2011-10-15Хүний жаалхан үр миний майгахан Думаа
Цастай талын савсалганд цангинаж үлдсэн инээд минь ээ
Хөвгүүн бага л насны хөнгөн баяр гуниг минь
Хөдөөгийн хөх салхинд хөдсөнд боолттой өссөн Дугарын охин Думаа минь ээ
Дурлал гэдэг үгийг дуулсан дуулгасан хоёр дун цагаан сэтгэл минь ээ
Энэ л насны минь хавраар ургасан их л нутгийн минь яргуйхан минь ээ
Амраг хайрыг минь шагнасан амьд одон минь ээ
Ай, Монгол гэрт заяасан цэгцгүй шүлэг минь
Морин дэл дээр асаасан цөгцгүй зул минь
Он оны салхинд бөхөө болов уу яагаа бол
Онгон багын ир нь мөхөө болов уу яагаа бол
Аяа миний майгахан Думаа
Аравхан хэдхэн насны минь алтанхан үеийн өглөөгүүр азаар учирсан амраг минь
Сэвэн дэвэх хөмсгөөрөө сэтгэлийн минь өрхийг татаж
Сэргэлэн хар нүдээрээ зүрхний минь галыг асааж
Шинэхэн залуу насны минь нээгдээ нь үгүй хаалгыг
Шивнэн хэлсэн үгээрээ нижигнэтэл балбасан хонгор минь ээ
Ухаан бодлы минь хоймор, ууган хайрын минь дэвжээ
Хүүхэн хүний өлмий хүрээ нь үгүй хивсэн дээр
Мөрөөн анхан гаргаж мөнхөд үлдээсэн тэр минь
Мөнгөн хонх шиг инээдээрээ хүүхэд нойрыг минь сэрээж
Халуун уруулаар тамгалсан хайрын зарлан дуудахыг
Хорвоогийн өмнөөс гардуулсан хорь хүрээгүй янагхан минь ээ
Дуулим талын сарнай Дугарын охин Думаа минь
Дулаан хүйтний зааган дээр дуугарч ургасан цэцэг минь
Намар намрын салхинд гандаа болов уу яагаа бол
Надаас сайхны өвөр дээр ганхаа болов уу яагаа бол
Зүггүй багахан насны минь зүүд шиг тэртээ намар
Зүүдний халуун хайрын зөн шиг халуун өдөр
Сумын бага сургуулийн сурагчид бүртгэх гэрт
Анхан зүсээ харалцсан алд хүрэхгүй охин
Санжаажамц гуайн хийцний сарисан булигааран гуталтай
Саатай туушин сүлжсэн салаа годгор гэзэгтэй
Хөнхөр борхон духтай хөлс нь бурзайсан хамартай
Цоолчихсон юм шиг нүдтэй цоохор даавуун тэрлэгтэй
Ийм л нэгэн жаал ирж байсан нь илхэн
Ижий бидэн хоёрыг харж байсан нь тодхон
Нуруу гэвэл би хуруу өндөр байсан
Нутаг гэвэл бид хойд урд баг
Дөрвөн цагийн хичээл дөнгөж дуусах сацуу
Дөрөөн дээрээ өндийж гэр гэр өөдөө давхина
Давхин давхисаар бид эмээл дээрээ өсөв
Дарвин дарвисаар бид эхний сургууль төгсөв
Эхний сургууль баяртай гэж хэлж амжаагүй байтал
Эхний дурлал сайн уу гэж хэн хэнийг маань цочоож
Майхан Дугарын гадаа халиун морийг минь чичрүүлэв
Майгахан Думаагийн дэргэд халуун биеийг минь чичрүүлэв
Улаарч чинэсэн царайтай уруугаа харсан нүдтэй
Уруул ам нь омголтсон урьд шөнө нойргүй хоёр
Нүдтэй бүхний нүдэн дээр нүцгэн юм шиг содон байж
Нүгэл хийснээ нуух гэж дэв дэмий мэрийсээр байлаа
Ууган дурлалын дугарааг учир мэдэлгүй хүртэж
Оломгүй цэнгэлд ташууран орчлонг мартсан хоёр
Алаг толгойн бэлчээрт цэцэг дэлгэртэл инээж
Ар сайрын худаг дээр лус баяралтал хөхрөлдөж
Дүлий Нэрмаа хөгшнийд зул бөхтөл шуугилдаж
Дөмбөгөр бор гэрт нь үүр гийтэл шивнэлдэж
Тоотой хоногийн явдалдаа тоогүй хэцүү дассан юм
Хэтэрхий адгасан янагийн хэврэг гэдэг үнэн юм аа
Эрвээхэйн хоёр далавч шиг эрвэж дэрвэсэн хоёр
Эрээн бараан амьдралын эхний шалгалтанд унасан юм
Ай даа, үнэнч эсэхээ сорилцоод үг үгээ даасангүй
Эрх хүүхэд тунилцаад эвлэрч буцаж чадсангүй
Болчимгүй бага нас минь бодлогогүй зөрүүд зан
Өрөөлөө уйлуулах гэсэн нь өөрөө уйлахад хүрлээ
Нэгэнт гомдохоос хойш нэрэлхүү зан минь дийлж
Шазруун заримыг дуурайж шаралхан хоролхон явтал
Хотол олны амьдрал хоёр хүүхдийг хүлээсэнгүй
Хожмын зам тушаал хоёр хоёр тийш нь туув
Салахын ёсыг ч хийлгүй санаа алдан одов
Сайхан дурлалын цэцэг салхинд тасран хийсэв
Хүний амьдрал хэмээх хөлгүй их далайн
Хүйтэн халуун дээжийг хүртэж анх амссан
Усаар ховор талын минь уудам цэнхэр мандал
Модоор хомс нутгийн минь морь мал шиг чулуу
Буянт малаа дагасан будант багын онууд
Буурлын ерөөл сонссон боржигон найрын ёсон
Үеийн нөхөдтэй бужигнасан үлгэрийн орны жаргал
Сайдаж муудаж дассан сайхан сэтгэлт түмэн
Хөлгийн дөрөө дөрөөлсөн хөдөөгийн алтан дов
Хөөрхий Думааг гомдоосон хөх дэрстийн хаваржаа
Зуны шөнийн зүүд шиг зуурдхан цэнгэл минь баяртай
Зулын бяцхан гал шиг эмзэгхэн чи минь баяртай
Аяа миний майгахан Думаа
Арванхан хэдхэн насны минь алтанхан үеийн өглөөгүүр
Азаар учирсан амраг минь
Нутгаас холдох тусам нууцхан гуниг хүндэрч
..........хонгор сэтгэл өнчирч
Хүний нутгийн замд санан санан явлаа даа
Хүйтэн халуун шөнүүдэд зүүдлэн зүүдлэн явлаа даа
Харь нутгийн хүүхний хайлсан алт шиг аашинд ч
Хангайн согоо шиг дуучны хангинах сайхан хоолойд ч
Умар зүгийн дагинын уйлан тачаах нулимсанд ч
Улсад цуутай бүсгүйн усан тэлмэн харцанд ч
Нутгийн жаахан Думаагаа эрээд эрээд олсонгүй
Нууцхан хэлдэг үгсийг нь чагнаад чагнаад дуулсангүй
Дуугарч ургадаг сарнай дуулим дэлхийд зөндөөн ч
Дугарын охин Думаа ганхцан ширхэг юм санж
Амрагийн дээд амраг алтан дэлхийд олон ч
Анхны халуун дурлал ахиж ирдэггүй юм санжээ
Хөвүүн багын минь дурлал хөдөөгийн майгахан Думаа
Хөгжөөн ихтэй замбуулингийн хаахна зайд нь яваа бол
Монгол гэрт заяасан цэгцгүй шүлэг минь
Морин дэл дээр асаасан цөгцгүй зул минь ээ
Он оны салхинд бөхөө болов уу яагаа бол
Онгон багын ир нь мөхөө болов уу яагаа бол
Томоогүйн нулимсаа дахиад гаргаа болов уу яагаа бол
Тохитой ханиа олоод жаргаа болов уу яагаа бол
Хотгор сайхан нуруу нь бөхийгөө болов уу яагаа бол
Хонгор сайхан царай нь бүрийгээ болов уу яагаа бол
Багын цовоо инээд нь барагдаа болов уу яагаа бол
Баахан нусгай жаалд дарагдаа болов уу яагаа бол
Амьдрал гэдэг хатуу амраг сэтгэл зөөлөн
Хорвоо гэдэг том хонгор Думаа жаахан даа
Гуниг амссан зүрхний гучин өвлийн зүүд минь
Миний майгахан Думаа хүний жаалхан үр минь ээ