2011-05-02Монголын рок попын хөгжилд багагүй хувь нэмэр оруулж буй хэмээн үнэлэгддэг

“Гурван охин” хамтлаг энэ сарын дундуур бие даасан анхны тоглолтоо хийхээр бэлтгэлдээ гараад байгаа билээ. Тус хамтлагийн ахлагч Г.Анхмаатай ярилцлаа.
-Тоглолт болох гээд зав муутай явна уу?
-Монголын өдөр тутмын хэвлэлийн хамгийн шилдэг “Өнөөдөр” сонины уншигч, залууст энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэ өдрийг их удаан хүлээсэн. Анхмаа тус хамтлагийн гишүүн болсон өдрийг бид “Гурван охин” байгуулагдсан өдөр гэж тооцдог. Тэр өдрөөс хойш таван жил өнгөрчээ. Харин энэ пүрэв гаригт анхны бие даасан “Жинхэнэ хайр” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын найруулагчаар продюссер Н.Ононбат ах ажиллаж байгаа. Найруулагч өөрийн шийдлээр үзэгчдэд гайхалтай олон зүйлийг харуулна. Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүү “Зүрх чам руу” дуугаа хамтарч дуулна. “Гурван охин” хамтлагийн давуу талыг тоглолтын үеэр харуулна аа.
-“Жинхэнэ хайр” гэж нэрлэсний учир юу юм бол?
-Урлагт өгсөн бидний хайр чин сэтгэлийнх, жинхэнэ болохоор ингэж нэрлэж байгаа юм. Цомгийн маань нэр ч “Жинхэнэ хайр”.
-Тоглолтод балетийн үзүүл бэр орж байгаа гэсэн. Сунгалтын дасгал хийж байгаа зурагнууд чинь цахим хуудсанд тавигдсан байна билээ.
-Сунгалтын бэлтгэлийг Лас-Вегасыг цагтаа шуугиулж байсан эгч дүү Бямбасүрэн, Бямбажав нар зааж байгаа. Бид өглөө гүйж, сунгалтын бэлтгэл хийдэг. Анх дасгал хийхэд үнэхээр хэцүү байсан. Бид бүр уйлдаг байсан. Харин одоо бол түүртэх юмгүй элементүүдээ хийдэг болсон. Бид дуутай, бүжигтэй, амьд хөгжимтэй, жинхэнэ шоу хийхийг хүсэж, зорьж байна.
-Хамтлаг байгуулж байхад ямархуу охид байв. Одоогоос таван жилийн өмнөх “Гурван охин”, өнөөдрийн “Гурван охин” хамтлагийн ялгаа юу байна вэ?
-Энэ өөрчлөлтийг жимсний модтой зүйрлэвэл их өөрчлөгдсөн. Таван жилийн өмнө бидний суулгасан үр одоо саглагар мод болж байна. Жил ирэх тусам урлагт хайртай хүмүүст үр шимээ өгөх олон салаа мөчиртэй том мод болон ургана гэдэгтээ итгэлтэй байна. Бид өнгөрсөн хугацаанд хоёр цомог гаргасан. Энэ тоглолт биднийг рок попын ертөнцтэй үүрд хадаж, биднийг хүлээн зөвшөөрсөн алга ташилт удтал үргэлжлэх байх. Хамтлаг байгуулж байх үедээ маш ихийг хийх хүсэл, тэмүүлэл, зорилготой охид л байлаа.
-Хамтлагийнхаа нэрийг солих талаар яриа гарч байснаа намжсан. Юу болсон бэ?
-Хоёрдмол бодолтой бай - гаа. “Гурван охин” бол бид - нийг олонд таниулсан нэр. Энэ утгаараа солимооргүй санагддаг. Нөгөөтэйгүүр бид уран бүтээлийн хувьд ч, эмэгтэй хүний хувьд ч нас бие гүйцээд байна. Солих гол шалтгаан энэ л дээ. Юу ч гэсэн одоохондоо тоглолтоо л бодож байна. Дараа тухтай бодно.
-Охидын хамтлаг шинээр төрөхгүй, төрсөн ч удаан оршин тогтнохгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?
-Эв нэгдэл дутдаг байх. Нэг зорилгын төлөө явж байгааг ухаараагүйгээс болдог болов уу. Бидний хувьд анхнаасаа л нэг тийш харж явна шүү гэдгээ тохирсон. Бид нэг ч удаа маргаж байгаагүй. Зорилгоо ухаарвал нэгдмэл байж чадна гэж зөвлөгөө авахаар ирсэн дүү нартаа хэлдэг. Ер нь нэгдмэл байж л хөгжинө шүү дээ.
-Танай хамтлаг солонгос стилийг оруулж ирсэн. Дуулангаа бүжиглэх хэцүү юү?
-Олон цаг бүжиглээд дуу - лах хэцүү байдаг. Гэхдээ мэргэжлийг нь эзэмшээд, үүнээс өөрөөр энэ нийгэмд амьдрах зам бидэнд байхгүй гэдгийг ойлгосон учраас хийхээс өөр аргагүй. Шинэ залуу хамтлаг, дуучид төрөн гарч байна. “Pussycat dolls” шиг тасархай бүжиглэж, дуулдаг хамтлаг гараад ирвэл бид зайгаа тавьж өгөхгүйн тулд хичээхээс өөр аргагүй болно шүү дээ. Бид бүжигтээ илүү анхаарч байгаа учраас хэдэн жилдээ л хоцрогдохгүй гэж найдаж байна.
-Таныг Мянганбаяртай холбоотой гэх яриаг юу гэж тайлбарлах вэ. Найз залуу чинь хаана юу хийдэг, хэн гэдэг хүн байдаг вэ?
-“Монгол газар”-ын Ц.Мянган баяр захирал “Жинхэнэ хайр” цомгийн ажлын зарим хэсгийн ивээн тэтгэгчээр ажилласан. Ямар нэртэй байгууллага, ямар дэмжлэгээр ажилласан нь олонд ил байдаг зүйл шүү дээ. Ийм тодорхой зүйл дээр хэл аманд орохоор ил цагаан зүйл хийнэ гэдэг байж болшгүй хэрэг. Найз залуугийн хувьд саяхан болтол байсан. Яагаад хоёр тийшээ болсон нь бидний дунд үлдэг дээ.
-Урлагийнхан ялангуяа залуучуудыг гаднын залуустай суугаад харийн бэр болох магадлал өндөр гэдэг. Хэрвээ тийм зүйл тохиолдвол хамтлагаа орхих уу?
-Энэ асуудалд манай хамтлагийнхан нэг санаатай байдаг. Зөвхөн монгол залуугаа сонгоно. “Үндэсний үйлдвэрлэлээ дэм - жицгээе” гэж компаниуд сурталчлаад байдаггүй бил үү (инээв).
-Хамтлагийн санхүүжилтийг одоо хаанаас гаргаж байна вэ?
-Бусад хамтлаг, дуучид хэрхэн яаж санхүүждэг тэр жишгээр явж байна. Цомгоо борлуулна, арга хэмжээнүүдэд дуулна гэх мэт. Хэдэн жилийн дараа бид өөрсдийн гэсэн бизнестэй болох талаар төлөвлөж байгаа.
-Мөнгө гэж таны бодлоор юу вэ?
-Амьдралын зорилго бол лав биш. Эрх чөлөөтэй байлгах нэгээхэн хүчин зүйл гэвэл онох байх. -Тэгвэл боловсрол хэр чухал вэ? -Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурчаар, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Ямар ч хүнд боловсрол маш чухал бид сурч мэдэхэд бүх цагаа зарцуулахад хичээдэг.
-Анхмаа амралт чөлөөт цагаа хаана, хэрхэн өнгөрүүлэх дуртай вэ?
-Би машинаар давхих дуртай. Жолооч хүнд зөвхөн урд зам харагдана. Өөр юм бодогдохгүй шүү дээ. Ингэж төвлөрч байж хүн зорилгодоо хүрч амьдралаа утга учиртай болгодог байх. Энэ талаас нь бодох гоё санагддаг.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Багийн “Ажлаар амьсгалсан он жилүүд” номыг ширээний номоо болгосон. Хэдэн ч удаа уншсан уйдахгүй. Унших бүртээ маш их зүйлийг ойлгож ухаардаг. Хүчтэй хүн шүү. Мөн “Чонон сүлд”-ийг саяхан аваад уншиж байна. Орчуулагч Д.Болдбаатарын авьяас билгийг бишрэх сэтгэл төрсөн. Мундаг орчуулсан шиг санагдсан.
-Кинонд тоглох санал ирж байна уу. “Нэг сая километр” киноны дараа багагүй шүүмжлэл хүртсэн. Цаашид кинонд тоглох уу?
-Кинонд тоглох санал их ирдэг. Сонгож байгаад тоглоно. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөний дараах анхны кино бол “Нэг сая км”. “Кросс” студийн ч анхны уран бүтээл байсан. Энэ уран бүтээлийг анхнаасаа найруулагчгүй хийсэн юм. Тийм болохоор залуу хүмүүсийн хувьд алдсан, оносон зүйл байгаа. Шүүмжлэл ч багагүй хүртсэн.
-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлийг хүлээн авалгүй яах вэ. Уран бүтээлч хүнд энэ их чухал. Урагш хараад явж байгаа бол шүүмжлэл, магтаал бүгд ирнэ шүү дээ.
-Мөрөөдлөөсөө хуваалцвал?
-“Оскар” авмаар байна шүү дээ (инээв). Энэ бол уран бүтээлч бүрийн мөрөөдөл байх. Энэ шагналыг авна гэдэг цаг үедээ хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Төгөлдөр хуурын концерт тавих юмсан гэж үнэнхүү мөрөөддөг. Тийм өдөр удахгүй ирэх байх аа.
-Дууныхаа үгийн сонголтыг яаж хийдэг вэ. Зарим дууны үг арай дэндүү утгагүй, логикгүй байдагтай санал нийлэх үү?
-Энэ тал дээр манай хамтлагийн шүүлтүүр маш нарийн. Бидний гэр бүлд монгол хэлний багш хүмүүс байдаг. Тэдэнтэйгээ зөвлөдөг.
-Хэдэн клип, дуутай вэ. Та нарын урлагт оруулж буй хувь нэмрийг юутай зүйрлэж болох вэ?
-Арав гаруй клип байгаа. Монголын хөгжмийн урлагийг аварга том ногоон модтой зүйрлэвэл үр жимсээ өнө удаан жил хүртээх мөнх ногоон нэгэн мөчир нь байгаасай гэж хүсэж байна.
-Тоглолтод чинь амжилт хүсье.
-Баярлалаа.
Х.Бөртэ
"Өнөөдөр"