2011-06-22Улстөрчид болон бизнесийн салбарынхныг моринд уруу татаж, хурдан морины үнэ ханш, уралдааны бай шагналыг өндөрт

гаргасан хүмүүсийн нэг бол Монгол Улсын тод манлай уяач Д.Онон юм. Жил ирэх тусам монгол адууны хүч тамир сульдаж бие нь жижгэрч буйд уяачид сэтгэл дундуур явдаг. Нэгэн цагт хурд хүчээрээ гайхуулж байсан галшар, Тэсийн голын хурд ховордож буйг тод манлай онцолж байлаа. Наадам бүрт нэр нь дурсагдаж, айраг түрүү алдаж үзээгүй гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононтой ярилцлаа.
-Та өмнө нь Х.Сүрэнхорын хээр шиг адуу ойрын үед төрөхгүй гэж байсан. Тийм хурдан буян ямар хугацаанд төрдөг вэ?
-Жаранд ганц төрж магадгүй. Төрөхгүй ч байж болно. Хурдан хүлгүүд байж болно. Сүүлийн үед их насанд ч нэг морь ноёлж чадахгүй л байна. Шинэ цагийн монгол адуу гараад ирвэл ганц нэг нь илт давамгайлж магадгүй. Уг нь манай улстөрчид хөдөөний ард түмнээ боддог л юм бол адууны үйлдвэр угсааг нь гадаад цусаар сэлбэж, чанарыг нь сайжруулж өгөх ёстой. Таньдаг мэддэг хүмүүс “Ганц нэг гүү тавья” гэж гуйдаг. Адуугаа сайжруулах гэж л тэр шүү дээ.
-Гадаадад удам сайтай азарганд саяас дээш төгрөгөөр гүү тавьдаг. Танай адуунд гүү тавихад хэд вэ?
-Гадаадад морины бизнес хөгжсөн. Монголд эхлэл бүрэн тавигдаагүй байна. Ийм үед адилхан малчин улс үнэ хөлс гээд яах вэ дээ. Нэг малчин ч болов адуугаа сайжруулж л байг. Монгол адуу хятадын тэрэгний морь гүйцэхгүй төрийн наадмаа алддаг байлаа.
-Ямар морьд вэ?
-Олон жил уралдсан. “Оодон хээр”, Л.Цандэлэгийн хээр морь, тэргэнд орж байсан халзан азарга хүртэл энд ирээд түрүүлээд байсан шүү дээ. Одоо ч гэсэн Хятадаас морь авчраад давхиулбал монгол адуу лав гүйцэхгүй. Шилийн гол, Хөлөнбуйр, Жирэмээс нэлээд зөөсөн байх шүү. Ер нь жаахан цустай байхад л Монголд ноёлно. З.Даваанэрэнгийн халзан азарга эрлийз. Гэтэл түүний үр төл болох хурд Төв аймгийн Баянцогт сумаар тарсан, одоо сайн давхиж байна. Хэвшлийг нь сайн барьсан бол Жаргалант чигийн адуу дийлдэхгүй болж байсан шүү. Цус холдуулна гэж өөр юмтай нийлүүлсээр байгаад байхгүй болгочих юм.
-Тод манлай уяач Г.Сандуйжав гуай нэг хэсэг хөлдөөсөн үр суулгаад байсан. Тэр нь юу болсон бэ?
-Хөлдөөсөн үр нь охин гарсан юм байлгүй дээ. Давхисан юм алга. Ер нь нүдээрээ үзэж харж байгаад авсан нь дээр. Ядаж хэв шинжийг нь харна.
-Морины хорхойтнууд таныг гадагшаа адуунд их дагуулж явдаг байх, тийм үү?
-Үзэж хараад өгөөч гэсэн хүмүүс бий. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн гээд олон хүнтэй адуунд явж байсан.
-Нэлээд хөрөнгө чинээтэй хүмүүс адуу оруулж ирээд байгаа харагддаг. Үнэтэй байдаг юм уу?
-Адуунаасаа л болно. “Итгэлт орших”-ын Б.Билэгдэмбэрэлээс авахуулаад нэлээд хэдэн хүн 25-30 мянган долларын адуу оруулж ирсэн. Хамгийн үнэтэй нь тэр. Ер нь 15 мянган доллароос илүү гараад байдаггүй юм.
-Монголд адууны үнэ тэнгэрт хадаж байна аа. Аймгийн наадамд айрагдсан адуу 10-20 сая гээд байх юм?
-Тийм шүү. “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ халтар азаргыг 85 мянган доллароор авсан гэсэн биз дээ.
-Өнгөрсөн жил улсад түрүүлдэг үү?
-Тийм. Говь-Алтайд бас түрүүлсэн. Сая “Дүнжингарав-2011”-т түрүүлсэн. Сүхбаатар чиглэлийн адуу их үнэтэй байна. Бай шагнал өндөр болохоор адууны үнэ өсч байгаа юм.
-Өндөр бай шагналыг таныг санаачилсан гэдэг?
-Талийгаач Г.Пунцагбалжир, Ц.Аюуш, “дааган” Р.Ганхуяг бид нар хамгийн анхны өндөр шагналтай уралдааныг 1996 оны цагаан сараар зохион байгуулж түрүүлсэн моринд мотоцикль өгч байсан. Түүнээс өмнө цай, халуун сав л өгдөг байсан шүү дээ.
-Танаас өндөр үнээр морь худалдаж авсан хүн бий юу?
-Насаараа мал дагасан хүн. Малаараа бизнес хийхэд учиртай байх ёстой. Би нэг их үнэтэй дуугараад байдаггүй.
-“Авзага трейд”-ийн П.Мэндбаяр танаас хар морийг 40 гаруй сая төгрөгөөр авсан гэдэг бил үү?
-Худлаа, цуурхал. Би бор даага тэр хоёрыг Мэндээд бэлэглэсэн. Л.Алтангэрэл хүрэн азаргаа аваад хураалгах гүүгүй байхад нь би “Гуулин зээрд”-ийг хоёр дүүтэй, эхтэй нь бэлэглэсэн юм. Хоёр дүү нь ч улсын наадамд айрагдсан. Тойруулга угшлийн адуу л даа.
-Сүүлд “Гуулин зээрд” хэдээр зарагдсан билээ?
-Нэг их өндөр үнэ хүрч чадсан юм уу. 15 мянган доллар л хүрсэн сураг байсан.
-Танай галд ямар ямар хүмүүс байна?
-Би хүний адуу маллаад байхыг хүсдэггүй. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, “Авзага трейд”-ийн П.Мэндбаярын морь гар дээр байдаг. Зун болохоор нийлдэг уяачид бий. Төмөр замын Р.Раш гуай ирнэ. Хаяа дагасан хүмүүс ч бас бий.
-Өлзийт хорооны морьд л улсад дээгүүр давхиад байдаг. Жил ирэх тусам жүчээ олшроод байх юм?
-Дур эзнээ голохгүй гэдэг шиг хэрэггүй морь тэжээдэг хүн олон бий. Морь зардал ихтэй шүү. Нэг адуунд жилд багаар бодоход 1.5 сая төгрөг зарцуулна. Өдөр бүр 200-гаад мянган төгрөгийн эм тариа, витамин хэрэглэдэг адуу ч бий. Байгаа юмаа адуундаа зарцуулаад л дуусдаг.
-Та анх хэдэн онд улсын наадамд морь айрагдуулж байв?
-1989 онд халзан морь маань аман хүзүүдэж, байнд 350 төгрөг авч байлаа. Тэр жил би их одтой байсан. Төмөр замын наадамд долоон адуу хөтөлж очоод гурван түрүү, дөрвөн айраг авч байлаа. Баахан дугуй булантай цай, ёотон, халуун савтай харьсан
-Хэдэн онд улсад хамгийн олон морь айрагдуулсан бэ?
-Манай галын айраг, түрүү нийлээд 2002, 2003 онд арав хол давдаг байсан. 2004 онд манай сунгааны морьд улсын наадмаас 20-иод айраг, түрүү авч байсан.
-Яг өөрийн морьд улсаас хэдэн түрүү айраг авсан бэ?
-Найман түрүү, 25 айраг. Улс бүсээс манай гал 40 гаруй түрүү авсан юм билээ.
-Та олон шавьтай биз дээ?
-Намайг дагаж морь уях эрдэм сурсан хүн олон. Тод манлай шавьтай хүн гэвэл ганцхан бий л байх.
-Танай хүүг сайн уяач болно гэж ярьдаг. Одоо хаана бий вэ?
-Хар нялхаасаа адуу дагасан. Яг үнэндээ голлох уяаг хүү л тааруулдаг юм. Одоо ч тийм залуу уяач гарч ирэхгүй л байх. Надтай цуг адуунаас салалгүй өдий хүрсэн.
-Та амьдарч байгаа энэ байраа хэзээ авсан бэ?
-Мэндээд бор даага өгөхөд гурван өрөө байр бэлэглэсэн юм.
-Хотод байгаа үедээ хаагуур явдаг вэ?
-Өлзийт хорооноос өөр тийшээ яваад байдаггүй.
-Одоо та ямар машинтай байна?
-Байныхаа машиныг сайжруулсаар байгаад одоо “Ланд-200” унаж байна.
Л.Гал
