2011-09-24Саяхан нээлтээ хийсэн “Франц үнсэлт” киноны гол дүрийн жүжигчин Төмөрбаатарын Билэгжаргалтай ярилцлаа.

Түүнийг “Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаатай олон жил үерхэж байгаа гэдгээр нь залуучууд, фэнүүд нь илүүтэй мэдэх болсон билээ.
-Сайн байна уу. Бэки сүүлийн үед “кино од” болоод завгүй яваа юм уу. Сүүлийн үед хийж байгаа ажлаас тань харахад таны бодол, хүсэл кинон дээр биежээд байгаа юм уу гэж таамаглахаар байна ?
-Танай сонины мянга мянган уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Дугаарын зочноор урьсанд баярлалаа. Хамгийн сүүлд “Франц үнсэлт” нэртэй уран сайхны инээдмийн киноны гол дүрийг чадан ядан бүтээлээ.
Найруулагчаар нь нэрт алиалагч Содном гуайн ач, хүмүүсийн хэлдгээр “С-1″ телевизийн Г.Анхбаяр ажилласан. Кино маань нээлтээ хийгээд ойрдоо завгүй л явна. Өчигдөр киногоо үзсэн. Үнэхээр сэтгэлд хүрсэн кино болжээ. Олон хүнээс талархлын үг сонсоод урамшиж, янз бүрийн юм хийх бодол төрд байгаа.
Бидний хамтран хийсэн хоёр дахь уран бүтээл учраас ойлголцоход хялбар байлаа. Надтай хамт энэ кинонд “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа тоглосон. Киногоо үзээд би найз охиноороо бахархах сэтгэл төрсөн.
-Урлаг соёлынхон нэг гэр бүл болвол ойголцоход хялбар. Бас бие биеэ уран бүтээлд нь улам их хөглөж, эрч хүчтэй болгож өгдөг болов уу?
-Бид биеэ сайн мэддэг. Ийм хүмүүс анх танилцаж байгаа хүмүүсийн дүрд тоглохоор үнэхээр хэцүү юм билээ.
Г.Анхмаа бид хоёр аль эртний танилууд байхгүй юу. Би энэ талаар хүмүүст ярих дуртай. СУИС-ийн хоёрдугаар курст сурч байхад Дэлхийн театрын өдөр тохиосон. 2006 оны гуравдугаар сарын 6-нд байх шүү. “Шинэ үе продакшн”-аас оюутнуудын дунд уралдаан зохиосон юм.
-Оюутнуудын оскар гэж хэлж болох уу?
-Яг үнэн. Тэр өдөр би Г.Анхмаатайгаа анх удаа тайзан дээр Ромео, Жульеттад тоглож билээ. Тухайн үед бид нэгнийгээ сайн таньдаггүй. Манай ангид Г.Анхмаа орж ирж байсан. Найруулагч Н.Ганхуяг багш манай ангийг удирддаг байлаа. Тэр оскарын төлөө бид хамтран зүтгэсэн.
Тайзнаас буухдаа би Г.Анхмаад шууд дурлаж, хайртай болчихсон. Тэгээд л 21 хоногийн дотор өөрийн болгож авсан гэдэг шиг Г.Анхмаа бид хоёр удалгүй үерхэж, хамт амьдраад долоон жил өнгөрчээ. Мэдээж нэг салбарт ажилладаг хүмүүс бие биеэ сайн ойлгох ёстой.
Тиймдээ ч урлагийнхан бие биеийхээ зовлон, жаргалыг сайн ойлгодог, сайн анд нь байж чаддаг. Уран бүтээлд нь хамтран оролцож, нэгнийгээ хөглөж өгдөг. Хэрэв би жирийн айлын охинтой суусан бол намайг ингэж ойлгохгүй байсан болов уу. Бид уран бүтээл оргилсон үед шөнө харих үе олон.
Гэрийн ажил хаягдана гэх мэтээр асуудал их. Тиймээс Анхмаагаас өөр намайг ингэж сайн ойлгож, нэгдэн нийлэх эмэгтэй таарахгүй байх.
-Бэки кино жүжигчин, найруулагч мэргэжилтэй байх аа. Найруулагчийн ажлын зовлон, жаргалыг одооноос мэдэрч байна уу. Нэлээн хэдэн кинонд гол дүр бүтээсэн, туслах найруулагчаар ажилласныг чинь мэдэх юм байна?
-Би ангийнхан, найз нараасаа нэг их илүү гарсан юм байхгүй. Тэдний анкетийг харж байхад 10 гаруй кинонд тоглосон гэх мэтээр сүртэй юм биччихдэг юм. Би уран бүтээлээ шүүж үзлээ. Зургаан кинонд голдуу гол дүр бүтээжээ.
Хамгийн анх “Ийм нэгэн дурлал” киноны гол дүрд тоглосон. Удалгүй тэр киноны хоёрдугаар ангид тоглосон юм байна. Дараа нь “Cross animation “-ий анхны уран бүтээл “Сая километр” киног амилуулсан. Дараа нь “Луйврын хот”,”Хайрын эрэлд” олон ангит кинонд тоглосон.
Миний тоглосон долоо дахь кино удахгүй дэлгэцэд гарна. Нийгмийн сэдэвтэй, залуучуудад хандсан аятайхан кино болсон. Бид мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг зүйл байдаг даа. Яг түүнийг харуулсан шинэ кино удахгүй дэлгэцээр гарна. Киногоор дамжуулж нийгмийг өөрчилж, хөгжүүлэх гэж хичээсэн.
Тооноос илүү чанарт анхаардаг нь миний зарчим. Тиймээс л кино театруудаар гарч байгаа зарим кино нэртэй видеонуудыг үзэхээр уур хүрдэг. Хүмүүс мөнгөө төлөөд театрт кино үзэхээр очдог. Гэтэл өөдөөс нь муу бүтээл үзүүлж доромжлоод байх юм. Үүнд эгдүүцдэг.
-Хэн тэгж чиний эгдүүг хүргээд байгаа юм бэ. Шууд нэрийг нь, кино нь нэрлэж болохгүй юу?
-Монголын киночид л байхгүй юу. Гэхдээ бүгдийг нь хэлээгүй шүү, уучилж өршөөгөөрэй. Тэр, энэ гэж нэр усыг нь хэлээд яах вэ. Олон амътан надад дургүйцэх биз дээ. Ингэж олон юм ярилаа гээд дараа нь багш нартаа алуулах биз. Залуучуудад чанартай кино үзүүлэх хэрэгтэй биз дээ.
Манай залуучуудад нэг хэсэг хүнд үеийг даван туулаад юмны наад, цаад учрыг ялгаж салгадаг болчихсон. Тэнэг биш болсон гэсэн үг.
-Монголын киночдод нэлээн шүүмжлэлтэй ханддаг юм байна. Таныхаар кино урлагийг аврах, цэвэрлэж дээшээ гаргаж ирэхийн тулд юу хийх ёстой юм бол?
-Мэргэжил нэгт нөхөд маань хошин шогийн болон драмын жүжигчин гэж хоёр ялгардаг болсон. Дан ганц кино урлагаар дагнасан жүжигчин манай улсад одоохондоо байхгүй. Холливуудад дан ганц киногоор дагнасан жүжигчин олон байдгийг хүмүүс мэдэх байх.
Тиймээс би зүгээр ч нэг бухимдал дагуулаагүй. Монголд зөвхөн кино жүжигчин, дэлгэцийн урлагийн жүжигчний анги нээгээч гэж би СУИС-ийн багш нарт хүсэлтээ хэлж, энэ талаар ярилцсан. Нью-Йоркийн жүжигчдийн институд дэлхийн 260 гаруй улсад салбартай.
Тэр сургуулийг төгсвөл тасархай жүжигчин болно доо. Одоо бид тийшээ хошуурахаас өөр арга алга.
-Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл СУИС-д киногоор дагнаж хичээл заадаг цул авъяастай багш нар бий. Жүжигчин хүний амьдрал мэдээж тайзтай уялдаатай ч манай жүжигчид болсон болоогүй янз бүрийн юманд их тоглох юм. Үүнийгээ “бид ядуу, мөнгөгүйгээсээ болоод ингэлээ” гэж тайлбарйаж байгаа нь надад таалагддаггүй.
Жүжигчин хүн бүх талаар сайхан байж бусдын үлгэр дууриал болох ёстой. Хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Тэгж байж бусдын хүндэтгэл, хайрыг татна шүү дээ.
Гэхдээ асуудал яаж ч эргэлээ гэсэн дэлгэцийн урлаг руу анхаарах цаг яалт ч үгүй ирсэн шүү. Бид хэдий болтол үүнийг тойрч явах юм бэ. БСШУЯ-ны соёл, урлагийн бодлого боловсруулагчид энэ тал руу анхаарлаа хандуулаасай.
-Дан ганц кино дэлгэцийн урлагийг сонирхож байгаа юм байж. Энэ санаагаа өөрөө хэрэгжүүлэх гэж үзсэн үү?
-Манай улсад мэргэжлийн кино дэлгэцийн академи байгуулагдахаар ажил нь оволзож байна. Яагаад гэвэл ингэх олон шалтгаан бий. Гадаад, дотоодоос манай улсад кино одууд ирдэг болсон. Дэлгэцийн томоохон бүтээл хийлээ гэхэд Драмын хэдэн жүжигчид тоглоод л дуусчихдаг юм.
Гэтэл жүжигчний мэргэжлийг эзэмшсэн олон залуу энэ салбартаа үнэнчээр зүтгэж байгаа шүү дээ. Энэ хүмүүс драмынхны ард хохироод л үлддэг. Киноныхны цаг ирсэн нь дэлгэцээр болсон болоогүй олон кино гарч байгаагаас тод мэдрэгдэх биз.
Хүмүүс кино үзээд шүүмжилж ярьж, бичиж байгаа нь буруу биш. Тийм зүйл энэ салбарт байгаа учраас л үзэгчид маань санаа, бодлоо хуваалцдаг. Кино, дэлгэцийн салбарт шинэчлэл хийж, өндөр шалгуур тогтоох цаг хүссэн хүсээгүй ирлээ. Бид энэ салбарын бүтээл, бүтээгдэхүүн учраас дэлгэцийн урлаг хөгжөөсэй, шинэ залуу жүжигчдийн ур авъяасыг улам бүр хөглөөсэй гэж хүсэлгүй яахав.
-Таны мэргэжлийн ур чадварыг бага ч гэсэн дээшлүүлэхэд “Үтрээннй хүүрнэл” жүжгийн найруулагчаар ажилласнаас нь нөлөөлсөн үү?
-Найруулагчийн ажлын зовлонг би тэгэхэд үзлээ. Өмнө нь кинонд дүр бүтээж байсан болохоор зөвхөн өөрийн дүрдээ л анаархна. Харин найруулагч хүн бүх жүжигчнийхээ бүх үг хэл, үйлдэлд анхаарах ёстой болдог. Гэтэл “Үтрээний хүүрнэл” жүжигт мэргэжлийн бус хүмүүс сонирхогчид тоглосон.
Мэргэжлийн болгохын тулд дуу хоолой, үйл хөдлөл бүрийг нь детальчилж зааж зааварлана. Энэ жүжгийг үзсэн хүмүүс СУИС-ийн оюутнууд тоглосон гэж ойлгосон байна лээ. Туслах найруулагчаар энэ жүжигт ажилласандаа би баяртай явдаг. Өмнө нь багш нараар хичээл заалгаж жүжиглэдэг байсан хүн найруулагч болохоор багш нарынхаа хэлсэн, сургасан зүйлээр нөгөөдүүлээ чиглүүлэх жишээтэй.
Энэ мэтээр мэргэжлийн тал дээр нэлээн өссөн. Надад том сургуулилт болсон. “Үтрээний хүүрнэл” жүжгийн найруулагч Т.Алтантуяа эгчдээ бас их баярлаж явдаг. Надад олон шинэ зүйлийг зааж,сургаж чиглүүлж өгсөн. Бид уран бүтээлийн сайн хамтрагч эгч, дүүс болсон.
-Залуу, бас царайлаг жүжигчинд мэдээж фэнүүд байна биз. Тэдэнтэй хэр харилцаж байна?
-Надад фэн байлгүй яах вэ. Миний facebook 5000 гаруй харилцагчтай. Тэднээсээ урмын сайхан үг олонтаа сонсдог. Талархал, бахархлын үгийг сонсч кайф авдаг.
Д.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ”