2011-03-09ТАВАН ТОЛГОЙ ХААНА ЯВНА ВЭ?

Монгол Улсын Засгийн газар Таван толгойг ард түмний өмч хэмээн зарлаад зогсохгүй удахгүй тэднийг диваажинд аваачих гээд тамаа цайж байгаа гэнэ. Энэ ордын нөөцийг социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон. Одоогоор тогтоогдсон нүүрсний нөөц нь 6.5 тэрбум тонн. Үүнээс 1.5 тэрбум нь коксжсон нүүрс. Нийтдээ манай улсад 150 гаруй тэрбум тонн нүүрсний нөөц бий гэнэ. Энэ цаашид өсөх магадлал өндөр. Одоогоор дэлхийн нефтийн нөөц 50 жил гэдэг бол нүүрсний нөөц 250 жил хүрэлцээтэй. Ойрын ирээдүйд нүүрсний хэрэгцээ өсөн нэмэгдэх ба энэ хэрээр үнэ өснө.
Дэлхийн зах зээлд чулуун нүүрс 70-110, коксжсон нүүрс 250-300 ам.доллар болж байна. Таван толгойн одоогийн ба ирээдүйн үнийг энэ жишгээр тооцвол монголчуудад хангалттай хоол байгаа нь харагдана. УИХ анх Таван толгойг Монголын ард түмний өмч хэмээн зарласан. Дараа нь түүнийг ашиглахдаа Засгийн газарт эрх олгохоор шийдсэн. Хэрэв УИХ-ын мэдэлд байсан бол тус толгойг ард түмний мэдэлд байна гэж үзэж болно. Харин Засгийн газрын мэдэлд очсон тохиолдолд эрх баригчдын мэдэлд орсон болж таарна.
Тэр тусмаа Таван толгойн ашиглалт, олборлолтыг Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх эрх эдлэх нь хэдхэн сайдын мэдэлд орсон гэж хардахаас өөр замгүй болгоно. Өнөөдөр Таван толгойн ашиглах, олборлох эрхийн төлөө гадаадын болон дотоодын 15 компани эхний ээлжинд өрсөлдлөө.
Үүнд:
1. Шинхуа Энержи, Мицуи корпораци (БНХАУ, Япон),
2. "Монголын Алт" групп (Монгол Улс),
3. "Арсэлор Миттал лимитед" (Люксенбург),
4. "И-Тай" групп /Өвөрмонгол, БНХАУ/,
5. Пибоди Энержи (АНУ),
6. "Фортискю Металс" групп (Австрали),
7. Вале (Бразил),
8. "Оросын төмөр зам" нийгэмлэг (ОХУ), "Сумитомо", "Иточу", "Сожитц", "Марубени" группын хамтарсан консорциум (Япон),
9. "Корес" группээр ахлуулсан БНСУ-ын компаниудын нэгдэл,
10. "Мэско Стийл лимитед" (Энэтхэг),
11. Интернэшнл Коул Вентчур лимитед (Энэтхэг),
12. "Монголын автозамын нэгдэл" консорциум (Монгол),
13. "Экстрата" групп (Швейцари),
14. "Эрдос Чэнлон" групп (БНХАУ),
15. Сигнум Индастриал корпораци юм.
Харин хоёр дахь шатанд эдгээрээс зургаа нь шалгараад байгааг бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин шалгаруулалтын өмнө Таван толгойн орд хэний мэдэлд байгаа, гэрээ хэлцэл ямар шатанд явж байгаа тухай сонирхов.
"ЭРДЭНЭС МGL" ХУВИЙН КОМПАНИ УУ?
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооныхноос Таван толгойн гэрээ хэлцлийн ажил ямар шатандаа явж байгааг лавлавал "Тэр асуудал Эрдэнэс MGL дээр төвлөрч байгаа. ТӨХ-ны өмчийн хороо ч чухал үүрэгтэй" хэмээн хариуллаа. Харин "Эрдэнэс MGL" компаныхантай холбогдож хэд хэдэн хүн дамнасны эцэст Мөнхцэцэг гэх эмэгтэйтэй ярив.
-Таван толгойн хоёр дахь шалгаруулалт өнөөдөр явагдана гэсэн мэдээлэл байна. Энэ тухай хэнээс лавлаж болох вэ?
-Мэдэхгүй ээ. Ямар Таван толгойн шалгаруулалт вэ.
-Таван толгойг ашиглах компаниудын шалгаруулалт явагдаж байгаа биз дээ?
-Өө, би сайн мэдэхгүй байна.
-"Эрдэнэс MGL" компанийн утас мөн биз дээ?
-Мөн.
-Таван толгойн шалгаруулалт явагдаж байгааг мэдэх хүн байна уу, танайх хэвлэлийн төлөөлөгчтэй юу?
-Байдаг. Би байна л даа.
-Тэгээд Таван толгойн шалгаруулалт явагдаж байгааг мэддэггүй юм уу?
-Хэн юм бэ, чи? (Тэрээр уурсаж, би нэрээ хэлэв).
-Энэ тухай та өөрөө мэдэхгүй бол асуучих хүнийг холбож өгөөч.
-Энэ тухай Энэбиш дарга л хариу өгч чадна. Одоо Таван толгойд яваа.
Энэ бол ард түмний өмч гэгдэж байгаа Монголын хамгийн том ордуудыг хариуцаж байгаа компанийн хэвлэлийн төлөөлөгчийн яриа.
Харин дараа нь тус компанийн захирал Б.Энэбиштэй холбогдов.
-Таван толгойн хоёр дахь шалгаруулалт хэзээ болох вэ?
-Эхний шалгаруулалтаас үлдсэн компаниудыг урьсан байгаа. Одоо гэрээ, хэлцэл хийгдэнэ.
-Гэрээ хэзээ хийгдэх, хэн хийх, ямар шатанд явж байгаа тухай хэнээс мэдэж болох вэ?
-Төрийн өмчийн хороо, ажлын хэсгээс мэдэж болно
-Гол хэрэгжүүлэгч байгууллага болох танайх энэ тухай мэдээлэл байдаггүй юм уу?
-Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгаа. Тэрнээс асуухгүй юу. Би Таван толгойд явж байна.
Тэрээр ингэж хэлээд утсаа таслав.
ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫН ҮР ДҮН
Саяхан "Монголын Давос" хэмээн өргөмжлөгдсөн эдийн засгийн чуулган болсон. Эрх баригчид маш үр дүнтэй болсон тухай өдөр шөнөгүй телевизүүдээр сурталдаж байна. Харин иргэд хэнд, ямар ашиг авчирсан чуулган болсныг ойлгох гэж ядсаар. Уул уурхайн нийгмийн хариуцлага ил тод байдал гэх мэтийн хачин гоё үгнээс бүрдсэн илтгэлүүд тавигдсан. Хэрэв үр дүнтэй болсон бол Энэбиш захирал өнөөдөр энэ компаниудыг ийм шалгуураар шалгаруулаад, ийн болзол тавиад, ард түмэндээ ийм ашигтай ажиллах гэж байна гээд телевизээр маадайж суух байсан болов уу. Харамсалтай нь өнөөдөр хүлээлт үүсгэхээр барахгүй бухимдал төрүүлж мэдэх болчихоод байгаа нийгмийн хүлээлтийг тэрээр юман чинээ тоохгүй явна. Ард түмэн түүнд хадгалуулсан өөрийн өмчийн хувь заяаг л сонирхож байна. Түүнээс хэн ч сэтэрхий тэвнэ гуйгаагүй. Тэр тусмаа түүнийг өмчийн эзэн суугаад сагсуураад бай гэсэн хүн байгүй. Даян дэлхийн амьтныг хамж авчирч "Бид монголчуудыг жаргаах гэж байна" гэж хашгирчихаад, маргааш нь хумсаа нуусан муур шиг ард түмнээр тоглох нь эрхэм захирлын эрх биш. Яг ийм ийм үйл ажиллагааны технологиор Араб, Африкийн дарангуйлагч нар төрсөн түүх байдаг. Ядахнаа мэдээлэл өгч сурсан хүнээр Таван толгойг удирдуулах ёс суртахуун эрх баригчдад байхгүй байж болно. Харин ард түмэнд өмчөө хянах эрх байх ёстой.
Х.Баттөгс
/medee/