Тэр ч утгаараа улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүний хяналт шалгалтын ажил хоногийн бүх цагт буцалж байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй өдөрлөг”-т тэр бүр иргэдэд мэдээлэл нь хүрдэггүй, “хаалттай” гэж ойлгогддог Хилийн хяналтын хэлтсийнхэн цугларч, улсын хилээр нэвтрүүлэхийг завдан хураагдсан хориотой зүйлсийг эд зүйлсийг дэлгэн тавьсан байлаа. Буянт-Ухаа дахь Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын хэлтсийн улсын байцаагч М.Сандуйжаваас хилийн хяналтын талаар тодрууллаа.
-Иргэд ихэвчлэн ямар хориотой зүйлсийг хилээр нэвтрүүлэхийг завдаж хураалгадаг вэ?
-Буянт-Ухаа хилийн боомтоор амьтан, амьтны гаралтай бүтээгдэхүүн, эм бэлдмэл, ургамал, зарим хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр нэвтрүүлэх гээд хураагдах тохиолдол их байдаг. Тухайлахад, Монголоос гадагшаа хууль бусаар экспортлохыг завддаг ургамалд хусны мөөг, чаг мөөг, хар өвс, ховорт тооцогддог цэцэгнүүд, самар зэрэг ордог юм. Эдгээр нь бичиг баримтын зөрчилтэй, гарал үүслийн, чанарын, экспортын гэрчилгээгүй байх тохиолдолд хилээр нэвтрүүлэлгүй хурааж авдаг.
-Буянт-Ухаагийн хилээр их хэмжээний хүний үс нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарч байсан. Тэр их үсийг ямар аргаар оруулах гэж байсан бэ?
-БНХАУ-ын иргэн Ван Кинг гэгч Узбекстан улсаас Хонконгоор дамжуулан манай улсын хилээр 2010 оны наймдугаар сард 10388 грамм хүний үс оруулж ирэх гэж байгаад баригдаж буцаагдсан. Тэр үсийг БНХАУ-ын иргэн өөрийн гар тээшиндээ хийн нууцаар оруулах гэж байсан юм.
-Улсын хилээр ан амьтны арьс, үс, эвэр зэргийг хууль бусаар нэвтрүүлэх оролддог их гардаг?
-МХЕГ-аас Экспортын гэрчилгээ, БОАЖЯ-наас ан агнах зөвшөөрөл аваагүй байдаг. Жишээлэхэд, 2008 онд Германы иргэн манайхаас тэхийн эвэр авч гарах гэж байгаад баригдсан.
Тэхийг агнахыг зөвшөөрдөг ч зохих зөвшөөрлийг аваагүй учир хурааж авдаг. Мөн өнгөрөгч онд бас нэг Герман иргэн угалзын эвэр зөвшөөрөлгүй авч яваад хураагдсан.
-Чаг мөөг зэрэгт бичиг баримтаа бүрдүүлсэн бол хязгаарлалттгүйгээр нэвтрүүлэх үү?
-Тухайн зориулалттын үйлдвэрлэгчтэй, бичиг баримтаа зохих журмын дагуу авсан бол хязгаарлалт хийхгүй.
-Хил нэвтрүүлэхийг огт хориглосон зүйлсэд юу юу ордог вэ?
-Хар өвс гэх мэт ховордсон ургамал болон амьтны гаралтай бүтээгдэхүүнийг ямар ч зөвшөөрөлтэй байсан хилээр нэвтрүүлэхгүй.
Мөн бугын цусан болон ясан эвэр, баавгайн доньд, сарвуу, хүдрийн заар, тас, ёл зэрэг шувууны чихмэл, сарвуу, эрвээхэй зэрэг байна.
-Эм бэлдмэл хэр их хураагддаг вэ?
-Зөвшөөрөлгүй эм бэлдмэл импортлох асуудал маш их гардаг. Ялангуяа жуулчид зөвшөөрөлгүй, хаяг шошгогүй эмийг тээвэрлэж оруулах гэдэг. Улсын хилээр эм нэвтрүүлэхэд нэн тэргүүнд улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, цаад улсын экспортлох болон манай улсад импортлох зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох төв байгууллагаас авсан байх ёстой.
Гэтэл юунд, яаж уудаг нь бичигдээгүйгээр цаасанд боолттой эмийг их хэмжээгээр оруулахыг завддаг. Зориулалтын бусаар тээвэрлэсний улмаас хөлдөж, эсвэл хайлсан эм ч оруулах гээд хураагдсан тохиолдол бий.
Мөн дээр нь “Монгол Улсад үйлдвэрлэв” гэсэн шошго, стандартын дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохыг хориглоно. Ялангуяа БНСУ-аас иймэрхүү эм ихээр орж ирээд байна. Хураагдсан эмэнд дүн шинжилгээ хийхэд ихэнх нь Солонгосоос ирсэн байгаа.
-Тэгвэл зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд ямар шаардлага тавьдаг юм бэ?
-Зорчигчийн өөрийн хэрэглэндээ зориулан авч яваа эмийг импортын бараа гэж үздэггүй учир зөвшөөрөл шаардахгүй.
Тухайлбал, яаралтай тусламжийн буюу 7 хоног хүртэл хугацаатай хэрэглэгдэх эм, чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, ДОХ зэрэг удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах эмийг үүнд оруулна. Харин судсаар сэлбэх шингэн, антибиотик тариа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм, нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэлийг биедээ авч явахыг хориглодог учир хурааж авна.
-Хүнсний бүтээгдэхүүн ихээр хураагдсан харагдаж байна. Ямар тохиолдолд хүнсийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог юм бэ?
-Хадгалах хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчсөн, дагалдах бичиг хэрэгсэлгүй, тухайн улсын ариун цэврийн шинжилгээний бичиггүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хурааж авдаг. Үйлдвэрлэлийн бус савлагаатай, олон улсын стандартад нийцсэн хаяг шошгогүй, гар аргаар боловсруулсан, түргэн гэмтэж чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүн, мөн далайн гаралтай бүтээгдэхүүнийг тээшиндээ авч явахыг огт зөвшөөрдөггүй. Тусламжаар орж ирж буй бараа бүтээгдэхүүнээс ч энэ мэт зөрчил багагүй илэрдэг.
Тухайлахад, “Есүс танд туслана” гэсэн бичигтэй, өнгөгүй цаасанд хэд хэдэн төрлийн чихэр, бохийг боосон байна. Гэтэл үүнд ямар ч стандарт, хаяг шошго, серийн дугааргүй, сав баглаанаас нь салгаад ингэж боосон байна.
-Тусламжаар орж ирэх зүйлс ийм зөрчилтэй байх тохиолдол хэр их байна вэ?
-Багагүй гэж хэлж болно. Буцалтгүй тусламж, хандив, цуглаанд зориулсан гэх мэтээр янз бүрийн бараа, эд зүйлс хилээр нэвтрүүлэх гэдэг. Гэтэл тэдгээр дотор зохих зөвшөөрөлгүй, хадгалах хугацаа нь тодорхойгүй зүйлс мэр сэр байсаар байна. Тэр бүрийг нарийн шалгаж, хянах шаардлага их байдаг юм. Буяны ажиллагаа, хандив, тусламжийн зориулалтаар хуучин хувцас, тоглоом, хуучин ном, хичээлийн хэрэглэл гэх мэт зүйлсийг импортлох гэж байгаа бол заавал ариутгал, угаалга, хими цэвэрлэгээ хийлгэж, түүнийг гэрчилсэн баримттай байх ёстой. Харин эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох гэж байгаа бол ЭМЯ-наас заавал урьдчилан зөвшөөрөл авч, түүнийгээ хяналтын байцаагчдад шалгуулах ёстой.
-Жуулчны улирал ид эхэлж байна. Хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэж оруулж ирэхийг завдсан тохиолдол жуулчдаас хэр их илэрдэг вэ?
-Хилийн боомтын хяналтын хэлтсийн оргил ачааллын үе яах аргагүй эхэлж байна.
Жуулчдаас эм зэрэг энэ мэт хориотой зүйлс оруулахыг завдах тохиолдол цөөнгүй илэрнэ. Ялангуяа БНСУ, БНХАУ-аас дээр дурдсанчлан шаардлага хангаагүй эм оруулах гэсэн хандлага их байдаг.
-Хилээр нэвтэрч буй иргэд өөрсдөө хорио цээрийн жагсаалтыг мэдэхгүйгээс зөрчил гаргах тохиолдол их байх шиг байдаг?
-Тийм. Иргэд наад зах нь хонь, үхрийн мах зэргийг авч гарахад МХЕГ-аас сертификат авах ёстойг мэддэггүй. Хилийн хяналтын камераар гар тээшин дэх зүйлс нь илэрч, мэдэхгүйгээсээ болон цаг алдаж, чирэгдэл үүсээд зогсохгүй хариуцлага хүлээх тохиолдол их байна.
Тэжээвэр амьтнаа хүртэл авч явах гэж байхдаа зохих үзлэг шинжилгээний хариу бүхий карттай байх ёстой юм.