2011-08-05Шинэхэн гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа.

-Зуны амралтаа яаж өнгөрүүлж байна. Хөдөө явчихаад ирсэн гэв үү?
-Тэгсэн. Хөдөө гадаа явж, хувийн болон хувьсгалын ажил амжуулж явна даа. Бидний амралт нэг сарын хугацаатай. Амрахаас өмнө гурван киноны санал ирсэн. Гэхдээ кинонд тоглож байгаа болохоор тэр саналуудыг буцаасан л даа. Олон нийтийн телевизийн “Өдөр өдрийн наран” жаран ангит кинонд орсон болохоор түүнийгээ дуусгая гэж бодоод бусад ажлуудыг хүлээж аваагүй. Есдүгээр сарын 20-доор гарах кино. Одоо дөчин хэд дэх ангиа хийж байна. Миний дүр сайхан, муухайг нь мэдэхгүй өвөрмөц. Үзсэнийхээ дараа дүгнээрэй. Урьд нь тоглож байсан дүрүүдээс маань арай өөр. Бизнес хийдэг, хүмүүсийг ивээн тэтгэдэг. Айхавтар бас сайхан сэтгэлтэй эмэгтэйн дүрд тоглож байна. Найруулагч нь Төрөө. Манай кинонд 200-гаад уран бүтээлч оролцож байгаа.
-Цол дагаж бяр нэмнэ гэдэг. Хэр бяр амтагдах юм бэ?
-Тийм аймаар бяр амтагдаад байгаа ч юм алга л байна. Ямар ч байсан цол авна гэдэг хариуцлага. Түүнээс биш бяр амтагдаад хүн барьж аваад унагаагаад байх биш дээ. Урьд нь ажиллаж байсан зарчим, уран бүтээлдээ хандах хандлага яг л хэвээрээ. Түүнээс биш биеэ тоохдоо гол нь биш. Хамгийн гол нь ажлаа л сайн хийх хэрэгтэй.
-Гавьяат болсныхоо дараа хамгийн түрүүнд хэнтэй баяраа хуваалцав?
-Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө баярлацгаасан. Манайхан сонсоод бөөн хөөр баяр. 9-ний орой бид тоглолттой байсан юм. Тоглолтын завсар чөлөөгөөр утас дуугараад л байсан. Будгаа хийгээд юун утас авах манатай. Амрах үеэр утас дуугарахаар нь авсан чинь “Та маргааш 12 цагт Засгийн газрын ордны хойд хаалган дээр бэлэн байгаарай. Монгол Улсын гавьяат жүжигчин болсонд баяр хүргэе” гэлээ. Юу билээ гээд пал гээд явчихсан. Манай өрөөнд МУГЖ С.Сарантуяа, Урнаа бид гурав байсан. Сая ингэх юм, юу ярьчихваа гэсэн чинь “Хүүш ээ, баяр хүргэе” гээд л. Маргааш нь 10-ны өглөө очсон доо. Сүртэй юм билээ. Өөрийн эрхгүй бие баригдаад. Битгий алга ташаарай гэсэн ч бусад хүний алдар цолыг дуудахаар алга ташмаар, баяр хүргэмээр санагддаг юм билээ. Гараад ирсэн чинь битүү хүн, хашгиралдаад, орилолдоод. Миний баруун талд манай дарга. Зүүн талд Н.Сувд дарга хөтлөөд гарч ирсэн. Ээж, аав хоёроороо хөтлүүлээд ирж байгаа юм шиг санагдсан. Тэр өдөр манайхаас есөн хүн шагнал авсан л даа. Манайхан шагналтнуудаа албан ёсоор театр дээрээ хүлээж авч, мартагдахааргүй хүлээн авалт хийдэг. Даргынхаа өрөөнд, тайзан дээрээ хүлээж аваад, дараа нь өрөөнийхөн хүлээж авсан. Манай өрөөнд Ардын жүжигчин Н.Сувд гуай, Ардын жүжигчин Ж.Мэндбаяр гуай, гавьяат жүжигчин С.Сарантуяа, гавьяат Урнаа бид хэд байдаг юм. Тэндээс гараад манай нэг хөгшин байдаг юм. Тэднийд очиж үнсүүлчихээд, буцаад 20 цагаас тоглолт руугаа санд мэнд ирж байлаа. Тоглолтын үеэр шагнал авсан бүх улсуудаа алдар цолоор нь дуудаж баяр хүргэсэн. Анх удаа Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь гэж зарлахад бас их гоё байдаг юм билээ. Зритель орилолдож баяр хүргээд, сайхан байсан. Тэр өдөр их азтай, хамт олон, гэр бүл, үзэгчидтэйгээ бүгдтэй нь баяраа тэмдэглэсэн.
-Ээж тань их баярлаа даа?
-Тэгэлгүй яахав. Би өмнөх өдөр нь “Гавьяат болсон, ир” гэнээ гэж хэлсэн чинь “Хүүшээ одоо яанаа ийнээ” гээд л хувцас хунар яанаа гээд л хүн чинь сандардаг юм билээ.
-Одонгийн дээл бэлтгэж амжсан уу?
-Байгаа дээлээ өмсөөд очсон. Шинээр хийж амжихгүй л дээ.
-Өнгөрсөн хугацаанд олон юм бодогдсон байх. Юу хийхийг хүсч байна?
-Шагнал авсандаа ч гол нь биш. Ямар ч уран бүтээлч хүн тоглоогүй уран бүтээлдээ тоглох юмсан гэдэг юм уу, ямар нэг зохиол уншаад ямар нэг дүр таалагдвал түүнд тоглохсон гэж бодогддог ш дээ. Тэр битгий хэл эрэгтэй хүний дүр хүртэл таалагдана шүү дээ. Хүний хүсэл хязгааргүй. Гоё дүр л байх юм бол тоглохсон гэж бодогдож байдаг. Заавал гол биш туслах дүр байсан ч гоё дүр байдаг байхгүй юу.
-Таны хорхой хүргэсэн тодорхой дүр байгаа юу?
-Одоо бол би “Өдөр өдрийн наран” киноныхоо дүрд нэлээд хорхойсч байгаа. Энэ зохиолыг өгөхдөө найруулагч, зохиолч хоёр нь байлцсан. Тэгээд “Бид таныг хоёр дүрд ярьсан юм аа. Нэг нь гол дүрийн эмч байсан” гэхээр нь “Баярлалаа, би гол дүрд амжихгүй ээ. Театрын ажлыг цалгардуулна” гэсэн чинь “Харин таныг тэгж хэлэх байх гэж мэдээд байсан юм” гэнэ. Зохиолч хэлэхдээ “Бодож санасан юмаа гаргахын тулд энэ дүрд хариуцлагатай, уран чадвартай хүн авна гэж бодсон юм. Бүх талаас нь ярилцаж байгаад тан дээр тогтсон” гэсэн. Тэгж хэлэхээр хүн айдаг юм билээ. Санаанд нь хүртэл гаргаж чадахгүй бол яанаа гэж. Зохиолоо уншихад их таалагдсан. Энэ дүрдээ дуртай байгаа. Тийм ч учраас давхар иймээ тиймээ юманд оролцохыг бодоогүй.
-Та Мандухай, Ану хатан шиг дүрд тоглохсон гэж амбицладаггүй гэж үү?
-Ер нь хатдын дүрд тоглох юмсан гэж ямар ч хүн бодно. Хэрэв оногдох юм бол тоглохсон гэж бодно л доо. Хатад болгон өөрийн онцлогтой. Сая бид хатдаар их өвчиллөө. “Ану хатан” жүжиг тавина гэхэд хүн болгон би тоглох юмсан гэж бодно шүү дээ. Гэхдээ “Ану хатан” жүжгийн хувьд жүжигчин Баясгалан өөрөө зохиолчтой нь ярьж байж зохиолыг нь бичүүлсэн, мөнгө төгрөгийг нь өөрөө олсон учраас өөрөө тоглох нь гарцаагүй.
-Авьяас удамшдаг юм болов уу. Аавынхаа авьяасыг өвлөж авсан гэж боддог уу?
-Удамшдаг байх гэж би боддог. Хэр хэмжээнд гэдгээс шалтгаална. Удамшсан авьяасыг хөгжүүлж, ургуулж, арчилж чадахгүй бол унтардаг. Манай хөгшчүүл ярьдаг юм. “Чи сайхан аавтай, сайхан жүжигчин. Танай аав чинь гайхамшигтай. Сайхан хүний авьяасыг авч төрдөг чи азтай. Чи өөрөө хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй” гэхээр нь баярлаж явдаг. Тийм үг сонсоно гэдэг ч хариуцлагатай. Хүний итгэлийг алдахгүй юмсан гэж боддог.
-Аавын тань хэлсэн сэтгэлд үлдсэн урмын үг байдаг байх?
-Эхэндээ нэг их нарийн юм ярьдаггүй байсан. Нэг удаа “Миний хүү маш сайхан жүжигчин болжээ. Гайхамшигтай, аав нь өөр юу хэлэх вэ. Би их баярлаж байна” гэсэн. Анх намайг сургуульд ороход дургүйцдэг, эмэгтэй хүнд хэцүү ажил гэдэг байсан. Гэхдээ ямар ч байсан мэргэжлийг нь өвлөөд явж байгаадаа баяртай байдаг. “Сонгодог жүжгийн дүрд тоглох болсон байна” гэж хэлсэн нь их том урмын үг байсан.
-Танай ах дүү нараас өөр жүжигчин төрсөн үү?
-Үгүй ээ. Гэхдээ манайхан бүгд зурна. Жүжигчний ажлыг ойлгодог.
-Таныг хожуу хүүхэд гаргасан гэж сонссон. Хүсч мөрөөдөж байсан хүнтэйгээ учирсан уу?
-Хүн танилцангуутаа хүүхэд гаргахгүй. Танилцангуутаа суухгүй. Нэлээд харж байж сууна шүү дээ. Сэтгэл санаанд нийцсэн учраас би хүүхдийг нь гаргасан. Хүнтэй суусан. Бодож санаж байсан хүнтэйгээ суусан.
-Ямар мэргэжлийн хүн бэ?
-Хуульч хүн.
-Олны танил жүжигчин эхнэртэй байх нөхөрт чинь ямар байдаг бол?
-Мэдэхгүй.
-Гомдоллодоггүй гэсэн үг үү?
-Ер нь жүжигчин хүн хэцүү л дээ. Гэртээ байхаасаа байхгүй нь их. Урлагийн хүнтэй ханилна гэдэг хэцүү. Хүмүүс сайхан амарч байхад бусдыг баярлуулаад явж байдаг. Ганцхан театрт ажиллах биш. Кино ший, телевиз гээд бүх л юманд явж байдаг учраас зав багатай. Хэцүү л байдаг байх даа, ер нь бол.
-Таныг удаан эргүүлсэн үү, фэн байсан уу?
-Аль, аль нь л байсан даа. (инээв)
-Ээж тань нүүр будагч байсан гэдэг. Та арын албаныханд бусдыг бодвол өөр ханддаг байх?
-Амь ш дээ. Арын албаныханд хайртай байдаг. Болж өгвөл тэднийг тарчлаагаад байхгүй юмсан гэж боддог.
-Алдар хүндийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Таныг үргэлж аавтай чинь харьцуулж, илүүг хүсэн хүлээх нь ядаргаатай санагддаг уу?
-Ер нь миний үеийн хүмүүстэй намайг харьцуулдаггүй. Би тэдэнтэй адилхан хэмжээнд жүжиглэж болдоггүй. Чи Ардын жүжигчний хүүхэд, за алив гэдэг. Хариуцлага өндөр. Тэр нь хор болдоггүй. Харин хүн тэгэх тусам өөрийгөө дайчилдаг. Эцэг, эхийн алдар цол ажиллахад түлхэц өгдөг.
-Гавьяат таны хүсэн хүлээсэн шагнал мөн үү?
-Хүн шагнал авахын төлөө ажил хийдэг гэж би боддоггүй. Ажилласан шиг ажиллавал хэзээ нэгэн цагт алдар цол, мөнгө хоёр орж ирдэг.
-Цолны найр хийсэн үү?
-Хийгээгүй. Хүмүүс гавьяатын найраа хэзээ хийх гэж байна гэх юм. Ажилдаа орсны дараа хамт олонтойгоо тэмдэглэсэн нь дээр гэж бодож байгаа.
-Та нэг газар “он удаан жил тогтвор суурьшилтай” ажиллах юм аа. Театраас гарах, амьдралынхаа хэвшлийг өөрчлөх талаар бодож байв уу?
-Ер нь бол би нэг зүтгэвэл түүндээ хүрч байж санаа амардаг хүн л дээ. Анх сургуулиа төгсөөд театртаа ирж ажилласан. Театртаа явсаар байгаад өнөөдрийг хүрлээ.
-Жүжигчний мэргэжил сонгосондоо харамсах үе байсан уу?
-Харамсч байгаагүй. Энэ мэргэжлийг эзэмших гэж бусад юмаа золиосолж байсан учраас харин ч баяртай байдаг. Одоо үр шимийг нь үзэж байна.
-Жүжигчний ажлаас гадна та юунд цаг заваа зарцуулдаг вэ?
-Яг одоохондоо хүүхэддээ л цаг их зарцуулж байна даа. Түүнээс биш хоол хийх хоббитой. Ном унших, кино үзэх хоббитой.
-Таныг хараад яаж ингэж жингээ барьдаг юм бол гэж бодлоо. Эсвэл төрөлхийн ийм буянтай биетэй юм уу?
-Жин барих хэцүү шүү. Их л дасгал хийхгүй бол нэмэгдэнэ шүү дээ. Сайхан амраад жин нэмж байна. Ажил эхлэнгүүт ахиад жин барих дасгалдаа явж эхэлнэ дээ. Аэробек, боди аль алинаар нь хичээллэдэг.
Б.ЯНЖМАА
"Өдрийн сонин"