2011-06-11ТОМАС ЛАК

"ХӨРШҮҮД"
Тэд нар биднийг үзэн ядна.
Тэдний өмнө малгай аван мэхийсэнгүй гэж
Бидний толгойд хадаас шаахаас тоохгүй нөхөд шүү.
Гар сунган мэндэлсэнгүй гээд
Гагнаж ч мэднэ,хоёр алгыг минь ар дагзанд.
Бид ч бас дутахгүй ээ.
Худганд нь хулгана живүүлнэ.
Гурилд нь нухсан шил хольчихно.
Нүдээ ч анивчихгүй,шүдээ хавиран зогсоцгооно.
Тэд манай нэг хүүг алчихсан,
Бид хариуд нь охидыг нь хайрлахгүй дээ.
Талбай дээгүүр минь хавх тавина.
Тааруулж бид бас янз янзаар л хорлоно.
Тариа ногоог нь шувуудаар хулгайлуулна.
Тагтаанд дэлбэрэх бодис тээлгээд тэд нисгэнэ.
Нүдээ ч анивчихгүй,шүдээ хавиран зогсоцгооно.
Тэдний хонийг бид авахгүй болохоор
Тэд бидний ачааг зогсоочихно.
Тохуурхана,яруу найрагчдыг нь дооглоно.
Тоохгүй болохоор нь биднүүс
Тэдэнтэй адилхан бүжиглэж гарна.
Тэвчиж чадсангүй,үүнийг тэд хулгай гэж үзэв.
“Танай бурхан бурхан биш” гэж зарлав.
Нүдээ ч анивчилгүй,шүдээ хурцлан
Нүглээс нүглийг үйлдэн
Арван арван жилүүд,арван түмэн жилүүд
Аврал үгүй үрэгдэх юм даа,хөөрхий гэж!
СУЖИ КУОК КИМ
СОНГИНЫ ӨЧИЛ.
Надад чиний нулимс хэрэггүй
Надад ерөөсөө юу ч хэрэггүй,чамаас.
Хальслаад хэрчээд хэлтэлж буталлаа ,чи намайг.
Миний хальс,миний таташ чиний аясаар
Чиний ширээг дүүргэнэ.Нулимс нүдийг чинь бүрхэнэ.
Нүдээ бүрхүүлсэн чи миний зүрхийг зүснэ.
Үе болгоны доор ахиад үе,
Үе давхарга хальсны холбоо
Би жирийн нэг сонгино, харин чи юу хүснэ вэ?
Хэрчээд л уйлаад л байдаг тэнэгхэн бүсгүй чи.
Хэсэглээд л хаяад байх юм ,өөрийнхөө амьдралыг бас.
Чиний үнэн гэсэн зөгнөлд хөтлөгдөөд
Чиний тархи зогсолтгүй л хэрчих юм,өөрийгөө.
Үеийн цаанаас үе гараад л байдаг,хорвоо.
Үүний эсрэг ганцхан нулимс л тэмцдэг.
Үнэндээ нүцгэрлээ,хоосорлоо,болиоч!
Үнэнийг харахгүй байна гэж гуниглаад яахав.
Үүнээс өөрөөр яаж харах юм бэ?
Нүдийг бүрхсэн “нулимсыг” яаж арилгах вэ?
Утга учир нь хаа байна? Өөрийнхөө ухаанаар
Учрыг нь чи өөрөө олохыг хичээ дээ.
Нэг гартаа сонгинын нухаш,нөгөөдөө сонгинын хальс
байна гээд бод доо.
Гашуун нухаш чамайг хэдэн хэсэг болгоно.Чи нэг ширхэг.
Чиний дуртай юм бүхэн өөрчлөгдөнө,
Ингээд чи чи биш болно. Өөр ширхэг болно.
Хүсэл хүслийн чинь хурц ир
Хором хормоор чамайг хэсэглэнэ
Шалаар хөврөх хальсны дотор юу байлаа?
Гол,зүрх чинь байсан шүү дээ! Хүсэл шунал чинь
Голдрил судас,цус,хайрыг чинь хэрчсээр хэрчсээр
Гол зүрхийг чинь нэг л өдөр таслана шүү.
АЖИЛ.
Цэргүүд
Байдаг чадлаараа
Байшин барина.
Өөрсдийгөө газарт
Өргөс мэт шигтгэнэ.
Цул ханыг нь
Цусаараа будна.
Аньсан нүд шиг
Хаалга дотроосоо
Хаалттай.
Дотор шат
Доошоо гулгамхай.
Алхаа бүхэн
Тийшээ чиглэнэ.
Шал байхгүй
Зөвхөн дээвэртэй.
Дээвэр дээр
Үнс шороо,
Хар цас
Чимээгүй унана.
Ирээрэй ,ирээрэй.
Энэ байшин
Мөнхийн шүү.
Чи, чи,
Чи ч бас
Ирээрэй.Ирээрэй.
Хамаг олноороо
Ирээрэй!
Хангалттай шүү
Энэ ажил!
орчуулсан Жамсрандоржийн Оюунцэцэг.