2011-05-18Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй
“…Хүү нь түрүүг нь аваад ирнэ ээ, ээжээ гэж хэлээд явсан.
Тэгэхэд л би хүүгээ явуулаагүй бол…” гэж уйлан ярих эмэгтэйг харахад нүд халтирам. Дотор өмөртөл мэлмэрүүлнэ. Үрээ алдсан харууслын нулимс, гол горойтол хэлсэн тэр үг санаанаас гарахгүй удав. Саяхан даа, хурдан морь унаж явсан хүүхэд амиа алдсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан. “ETV”-гийн нэг сэтгүүлч хүүгийн гэрт, хөдөө очиж сурвалжлага бэлтгэжээ.
Ээж нь цурхиртал уйлаад л, залуухан багш хүүхэн бас нулимс дуслуулан шавиа дурсаж суусан. Монгол жаалууд моринд гарамгай хэмээн бахархахаасаа илүү хүүхдийг ямар аймаар эрсдэлтэй спортод хүч сориулдаг ард түмэн бэ гэж гайхширч байхыг гаднын хүний амнаас сонсож билээ. “Эрсдэлтэй спорт оо? Нээрээ тийм л дээ” гэж хэлээд өнгөрсөн. Эртнээс хүүхэд, морь, наадам гэдэг гурван үг салшгүй холбоотой явж ирсэн билээ. Морь унах хүүхэд байхгүй бол наадам болохгүй.
Өвөл зунгүй хурдан морины уралдаан болж л байдаг, хүүхэд эндлээ, бэртлээ, осголоо л гэдэг. Тэгсэн атал хэн ч үүнээс болж хариуцлага хүлээж байсан удаагүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг зарчим л үйлчилж ирсэн. Хэдийгээр морь унадаг хүүхдүүдэд хамгаалалтын дуулга өмсгөж, аюулгүй байдлыг нь хангадаг энээ тэрээ гэж дарга нар сүржин юм ярьдаг ч гарын дор техник хэрэгсэл биш, адгуус л бол адгуус шүү дээ.
Хүүхдийн амь нас, эрсдэлтэй спорт гэдэг үүднээс нь ширүүхэн ярих юм бол Үндэсний баяр наадмын нэг том төрөл хурдан морины уралдаан байх ёстой юу, үгүй юү гэдэгт тултлаа асуудал хурцдаж мэдэх учраас “томчууд” энэ асуудлыг тойрч ирсэн байж мэдэх юм. Гэхдээ хүүхдээр тахил өргөн байж баясаж цэнгэх шаардлага бидэнд бий юү?
Зам тээврийн осолд өртөх эрсдэл хамгийн өндөр
Хүүхэд зам тээврийн осолд өртсөн мэдээллийг бид өдөр болгон шахам сонсдог. Тэгж л байдаг гэсэн шиг тоохгүй өнгөрөх гэж байгаа бол түр азнаарай. Яагаад гэвэл зам тээврийн осолд өртөгсдийн нэлээд өндөр хувийг хүүхдүүд эзэлж байна. Тэр тусмаа 8-14 насныхан хамгийн эрсдэлтэй бүлэг болохыг Замын цагдаагийн газрын мэргэжилтн үүд хэлсэн.
Жилд дунджаар 600 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаагийн дийлэнх нь буюу 85 хувь нь 14-өөс доош насны хүүхдүүд байгаа нь маш өндөр тоо юм. Эцэг эхч үүд хүүхдээ хоёр гуравдугаар ангид орохоор нь бие даах цаг болсон гэж боддог уу, зөнд нь орхичихдог тал бий. Энэ нь осолд өртөх нэг шалтгаан болдог ажээ. Түүнээс гадна замын байгууламжийн тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг муу, явган хүний зам байхгүй зэрэг нь осол гарахад хүргэдэг байна.
Замын хөдөлгөөний дүрмийн талаар хүүхдүүд анхан шатны ойлголтг үй байдаг нь ч ослын гол шалтгаан болж буй. Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн байдлаар зам тээврийн осолд хүүхэд өртсөн, бүртгэгдсэн тохиолдол 4089 байгаагаас Улаанбаатар хотод 3639, орон нутагт 450 гарчээ. Ослын улмаас нийт 218 хүүхэд нас барж, 3985 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртэн тахир дутуу болжээ.
Мөн хүүхэд 07.00 цагаас 21.00 цагийн хооронд осолд өртөх эрсдэл хамгийн өндөр байгааг ЗЦГ-ын статистик мэдээнд дурджээ. Хүүхэд зам тээврийн хэрэг, осолд өртөх үзэгдэл улсын хэмжээнд эрсдэлтэй бүлгийн тэргүүлэх байранд орж байгаа аж.
Өнгөрсөн 2010 онд л гэхэд зөвхөн хүүхэд өртсөн зам тээврийн осол 596 гарснаас есөн хүүхэд амь насаа алдаж, 611 нь хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2010 онд 64/255 дугаар тогтоолоор 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгож зам тээврийн ослын улмаас нас баралтыг Үндэсний, бүс нутгийн, дэлхийн төвшний үйл ажиллагаагаар 50 хувь бууруулах зорилт тавьсан.
Уг ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд 2011-2020 онд Зам тээврийн ослын улмаас нас баралтыг 20 хувь бууруулах зорилготойгоор Замын цагдаагийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Энэ ажлын хүрээнд “Цэцэгт ногоон замаар” нэртэй хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд эцэг эхчүүд, жолооч нарт зориулсан гарын авлага, зөвлөмж гаргаж, багш нарт сургалт явуулах юм байна. Мөн замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй оролцуулах дадлыг хэвшүүлэх үүднээс сонирхолтой хэлбэрээр хүүхдүүдийг татан оролцуулах олон ажил зохион байгуулах юм байна.
Тухайлбал, Япон улсад хүүхдүүд зам хөндлөн гарахдаа шар өнгийн дуулга шиг малгай өмсдөг. Түүгээр нь хүүхдүүд явж байгааг жолооч нар холоос анзаарч, гар тоормосоо татдаг болж хэвшсэн байдаг.
Тэгвэл манайд үүнтэй адил нэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Хүүхдүүд замын хажуугийн хайрцагнаас тод өнгийн дарцаг авч гарцаар барьж гараад замын нөгөө талд очоод түүнийгээ хайрцагт хийдэг болох юм байна. Судалгаа, хандлагаас үзвэл хүүхэд өртсөн зам тээврийн осол буурахгүй байгаа бөгөөд зам тээврийн осолд хүүхэд өртөх эрсдэл ялангуяа нийслэлд хамгийн өндөр байгаа юм.
Хүүхдүүд гэртээ дарамтанд байдаг
Хүүхэд ямар нэгэн алдаа гаргах, сахилгагүйтэх, томчуудын үгэнд орохгүй байх зэрэг асуудлыг зохицуулахдаа эцэг эхчүүдийн 64 хувь, багш нарын 60 хувь нь зодох, эсвэл загнах, хүсэл мөрөөдлийг нь үгүйсгэх, хязгаарлах, хайхрамжгүй байдлаар хандах зэргээр шийтгэдэг болохыг судалгаагаар баталжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас 2007 онд гаргасан судалгаагаар “Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн нийтлэг арга нь загнах, тэнэг залхуугаар нь дуудах гэнэ. Хүүхдүүдийн 78 хувь нь ийм зэмлэл хүртсэн бол 38 хувь нь зодуурын амт мэдэрдэг гэнэ.
Харин дөнгөж 17 хувь нь хийсэн зүйл нь яагаад буруу болох талаар тайлбар сонсож, өөр зүйл хийхийг санал болгох зэрэг хүчирхийлэлгүй арга замыг сонгодог аав ээж, багш нарын дунд хүмүүжиж байгаа аж. Ээж, аав нь уурласан үедээ гар далайн босож ирэхэд бэлэн ийм гэр бүлийн орчинд хүүхдүүд амьдарч байна. Хэдийгээр жижиг асуудал мэт боловч хүүхдүүдийн хувьд энэ нь бас л нэг эрсдэл юм. Зодуулж өссөн хүүхэд ирээдүйд мөн л хүүхдээ тийм арга барилаар шийтгэдэг аав ээж болдог.
Түүнээс гадна хүүхдүүд дарамт хүчирхийлэлд өссөнөөр өөртөө итгэлг үй болж, гэрээсээ зугтах, буруу замаар орох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч цөөнгүй байдаг аж.
Гэмт хэргийн улмаас гурав хоног тутам нэг хүүхэд нас бардаг
2007-2010 он буюу сүүлийн дөрв өн жилийн хүүхэдтэй холбоотой статистикийн мэдээллийг авч үзлээ. Энэ хугацаанд 2874 гэмт хэрэгт 4367 хүүхэд холбогджээ.
4342 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртөж хохирсны 434 буюу 10 хувь нь нас барсан, 2473 буюу 57.0 хувь нь хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрээр гэмтэл авсан байх юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас гурав хоног тутамд нэг хүүхэд нас барж, хоног тутамт хоёр хүүхэд гэмтэж байгаа нь цочирдмоор том тоо юм.
Эцэг, эхчүүдийн хүүхдүүддээ тавих анхаарал халамж сул, хаана юу хийж цагийг өнгөрөөж байгааг мэддэгг үй, сургууль завсардалт, гэр бүлийн таагүй орчин уур амьсгал, гэр бүлийн салалт зэрэг хүчин зүйлүүд насанд хүрээгүй хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргийн гол шалтгаан нөхцөл болдгийг цагдаагийн байгууллагууд онцолжээ. Хүүхдийн гэмт хэргийн дийлэнх буюу 38 хувийг хулгайн хэрэг эзэлж байгаа бөгөөд насны хувьд 74.3 хувь нь 16-17–той шилжилтийн насныхан гэнэ.
Ар гэрийн байдал, сургууль завсардалтаас үүдэн хүүхэд гудамжинд гарч улмаар бусадтай нийлж гэмт хэрэг зөрчил үйлдэх хөрс суурь нь болж байгааг тэд дурдсан. Орон гэргүй тэнэмэл гэгддэг хүүхдүүд сүүлийн үед харьцангуй цөөрсөн хэдий ч харж хандах эцэг, эх, гэр оронтой хэрнээ буруу замаар орж гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх явдал цөөнгүй гарч байгаа аж.
Эрсдэлээс аваръя
Хүүхдүүд авто осолд өртөж, бусдад дээрэлхүүлж, харанхуй гудамжинд нохойд зуулгаж, хүчирхийлэлд автаж, гэмт хэргийн золиос болж, хүнд хөдөлм өр эрхэлж байгаа олон жишээ баримт бий. Айдас хүргэм олон тоо баримт сөхөн тавихаас ч яг үнэндээ дургүй хүрч байна.
Хамгийн гол нь төр засаг нь хүүхдийн асуудалд онцгойлон анхаардаг, аюулгүй байдлыг нь бүрдүүлдэг, аав ээж нь хариуцлагаа ухамсарладаг, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаг бол айдас төрүүлэм тоо цөөрч, байхгүй болох нь дамжиггүй. “Хүүхэд насаа хайрлая” үндэсний чуулганы үр дүнд үндэслэн Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачилгаар ”Хүүхдийг болзошг үй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” олон нийтийн санаачилгыг орон даяар өрнүүлж эхлээд байгаа.
Та биднийг унтаад сэрэх зуур, ажлаа хийж байх үед, гэртээ харих замд, өч төчнөөн хормуудын аль нэгэнд хүүхдүүд хохирогч болсон олон жишээг мэргэжлийн байгууллагууд гаргасаар байна. Болзошгүй эрсдэл дунд хүүхд үүд амьдарч, сурч, өсөн торниж байна. Хүн амын 30 гаруй хувийг эзэлдэг хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамтдаа аваръя. Үүнд таны, миний, бүх хүний хамтын оролцоо чухал байна.
"Өдөөдөр"