2011-02-15Дуучин Д.Сарангуа “Нигүүлсэхүйн залбирал” нэртэй тоглолтоо хийх гээд тун завгүй явна. Хэдэн жилийн өмнөөс

бурхны шашинтай “нэр холбогдсон” тэрбээр этник жанрыг анх Монголын ард түмэндээ таниулсан гавьяатан. Үргэлжид бусдаас өөр байж, шинийг эрэлхийлж байдаг түүнийг “Уран бүтээлч” буландаа урьсан юм.
-Дуучин Сарангуа их удаан тайз болоод сонин хэвлэлээс хол байлаа. Хаагуур юу хийгээд яваад байна даа. Сүүлийн үеийн сонин сайхнаас чинь яриагаа эхэлье?
-Би 2009 оны зургаадугаар сарын есөнд буюу бурхан багшийн дүйчин өдөр Гандантэгчилэн хийдийн лам хуваргуудтайгаа хамтран “Аялгуут залбирал” нэртэй бурхан багшийн магтуу тоглолтоо хийж байлаа. Үнэхээр тэр цагаас хойш монголчуудтайгаа уулзаагүй юм байна. 8000 төгрөгийн үнэтэй энэ тоглолтыг маань хүмүүс маш сайхан хүлээж авсан. Бүр ганц ч суудал хоосон байгаагүй. 8000 төгрөгт бүр ахдахаар сайхан тоглолт боллоо гэж хэлж байсан ч хүн бий. Гадаадын нэг хүн “Google”-ээр үзчихээд “Лас-Вегасын тоглолтыг үзсэн юм шиг боллоо” гэж дор нь сэтгэгдэл үлдээсэн байсан. Үнэхээр би хүн бүрд сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд бүх зүйл дээрээ анхаарсан.
Үүний маань үр дүн гарсан гэж бодож байгаа. Харин үүнээс хойш чимээгүй алга боллоо гэсэн шүүмжлэлийг хүмүүсээс их авч байгаа. Үнэндээ би чимээгүй алга болоогүй л дээ. Шашин болоод урлагийнхаа шугамаар гадаадаар их явлаа. Хийд сүмийн нээлт, шашны дуу бүжгийн фестиваль гээд л олон арга хэмжээнд оролцлоо. Өнгөрсөн жил миний хувьд их олзуурхууштай жил байсан. Хэдийгээр гарт баригдахаар, нүдэнд харагдахаар уран бүтээл хийгээгүй ч гэсэн нэлээд олон газраар явж тоглолт хийсэн. Тодотгож хэлэхэд өнгөрсөн жилийн цагаан сараар морины Г.Батбаяр ахтай хамтраад Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа тоглолтоо сонирхуулсан.
Би 1990-ээд оны сүүлээр ард түмнээ байлдан дагуулж байсан ардын дуунуудаа дуулсан бол Батбаяр ах олон сайхан морины дуугаа дуулсан. Хүмүүсийг үнэхээр шуугиулж байгаад ирсэн дээ. Фенүүд маань намайг хаана ч явсан “Сарангуа би чамд хайртай” гэж хэлдэг. Солонгост байгаа монголчууд ч гэсэн тоглолтын үеэр бас тэгж хашгирч байсан./инээв/ Солонгост байгаа бараг бүх монгол хүнтэй хамт зургаа авахуулсан. Хүн бүртэй авахуулсан миний зураг солонгосоор нэг байгаа байх шүү.
-Хоёр жил шахам гадаадаар тоглолт хийгээд эх орондоо байгаа фенүүдээ хүлээлтийн байдалд байлгалаа. Одоо нэг суурин байх юм байгаа биз дээ?
-Тиймээ. Энэ жил миний ивээл жил. Тиймээс суурин байж, хийнэ гэж төлөвлөсөн ажлуудаа бүгдийг хийнэ гэж бодож байгаа. Хамгийн эхний уран бүтээлээ энэ сарын 18-нд хийхээр төлөвлөсөн. Жил бүрийн цагаан сарын шинийн 1-15-ны өдөр бурхан багшийн рид хувилгааны дүр үзүүлсэн цаг тохиодог гэж үздэг шүү дээ. Энэ өдрүүдийн хамгийн чухал өдөр буюу бүх буянаа хураах сүүлийн өдөр болох шинийн 15-нд UB паласын концертын их танхимд “Нигүүлсэхүйн залбирал” нэртэй шашин урлагийн их магтуу тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа.
Цаг хугацаа тулж байгаа учраас завгүй л гүйж явна. Энэ тоглолт маань түрүү түрүүчийн тоглолтоосоо илүү их өргөн цар хүрээтэй болох болно. Ерөнхий зохион байгуулагчаар нь Худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байна. “Сод монгол”, “Номин электроникс”, “АПУ”, “Очир ундраа” зэрэг олон компани ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. Миний хувьд энэ тоглолтынхоо тайз засал дээр нэлээд анхаарч байгаа. Ер нь энэ тоглолтыг үзсэн хүн бүрт бурхны оронд очоод ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхийг хүчээж байна. “Нигүүлэхүйн залбирал” тоглолтонд маань “Сарны чулуу”, “Түмэн эх”, ТЗДБЧ-ууд оролцоно. Түүнчлэн УДЭТ-ын жүжигчид “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийнхээ оргил хэсгээс сонирхуулна.
Уламжлал ёсоор Гандантэгчлэн хийдийн лам хуваргууд ирсэн зочдод маань зориулж “Ерөөл буяны ном” айлдах болно. Буддын шашны орой болсон хүчирхэг олон бурхадын магтаал залбиралууд энэ өдөр эгшиглэнэ. Ерөөс энэ тоглолт нь монголчуудын тахиж шүтэж ирсэн уламжлалт буддын шашныг олон нийтэд ялангуяа залуучуудад урлагаар дамжуулан сурталчлах шашны нэр нөлөөг өргөх зорилготой. Түүнээс гадна эх дэлхий, сав ертөнц болон бурхан шүтээндээ дуун тахил өргөх ёслол гэж би тодорхойлж байгаа.
-Эх дэлхий сав ертөнцөд дуун цацал өргөх ёслол гэнээ?
-Тиймээ. Эх дэлхий сав ертөнц, хүн төрөлхтөн маань шим ертөнц. Энэ хоёр ертөнц салшгүй холбоотой. Хүн сайн үйл хийж буян их үйлдэж явбал сав ертөнц буюу эх дэлхий маань амар амгалан байна гэсэн үг. Байгаль дэлхийдээ хорлолтой муу үйл хийвэл бүх сав ертөнц муудахын зэрэгцээ ирээдүйн төрөлдөө муу тааламжгүй орон газар төрөхийн үр дагаврыг амсдаг гэдэг. Хүн уул усны эзэд буюу байгаль дэлхийгээ хөнөөхгүй байх юм бол байгаль дэлхий нь хүн төрөлхтөндөө ээнэгшиж амар жаргалтай байх нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Тиймээс монголчууд бидний уугуул соёлыг уламжлалт бурхан шашнаас салангад авч үзэж боломжгүй. Бурхан шашнаа сүслэн дээдэлснээр дэлхийтэйгээ зөв харьцах ухааныг олж авна гэсэн үг. Дэлхий сав ертөнцөд маань цаг бусын байгалийн гамшиг уул усны үер, ган гачиг, цөлжилт, үсгүйдэлийн аюул нүүрлэхээс нигүүлсэхүйн залбирал аврал эрж монголчууд бид олноороо цуглаж ерөөл буянаа хуран бурхан шашны сургууль болон бурхны шашинд гайхамшигтай сайхан шийдэл өгдөг эдамуудыг магтан дуулах цаг хэдийнэ болсон. Тиймээс би байгаль экологидоо санаа зовж явдгийн үүднээс энэ тоглолтыг хийхээр болсон.
-Юм бүгдийг энэрэн нигүүлсэх учиртай гэдэг үүднээс “Нигүүлсэхүйн залбирал” гэдэг нэр өгсөн байх нь ээ?
-“Нигүүлсэхүйн залбирал” гэдэг нь зовлон ба зовлонгийн үндэс саар бүхнийг арилгах амьтан бүхэн ертөнц дэлхийг амар амгалан байлгах чин зоригт сэтгэлийн залбирал юм. Тэгэхээр хүн төрөлхтөн шашнаар дамжуулж дэлхийн сав ертөнцөө хайрлан хүндэлж байгаа хэрэг. Ийм сайн үйлийн төлөөх тоглолт учраас Худалдаа аж үйлдвэрийн танхим болоод бусад компаниуд ивээн тэтгэж байгаа.
-Шашны номлолтой амьдрал уран бүтээлээ холбосон уран бүтээлчийн сэтгэлийг байгаль экологийн асуудал хэдийнээс эхлэн зовоох болов?
-Уучлаарай энэ асуултанд хариулахаас өмнө нэг зүйлийг тодруулчихъя. Миний энэ тоглолт хоёр хэсгээс бүрдэж байгаа. Шашин болон ардын дуунаас гээд. Ардын дууг маань ч гэсэн хүмүүс их сайхан хүлээж авдаг учраас энэ тоглолтдоо бас оруулсан. “Хөсөгтөн”, “Шуранхай” хамтлагууд ч бас оролцоно. Ерөөсөө энэ тоглолт маань 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Одоо харин чиний асуултанд оръё. Байгаль экологийн асуудал үргэлж миний сэтгэлийг зовоодог. Үнэн ч юм уу худал ч юмуу хүмүүсийн дунд 2012 онд дэлхий сүйрнэ гэсэн яриа гараад байгаа.
Энэ яриа миний сэтгэлийг маш их эмзэглүүлж байгаа. Ер нь ирэх онд их бага хэмжээгээр муу юм болно гэж эрдэмтэн судлаачид үзээд байгаа гэсэн. Тиймээс монголчууд бид буян номоо шүтэж байвал тэрхүү гай барцад биднээс холуур өнгөрнө биз дээ. Ер нь байгаль дэлхийтэйгээ хүн зөв зохистой харьцсанаар бидэнд үр өгөөжөө хайрална гэдгийг хүн бүр бодож байх хэрэгтэй. Тэгж байж амар амгалан байна гэж би боддог.
-Уран бүтээлдээ энэ байдлаа яаж тусгаж байгаа вэ?
-Бурхадыг магтан залбирал өргөсний хүчээр бидний оршин байгаа газар орон өвчин зовлон үгүйрэл хэрүүлээс ангид байж, төр шашины өлзий буян арвижих байх гэж бодож байгаа. Тиймээс өөрийнхөө дуулдаг бүх бурхадын магтаалаа энэ өдөр дуулах болно.
-Шашныг урлагтай холбоход гол гүүр болж байгаа хүн Сарангуа. Өөрөө энэ хоёрыг холбоод нэлээд хэдэн жил боллоо. Шашинг урлагтай холбосны үр дүн нь өөрт чинь мэдрэгдэж байна уу?
-Шашин судлаачид болон лам нар үр дүнг нь хэлэх байх. Маш эртнээс улбаатай гүр дууг л би арай өөр хэлбэрт оруулан би үргэлжлүүлж байгаа юм шүү дээ. Тиймээс шинээр зохиочихсон юм биш. Яахав олон жил дуулагдахгүй байсан гүр дууг урлагтай холбосон нь миний гавьяа байх. Ерөөсөө шашны сургааль номыг урлагтай холбон дуу болгон шашинг ард түмэнд маш энгийнээр ойлгуулахад би зохих хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Анзаараад байхад миний дуунуудыг олон айл өрх гэрийнхээ хойморт залдаг юм билээ.
-Шашинг урлагтай холбосон нь маш зөв зүйтэй байжээ гэж бодож байв уу?
-Би санваартан, лам, хуварга биш шүү дээ. Хүмүүс тэгж бодоод байдаг шиг байгаа юм. Сарангуа лам хуварга санваартан юм билээ гэж. Гэхдээ хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлж чадаж байна гэдэг чинь миний уран бүтээл үнэн зөв байсан гэсэн үг. Тиймдээ хүмүүс намайг санваартан эсвэл гэлэнмаа гэж боддог байх. Ямарч гэсэн миний олон жилийн өмнөөс хүсч мөрөөдөж байсан бодол минь бага багаар биелж байна. Бурхан шашинд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарцуулсны маань үр дүн гарч байгаа гэж би боддог. Бас түүнийг анзаардаг.
-Сарангуаг бурхан өөрийнхөө элч дуучин болгон хүн төрөлхтөн рүү илгээсэн юм биш байгаа гэсэн бодол гэнэт харван орж ирлээ. Энэ талаар?
-Тэр нь ч юу юм бэ. АНУ-д төвтэй Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс надад “Гандарийн өргөмжлөлт дуучин” гэсэн өргөмжлөл гардуулсан. Тэрийг нь орчуулахаар тэнгэрийн аймгийн эгшиглэнт дуучин гэсэн утгатай юм билээ. Ер хүмүүс шашны холбогдолтой дуу дуулаад эхэлсэн үед бурхны дууч гэдэг нэр хайрласан дараа нь Монголын бурхан шашны их дууч гэж хэлэгдэх болсон.
-Хүмүүс Сарангуа өөрөө Гэлэнмаа юм биш үү гэж хэлдэг гэж түрүүнд ярьсан. Магадгүй хэзээ нэгэн цагт сахил хүртчихсэн, гэлэнмаа болчихсон явах юм биш биз дээ?
-Үгүй байх л гэж найдаж байна. Гэхдээ миний өөрийн уран бүтээл намайг шашин руу гүн гүнзгий оруулдаг. Би зүгээр л бэлэн үг хараад дуулаад яваад байдаггүй. Тэр бүгдийг судалж мэдсний үүднээс уран бүтээл хийдэг. Ер нь яах аргагүй шашны цаад утгыг гүн гүнзгий сургаал үгийг нь мэдэх шаардлага гардаг. Тийм ч учраас энэ уран бүтээлийг хийж байгаа. Энэ үүднээсээ шашинтай сэтгэл зүрхээ холбож байгаа.
-Ингэхэд өөрөө хэр залбирдаг вэ?
-Би 10-аад жилийн өмнө ерөөсөө бурхан шүтлэггүй байлаа. Гэрт маань бурхан багш байдаг байсан л даа. Бурхан багш хүсэл мөрөөдлийг минь сонсохгүй байна гээд уйлж байсан удаатай. Харин бурхан шашинг урлагтай холбож гүн гүнзгий утга учрыг нь мэддэг болсноос хойш маш их шүтлэгтэй болсон. Одоо бол шаггүй шүтлэгтэй. Авшиг хүртээгүй ч гэсэн өөрөө өөртөө зориулж тарни уншчихна. Зарим хүмүүс гадуур явахаар миний өмнө ирээд мөргөөд зогчихдог.
-Бас ч гэж чамгүй уран бүтээл хийчихсэн, хүмүүст тодорхой хэмжээгээр танигдчихсан хэд хэдэн хүнээс би “Та од мөн үү?” гэж асууж байсан. Танаас ч гэсэн энэ асуултыг асууя?
-Үгүй би од биш. Би их энгийн хүн. Энгийн амьдралд дуртай. Ямар ч хүнтэй яг адилхан харьдаг. Манай аав багаас минь надад энэ үзлийг шингээсэн.
-Шашны дуу дуулах санаа анх хэрхэн төрөв гэдгийг асуугаасай гэж бодож байгаа хүн байгаа байх. Аавыгаа алдчихаад гандан хийдээр явж байхдаа энэ санаагаа олсон гэдэг байх аа?
-Тиймээ аав маань 2002 онд өөд болсон юм. Тэгээд буян номын ажлаар гандан хийдээр явж байгаад энэ санааг олж харсан. Өөрөөр хэлбэл лам нарын ном уншиж байгаа хүнгэнэсэн дуу надад ямар нэгэн хөгжимлөг ертөнцийг сонгосон гэх үү дээ. Тэгээд ч би бусдаас этгээд өвөрмөц юм хийх бодолтой хүн. Энэ санаа өөрийн минь тэрхүү этгээд бодолтой яв цав нийлсэн. Ингээд л 2002 онд шарын шашны сүлд дуу болох “Мэгзэм” дуугаа дуулж дахин шинэ Сарангуа болон тайзан дээр мэндэлж байлаа.
Х. Алтан
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”