2011-12-05Сонгогч олны хүсэлтээр эрэн сурвалжилдаг энэ булан маань сураг нь тасарсан зочдоор үргэлжилж байна. Энэ удаа Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийг эрэн сурвалжиллаа.

2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МАН олонхи болж сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдсэн. Багануур дүүргийн ИТХ-д 25 төлөөлөгч сонгогдсоноос долоо нь АН-ын төлөөлөгч бөгөөд тэдний 72 хувь нь буюу 18 төлөөлөгч МАН-ынх. Багануур дүүргийн ИТХ-ын хуралд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан төлөөлөгчид болох Р.Өнөржаргал, С.Батдорж, С.Ичинхорлоо нар "Багаар нь дэмжицгээе" гэсэн уриан дор сонгуулийнхаа компанит ажлаа зохион байгуулсан байгаа юм. Тэдний дэвшүүлсэн энэ уриагаар МАН УИХ-ын сонгуульд 45 суудал авсан төдийгүй ИТХ-д бас дахиад уриагаа барин орсон. Одоогоос гурван жилийн өмнө сонгуульд ялах гэж тэд бүхнийг чадагчийн дүрд хувилж, гоё сайхан амлалтыг баруун солгойгүй хэлж ярьж байсан атлаа өдгөө хаана юу хийж явааг нь мэдэх хүн Багануурт бараг алга байна. Сонгуулийн маргаашаас усанд хаясан чулуу шиг алга болцгоосон гэж сонгогчид нь гомдоллож суух юм.
Дүүргийн МАН-ын байгууллага орон нутгийн сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын гишүүд, дэмжигчид, сонгогч олон түмний санал, нийслэлийн МАН-ын хөтөлбөртэй уялдуулан дүүрэгт нүүрсний уурхай дагасан орчин үеийн аж үйлдвэрийн шинэ салбарыг үүсгэж хөгжүүлэх, ажлын шинэ байрууд бий болгон ажилгүйдэл ядуурлыг бууруулж иргэд, айл өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хосолмол салбартай хөгжингүй дэд бүтэц бүхий бие даасан статустай хот болгон хөгжүүлэхийг гол зорилгоо болгон тодорхойлсон байгаа юм. Дөрвөн жилийн өмнөх мөрийн хөтөлбөрийг эргэн сөхвөл...
Энэхүү мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр хөгжлийн дараах үр дүнд хүрнэ.
1."Эх орны хишиг"-ээс иргэн бүр 1.5 сая төгрөг хүртсэн
2.Өрхийн сарын дундаж орлого нь нэг саяас дээш төгрөгт хүрнэ
3.Гурван мянгаас доошгүй тогтвортой ажлын байр бий болгох
4.Байгаль экологийн цэвэр орчин бүрдүүлэх
5.Эдийн засгийн бүрэн чадавхи бүхий хотын иргэн байх болно
Нэг. Нийгмийн салбарын хөгжлийн талаар
1.1 МАН-аас 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан мөнгөн тэтгэмжүүд, орлого багатай эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх нийгмийн халамж туслалцааг шуурхай хүргэнэ.
1.2 Дүүргийн иргэн бүрт 1.5 сая төгрөгийн "Эх орны хишиг"-ийг хүртээнэ.
1.3 Дүүргийн нэг өрхийн сарын дундаж орлогыг нэг саяас дээш төгрөгт хүргэнэ.
1.4 Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн үнэ ханшийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлдэг тогтолцоонд шилжиж, гурав дахин өсгөнө.
1.5 Уурхайн үйлдвэрлэлийн цар хүрээг өргөжүүлж, шинэ тэхник технологи нэвтрүүлэн үр ашгийг нь нэмэгдүүлэх үндсэн дээр уурхайчдын дундаж цалинг 2012 он гэхэд нэг сая төгрөгт хүргэнэ.
1.6 Нүүрсний уурхайг түшиглэсэн орчин үеийн аж үйлдвэрийн шинэ салбарыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хүнсний үйлдвэрлэлийг дэмжин өргөжүүлэх, иргэдийн ахуйн болон зам дагасан үйлчилгээний газруудыг олшруулах замаар 3000-аас доошгүй тогтвортой ажлын байр бий болгоно.
1.7 Гэрээгээр хөдөлмөр эрхлэгчид, бүлэг, хамт олны санаачилгыг дэмжиж, төсөл хөтөлбөр болон банкны урт хугацаатай, бага хүүтэй зээллэгт хамруулах замаар 300-аас доошгүй ажлын байр бий болгоно.
1.8 Хүн амыг орон сууцжуулах ажлын хүрээнд 250 айлын орон сууцыг шинээр барьж ашиглалтанд оруулна.
1.9 Орон гэргүй иргэдийг орон сууц гэртэй болгох зорилго бүхий төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж хамтран ажиллах жилд 50-аас доошгүй өрхийг хамруулна
1.10 Малчид, ажилгүй иргэдийг нийгмийн даатгалд хамруулж, төрөөс дэмжих тогтолцоонд шилжих ажлыг зохион байгуулна.
1.11 Байгууллага аж ахуйн нэгжийн харъяалалгүй ахмадуудийг Цагаан сар, Ахмадын баяраар төр захиргааны байгууллагаас хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг болгоно.
1.12 Ахмадын амралтын газрыг сувилал, чийрэгжүүлэлтийн үйлчилгээтэй болгож шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангана.
1.13 Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн орчин үеийн оношилгоо эмчилгээний зүрхний эхокардиография, тархины цахилгаан бичлэг компьютерийн томография, ходоодний уян дурангийн аппарат, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн аппаратаар хангаж, эдгээр багаж аппарат дээр ажиллах нарийн мэргэжлийн эмч, сувилагчдыг гадаад дотоодын сургалт дамжаагаар бэлтгэнэ.
1.14 Өрхийн эмнэлгүүдийг зориулалтын байртай болгож , тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашинаар бүрэн хангана.
1.15 Суурь өвчтэй хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настанд үзүүлэх үнэ төлбөргүй нөхөн сэргээх эмчилгээ сувилгааны газрыг байгуулна.
1.16 Иргэн бүрийг эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах ажлыг жил бүр нэгээс доошгүй удаа зохион байгуулна гэх мэт 26 амлалт.
Хоёр. Аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн талаар
2.1 Нүүрсэнд гүн боловсруулалт хийж, кокс, шингэн ба хийн түлш, битум зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уурхайгаас гарч байгаа хөрсний шороогоор блок, өнгөт хавтан үйлдвэрлэх төсөл боловсруулна хэрэгжүүлнэ.
2.2 Багануур дүүрэгтэй хил залгаа Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баянжаргалан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумдтай нийгмийн болон ХАА, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хөтөлбөр боловсруулж хамтран ажиллана.
2.3 Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэлтийг дэмжиж, шаардлагатай техник хэрэгслийг хөнгөлттэй үнээр хангана гэх зэрэг амлалт тусгагджээ. Тэдний хоосон амлалтыг бичээд байвал дуусахгүй их юм байна.
Гэтэл эдгээр мөрийн хөтөлбөрөөс биелэгдээгүй тун олон. Тухайлбал, дүүргийн нэг өрхийн сарын орлогыг нэг саяаас дээш төгрөгт хүргэх, хүн амыг орон сууцжуулж шинэ байр ашиглалтанд оруулах, иргэн бүрийг эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах зэрэг нь хэрэгжсэнгүй. IV хороонд шинэ сургууль ашиглалтанд оруулах, ерөнхий боловсролын багш нарыг зөөврийн компьютерээр хангах, мэргэжлийн сургалтын төвүүдийг ашиглалтанд оруулж шинэ боловсон хүчин бэлтгэх, нүүрсэнд гүн боловсруулалт хийж уурхайгаас гарч байгаа хөрсний шороогоор блок, өнгөт хавтан үйлдвэрлэх төсөл хэрэгжсэн үү гэвэл бас үгүй. Малын бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, цахилгаан дулааны асуудлыг шийдэж, гэр хорооллын өрх бүрийг хоёр тарифт тоолуураар хангаж шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэх асуудал, цэвэр ус дамжуулах хос шугамыг бүрэн шинэчлэх тухай хоосон амлалт мөн нь хэрэгжсэнгүй ээ. Ам ажил хоёр нь алд дэлэм зөрж байгаа нь эндээс тодорхой харагдана. Багануур дүүрэг өнөөдрийг хүртэл "дагуул хот"-ын статусаа аваагүй л байна. Харин ч алслагдсан дээрээ бүр шоовдорлогдсон дүүрэг болон хувирчээ. Уг нь бусад дүүргийг бодвол нүүрсний томоохон уурхайтай хөгжих бүрэн боломж бий гэх. Харамсалтай нь дүүргийн иргэдийн итгэлийг авч сонгогдсон төлөөлөгчдийн харгайгаар дорвитой шинэчлэл энэ сонгуулийн үед лав хэрэгжсэнгүй. МАН-ын олонхи төлөөлөгчид ажлаа хийхгүй байлаа гээд АН-ын цөөхүүл цөөдөхгүй ээ. Дүүрэг дүүргээс харж байхад АН-ынхан цөөхүүлэхнээ тул аливаа асуудлыг шийдэхэд хүч дутаад байх юм гэж зовлон тоочдог. Хачир дээрээ сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа нь тэдний буруу юм.
НИЙСЛЭЛ ТАЙМС СОНИН