2011-02-28SOS!
Ердөө ганцхан жилийн дотор Баянхонгор аймагт 538 хүн осол гэмтэл, өвчнөөс болж нас баржээ. Монгол хүн мөн л юм бол энэ тоог хараад хирдхийх учиртай. Хирдхийгээд зогсохгүй маш ихийг тунгаан бодож, монгол үндэстний ирээдүй хойчийн төлөө яг одоо дуу хоолойгоо гаргах цаг болжээ.
Дэлхийн хамгийн аюултай, үргэлжийн дайн байлдаантай бүс нутагт ч хүний амь ийн үрэгдэхгүй байна. Аллага хядлага салахаа байсан Афганистанд гэхэд л 2010 онд дайтагч талууд 800 гаруй хүнээ алдсан байх юм.
Гэтэл Монголд 2010 онд зөвхөн гэмт халдлагаас болж 1358 хүн амь үрэгдсэн болохыг харьцуулаад хар даа.
Үүн дээр өвчин, эмгэг, архи, хоолны хордлого, буруу эмчилгээ, салхи, шуурга, үер ус, цас зуднаас болж хорвоог орхиж байгаа олон монгол хүний тоо нэмэгдэнэ. Үр хөндөлтийг зөвш өөрсөн хуультай болсноос хойших 10 гаруй жилд хүний хосгүй тавиланд заяасан ч хорвоог харах хувьгүйгээр “устгагдсан” хагас сая илүү монгол хүний амь насыг бас нэмээд тооц.
Бид ингэтлээ бие биенээ тоохоо больсон, үхэл хагацалд дассан үндэстэн болсон юм гэж үү. Уг нь хоёр сая гаруйхан л гэдэгсэн биш бил үү. Хажуу дэргэд дайн байлдаан болж байгаагаас илүү хэдэн мянгаараа монгол хүн үхэж үрэгдэж байхад тэр хаа холын арабчуудын үймээн, самуун үхэлд гайхан цочиж, ач холбогдол өгөөд сууж байдаг бид үнэхээр тэнэг үндэстэн ч юм шиг.
Ганцхан аймгийн статистик тоон үзүүлэлтийг жишээ болгон дэлгээд үзье. Дээр дурдсан Баянхонгор аймагт 2010 онд 1874 хүүхэд төрсөн бол 538 хүн зөрөөд буцаж. Хамгийн гол нь насны эрхээр өтлөөд буцагсад биш ихэнх нь 17-50 насны цэл залуу, идэр насныхан, тэдний дотор 0-1 насны 50 хүүхэд эндсэн байх юм. Бусад аймаг хотуудад ч ялгаагүй жилд ийм тооны хүн гэнэт л байхгүй болчихож байна шүү дээ. Юунаас болж Монгол хүн ийн үрэгдэх, цагаасаа эрт хорвоогоос буцах болов оо. Бид нэг л тийм мөнгө ярьсан, шүтсэн үндэстэн болон хувирч байгаа юм биш биз.
Эцсийн эцэст өвөг дээдсийн яруу алдрын суу, сүр хүчийг илтгэсэн энэ нутаг дээр монгол хүн өөрөө байхгүй болох эмгэнэл ирэх юм биш байгаа. Бидний төрөлт буурч, үхэж хорогдох нь ихсэхийн хэрээр харь үндэстэн хятад, солонгос, япон, канад, америкчууд Монголоор нэг язганаж, одоо тэдэнгүй сум нутаг гэж үгүй болсон.
Хөвсгөлийн гүн тайга, Алтайн цаст уулс, Дорнын тал, Өмнийн говиор нэг тархсан гаднынхан аль эрт монгол генийг эрлийзжүүлээд эхэлснийг бид сайн мэднэ. Хүн ам зүйн асуудал бидэн шиг үндэстэнд амин чухал.
Угтаа бол алт, зэс нүүрснээс хавьгүй үнэ цэнэтэй, Төрийн хар хайрцагны чанд бодлого байх ёстой гэдэг атлаа хэрэг дээрээ ийм байж чаддаг бил үү. Ургын гаж төрөлт жилээс жилд нэмэгдээд байгааг эрх мэдэлтнүүд, холбогдох газрууд яагаад анхаарахгүй байна вэ? Яг үнэндээ уул уурхай дагаж шуурсан энэ хэдэн жилийн дотор монгол нутгийн ус, ургамал, хүн, мал хордсон гэдгийг жил бүр нэмэгдэх болсон гаж ураг нотлоно. Хонгор хордсон нь үнэн.
Өмнөговийн ихэнх сумдад “минамата”-гийнх шиг хөнөөл нүүрлэсэн нь ч үнэн. Үүнийг бичигч өөрийн нүдээр тэр гай гамшгийг харсан юм. Тэгээд бичсэн ч тэр нүдгүй, гэдэс доторгүй, гар хөлгүй, тагнай уруул цоорхой төрж байгаа монгол удмын тухайд ам нээхийг эрх мэдэлтнүүд хүсээгүй. Хүсээгүйгээр барахгүй нам дарах “операци” өрнүүлсэн. Яг Хонгорын асуудалд хандсан шигээ.
Гэвч хордсон монгол генийн аюул үргэлжилсээр байгааг Баянхонгорт өнгөрсөн жил ургын гажигтай төрөөд эндсэн есөн хүүхэд гэрчлэх буй за. Нуун дарагдуулаад өнгөрдөг болохоос Монголын бүх нутагт гаж ураг төрж байгаа. Хариуцлага хүлээхээсээ үхтлээ айдаг болсон бид үүнийхээ гай ланчигийг хэзээ нэгэн цагт амсана гэдэгт би эргэлздэггүй.
Зөөлөн суудал, өргөн ширээ, үргэлж хамт байхгүй өчүүхэн эрх мэдлийн дэргэд үндэстний эрх ашиг юу ч биш болсон цөвүүн цаг дуусах үед монгол нутаг дээр монгол хүн үлдсэн л байдаг байгаасай гэж залбирнам. Хүн ам зүйн бодлогын хүрээнд том хурал зөвлөгөөнийг цаг зав, мөнгө үрэн хийгээд байдаг сурагтай ч эндээс гарч байгаа үр дүн нь хаана байна бэ?
Дэвшүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоо ч мундахгүй атал ач холбогдол нь ямар болсныг тайлагнадаг, түүнийг сонсдог хүн, газар гэж манайд байна уу. Хүнээсээ илүү малдаа анхаарал тавьдаг Монгол Улсад яг үнэндээ мөхөж сөнөхийн гамшиг тулгарчихаад байгааг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ гэж бодном.
ДЭМБ-ын удаа дараагийн судалгаагаар хорт хавдрын өвчлөл хамгийн их улсаар Монгол “тодроод” удлаа. Энэ мэдээ үндэстний гутамшиг. Малаа цас зуданд эс үхүүлэх тухай л ярихаас биш, хорт хавдар Монголд ямар хүчтэй ноёрхож байгааг, үүнтэй тэмцэх талаар ярьж хэлэх, арга хэмжээ авдаг төр, засаггүй бид туйлын азгүй ард түмэн. Хорт хавдар хэмээх муу ёрын өвчнөөр хүүхэд өвдлөө гэж урьд өмнө дуулддаггүй байсныг ахмадуудаас зөндөө сонссон.
Тэгвэл энэ өвчин монгол хүнийг залуучлан сорчилдог болсныг, тэр ч бүү хэл эхээс төрсөн нялзрайд хүртэл үхлийн сүүдрээ тусгаж эхэлснийг тэд маань халаглан халаглан ярих боллоо. 10 мянган хүн тутмын 12 нь хорт хавдраар өвчилж байгаа гэсэн манайхны гаргасан статистик тоо байна. Гэхдээ үүнд итгэхэд хэцүү. Худлаа биз дээ, бараг.
Баянхонгорт 114, Говь-Алтайд 88 гээд хоёрхон аймагт өнгөрсөн онд 205 хүн зөвхөн элэгний хорт хавдар өвчнөөр мөнх бусыг үзүүлсэн байхад шүү дээ. Ийм юм бичихэд хэцүү ч хэдий болтол үнэнийг нуух билээ. 2009 онд 38.9 мянган хүн 32 төрлийн халдварт өвчнөөр өвдсөн бол 2010 онд 40 мянгад хүрчээ. Энэ бүхэн дуугүй байх ёстой, тэр тусмаа монголчуудад хамаагүй зүйл мөн байх уу? Бид залуусын орон гэдгээрээ хэчнээн жил бардамнаж явна даа.
Тэгвэл одоо үнэхээр хүүхэд залуус олонх нь байж чадаж байна уу гэдэгт би лав хувьдаа эргэлздэг болсон. Энэ талаар хэн ямар судалгаа хийснийг олж сонссонгүй ээ. Хүн ам зүйн бодлого туйлын дампууралд орж, хүүхэд залуус, идэр насныхан хэдэн зуугаараа хорвоог орхих болсон энэ цаг үед Монголыг залуусын орон гэхэд үнэхээр үнэмшилгүй санагддаг. Жилд 20 мянга, заримдаа 30 мянган урагт аборт хийж устгадаг болсон үндэстэнд ирээдүй байгаа гэж үү.
Хуулиар ийм олон хүнийг “цаазлан” устгадаг, цаана үлдсэн хэд нь өвчин зовлон, гэмт хэрэг, замын ослоор гудамжны нохойноос долоон дор хувь заяагаар гулдайчихаж байхад Монголд залуус байтугай хүн үлдэх магадлал алга болж байна. Хүн ам нь багтаж шингэхээ байж, бие биендээ ад үзэгдэх болсон Хятад, Энэтхэг биш шүү дээ. Өөрсдийгөө бид ямар арчаагүй үндэстэн болсноо саяхан болж өнгөрсөн хүн амын тооллогын дүнгээс ойлгох ёстой.
Малаа тэдэн сая толгой гээд яс тоолчихдог атлаа, хүнээ тоолж бас чадсангүй ээ. Бид одоо тэгээд хэдүүлээ юм бэ? Саяын тооллогоор зүгээр л нэг тойм тооны (хоёр сая 700 мянга гаруй гэх) сураг хэлээд өнгөрлөө. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн амын тоо нэмэгджээ гэж тэдний хэлсэн харин үнэн байх. Учир нь бүртгэлтэй бүртгэлгүй харийн иргэд ямар олон болсон билээ.
Монголчуудын ам бүл олон болсон уу, цөөн болсон уу гэдэгт бид туйлын нухацтай хандаж, үнэн бодит тоог гаргах шаардлагатай. Нийт хүн амын тал нь Улаанбаатарт шавсанаар олуулаа болсон мэт сэтгэгдэл заримд маань төрдөг байх. Хүн амын ийм механик өсөлтөөр тоймлон тэр хавьцаа байх шиг гэсэн тоо гаргаад сууна гэдэг дэндүү хайхрамжгүй, хариуцлагагүйн илэрхийлэл юм даа. Хүн амын үржилд орох насны залуучуудын дийлэнх нь гадаадад гарчихсан.
Тэдний түрүүч хэдийнэ харь улсын данстай, үр хүүхэд нь ч монгол хэл, монгол үндэстнээ мэдэхгүй өсөж нас биед хүрч байна. Охид бүсгүйчүүдийн хэчнээн нь харь эрийн гарын шүүс болж, биеэ үнэлэн буруу замаар будаа тээж явааг бүү мэд. Зүүн өмнөд Азийн бүх улс оронд ядарсан монгол охид бүсгүйчүүд тархсан байдгийг бид өөрсдөө байтугай дэлхий ертөнц мэддэг болсон. Гадаадад 300 мянган монгол гарсан гэдэг.
Тэд бүгд залуучууд, Харийнханд хөгшин хүн огтхон ч хэрэггүй. Гартаа бүлтэй, бие эрүүл, толгой нь сэтгэдэг, сэргэлэн, оюуны чадамж сайн болгоныг тэд шилж авдаг юм. Монгол хүний хамгийн шилмэл хэсэг болох 300 мянган залуус тэгэхээр харьд байна гэсэн үг. Хоёр сая гаруйхан бидний хувьд 300 мянга гэдэг маш том тоо. Энэ залуусыг эх оронд нь барих бодлого бидэнд байсан бол удмын сан маань ямар их хүчээр сэлбэгдэх байсан бол.
Яг үнэндээ залуусын маань амьдралдаа арчаагүй, дорой, биеийн эрүүл мэндээр тааруу, хүсэл тэмүүлэл ядруу хэсэг нь Монголдоо үлдсэн гэдэг үнэний хувьтай. Ингэж бичсэний төлөө дургүйцэх хүн захаас аван гарах байх л даа. Гээд яахав энэ тухай дийлэнх маань ярьцгаадаг. Төр, засгийн дорой бодлогын балаг энэ бөлгөө.
Хөгжсөн Монгол эх орон, хүчирхэг монгол хүний тухай бид ярьж эхэлсэн юм бол хүн ам зүйн бодлогоо шинэчлэх цаг болжээ. Өнөөдөр ядаж л аборт хийж хүн устгадаг хуулиасаа бид татгалзах хэрэгтэй байна. Ерөнхийлөгч маань хүртэл цаазлах хуулийн заалтаас татгалзах бодлого санаачилснаараа гадна дотнын дэмжлэг ямар ихээр хүлээв дээ.
Гэмт хэрэгтэнг цаазалж устгадаггүй Монгол Улс гэм зэмгүй нялх үрсдээ тэгвэл амьдрах эрхийг нь хуульчлан олгохоос юунд цаараглах билээ. “Өнөөдөр” сонин энэ бүхний төлөө нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэх болсны нэгэн учир энэ бөлгөө.
Эцэст нь өгүүлэхэд, төр, засаг нь хүнээ хайрладаггүй болчихоор иргэнийх нь үнэ цэнэ төлөгнөөс долоон дор болдог аж. Өдөр болгон монгол хүн үхэж үрэгдэж, алуулж байгаа тухай мэдээ огтхон ч тасардаггүйг би сайн мэднэ.
Сэтгүүлчид бид ийм мэдээнээс үнэнхүү халширдаг эмээдэг болсон. Монголд яг дайн болж байгаа юм шиг монгол хүн үрэгдэхийг сонсох маш хэцүү байдгийг төр, засгийн бодлого барьж суудаг монгол хүнд дуулгамаар байна. Монголчууд 500 биш 50, 60 жилийн дараа мөхөх аюулд орох вий дээ.
unuudur