2011-09-20“Авьяаслаг америкчууд” шоуны хөтлөгч Ник Канон багагүй авьяаслаг нэгэн.

Тэрээр хошин шог болон хөгжмийн ертөнц гээд салбар бүрт хүч сорьж, өөрийн гэсэн ертөнц, дүр төрхийг бүтээж яваа.
- Нэг бус салбарт хүчин зүтгэж, дуучин, жүжигчин, продюссер гээд олон алба хашдаг ч саяхан түүнд хамгийн хүндтэй үүрэг ногдож, Монро болон Морокко гэх ихрүүдтэй болсон. Тиймээс энэ удаагийн ярилцлагад хувийн амьдрал болон гэргий Мэрайя Кери, ихрүүдийнхээ тухай ярилцах боллоо. Юуны өмнө үрийн зулай үнэрлэсэнд баяр хүргэе.
- Баярлалаа. Бас намайг ярилцлагадаа урьсанд тань талархаж байна.
- Та бага зэрэг ядрангуй харагдаж байна. Нойр бага байгаа юм уу?
- Угаас надад унтах зав бараг л гардаггүй. Гэхдээ одоо амьдрал минь эрс өөрчлөгдсөн. Би яг л хүүхэд асрагч шиг болчихсон.
- Гэхдээ энэ өөрчлөлт танд баяр баясгалан авчирч байгаа биз дээ?
- Тэгэлгүй яах вэ.
- Та живх солихдоо хэр сайн бэ?
- Дажгүй шүү. Би бүр жаахан байхдаа л дүү нараа асардаг байсан болохоор энэ тал дээр харьцангуй туршлагатай гэж болно.
- Аав болох танд таалагдаж байна уу?
- Би бүр инээмсэглэхээ больж чадахгүй болтлоо баярлаж байна. Өөдөөс бяцхан хоёр нүд ширтэх нь ямар гайхамшигтай гээч.
- Би хүүхдэд чинь бэлэг бэлдсэн. Та спортын хорхойтон байхаа?
- Тийм ээ.
- Тиймээс ихрүүдийн нэрийг бичсэн энэ өмсгөлийг бэлдсэн юм. Английн “Арсенал” багийн өмсгөл.
- Та нэг юм мэдэх үү? Би хөл бөмбөгийн тухай кинонд тоглохдоо “Арсенал” багийн тоглогч болж, талбайд Девид Бекхэмтэй хамт гарч байсан юм шүү дээ.
- Надад үзэсгэлэнт гэргийнхээ тухай яриач? Та анхнаасаа л “Тун удахгүй түүний дэргэд сэрдэг болно” гэж боддог байв уу?
- Өдөр бүр тэгэж боддог байсан. Тэр бол миний мөрөөдлийн бүсгүй.
- Гэхдээ та хоёрын хайр дурлалыг хүлээн зөвшөөрдөггүй олон хүн байдаг.
- Тэр ч тийм шүү.
- Та хоёрын хамт явааг би их олон удаа харсан. Хэн ч харсан та хоёрыг аз жаргалтай, бие биедээ хайртай, сайхан хос гэх байх. Одоо үрийн зулай үнэрлэж нэг гэр бүл боллоо. Та хоёрын тухай ташаа ойлголттой байсан хүмүүст хандаж хэлэх үг бий юу?
- Бид хоёр хэзээ ч бусдын яриа, хов живийг асуудал болгон ярилцаж байгаагүй. Бусдын хов цуу үгнээс бус бидний хичээл зүтгэл, нэг нэгнээ хэр ойлгож, дэмжиж байгаагаас аз жаргал ирэх эсэх нь хамаарна гэж би боддог. Тиймээс хүмүүсийн хандлагыг төдийлөн ойшоож байгаагүй. Ямартай ч бидний харилцаа энэ хэвээр хэдэн арван жил үргэлжилнэ гэдгийг л хэлмээр байна. Магадгүй бидний хэт түргэн шийдвэр гаргаж, гэрлэлтээ батлуулсан нь хүмүүст сөрөг хандлага бий болоход нөлөөлсөн байх.
- Та яагаад тийм итгэлтэйгээр шийдвэр гаргасан юм бэ?
- Яагаад гэвэл амьдралаа холбох бүсгүй минь Мэрайя байсан болохоор тэр. Би түүнийг хайрласаар ирсэн. Би бүр жаахан байхаасаа л түүний үнэнч шүтэн бишрэгч байсан. Учир нь тэр дэндүү энгийн хүн. Яг л над шиг. Тиймээс танилцсан даруйдаа л өнгөрүүлсэн амьдралынхаа туршид хайж байсан бүсгүй минь яг мөн гэж бодсон.
- Харин тэр өөрийгөө таны мөрөөдлийн бүсгүй гэдгийг мэддэг болов уу?
- Танилцсанаас хагас цагийн дараа л мэдсэн байх. Би энэ тухай өөрөө хэлчихсэн юм. (инээв)
Гэхдээ биднийг дотносож эхлэх үед хүндэтгэл, шүтэн бишрэх сэтгэл биш хайр дурлал хөтөлж байсан. Бид эхний хэдэн долоо хоног хоёр биендээ тэмүүлж, үргэлж л хамт байхыг, ярилцахыг хүсдэг байв. Яг л хайр дурлалын тухай үлгэр шиг.
- Мэрайягийн хувьд алдар нэр, эд хөрөнгө гээд бүх зүйл байгаа тул түүний ертөнцөд боломжгүй зүйл гэж үгүй. Энэ нь таны ажилд ч бас нөлөөлсөн байх.
- Эхнэр маань тэрбумтан хэдий ч бидэнд эд хөрөнгийн энэ ялгаа төдийлэн нөлөөлдөггүй. Эд хөрөнгийг эс тооцвол бид жирийн л хүмүүс. Тэр ч бас халаасандаа хэдхэн доллартайгаар л амьдралд хөл тавьсан. Тиймээс бидний амьдрал тун энгийн. Хүмүүсийн төсөөлдөг шиг алтадсан суултуур бидэнд байхгүй. Тэр ч байтугай угаалгын онгоцонд хэвтэж, оргилуун дарс хувааж уудаггүй.
Мэдээж түүнтэй дотноссоноос хойш амьдралд өөрчлөлт гарсан. Хувийн амьдралыг минь олон нийт илүү их сонирхдог болсныг үгүйсгэхгүй. Угаасаа би тун нээлттэй хүн учир энэ байдалд дасахад тийм ч хэцүү байгаагүй. Түүний нэр хүнд, эд хөрөнгөнөөс болоод өөрчлөгдсөн зүйл бол зөвхөн энэ юм шүү.
- Танай гэр бүлд хэн нь илүү эрх мэдэлтэй вэ?
- Мэдээж би. (инээв) Харин одоо бол ихрүүд илүү эрх дархтай болсон. Гэхдээ өрх толгойлсох, гэр бүлдээ цаг зав гаргах, халамжтай сайн нөхөр байхад суралцаж л байна. Мэдээж миний мэдлэг, туршлага дутсан зүйл дээр Мэрайя шийдвэр гаргана. Тиймээс манайхыг 50, 50 хувийн эрх мэдэлтэй, ардчилсан гэр бүл гэж хэлж болно.
- Мэрайя таныг анх хараад юу гэж бодсон бол?
- Бид хоёр биенээ хөгжилтэй гэж л дүгнэсэн байсан. Одоо ч бид хамтдаа байхдаа хөгжилтэй байж, амьдралыг байгаагаар нь хайрлахыг хичээдэг.
- Тэр гадаад үзэмж, хоолой гээд бүх зүйл нь төгс төгөлдөр болохоос нааш тайзан дээр гардаггүй нэгэн.
- Тэр тун хөдөлмөрч бүсгүй. Учир нь тэр бүхнийг төгс байлгахыг хүсдэг. Бусдын бухимдлыг төрүүлдэг ч энэ нь надад таалагддаг шүү.
- Учир нь та ч бас ажлын хэнээтэй байх.
- Тийм ээ.
- Таны ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?
- Ажил маань их эрт эхэлдэг л дээ. Ихэвчлэн шөнийн 01.30 цагт радио нэвтрүүлгээ хөтлөхөөс эхэлдэг.
- Энэ нэвтрүүлэг тань дөрвөн цаг үргэлжилдэг байхаа?
- Тийм ээ.
- 01.30 цагт нэвтрүүлгээ цацахын турд хэдийд босдог вэ?
- 01.00 цагт. Тэгээд радиогийн студидээ 07.30 цаг хүртэл ажиллана. Дараа нь биеийн тамирын танхим руу явдаг. Эсвэл хүүхдүүдээ асарна. Дараа нь телевизийн ажилдаа ордог. “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлгийн ажил үд дунд эхэлдэг юм. Харин орой нь студид, эсвэл хэвлэлийнхэнд ярилцлага өгөх цаг гаргана.
- Тэгээд хэдийд унтдаг юм бэ?
- Би унтдаггүй юм аа.
- Бүр цурам хийдэггүй гэж үү?
- Ойролцоогоор хоёр цаг унтдаг. Бас шууд нэвтрүүлгүүдийн завсар нэг цаг амрах зав гардаг юм. Өдөрт дөрвөөс илүү цаг унтдаггүй. Ер нь шөнөдөө хамгийн удаандаа л хоёр цаг унтаж амардаг. 16 настай байхдаа хөгжмийн ертөнцөд хөл тавьж, өөрийгөө дайчлахын тулд нойроо хассанаас хойш ийм байдалтай болсон. Шоу бизнесийн ертөнцөд нойроо хосон байж зүтгэж байж л амжилтанд хүрдэг.