа өрнүүлэх чадвартай юм. Илүү ойлгомжтой жишээгээр тайлбарлая гэвэл, 2013 онд нээлтээ хийсэн “Her” киноны гол дүр болох хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн Samantha-тай илүү төстэй юм.
Киноны үйл явц дээр гардаг шиг хиймэл оюун ухаан нь хүний хэлийг гүнзгий ойлгон, түүний мэдрэмж, хүсэл тэмүүлэлд нийцсэн яриаг өрнүүлж чаддаг. Тэгвэл Chat GPT өнөөдөр яг уг киноны гол дүр болох Samantha шиг яриа өрнүүлэх чадвартай юм. Тэрээр хүнтэй нягт харилцаж, сэтгэл хөдлөл, бодол санааг нь ойлгож, нарийн гүнзгий яриа өрнүүлж чаддаг билээ. Үүгээрээ Chat GPT нь хэрэглэгчдийн сэтгэл зүй, хүсэл сонирхлыг дэмжиж, сонирхолтой, утга учиртай хариултуудыг санал болгох замаар харилцан яриаг өрнүүлэх чадвартай юм. Мөн энэхүү шинэлэг технологи нь олон сая мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар бусдын асуултад хариулт олж өгөх чадвартай. Түүний тусламжтайгаар бичвэр боловсруулах, санаа гаргах, өгөгдлийг системтэйгээр ангилах зэрэг олон даалгавруудыг богино хугацаанд гүйцэтгэж болох юм. ChatGPT-ийн давуу талаас дурдвал,
Цаг хэмнэх
ChatGPT-ийн тусламжтайгаар хэрэглэгчид олон асуултад шууд хариулт авах боломжтой. Энэ нь мэдээлэл хайх, судалгаа хийхэд зарцуулах цагийг ихээхэн хэмнэхэд тусалдаг.
Бичвэр боловсруулах
Бичвэр боловсруулахад ChatGPT нь санаа гаргах, зохиох, засварлахад дэмжлэг үзүүлж, зохиолчид, контент бүтээгчдэд зориулсан үнэтэй хэрэгсэл болдог.
Өгөгдөл ангилах
Өгөгдлийг системтэйгээр ангилах, дүн шинжилгээ хийхэд тусалдаг. Энэ нь судлаачид, мэргэжилтнүүдэд мэдээллийг хурдан асуудлыг боловсруулж, шийдвэрлэхэд хэрэгтэй мэдээллийг олоход дөхөм болдог.
Бодит байдалд нийцсэн хариулт өгөх
ChatGPT нь асуултын контекст, утга учрыг нарийн ойлгож, зөв шийдэл, хариулт гаргаж чаддаг. Энэ нь хэрэглэгчидтэй бодит цаг хугацаанд харилцан яриа өрнүүлэх боломжийг олгодог.
ChatGPT нь хэрэглэгчдийн цагийг хэмнэх, бүтээмжийг ажлын нэмэгдүүлэх, мэдээллийг системтэйгээр боловсруулах зэргээр дээр дурдсан олон эерэг арга замыг бидэнд нээж өгч байгаа ч дагаад сөрөг талууд бий болсоор байна. Тухайлбал, AI нь бидний найз эсвэл гэдэгт дайсан үнэлэлт уу дүгнэлт өгөх шаардлага одоо бидний өмнө тулгараад буй.
Сэтгэх чадваргүй ШИНЭ ҮЕ
AI технологи нь олон ажлыг автоматжуулах боломжийг олгодог. Үүний үр дүнд тодорхой мэргэжлийн ажилчдыг орлох, хянах боломжтой. Жишээлбэл, үйлдвэрлэлийн салбарт робот техникүүд ажилчдыг орлож, уламжлалт үйл явцыг автоматжуулж байгаа нь ажилгүйдлийг нэмэгдүүлэх эрсдэлийг үүсгэж буй. Жишээ нь хамгаалалтын системүүд нь харуулыг орлож байгаа бол технологийн салбарт IT инженерүүдийг хиймэл оюун ухаан орлож байна. Тухайлбал, AI-ийн тусламжтайгаар код бичих, системийн хөгжүүлэлт зэргийг хийж байгаа нь зарим салбарт том цохилт болж буй.
Түүнчлэн хиймэл оюун ухаан нь илүү ухаалаг болж өргөжих тусам энэ нь шинэ үеийнхэнд томоохон сорилт болж хувирсан. Жишээлбэл,Энэ нь боловсролын салбарт тодорхой асуудлуудыг үүсгэж, уламжлалт сургалтын аргачлалд нөлөөлж буйг судлаачид анхааруулж буй.
Сурагч, оюутнууд chatGPT зэрэг AI системүүдийг ашиглан даалгавраа хийх нь оюутнуудын суралцах үйл явцад сөргөөр нөлөөлөх болов.
АНУ-ын AICHEM судалгааны байгууллагаас явуулсан судалгаагаар сурагч, оюутнуудын 70 хувь нь ChatGPT ийг даалгавар, хичээлдээ ашигладаг гэж хариулжээ. Оюутнуудын хувьд ChatGPT-ийг бичвэр боловсруулах, илтгэл бичих, судалгаа хийхэд зориулан ашигладаг байна. Харин сурагчдын хувьд бие даалтаа хийж гүйцэтгэх, эсээ бичих зэрэгт туслах зорилгоор ашигладаг гэж хариулжээ.
Гэвч энэ нь тэдний бие даан суралцах, асуудлыг шийдвэрлэх чадварыг бууруулж байгааг тус судалгаанд дурдсан байна. Тухайлбал, хиймэл оюун ухааныг хэт их ашиглах нь оюутнууд, сурагчдын хувьд бие даан шийдвэр гаргах чадваргүй болох болон сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж буйг анхааруулжээ. Түүнчлэн аливаа зүйлд анализ хийх сэтгэлгээг буруулж байгаа нь шинэ үеийнхэнд ирээдүйд учрах том эрсдэлийг бий болгож буй юм. Иймээс зарим улс орнууд сурагчдыг өөрсдөөр нь сэтгэн бодуулж, аливаа текст, бичвэрийг боловсруулах даалгавар өгч, шалгах зэргээр арга хэмжээ авч байна.
Илүү тодруулбал, боловсролын байгууллагууд сүүлийн жилүүдэд AI-тэй холбоотой шийдлүүдийг нэвтрүүлж, сурагчид AI-ийг хэрхэн ашиглаж буйг хянах зориулалттай программ хангамжийг ашиглах болсон.
Эдгээр программууд нь AI-ийн бүтээсэн контентыг илрүүлэх, анализ хийх чадвартай юм. Ингэснээр сурагчдын өөрөө сэтгэн бодох, шинэлэг санааг олж харах зэрэг чадварт үнэлэлт, дүгнэлт өгч, ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалж буй.
Эцэст нь AI технологи бидний амьдралын нэг хэсэг болсон нь маргаангүй үнэн. Гэвч эерэг, сөрөг нөлөөг харгалзан үзэж эдгээрийг тэнцвэржүүлэх нь чухал юм. Суралцах үйл явцыг дэмжихийн тулд оюутнуудын анализ хийх, бүтээлч сэтгэлгээний чадварыг хөгжүүлэхэд AI-ийг хариуцлагатайгаар ашиглахад анхаарах шаардлагатай билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл