2011-11-14Би хөдөөний хүн. Гэхдээ юутай ч хотжих санаатай нийслэлийг зорьсон.

Ёстой л “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг кинонд гардаг шиг “Богдын хүрээнд галын хайч байдаг болов уу?” гээд ирсэн хэрэг. Автобуснаас буух буудлаа олохгүй мунгинаж мунгинаж буулаа гэхэд буруу буудалд буусан байх жишээтэй. Хотынхны их зантай гэдгийг яана. Юм асуухлаар амнаас нь алт уначих гэж байгаа юм шиг дуугарч ядна.
Тэгсэн мөртөө хэрэлдэх болохоороо бэлэн цэцэн үгтэй гээч. Шал хэрэггүй юмнаас үүдэн хэрүүл үүсгээд явчихна. Тэр хэрүүлийг сонссон дорвол хоёр чихээ бөглөөд явсан нь дээр. Чихээ бөглөөд явлаа гэхэд өнөөх автобус нь хойш нь урагш нь сэгсчээд унагаачих дөхнө. Одооны залуусын нэг онцлог нь чихэвч гээч юмаар хоёр чихээ бөглөж таглаад яваад байгаа нь хэрүүл сонсохгүй зүгээр ч юм шиг.
Хотынхон хэлэх нь “Нэг өглөө босоход л тэнгэр баганадсан барилга сүндэрлэчихсэн байдаг юм” гэх. Нээрэн ч нийслэл Улаанбаатар маань хэдхэн жилд танигдахгүй болтлоо өөрчлөгдчихжээ. Бахь байдгаараа байсан ганц хоёр давхар барилгын оронд тэнгэр баганадсан шил толин барилга босчихсон байх жишээтэй. Байлаа ч сүр ихтэй шил толин барилгуудын сүрд дарагдаад амбаар мэт харагдана.
Нийслэлийн хүн амын тоо өсч байгаа. Хөдөөнөөс жилийн жилд олон айл нүүж ирдэг л гэнэ. Тэдэнд гэрээ барих газар олддоггүй зовлон гэж бий. Саяхан л айлгүй байсан уулын энгэр, хажуу пиг дүүрэн айлтай болсон тухай суурьшмал иргэд ярьж байв. Нүдээрээ үзсэнээс л гэхэд Дэнжийн мянга, Хайлааст, 7 буудалд ийм дүр зураг харагдана. Тэр ч байтугай уул толгойн орой дээр хашаа хатгаж, гэрээ барьчихсан байх жишээтэй.
Юмыг яаж мэдэхэв. Хаврын хавсарган цагаар хүчтэй салхи шуурга болвол юм үлдэх болов уу? гэх эргэлзээ төрж, хар бууж байна лээ. Хэзээ л хөдөөнийхөн уулын орой дээр гэрээ барьж байлаа. Зусландаа ч, өвөлжөөндөө ч ялгаагүй гэрээ дугуйлах бууц, буурьтай улс. Энд ч бас л хот хөдөөгийн ялгаа харагдах аж. Харагдахаас ч яахав.
Хот хөдөөгийн ялгаа арилсан гэж хэлж, ярьж, бичдэг ч, үнэн чанартаа арилах яагаа ч үгүй. Өөрөөр хэлбэл ХХI зуун гарчихаад байхад хот хөдөөгийн ялгаа арилаагүй л байгаа хэрэг. Ер нь арилах ч үгүй. Хот хөдөөгийн ялгаа олон юмнаас харагдана л даа. Хамгийн наад захын жишээ гэхэд тулж уулзан мэндлэхээс эхлэнэ.
Нутаг усны зүс таньдаг нэгэн тааралдаад “Та амар байна уу?” гэхээ байг гэхэд “Сайн байна уу? Сонин сайхан юу байна. Сайхан намаржиж байна уу?” гэж болно оо доо. Гэтэл “Хүүеэ, сайн уу, юу байна?” гэж байх жишээтэй. Мэндлэхээсээ эхлээд хот хөдөөгийн ялгаа харагдаад байгаа юм чинь.
За тэгээд олон жил уулзаагүй, гар зөрүүлж золгоогүй ач, зээ, хүргэн, бэр хүртэл хүрээд ирэхгүй л байгаа юм. Хаа ч гэж зарим нэг нь утсаар ярьж байгаа нь бас ч гэж олзуурхууштай гэж өөрийгөө тайвшируулна.
Хотожсон нөхрөөсөө:
-Цагаан сараар ахмад настан авга, нагацдаа ирж золгодог юм уу? гэж асуувал:
-Золгох нь золгоно. Харин энэ хотынхон чинь гэртээ хэзээ ч урьж, залдаггүй жишигтэй шүү дээ гэх нь тэр. Тэр үг санаанд нэг л буухгүй мөртөө гэнэн санаанаас ер гардаггүй юм.
Цагаан сараар жанжин малгай духдуулсан шиг, хантааз бүхий нударгатай дээлээ өмсөөд, ээтэн хоншоортой угалзат монгол гутлаа углан, хэт хутга зүүсэн шиг нийслэлийн гудамжаар хээв нэг алхаж явъя гэж бодье.
Зөрж өнгөрөх залуус эгээтэй л “эвэртэй тэмээ” үзсэн мэт саатаж зогсох нь холгүй, хүзүүгээ гилжийлгэн чилээж, хөл дорхоо үзэхгүй бүдэрч унах шахан явах байх. Хөх инээд хүрмээр юм болно доо. “Хөдөө царайлаад” гэж хуцахыг нь яана. Өмссөн хувцасаар нь байг гэхэд үрчгэр хөх царайгаар минь ялгаварлах санаатай. Яг үнэндээ нийслэлийнхэн жудаггүй мөртөө хүнээ байсан улс юм билээ.
Үнэндээ хот хөдөөгийн ялгаа их ажээ. Хөдөөд өглөө гэрээсээ гарахад хөх тэнгэр цэнхэртэн, ургах наран шаргалтан мандаж, цэнгэг агаар цээж дотрыг ариусган угтдаг бол нийслэлд утаа униар сааралтан бүүдийж, хоолой ам хорсгон загатнуулж, манан дунд сүүмийж наран эрх биш орчныг гийгүүлнэ.
Гэрээсээ гарахад хөдөөд хоттой хонь ямаа нь налай, зарим нэг нь захалж угтдаг бол хотод хувийн жижиг, сажиг машинууд дайрчих шахаад зөрж өнгөрнө. “Би л эрийн сайн даа гэдэг юм уу? эмийн аргаар унаатай болсон” гэж гайхуулах мэт.
Энэчлэн аль ялгааг тэр гэхэв. Утаагүй Улаанбаатар болно гэж бид мөрөөдөх болсон. Ямар мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Мөрөөдөхөөс ч яахав. “Нийслэлийн гэр хорооллынхон бүгдээрээ орон сууцанд амьдардаг болно гэж “мянган нэгэн шөнө” зүүдлээд ч бүтэхгүй” гэж нэгэн танил маань хэлж байсан нь үнэний хувьтай байхыг өнөөдөр ч маргааш, нөгөөдөр хэн эс мэдэх билээ.
Гэхдээ хот, хөдөөгийг ялгаа арилж байгаа жишээ байхгүй биш зөндөө л байгаа. Өнөөдөр хот, хөдөөгүй гар утас барьдаг болчихсон. Бас ч гэж хөдөөнийхөн ямар нэг байдлаар гэрэл цахилгаантай болоод байгаа.
Дээр үед хөдөөнийхөнд бөөс, хуурс гэж байдаг байсан бол одоо тэр шимэгч устаж алга болсон. Тэр нь сайндаа ч биш угаалгын нунтаг “Вок” гарсанаас хойш л алга болсон юм гэлцдэг. Одоо тэр шимэгч хэрэгтэй хүндээ хэрэгтэй гэсэн. Гэсэн ч ямар ч үнээр хамаагүй худалдаж авах гээд эрэл сурал болоход олддоггүй гэсэн шүү.
Харин хөдөөнийхөнд биш хот суурингийн траншейнийханд тэр гайхал байж байх магадлалтай гэдэг.
Нийслэл Улаанбаатарт амьдарч нэгэнт хотжижсон нэг ангийн, үйлс зорилго нэгтэй, ойрдоо уулзаагүй анд нөхөр маань “Чи хүрээд ирсэн юм уу? Хөдөө байдаг шигээ юм санаж, хотод балан цулан, бахь байдгаараа байж болохгүй шүү” гэж сургамжилж байх юм.
Найз нөхөр маань санаагаа ний нуугүй хэлсэн ч, яг үнэндээ түүний саналыг хүлээж авах хүсэл надад төрсөнгүй. Хотынх боллоо гэж зангаа хувиргаж, биеэ тоох хэрэг үү? Хөдөөнийхөн гэж хөлдүү хүмүүс байх ёстой юм уу? Хөлдүү бол гэсч болно. Харин хотын гэсгэлэн хүмүүс хэт хотжих юм бол гэсгэлэн биш “гашилж, өмхийрч” мэднэ гэж хэлмээр.
Хөдөөнөөс ирээд хотод төвхнөж амжаагүй нэг муу нөхрөө талхны мөнгөө олох санаатай зургийн аппараттайгаа таварч явахад хамгийн их итгэдэг үзэг нэгт нөхөр маань “Зургийн аппарат зүүчихээд битгий хөдөө царайлаад бай” гэж доог тохуу хийсэн, тоглож тохуурхсан аль нь ч мэдэгдэхгүй өнгөөр сургамжлан хэлж байх юм. Ямар ч л гэсэн түүний хэлсэн үг таагүй саарал өнгөөр сэтгэл дотор шургаж орон зайгаа эзэлж орхив. Зав зай л гарвал түүнтэй очоод уулзчих хүсэлтэй байдаг бадарсан гал дээр минь тос биш ус хийх нь тэр.
Гучин гурван жил зургийн аппараттайгаа явлаа. Анх эхлээд “пед” дараа нь “зинет”, “практик” эдэлж явсан толгой чинь “Уулын буга хараад унасан морио голно” гээч болох хэрэг үү? Эхнэрээс минь олон жил надтай цуг явсан “нөхөр” маань яах аргагүй зургийн аппарат. “Ам нээвэл, уушги нээ” гэгчээр нэгэнт зургийн аппаратаа хөндснийг дуртай нэг нь зураг аваад байдаг ч биш. Зураг авна гэдэг бол мэргэжил, ур чадвар, зураг бол урлаг, бас түүх.
Өнөөдөр хальс хэрэглэхээ больж, хар цагаан зураг бүр мартагдсан. Дээр үед ямар их ажил болж байж зураг гаргадаг байлаа. Одооны багачуул мэдэх ч үгүй. Захын хүн гар утсаараа зураг авчихаад их том юм бүтээсэн мэт өөрийгөө төвийлгэн гайхуулж байгаа нь нэг талаар инээд хүрмээр, нөгөө талаар ичмээр.
Хот, хөдөөгийн ялгаа ууж, идэхэд хүртэл анзаарагддаг юм билээ. Тогоочийг нь таньж мэдэх нэгэн гуанзанд ороод цуйван захиалав. Хоолны үнэр хамар цоргиод сайхан байсан ч өнгө нь нэг л биш ээ. Тогоочид нь хандан “Миний дүү ахынхаа хоолон дээр жаахан ургамлын тос хийчих” гэлээ. Тогооч цааргалсангүй.
Миний ард дараалал хүлээн зогсож байсан нэгэн эмэгтэй “Паах, яана аа!” гээд хий огиулах нь холгүй амаа даран хулгаж байх юм. Үүнээс үүдэн хэдхэн хоногийн өмнө эхнэртэйгээ Хархорин захаар орж мах худалдаж авсан нэг агшинг дурдмаар санагдав. Нэжгээд кг хонь, үхрийн мах авлаа. Гэвч залуу адууны өөхтэй махыг хараад хорхой хүрээд тэсч чадалгүй хоёр кг өөх алаглуулсан хавирга, сээртэй мах худалдаж авчихав.
Гэхдээ жаахан өөх нэмүүлэх гэтэл худалдагч бүсгүй үл зөвшөөрөв. Тэгтэл нэг авгай идэр залуу хүүтэйгээ дэргэд ташаа нийлэн зогсоод адууны мах худалдаж авах юм боллоо. Хүү нь хэлж байна. “Худалдагч аа? өөх битгий тавиарай” гэж. Тэр агшинг ашиглан “Авахгүй гэж байгаа өөхийг нь надад өгчих. Наадуул чинь бараан махаа аваг” гэж хэлээд л тавьчихлаа.
Санаандгүй ийм тохиолдолд балмагдсан худалдагч өнөөх “аймаар мангас” өөхийг өгч байна аа, надад. Хот хөдөөгийн бас нэг ялгаа энэ мэт. Нийслэлийн авгайчууд, айлын эхнэр бүсгүйчүүл дээд хөх тэнгэртээ цайныхаа дээжийг өргөж үзсэн болов уу? Аягүй бол хар ус буцалгаж уучихаад л гараад явчихаж байгаа даа.
“Би жинхэнэ монгол
Билэг танхай хөдөөний хүн…” гэж дуулдаг шиг хүн биш л дээ, би вээр. Гэхдээ ямар ч л гэсэн эвдрээгүй монгол мөн гэж өөрийгөө өмөөрөх зүрхтэй нэгэн.
Үнэндээ ч хот хөдөөгийн ялгаа их ажээ. Бурхан багш хүмүүн биднийг эр, эмийн ялгаатай төрүүлж заагласан болохоос хот, хөдөөгийн ялгаатай гэж зааглан зураглаагүй нь мэдээж. Эр, эм хоёр ижилсдэг бол хот, хөдөөнийхөн ойртож нягтрах нь тийм ч амар биш юм шиг.
Нүүдэлчин монголчууд нүүдэлчин чигээрээ байсан цагт хот, хөдөөгийн ялгаа арилахгүй. Тиймээс ХХI зуунд ч хот, хөдөөгийн ялгаа арилахгүй. Оюун санааны хувьд ч, орон байрны тухайд ч хот, хөдөөгийн ялгаа хэзээ ч арилахгүй нь үнэн биз ээ.
Д.Сэрээтэр
Эх сурвалж: “Монцамэ”