2012-01-16Ердөө гуравхан хоногийн өмнө ЦЕГ, УМБГ, ХЗДХЯ-тай хамтран өнгөрсөн онд гарсан гэмт хэрэг болон эрүүгийн

хэргийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Эндээс ганцхан жишээ дурдмаар байна. 2011 онд улсын хэмжээнд 19197 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 3,2 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Мэдээж, энэ сайн хэрэг.
Гэтэл онц, хүнд гэмт хэргийн хувьд өнгөрсөн онтой жишихэд 15,2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Гэм буруутай үйлдэл дотроосоо бүр Онц, хүнд гэмт хэргийн тоо ийнхүү огцом өсчээ. Чухамдаа энэ юуг өгүүлнэ вэ? Хэрэг хийсэн л бол буруугаа хүлээх ёстой хэмээн боддог олон хүн бий. Тиймдээ ч Онц, хүнд гэмт хэргийг нийт масс хүн амины хэрэг гэж ойлгодог. Харин манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Онц, хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнд оноодог цаазаар авах ялыг хэрэглэхээсээ хэдийнэ түдгэлзчихсэн. Өөрөөр хэлбэл, 2010 оноос хойш хэрэглээгүй гэсэн үг.
Гэтэл хүнлэг энэрэнгүй ийм шийдвэр гаргаснаас хойш нэг жилийн дотор Онц хүнд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, ийм төрлийн хэрэг 15,2 хувиар өссөн байх юм. Тэгэхээр цаазаар авах ялыг халсан нь зөв алхам уу, аль эсвэл ухралт уу? Үүний бодит үр дүнг цаг хугацаа л харуулах байх. Гэхдээ энэ анхдагч алхам биш. Одоогоос хагас зуун жилийн өмнө буюу 1960-аад онд манай улс цаазаар авах ялыг хэрэглэхгүй болж үзсэн удаа байдаг. Гэвч эрүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад эргээд энэ ялыг оноож эхэлсэн түүхтэй юм билээ.
Ямартаа ч хуулийн тогоонд олон жил чанагдсан асс хуульчид манай сэтгүүлч Ерөнхийлөгчийн энэ алхмыг “Эртэдсэн шийдвэр” хэмээхтэй олонтаа таарсанаа нуух юун. Тэд эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, хэрэг үйлдэх арга нь улам харгис хэрцгий болж байгаа энэ цаг үед цаазаар авах ялыг хараахан халах болоогүй гэдэг байр суурин дээр бат зогсож байгаагаа хэлдэг. Үнэхээр ч эрүүгийн нөхцөл байдал ямар байгааг дээрх баримт хэлээд өгч байгаа юм биш үү? Ер нь цаазаар авах ялыг халахад бас учир бий.
Хэдийгээр Ерөнхийлөгч цаазаар авах ялыг хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа олон нийтэд зарласан ч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулинд долоон зүйл заалтаар энэ ялыг оноож байгаа. Манай улс 1926 онд анх Эрүүгийн хуультай болоод өнөөг хүрэхэд нийтдээ зургаан удаа өөрчилсөн байдаг. Энэ хугацаанд мөрдөгдөж байсан хуулиар нийтдээ 10 гаруй зүйл заалтаар цаазаар авах ялыг оноодог байсан бол 2002 оноос мөрдөгдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулинд ердөө долоон зүйл заалтаар энэ ялыг ногдуулахаар тусгажээ.
Тэгэхээр цаазаар авах ялаас татгалзахад хүрвэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дээрх заалтуудыг хүчингүй болгохоос аргагүй. Мөн маргаж маргаж гар хүрэлгүй орхисон, гуравхан хоногийн өмнө 20 настайгаа золгосон шинэ Үндсэн хуулиндаа хүссэн хүсээгүй хүрэх болно. Яагаад гэхээр “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн заалтыг авч хаях шаардлага гарна. Энэ мэт тээг саад учрах нь энүүхэнд.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дэлхийн 139 орон цаазаар авах ялаас татгалзаж, ийм ялыг халаад байгаа бол 58 орон хэрэгжүүлж байгаа юм байна. Ардчилсан хэмээх тодотголтой Ерөнхийлөгчийн санааг эрс эсэргүүцээгүй ч цаг хугацаа нь болсон эсэх дээр эргэж харахад илүүдэхгүй гэж санагдана. Харвардын их сургууль дүүргэсэн Ерөнхийлөгчийн маань шүтдэг тэр Америкт ч гэсэн цаазаар авах ялыг хуульнаасаа арчаад хаячихаагүй л байгаа шүү дээ. Тэнд бол цахилгаан сандалд суулгаж, ийм ялыг гүйцэтгэдэг. Энэ талаар “Ногоон бүс” киноноос хангалттай харж болно. Харин манайд бууддаг. Гэхдээ энэ бол улсын нууц.
Дэлхий дахинаа цаазар авах ялаас татгалзсан орон боллоо гээд зарлачихсан хойно түүнийгээ тууштай хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх нь ойлгомжтой. Тэгвэл ямар жигшүүрт хэрэг үйлдсэн хүмүүс яаж амиа гуйдаг талаар бодит мэдээлэл хүргье. Эдгээр жишээнээс манай орны хувьд цаазаар авах ял байх эсэх нь болон ийм ялыг халах цаг нь болсон үгүй нь тодорхой харагдах биз ээ.
Жишээ 1. Г.Баатар гэдэг балмад эр 2007 онд өөрийн зургаан жил ханилсан эхнэр Цэцэгмядагийн амь насыг егүүтгэсэн хэрэг үйлдсэн байдаг. Тэрээр согтуу байхдаа гар утас алга байна гэдгээр шалтгаалан эхнэрээ зодож, удаа дараа халуун пийшин мөргүүлж, гэрийн баганаа суга татаж цохьсон төдийгүй авдарнаасаа хутга гаргаж эхнэрээ хутгалж, гараад зугтахаар нь араас нь хөөж зодсоор аминд нь хүрчээ.
Тэр үед тухайн айлд хамт байдаг хүмүүс хориглохын хэрээр улам ихээр зодож байсан төдийгүй ойртвол ална шүү хэмээн бусдыг сүрдүүлж байж. Зургаан настай хүүгийнхээ дэргэд, төрсөн эхийнх нь нүдэнд дээр эхнэрээ алсан энэ харгис алуурчин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “…Би уурандаа Цэцэгмядагийг биеийнх нь аль таарсан газарт цохиж, төмөр пийшин рүү 2-3 удаа авч шидсэн. Манай пийшин их ирмэгтэй төмрөөр хийгдсэн. Намайг эхнэрээ өргөж аваад шидэхэд тэр унахдаа нүүр толгойгоороо пийшин мөргөж байсан. Түүнийг надаас зугтаж пийшин тойрч гүйгээд байхаар нь гэрийнхээ хоёр баганыг хуга цохиод түүгээр эхнэрийнхээ биен тус газарт 4-5 удаа цохьсон.
Мөн хөлөөрөө өшиглөж зодсон. Гараараа цохьсонтой адил эхнэрээ хэдэн удаа өшиглөж зодсоноо санахгүй байна. Их л олон удаа түүний биеийн таарсан газарт өшиглөж зодсон. Гар утсаа асуухад тэр намайг дагуулж гараад гудам руу заагаад байхаар нь шанаан тус газар нь цохиод унагахад тэр өнхрөөд ойчсон юм. Тэгээд дээшээ хараад хэвтэж байхад нь элгэн дээр нь болон цээжин дээр нь 4-5 удаа дэвсэж өшиглөсөн. Мөн суран бүсээр нуруу, цээж, толгой руу нь ороолгож зодсон. Тэгээд гэрт оруулсан. Хамт амьдардаг хүмүүс маань болиулах гэж оролдоход нь эхнэртээ ”Чи ямар их өмөөрүүлдэг хүнтэй юм бэ” гээд улам их зодсон. Тэгээд бүгдийг нь хөөж гаргасан.
Гартаа бариад зодох юм олдохгүй болохоор нь авдраа уудлаад хутгаа аваад хутгалсан юм. Гэхдээ түүнийг алъя гэж хутгалаагүй. Айлгах гэж байгаад хутгалсан. Цэцэгмядаг хутгалуулсныхаа дараа эргэж хараад миний хутгатай гарыг баруун гараараа бариад авсан. Тэгээд би хутгаа хаячихсан” гэжээ. Охиноо харгис эрийн гарт зодуулж байхад өмөөрсөн настай эхийг нь ч бас баганаар гэдэс рүү цохиж унагаад зодож байхад хамт байсан хоёр хүү, нэг эмэгтэй салгасан байдаг. Бүтэн таван цагийн турш гарынхаа чилээг гаргаж эхнэрээ зодсон энэ эрээс айсан 6 настай хүү нь орон доогуур нуугдахад түүний араас тоосго шидэж, орыг нь хөмрүүлж орхиход гэрт байсан бүсгүй хүүг нь дагуулж гарснаар түүний амийг аварчээ. Хүүг авч гараагүй бол юу ч болох байсан юм билээ.
Гэрч М.Цэцгээ мэдүүлгэндээ “… Гартаа юу тааралдана, түүгээр л зодоод байсан. Талийгаач бүр өмдөндөө хүндээр бие засчихсан, зуухны ар талд хөдөлгөөнгүй хэвтчихсэн амьсгаадаад байсан. Тэгээд түргэн дуудах гэтэл мөнгөгүй гээд дуудаж өгөхгүй их удсан. Баганаа өшиглөж унагахаар нь би нялх хүхдээ аваад гарсан. Тэсэхээ байгаад хаалгаар шагайхад талийгаачийг барьж байгаад зуух руу шидэж байсан. Баатар авдартаа хийдэг урт хутгаа гаргаж ирээд “Ойртвол чинь ална шүү” гээд цус болсон гараа долоогоод байсан. Утас, мөнгө байхгүй байна гээд зодоод байхаар нь бид “Хувцсандаа үзээч” гэхэд ерөөсөө үзэхгүй зодоод байсан. Сүүлд нь өөрийнх нь өмсөж явсан жинсэн хүрэмний халаасанд утас нь, өмдөнд нь мөнгө нь байсан.
Цагдаа нарыг хараад Баатар зугтсан. Баригдаж ирснийхээ дараа эхнэрээ зааж “Намайг захаас ирсэн чинь эхнэрийг минь ийм болтол зодсон байна” гэж худал хэлж байсан” гэхээс харахад л тэр ямар хүний мөсгүй араатан байсан нь тодорхой. Мөн гэрч Ц.Батдэлгэр “… Талийгаачийг үсдэж байгаад толгойгоор нь пийшин рүү 2-3 удаа мөргүүлж, зуухны дээд талаар толгойг нь хийж чанана гэж байхад нь би болиулсан юм. Хутга гаргаж ирээд гэрээс гарч зугтсан эхнэрээ хөөж барьж аваад бөөр лүү чинь хутгалах уу, зүрх рүү чинь хутгалах уу гээд байсан” гэж мэдүүлснээс үзэхэд ямархуу садист болох нь ямар нэг тайлбаргүйгээр ойлгогдоно.
Ийм жигшүүрт хэрэг үйлдсэн Г.Баатар шат шатны шүүхээс цаазаар авах ял оноосныг сонсоод “Бид хоёр 1999 оноос хойш хамт амьдарсан. Нэг хүүтэй. Гэхдээ би эхнэрээ нас барсан гэж бодохгүй байна. Наадах чинь арай хүнд ял байна. Үйлдсэн хэргээ би хүлээсэн. Хөнгөрүүлэх нөхцөл байхгүй юм уу. Хүү минь хаана, яаж амьдрах юм бол гэхээс өөр юм бодогдохгүй байна” гэж хэлээд матрын нулимс унагаж зогссон юм.
Жишээ 2. Үүнийг уншигч хэн ч гэсэн одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотноо ноолуурын ченжүүдийн амь насанд халдсан аймшигт хэргийг санаж байгаа байх. Бидэнд их хэмжээний буюу 2 тонн ноолуур байна, бэлэн мөнгөөр өгнө хэмээн хуурч авч яваад нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэгээн цагаан өдрөөр өөрсдийнх нь машинд буудаж хоёрынх нь амь насыг хөнөөж, нэгийг нь хүнд шархдуулсан онц ноцтой хэрэг гарч байсан билээ. Гэнэт хамт явсан хүнийг нь буудаад эхэлмэгц машинаас гарч зугатаасан залуугийн араас хөөж буудаад газарт унангуут нь машиныг нь аваад зугтаасан хэрэгтэн удахгүй баригдсан. Энэ дуулиант хэргийн шуугиан нэг хэсэгтээ л нийслэл хотыг айдаст автуулж тухайн үедээ хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж байсан.
Харин тэр хэргийг үйлдсэн Д.Баатар гэгч гурван шатны шүүхээс өөрт нь оноосон цаазаар авах онцгой ялтай танилцаад эцсийн найдлага болгож Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж бичсэн өргөдөлдөө “Миний бие 2004 оны гуравдугаар сард өөрийн болчимгүй, сэтгэл санаа давчидсан хүнд байдалтай, мөнгө төгрөгийн хэрэгцээ их болсон үедээ хоёр хүний амь насыг бүрэлгэж, нэг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн билээ. Би одоо 55 настай. Бодож санах үр хүүхэд, хань ижилтэй хүн. Миний насны байдал, гэмт хэрэг үйлдсэндээ гүнээ харамсан гэмшиж байгааг бодолцон өчүүхэн миний амь насыг өршөөн хэлтрүүлж ялыг өөрчилж, хорих ялаар сольж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг.
Жишээ 3. Тухайн үедээ 20 настай байсан Э.Лхагва гэгч үе тэнгийн залуу Д.Мэндсайхантай үгсэн хуйвалдаж, мөнгө олох зорилгоор өөрийн хамаатны эмэгтэйг хоёр зээгийнхээ нь хамт гэртээ байхад нь очиж хутгалан хөнөөж, гэрээс нь монетон гинж, ээмэг, бөгжийг нь авч ломбардад тавиад баар хэсч архидан охидуудтай наргиж байсан гутамшигт хэрэг 2006 онд гарсан юм.
Тэр хоёр залуу “Яаж мөнгөтэй болох вэ” гэж өөр хоорондоо ярилцаад хүрсэн шийдэл нь дээрэм. Тэгэхдээ мөнгөтэй гэж үзсэн өөрсдийн хамаатнуудыгаа хөнөөж дээрэм хийхээр тохиролцжээ. Ингээд Д.Мэндсайханы танил эгчийнд очсон боловч золоор тэр эмэгтэй байсангүй. Гэрт нөхөр нь хоёр охинтойгоо байжээ. Орой ирнэ гэсэн сургаар хоёр алуурчин гадаа хүлээсэн боловч ирэхгүй удахаар нь Э.Лхагваагийн хамаатан эгчийнд очсон байна. Хамаатан гэхдээ холынх ч бус. Алуурчин Э.Лхагвааг өсгөсөн эмээгийнх төрсөн дүү шүү дээ. Өөрийнх нь амийг, хоёр зээтэй нь хамт хөнөөхөөр хутга өвөртөлж ирсэн алуурчныг гадарлаа ч үгүй эмэгтэй хийсэн хоолоороо дайлсан байгаа юм.
Тэгэхэд нь Э.Лхагва гэгч хүн төрхт араатан юу ч болоогүй мэт хооллочихоод өөрт нь хаалга тайлж өгсөн таван настай хүүг зурагт үзээд сууж байхад галын өрөөнд эмээг нь эгэм, цээжинд нь хутгалж, улмаар хоолойг нь огтлон хөнөөгөөд, бяцхан хүүгийн хөл, гарыг хүлж жижиг өрөөнд нь оруулж орхиод хатсаатан болох Д.Мэндсайханыг дуудаж хамтран хулгай хийсэн байдаг. Энэ үеэр гэртээ ирсэн 14 настай охиыг орж ирүүт л шууд боомилон унагаад бас л хоолойг нь хэрчжээ. Эцэст нь таван настай хүүг ч мөн хоолойг нь хэрчиж алсан байна.
Ийм жигшүүрт хэрэг үйлдсэн Э.Лхагва хэргээ хүлээхгүй янз бүрийн мэдүүлэг өгч, мөрдөн байцаагч намайг хөтөлж байцааж, шахаж дарамтлан хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх мэт зүйлийг удаа дараа шүүх хурал дээр ярьж байсан. Мөн “Би энэ хэргийг хийгээгүй. Д.Мэндсайхан л хийсэн” гэх зэргээр олон удаа мэдүүлгээсээ буцаж байсан юм. Тэрээр эцэст нь үнэнд гүйцэгдэж, амиа гуйхдаа “…Би 2006 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хүн амины хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаа нь үнэн.
Энэ хэсэг хугацаанд өөрийгөө олж чадсан гэж бодож байна. Надад тулгараад байгаа /цаазаар авах/ асуудлыг шийдэхдээ өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах гэсэн бардам зангаа түр хойш нь тавьж өөрийгөө хувь хүнийх нь талаас хэн бэ гэсэн тодорхойлолтыг өөрийнхөө бодлоор бичсэн нь асуудлыг өөртөө ашигтайгаар шийдүүлэхэд нэмэр болно гэж найдаж байна” хэмээн баахан элий балай юм бичсэнээ “…Эцэст нь, хэлэхэд надад тулгараад байгаа энэ асуудлыг саруул ухаанаар шийдэж өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Цаг гаргаж анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн эгээ л хурлын индэр дээрээс үг хэлж байгаа мэт хандсан байх юм.
Түүний өмгөөлөгч, эмээ нарынх нь өмгөөлж хамгаалсан үйлдэл нь түүнд нөлөөлөө биз ээ. Өмгөөлөгч нь гэхэд л “…Э.Лхагва хэдийгээр онц аюултай гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдож, цаазаар авах ял хүлээж авсан боловч Лхагва нь Монгол Улсын жирийн нэг иргэн, ээж аавын нялх үр, бусдын л адил амьд явах эрхтэй нэгэн билээ. Хэрэв Э.Лхагва нь уучлагдаж амь нас нь аврагдвал цөөн монголчуудын нэг нь гэсэн амьд үлдээсэй гэсэндээ, хэрэв амьд үлдвэл улс эх орондоо юу ч бүтээж болзошгүйг… ” гэсэн байх юм.
Өөрийнхөө хамаатны 60 настай эмэгтэйг, дүү шигээ хоёр зээгийнх нь хамт хоолойг нь хэрчиж санаатай алсан алуурчин яахаараа энхрийлмээр нялх үр, харж үзэж амийг нь өршөөмөөр нэгэн болдог байнаа. Бас тэгээд таван настай хүүгийн хоолойг торохгүй хэрчсэн 20 настай залуу амь хэлтэрвэл Монгол улсад ихийг бүтээх юм гэнэ. Яаж ингэж чадаж байна вэ. Хуулийн дагуу алуурчинд ч гэсэн хүн гэдэг утгаар нь өмгөөлөгч өгдөг. Өмгөөлөх нь үүрэг ч гэлээ, удамд нь сэтгэл мэдрэлийн өвчтэй найман хүн байсан гэдгийг нь мэдсээр байж ийм юм бичиж суух нь бодит байдалд хэр нийцэх бол. Цаазын ялтай холбоотой наад захын жишээ дурдахад л ийм байна.
Эх сурвалж: “Нийгмийн толь”