2011-07-19“Авьяаслаг монголчууд” шоунд 600 гаруй хүн оролцож тэднээс шалгарсан 15 шилдэг оролцогч баяр наадмын босгон

дээр гала тоглолтоо хийсэн билээ. Энэ үеэр шилдэг оролцогчийг үзэгчдийн саналаар шалгаруулсан бөгөөд биеийн уянаар үзэгчдийг бишрүүлсэн 15 настай нугараач Н.Мөнхжаргал 2033 саналаар тэргүүлж 30 сая төгрөгийн эзэн болсон юм. Түүнтэй ярилцлаа.
-”Авьяаслаг монголчууд” тэмцээний ялагч болсонд баяр хүргэе. Ялагч болно гэсэн итгэлээр орж ирж байсан байх. Анх энэ тэмцээнд хэрхэн бүртгүүлж байв?
-Манай нугаралтын Норжмаа багш маань намайг энэ тэмцээнд орооч гэсэн. Тэгээд багштайгаа цуг очоод бүртгүүлчихсэн. Нэгдүгээр шатанд шүүгчид миний нугаралтыг гоё байна гэсэн. Харин хоёрдугаар шатандаа жаахан тиймэрхүү байна гэсэн шүүмжлэл сонссон ч тэнцсэн. Гуравдугаар шатандаа би өөрөө их хичээсэн. Шүүгчид миний үзүүлбэрийг “Биднийг ангайлгаж чадлаа. Үнэхээр гайхамшигтай байна” гэсэн. Гранпри шагнал авна гэдэгтээ итгэлтэй байсан. Олон ах, эгч нар болоод үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөөд энэ шагналыг аваад сэтгэл дүүрээд гоё байна.
-Норжмаа багш гэж уран нугараач хүн үү?
-Циркийн багш. Одоо 60 настай. Манай багш агаарын гимнастикийн багш байсан. Насаараа бид нарт хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн хүн.
-Уран нугаралтаар хичээллээд удаж байна уу?
-Миний анхны багш Цэцэнхүү, одоо драмын театрт ажиллаж байгаа. 10 настайдаа энэ багш дээрээ ирж шалгуулаад хичээллэснээс хойш одоо таван жил өнгөрсөн байна. Хоёр жилийн өмнөөс Норжмаа багшид шавь орж, циркийн жүжигчин болсон.
-Цэцэнхүү багш дээр ирэхээсээ өмнө нугардаг байв уу?
-Би багадаа уурлахаараа арагшаа саваад л унадаг, гар хөлөө хааш нь бол хааш нь нугалаад унадаг байсан гэж ээж хэлдэг. Ер нь арван настайдаа л нугарах авьяас тодорсон. Тэрнээс хойш өөрийгөө хөгжүүлж эхэлсэн. Манай багш нар намайг байгалиас заяасан уян хатан гэдэг юм.
-Тодорно гэхээр яах уу?
-Нугараад л арагшаа савж унаад л, гар хуруу нь зүгээр байхгүй байж л дээ. Тэгээд л нугаралтын дугуйланд бүртгүүлье гээд анх драмын театрын Цэцэнхүү багш дээр очиж шалгуулж байсан. Багш маань миний авьяасыг нээж хөгжүүлсэн.
-Аль циркт харьяалагддаг вэ. Гадагшаа тоглолтоор явдаг уу?
-”Аса” циркт хамаарагддаг. Багштайгаа Орос, Туркээр явж тоглосон.
-Шүүгчид нугараач хүүхдүүдийг илүүтэй дэмжиж харагдсан. Олон ч нугараач оролцсон. Бусад хүүхдүүдээс чи юугаараа илүү байв?
-Би уян хатнаараа илүү байсан болов уу. Би хаашаа л бол хаашаа мушгираад буцаад гараад ирдэг үзүүлбэр үзүүлдэг. Анх эрүүн дээрээ хэвтэж байгаад хөлөөрөө мушгирахад хүмүүс гоё хүлээж авсан. Ер нь миний үзүүлбэр хүнд байсан. Энэ тэмцээнд үзүүлсэн бүх үзүүлбэрээ би шинээр бэлдэж орсон. Хонон өнжин сургуулилт хийж байлаа. Үүний үр дүн ч гарлаа. Багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Шилдэг 15-д үлдсэн хүмүүс бүгдээрээ авьяастай. “Бөрт чонын үр сад” хамтлагийн ах нар гоё бүжиглэдэг. Бас эмэгтэй хоолойгоор дуулдаг Чинчулуун ахыг авьяастай л гэж хэлнэ.
-Шүүгчид дандаа магтаагүй байх. Ялангуяа Баатар найруулагч нэлээд хатуу үгтэй. Хэн нь илүү урам хайрлаж байв?
-Гурвуулаа л сайн шүүгч. Д.Болд ах намайг “Уран нугаралтын төлөөлөл болох хүүхэд байна” гэж хэлэхэд гоё санагдаж байсан. Уран нугаралтынхны төлөөлөл болно гэдэг чинь маш гоё шүү дээ. Цаашдаа Монгол орныхоо нэрийг гаргана гэж бодож байгаа. Баатар шүүгч хоёрдугаар шатанд “За хүү минь ээ, юм сонсож сур” л гэсэн. Гурван шүүгч маань намайг улам мундаг болоорой гэсэн. Бас ээж маань намайг миний хүү үнэхээр сайн байна, улам хичээгээрэй гэж хэлэх нь гоё байсан.
-Нугараач хүн хэдэн нас хүртлээ нугардаг юм бол?
-Багш хэлэхдээ өөрийнх нь бэлтгэлээс болдог гэсэн. Ер нь 25 нас хүртлээ нугардаг гэдэг юм билээ. Тэрнээс цаааш нугарч байгаа хүн ч зөндөө л байдаг. Өөрийнх нь хичээл зүтгэлээс болдог.
-Одоо аль сургуульд сурч байна вэ. Ирээдүйн мэргэжлээ сонгочихсон уу?
-Манайх Нисэхэд байдаг. Нисэхийн долдугаар сургуулийн 9д ангид сурдаг. Энэ тэмцээнд ороход манай сургуулийн захирал, багш нар болон анд найз нар маань бүгдээрээ дэмжсэн. Та нартаа баярлалаа. Ирээдүйн мэргэжлээ сонгосоон. СУИС-д сурч жүжигчин болно. Жүжигчин болоод хажуугаар нь нугараад л явна даа.
-Жүжигчин хүн тал бүрийн авьяастай байх ёстой гэдэг. Чамд нугарахаас өөр ямар далд авьяас байна?
-Ёочин тоглоно. Бүжиглэнэ. Шүлэг уншина. Ер нь жүжигчин болох болохоор өөр олон зүйлд суралцана гэж бодож байгаа.
-Аав, ээж нь юу хийдэг вэ. Нугардаг, бүжиглэдэг удам бий юу?
-Би айлын ганц хүүхэд. Аав хувиараа юм хийдэг. Ээж тогооч. Манай удамд нугардаг хүн байгаагүй. Би л болж байна. Урлагийн хүн ч байхгүй дээ. Ер нь манай удмын авьяас надаар л эхэлж байгаа юм шиг байна лээ.
-Тэмцээнд түрүүлээд нэлээд өндөр шагнал авлаа. Мөнгөө юунд зарцуулах гэж байна?
-Төлөвлөсөн зүйл байгаа. Гэхдээ одоохондоо мөнгөө авч амжаагүй байна.
-Юунд төлөвлөснөө хэлэхгүй юм уу?
-Уран бүтээлдээ зарцуулна. Юм хум зөндөөн хийнэ. Өөрийнхөө авьяасыг хөгжүүлэх, клип хийх зэрэгт л зарцуулна гэж бодож байгаа.
-Аав, ээждээ юу авч өгөх юм?
-Одоохондоо аав, ээждээ юу авч өгөхөө бодоогүй байгаа. Гэхдээ юм авч өгнө өө. Аав, ээж эмээ гурав намайг их дэмждэг. Намайг төрүүлж өсгөсөн ээж, аав, эмээдээ баярлалаа.
-Уран нугараач уяхан туяхан охиноо ээж нь ажил хийлгэж байна уу?
-Манай эмээ, ээж хоёр “Боль боль миний хүү гар хуруу нь эвдэрчихнэ” гээд надаар ажил хийлгэдэггүй. Хааяа л аяга тавгаа угаана. Ээж, эмээ хоёртоо туслахгүй бол болохгүй шүү дээ. Хааяадаа ажил хийдэг ээ.
-Аавдаа алгадуулж үзсэн биз дээ?
-Аав, ээждээ зэмлүүлэхгүй хүн гэж байхгүй. Хааяа загнуулна. Ээж намайг чимхдэг.
-Ээж, аав нь охиныхоо авьяасыг дэмжиж гэрийн ажил ч хийлгэхгүй хайрлаж өсгөж байна. Гэтэл эцэг, эхгүй гудамжинд тэнэж яваа хүүхэд олон бий. Тэднийг хараад юу гэж бодогддог вэ?
-Аав, ээж гэр бүлтэйгээ байх л хамгийн аз жаргалтай. Гэр оронгүй хүүхдүүдийг өрөвддөг. Хүн хүүхдээ гаргачихаад ингэж явуулна гэдэг бол муухай зүйл.
-Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлж байна?
-Одоо жаахан амарч байгаад дугуйландаа явна.
-Дараагийн удаа ямар тэмцээнд оролцож авьяасаа үзүүлэх бодолтой байна?
-Цаашдаа гадаадын том уралдаанд эх орноо төлөөлөн оролцох сонирхол их байгаа. Монголдоо нэр хүндтэй болчихлоо. Тийм болохоор гадаадын тэмцээнд орж нэгдүгээр байрыг авна л гэж бодож байгаа. Эх орныхоо нэрийг гаргана. Гэхдээ ийм тэмцээнд явахад дэмжлэг хэрэгтэй. Дэмжих хүн байвал дэмжээрэй.
Д.ЦОГЗОЛМАА