2011-07-26"Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Баатархуягтай ярилцлаа.

"Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Баатархуягтай ярилцлаа.
-Урьдчилан хорих төвөөс суллагдсанаасаа хойш танай холбооныхон ямар ажил амжуулав. Үндэсний баярыг "Ард түмний наадам" болгох төлөвлөгөөтэй гэцгээж байсан.
-Арай л шоронд наадамласангүй. Манай холбооныхон биднийг суллуулахын төлөө чамгүй зүтгэлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Одхүү нарын батлан даалтаар долдугаар сарын 10-нд суллагдсан. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс ч биднийг суллахад дэмжлэг үзүүлсэн байх. Үндэсний баярыг "Ард түмний наадам" болгох төлөвлөгөө маань бидний алдаанаас болж бүтэлгүйтлээ.
-Ямар алдаа?
-Бид өмнө нь цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж, тэдэнд итгэж байж. Өвөрхангайн цагдаагийн хэлтсийн дарга нь хүртэл "Хамтарч ажилламаар байна" гэж хуурч байгаад биднийг баривчилсан. Энэ мэтээр цагдаагийнхан биднийг ямар нэг аргаар хорих даалгавар авснаа биелүүлсэн. Тэр аргад л бид орчихсон хэрэг.
-Таныг Төрийн ордон руу сум харвасан гэх үндэслэлээр хорьсон биз дээ?
-Би ч тухайн үед Ц.Мөнхбаяр нартай хамт явж байгаад Өвөрхангайгаас ирсэн даруйд баригдсан.
Гэхдээ намайг Төрийн ордон руу сум харвасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 181.3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэнд зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан бол 5-8 жил хүртэл хугацаагаар хорих тухай заасан байдаг юм байна. Төрийн ордон руу сум харваснаас хойш хэн ч намайг дуудаж байцаагаагүй. Ердөө л шалтаглаж хорьсон нь илт байгаа.
-Төрийн ордон руу сум харвасан учраас таныг онц аюултай гэмт хэрэгтэн гэж дүгнэж байгаа юм болов уу?
-Би урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн бид хэн нэгэнд гэмтэл учруулах гэж харваагүй. Би хийсэн үйлдлээ хэзээ ч гэмт хэрэг гэж бодохгүй байна.
-Танай бусад гишүүд Төрийн ордны цонхыг оноогүй. Тэдэнтэй адил алдаж харвасан бол эрүүгийн хэрэгт холбогдохгүй байсан юм биш үү. Бусадтайгаа адил дарвиад өнгөрдөг байж гэж бодох юм уу?
-Үгүй. Бид угаасаа байшин онох гэж харваагүй. Цонхоор нь сум оруулж эрх баригчдад сануулга өгөх зорилготой байсан. Цонхны шил цоорох эх орноос үнэтэй гэж үү.
-Урьдчилан хорих төвд хоригдож байхад ямар байв?
-Манай бусад хүмүүст эргэлт оруулаагүй. Надад нэг удаа эргэлт оруулсан. Тэнд байгаа хүмүүс биднийг маш дэмжиж байгаа нь мэдрэгдсэн. Тэнд олон л юм бодогдлоо. Миний өвөг дээдэс хэдэн зуугаараа эх орныхоо төлөө амиа зольж явсан. Түүнтэй харьцуулахад миний 18 хоног хоригдох юу ч биш. Улс орон ийм болчихоод байхад иргэд нь дорой байвал байдал улам л дордоно. Тиймээс ганц олдсон амьдралаа эх орныхоо төлөө өнгөрөөе л гэж бодлоо.
-Танай холбооны гишүүд бүгд батлан даалтад гарчихлаа. Цаашид тэмцлээ үргэлжлүүлэх үү?
-Үүнд тодорхой хэлэх хариулт алга. Өмнө нь бид хийх ажлаа бүгдийг мэдээлдэг, тайлагнадаг байлаа. Тэр нь нэг ёсондоо хуулийнханд өгөөш болдог байж. Цаашдаа хийх ажлаа тодорхой хэмжээнд нууцлахаар ярилцаж байгаа.
-Холбоондоо хуралдайгаа хийж байгаа юу?
-Албан ёсоор хуралдай хийгээгүй. Өөр хоорондоо бол уулзаж байгаа.
-Морьтой тэмцэгчид бүгд тарчихсан уу?
-Нутаг чөлөөлөх аянд явж байхад цагдаа нар баривчилгаа хийсэн шүү дээ. Тэр үед бусад хүмүүсээ нутагт нь буцаасан. Ер нь тухайн үед биднийг хэцүү байдалд оруулсан. Бичлэг хийж байсан зургийн аппарат гээд бүх л хэрэгслийг маань хураасан. Цагдаа нар төрийн нэр барьж юу дуртайгаа л хийсэн дээ. Тийм үед хүмүүсээ буцаахаас аргагүй байсан.
-Тэмцэгчдээ нутаг руугаа буцахад нь тодорхой хэмжээний мөнгө өгсөн үү. Хаваржин ажил амьдралаа хойш тавьж тэмцсэн гэдэг утгаар нь асууж байна л даа.
-Тэд мөнгөний төлөө биш эх орныхоо төлөө амьдралаа зольж байсан. Гэхдээ ажил амьдралаа хойш тавьсных нь төлөө тодорхой хэмжээгээр амьдралыг нь залгуулах ёстой. Бид аль болохоор болж бүтэхээс нь зохицуулж байсан. Нутаг чөлөөлөх аянд явж байгаад баригдахдаа үнэхээр мөнгө төгрөг өгч чадсангүй.
-Дахиад тэмцлээ гэхэд тэр хүмүүс эргэж ирэх болов уу?
-Ирнэ ээ. Гэхдээ тодорхой хэмжээний шалгуур байгаа. Шантрахгүй, зорилгодоо үнэнч байвал хүн илүүдэхгүй.
-"Гал үндэстэн"-ийхэн өнгөрсөн гуравдугаар сараас хойш тэмцлээ. Үр дүн гарав уу?
-Үүнд түмэн олон хариулт өгөх биз. Сэлэнгэ аймагт очих сургаар мэргэжлийн хяналтынхан уул уурхайн компаниудад шалгалт хийгээд лацадчихсан байсан. Мэргэжлийн хяналтынхны лацыг тайлаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан уул уурхайн компаниуд биднийг очиход үйл ажиллагаагаа зогсоочихсон л байлаа. Энэ бол үр дүн. Байгаль орчин тэртэй тэргүй сүйдчихсэн. Цаашдаа сүйтгэлгүй нөхөн сэргээлт хийлгэх нь бидний зорилго байсан. Үүнийг нутгийн иргэд маш сайн ойлгож байсан. Бидэнтэй санал нийлэхгүй нэг ч хүн байгаагүй. Энэ бол тодорхой хэмжээний үр дүн.
-Та "байсан" гэж яриад байна. Энэ чинь та нарын тэмцэл дууссан гэсэн үг үү?
-Үгүй. Өмнөх шиг гэнэн байдлаар биш, өөрөөр тэмцэнэ.
-Урьд нь "буудна" гэж хэлээд бууддаг байсан бол цаашдаа өөр аргаар тэмцэнэ гэсэн үг үү?
-Буудах бол бидний тэмцлийн нэг хэлбэр л байсан. Дохио өгөхийн тулд л буудсан.
-Буудах, морьтой жагсаал хийх, УИХ-ыг тарахыг шаардахаас өөр гарц алга уу?
-Одоогоор тийм гарц байна гэж хэлж байгаа хүн алга. Бидний харсан өнцгөөр Засгийн газар л алдаагаа засах ёстой. Засгийн газрыг алдаагаа засах шийдвэр гаргаасай гэсэндээ бид "Нутаг чөлөөлөх" аянд мордсон. Бидний тэр ажил ард түмэн, эрх баригчдад дохио өгсөн.
-Орон нутгийн иргэд та нарыг дэмжиж байгаа бол яагаад нийлээд тэмцэхгүй байна вэ?
-Уурхайгаар явахад олон асуудал байна. Малчид ундны усаа авахын тулд "Сентра гоулд"-аас зөвшөөрөл авч байна. Уул уурхайн компаниуд цагдаа нартай холбоотой болохоор иргэдэд дээрэнгүй ханддаг. Малчид үгнээс нь гарах ч эрхгүй.
-Таны хувьд яаж яваад тэмцэгч болчихов?
-Би Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Байдраг голын хүүхэд. Миний нутаг нүд халтирмаар сүйдсэн. Мөн би өв соёл, түүх судалдаг хүн. Тиймээс нүдэн дээр сүйдэж байгаа эх орноо хараад зүгээр сууж зүрхлээгүй. Эх орныхоо төлөө өөрийгөө зориулъя л гэж шийдсэн.
-Үүнийг чинь "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэж ярьдаг хүмүүс ч бий.
-Манж, Тангадын үлдээсэн аймшигт хараалуудын нэг. Хүнийг оготнотой зүйрлэнэ гэж юу гэсэн үг вэ. Би нэг л итгэл үнэмшилтэй. Олон зуунжилийн туршид хүн төрөлхтний агуу түүхийг бүтээсэн Монголд эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой.
-Олон сар тэмцээд явахаар ар амьдрал чинь хэцүүдэхгүй юү?
-Ар гэрийн амьдрал үнэхээр хаягддаг. Гэхдээ гэр бүлийнхэн нь дэмжиж элэг нэгтэй зүтгэж байж амжилтад хүрдэг. Заримынх нь ар гэрийнхэн үр дүнгүй явлаа гэх зэргээр таагүй байх нь ч бий.
-Амьдралаа хойш тавьсны хариуд тодорхой хэмжээний "цалин" авдаг л биз дээ?
-Би 2006 оноос хойш байгаль орчныхоо төлөө тэмцсэн. Түүнээс хойш би л лав ашиг олоогүй. Зөв зүйл хийж байна гээд мөнгө өгсөн хүн байхгүй. Ашиг хонжоо хайдаг хүн байдаг л байх. Харин үнэнээсээ, чин зоригоороо явдаг хүн өөр. Би Ц.Мөнхбаяр ахыг жишээ болгож ярих дуртай. Дэлхийн хэмжээний шагнал аваад дагаж ирсэн 120 мянган ам.доллараараа гурван өрөө байр, хоёр машин авсан. Үлдсэн мөнгөө "Урт нэртэй хууль" батлуулахын тулд 21 аймгаар явж санал асуулга авч байсан. Энэ хавар тэмцэхдээ байраа зарж, машинаа барьцаанд тавиад л явж байна. Бас биднийг ойлгоод тусалдаг ч хүмүүс байдаг. Тэдэнд "Таны өгсөн нэг төгрөг ч эх орны ширхэг тоосны төлөө зориулагдана. Үүнийг л амлаж чадна" гэж хэлдэг юм. Улс эх орон байвал түүнээс илүү баялаг хаана байна вэ.
-Танай холбооны гол санхүүжүүлэгч Иргэний хөдөлгөөний намын дарга Н.Даваа. Түүнийг хориход нь та нар тэмцэж байсан. Одоо тэр хүний төлөө юу хийж байна вэ?
-Манай Удирдах зөвлөлийн найман гишүүн хоригдсоноос Н.Даваагаас бусдыг нь суллалаа. Эрх баригчид "Гол санхүүжүүлэгчийг нь хориод байя" гэсэн бодолтой байна. Н.Давааг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд суллаад зургадугаар сарын 1-ний шөнө хорьсон шүү дээ. Шалтгаан нь, бид Н.Давааг суллагдсан өдөр нь Их тэнгэрт очиж тэмцлээ илэрхийлсэн юм. Тэгэхэд "Та нарын сулласан тэр Даваа чинь юу хийж байна вэ" гээд хуулийнхныг дарамталж байсан гэдэг. Тэгээд л шүүх шөнө дунд шийдвэр гаргасан хэрэг. Намайг хорихдоо ч прокурор шөнийн 23.00 цагт шийдвэрээ гаргадаг. Хуулийнхан даалгавар авсан л бол шөнө ч ажлаа хийдэг юм байна лээ.
-Хэний даалгавраар тэр билээ?
-Бид цагдаа, прокурорыг хэзээ ч буруутгадаггүй. Тэд эрх баригчдын тушаалаар ажиллаж байгаа. Өвөрхангайд биднийг баривчлахаар очсон цагдаа нар "Та нар тушаал гэдгийг л ойлгоорой" гэж байсан. Дэргэд нь байгаль орчин сүйдээд байгааг харахад тэдэнд ч хэцүү байгаа. Гэхдээ дээрээс өгсөн тушаал хэцүү шүү дээ. Эрх баригчид Монголын ард түмнийг хагаралдуулж, туйлдуулахыг л зорьж байна. Гэхдээ эх орон биднийг нэгтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР