2012-02-09Орчин үеийн монголчууд ах дүү, садан төрлөөрөө ойр ойрхон уулзаж, хөөрөлдөх боломж тун хомс болсноор бараг

ах дүүгээ, хамаатнаа танихгүй болсон нь нууц биш. Харин Монголын уламжлалт цагаан сарын баяр нь өнөөгийн монголчуудыг жилдээ ганц удаа ч болов ах дүү, садан төрөлтэй нь уулзуулж, таниулж мэдүүлдэг завшааныг тохиодог гэж болно. Түүгээр зогсохгүй аав, ээж, ах дүү, ахмад настнаа хүндэтгэх уламжлалт ёс заншлыг мэдрүүлж, тэдэнтэй учран золгуулдаг гэдгээрээ онцгой сайхан баяр билээ. Харин сүүлийн үед нийслэлчүүд, ялангуяа залуучууд шинэ хэв маягаар тэмдэглэх болжээ. Тухайлбал, зарим айл өрх ах дүүсээрээ нийлж зоогийн газарт тэмдэглэж ахмад настнууддаа бөөнөөрөө хүндэтгэл үзүүлэн золгож, олон өдөр үргэлжүүлэн тэмдэглэхгүй нэг л өдөр сайхан тэмдэглэж байна. Үүнийг зарим хүмүүс маш зүйтэй гэж байхад, зарим нь таашаахгүй байгаа юм. Энэ нь ч аргагүй юм. Уламжлалт цагаан сарын баяраа монголчууд яаж тэмдэглэх тэдний эрхийн асуудал. Харин баярыг хэн нэгэнд дарамт, чирэгдэл учруулж, хэт чамирхах, үрэлгэн хандах эсвэл эд хөрөнгө, эдлэж хэрэглэж байгаагаараа өрсөлддөг талбар болгох нь үнэхээр зохисгүй юм.
Өнө эртнээс тэмдэглэж ирсэн энэ сайхан баяраа уламжлалт ёсныхоо дагуу удам угсаагаа мэдэлцэн дээдэлдэг, эв эе, соёл, ёс заншлаа эрхэмлэсэн баяр байлгахад өнөө үеийн монголчууд бид анхаарах ёстой. Монгол зон олон минь энэ сайхан баяраа хэрхэн тэмдэглэж байгаа, юуг эрхэмлэсэн баяр байгаасай хэмээн бодож байдаг иргэдтэй уулзаж сонирхсоноо уншигч та бүхэндээ толилуулж байна.
Телевизийн зураглаачаар ажилладаг 28 настай Б.Анхбаатартай уулзаж Монголын уламжлалт цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг. Өнөөдөр энэ баярыг хэтэрхий нүсэр тэмдэглэх болсон гэж хүмүүс шүүмжлах болсон талаар түүнээс сонирхож яриа өрнуулсэн юм.
-Удахгүй цагаан сарын баяр тохиох гэж байна. Монгол үндэснийхээ энэ сайхан баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Цагаан сар, намайг жаахан хүүхэд байхад их л сайхан баяр байсан. Бүх ах дүү, хамаатан садантайгаа очиж золгодог байж, одоо харин цагаан сараар сонин аяг зан гаргаад байгаа нь ажиглагддаг. Хүмүүс бэл бэнчингээрээ өөр хоорондоо зиндаархдаг баяр болсон мэт. Ахмад настангууддаа золгож байгаа мөнгө төгрөгөөс эхлээд ууц, тавгийн идээ, өмссөн зүүсэн, унасан унаа машинаараа өрсөлдөөд, чамирхаад байгаа нь нэг биш ээ.
Биднийг бага байхад монгол уламжлалт ёсоо дээдэлсэн маш сайхан баяр байжээ. Цагаан сарын баярыг миний хувьд ихэд билэгшээж тэмдэглэдэг. Өглөө эртлэн босож аав ээжтэйгаа золгоно. Тэгээд л ах эгч, ахмадуудтайгаа шинийн нэгэн, хоёрон, гурвандаа амжиж золгохыг хичээдэг. Харин бичигдээгүй хууль сүүлийн үед үйлчлэх болсон. Энэ нь олны жишгээр айлд очиж золгохдоо мөнгө барьж золгодог. За доод тал нь 1000, 5000, бүр 10000 төгрөг барьж золгоно. Аав ээжтэйгээ 10000, 20000 төгрөгтэй золгож таарна. Хүн болгоны амьжиргааны түвшин өөр өөр болохоор тэр болгон мөнгө бариад золгоод байх чадалтай нь цөөхөн шүү дээ. Тиймээс ч амьдрал нь хэцүү байгаа хүмүүс өөр өөрсдийн боломжоороо л цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Бүр тэмдэглэдэггүй залуу хүмүүс ч зөндөө л байдаг байх. Хүний л эрхийн асуудал юм даа. Миний хувьд хөдөө өсч төрсөн, багаасаа энэ уламжлалт баярыг тэмдэглээд заншчихсан болохоор бас яг хийхгүй байж чаддаггүй. Ямар нэг аргаар зохицуулаад л хийж байгаа.
-Өнөөдөр цагаан сарыг нэг их зардал чирэгдэл болголгүй тэмдэглэж байя гэж ярьдаг ч монголчуудын нөгөө нэрэлхүү зангаасаа болдог ч юм уу, нэг л их нүсэр тэмдэглээд байгаа жишиг газар авсан. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь хуучин уламжлалаараа хэн хэндээ хүндрэл, төвөг учруулалгүй тэмдэглэсэн нь дээр гэж боддог. Монголчууд яаж тэмдэглэж байсан тэр л хэв маягаа хадгалж, ах дүүсээ хүндэлж, эв эеээ дээдлэн эрхэмлэж тэмдэглэх нь зохистой. Цагаан сар удахгүй болох гэж байна, одоо яах билээ гэцгээдэг. Тэнд, энд хэдэн төгрөгөөр золгоно гээд л мөнгөний асуудал гардаг. Үүнийг болих хэрэгтэй. Хуучин уламжлалаараа хадгаа бариад л золгох нь гоё шүү дээ. Өглөө босоод л зам мөрөө гаргаж, золголтоо хийгээд сүүтэй цайгаа ууж, буузаа идээд л инээж хөхрөөд тоглож наадаж тэмдэглэж ирсэн уламжлалаа хадгалах нь зүйтэй. Ерөөсөө хүүхдийн гар цайлгадгаас л эхлээд асуудал үүссэн юм болов уу гэж боддог. Сүүлийн үед мөнгө төгрөг өгдөг болоод байгаа. Хотынхон шиг одоо хөдөөд мөнгө төгрөг өгдөг юм байдаг юм болов уу даа. Хотод л мөнгө барьж золгож байхыг би анх харсан. Хөдөө бол хадаг бариад л сайхан золгоод, бие биедээ мэнд усаа мэдэлцэн, сайхан инээж хөөр бэлэглэдэг. Энэ сайхан уламжлалаа дагаж байх талаар зохицуулах л хэрэгтэй байгаа юм. Гэхдээ бас ёс уламжлал байна, ахмад настай хүмүүс орсон гарсан бүх хүмүүст гарын бэлэг өгдөг нь уламжлалт ёс.
Харин одоо Эрээнээс ирсэн хүний хэрэгцээг хангахгүй хог өгөх нь хэрээс хэтэрсэн гэж болно. Өрөөсөн эсвэл том жижиг оймс, тирко, бүр урагдчихсан хэнд ч хэрэггүй юм өгөхийн оронд үндэснийхээ оньсон тоглоом, ном, үзэг ч юмуу хүнд хэрэгтэй авсаархан бэлэг байвал яасан юм гээд зарим нь шүүмжилдэг. Үнэхээр зарим айлаар явж байхад тиймэрхүү бэлэг өгдөг хүмүүс байна, бас оньсон тоглоом энэ тэрийг өгдөг ч айлууд байна. Ер нь айлд орж золгохдоо заавал юм авна гээд байх шаардлагагүй, харин золгочихоод бууз идээд, инээж хөхөрч байгаад л явахад л болно шүү дээ.
-Бэлэг сэлт бэлдэх нь заавал байх ёстой зүйл биш боловч бид үүнийгээ бас гээж чадахгүй л болов уу?
-Тэднийд орсон чинь юу ч өгсөнгүй гэж ярих нь байдаг. Заавал бэлэг өг гэсэн юм, бас л монголчууд өөрсдөө л бий болгож хэвшсэн заншил юм даа. Энэ мэт учир дутаглдалтай зүйлүүд байгаа. Бидний сэтгэлгээнд байгаа л зүйл. Энэ баярыг ингэх ёстой гэж зохицуулах нь утгагүй. Харин айлд очиж бие биетэйгээ мөнгө барьж золгож байхаар ах дүү нараараа бүгд цуглаад за энэ жил бүгдээрээ мөнгөө нийлүүлээд танайд нэг ийм юм авч өгье. Тэгээд нэг дороо цуглаад цагаан сарын баяраа тэмдэглээд, дараа жил нь бөөнөөрөө нэгнийдээ цуглаад, мөнгөө нийлүүлээд ийм тийм юм авч нэгнийдээ бэлэглэж байвал зүгээр ч юм уу гаж би боддог юм. Ингэдэг хүмүүс, ах дүү нар бас байдаг юм билээ. Заавал хүн хүнд тусад нь бэлэг бэлдэж хүндрэл учруулаад байх хэрэг байна уу? Хэдэн төгрөг хуримтлуулаад л тэртээ тэргүй хүн бүхэнд бэлэг өгч байгаа юм чинь тэр мөнгөө бүгд нийлүүлээд нэг гэр бүлдээ ч гэсэн хөрөнгө оруулалт хийвэл илүү өгөөжтэй санагддаг.
-Та аль нутгийн хүн билээ, цагаан сарыг ер нь яаж тэмдэглэдэг вэ?
-Би Архангай аймгийнх. Манай аймаг сайхан тэмдэглэдэг. Ах дүү нараараа очиж золгоод ургахын улаан нарнаар л аав ээжийгээ дагаад өвөө эмээ дээрээ очиж золгоод ах дүү нараараа хэсдэг. Бүр сар шинийн долоон найман хүртэл очиж золгох айлаа дуусгаж амждаггүй. Заавал орох ёстой айлд орохгүй үлдээвэл тэр айл нь гомдол мэдүүлдэг. Тэгээд л бүх айлаа дуусгах гээд шинийн долоон найман хүртэл өдөр шөнөгүй л айл хэснэ. Шөнийн 12 цагт л гэртээ орж ирээд ядарсан улсууд л унтдаг байлаа. Хөдөө болохоор нэг ч таньдаг айл үлдээхгүй шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ л очдог. Сайхан буурай аав ээжүүд, хөгшчүүдтэй жилдээ нэг золгож хуучлаад сайхан даа. Хүүхдүүдтэй нь бид нар тоглож наадаад л байж байдаг. Харин хотод шилжиж ирээд цагаан сар тэмдэглэж байхыг хараад «хөөх» гэж их л гайхаж байсан. Одоо харин дасчихлаа. Биеэ даагаад гурав дахь жилдээ цагаан сарын баярыг тэмдэглэх гэж байна. Сайхан тэмдэглэхээр бэлтгэлээ базааж байна. Би хулгана жилтэй миний ивээл жил гарч байгаа. Ирж буй жилдээ төрлөөрөө түвшин амгалан элэгээрээ энх амгалан орших болтугай. Ах эгч, бүх ах дүү хамаатнууддаа цагаан сарын мэнд дэвшүүлж, аз жаргал хүсэн ерөөж байна.
Сонин, сэтгүүлийн худалдаа эрхэлдэг 72 настай Мөнгөн эмээтэй уулзаж цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг болон энэ уламжлалт баярт хэдийнээс яаж бэлтгэдэг талаар сонирхон ярилцлаа
-Цагаан сарын баяр дөхсөн байна. Та энэ баярыг өргөн тэмдэглэдэг байх даа?
-Өө тэгэлгүй яахав. Манайх ууц тавьдаггүй өвчүү чанаад, бууз, банш, зууш хийдэг. Манайд чинь нийтдээ 80-аад хүн ирдэг. Ах дүү нар дотроо би хамгийн ахмаддаа ордог. Манай дүү нар, тэдний үр хүүхдүүд, хүүхдүүдийн найз нар, за тэгээд худууд гээд олон хүн ирж золгоно шүү дээ. Бэлэг сэлт, гар цайлгах юм гэж хөнгөхөөн аятайхан юм бэлддэг уламжлалтай. Тухайлбал, цаг тооны хуанли /календарь/, жижигхэн ном, бичгийн хэрэглэл гэх мэтийн л юм бэлддэг. Бараг шинэ он гараад л бэлэг сэлтээ бодож, бэлтгэж эхэлдэг дээ.
-Цагаан сарыг тэмдэглэхэд багагүй мөнгө зарлагдана биз?
-Тийм шүү, бараг 700 мянгаад төгрөгийн зардал гардаг. Гэхдээ манай хүүхдүүд л энд тэндээс юм бэлдээд өгдөг. Тийм болохоор яг нарийн сайн мэдлэггүй л байна. Манайх арваад айл байдаг. Шинийн нэгэн хоёронд манай дүү нар бүгд ирдэг юм. Тэгээд болоогүй ээ хүүхдүүд ирнэ. 30-аад хүүхэд, өнчин хүүхдийн халамжийн газраас ирдэг. Тэдэнд бас бэлэг бэлдэнэ. Тэдэнд цай, унд хоол идүүлээд гарын бэлгийг нь өгөөд гаргана даа.
-Танайх цагаан сарыг их өргөн тэмдэглэдэг юм байна. Тэгэхээр хаа нэг газар бөөнөөрөө тэмдэглэе гэж бодож байв уу?
-Уг нь хэн нэгнийдээ хамтдаа тэмдэглэвэл болж л байгаа юм. Тэгэхдээ бас том жижиг 70-80 хүн гэдэг чинь багтахгүй хэцүү л дээ. Тийм болохоор зоогийн газар ч юм уу, цайны газарт хийнэ гэхээр бүр их чирэгдэлтэй болно шүү дээ. Монголынхоо уламжлалт ганц баяраа сайхан тэмдэглэхийг хүн бүхэн хүсэх нь мэдээж. Тэгэхдээ нэг их зардал гаргахгүйгээр тэмдэглэвэл зүгээр гэж боддог.
n Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг болон яаж тэмдэглэж байвал зохистой талаар Д.Мөнгөнцэцэг өөрийн сэтгэгдлээ хэлсэн юм.
- Цагаан сар монголын хамгийн сайхан баяр шүү дээ? Та яаж тэмдэглэдэг вэ?
-Цагаан сараар үр хүүхэд, хамаатан садан, найз нөхдийн хүрээнд инээд хөөр, баяр баяслаар өргөн тэмдэглэдэг. Би өндөр настай боллоо. Үр хүүхэд минь тэдний найз нөхөд, төрөл садны хүмүүс бүгд дээл хувцсаа өмсөн ирж золгодог. Бүгдээрээ ирж цуглаад сайхан бууз, баншаа жигнэж идээд л элэгсэг дулаан уур амьсгалтай сайхан байдаг. Уламжлалт хамгийн сайхан баяр.
-Ууц тавьдаг уу? Ууцны үнэ өссөн нь бэрхшээлтэй байна уу?
-Монгол зан заншил маань болохоор ууцаа аль болох чанаж баярын ширээгээ чимэхийг зорьдог. Харин энэ жил ууцаа чанаж чадахгүй юм шиг байна. Дал дөрвөн өндрөө чанах санаатай бэлдсэн байгаа. Ууц авах гэхээр айхтар үнэтэй болжээ. Ер нь жилийн жилд уламжлалаа даган тавьж байсан.
-Цагаан сарын баярыг их өргөн тэмдэглэдэг болсон хэр их мөнгө зарцуулж байна?
-Билэг дэмбэрэлтэй сайхан баяр болохоор өргөн, үр хүүхдүүдтэйгээ идээ будаа, айраг цагаагаа ууж идээд, хүүхдүүд шагай харваж, хөгшчүүл хууч хөөрөн их сайхан тэмдэглэдэг.
-Та ямар бэлэг сэлт бэлддэг. Хэдэн төгрөг зарцуулж байна?
-Их мөнгө зарцуулдаг. Мэдээж том баяр болохоор мөнгө зарцуулалгүй яахав. Нэг хүнд 2000-3000 төгрөгийн бэлэг өгөхгүй бол ямар бэлэг гэхэв. Хүнд бэлэг өгч баярлуулна гэдэг хамгийн сайхан зүйл. Хүүхдүүддээ чихэр боов өгч, хүн бүрийг ялгаж бэлэг өгөхгүйгээр ижил бэлэг өгөх дуртай. Өөрийн хүүхдүүдэд юу хэрэгтэйг нь асууж ахуй амьдралд нь хэрэгтэй юмыг өгдөг дөө. Гоо сайхны хэрэгсэл бэлэглэх дуртай.
- Та аль аймгийн хүн бэ, аймаг бүр өөр өөрийн онцлогтой цагаан сараа тэмдэглэдэг байх шүү?
-Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумынх. Манай нутагт цагаан сараар золгохдоо их ёс жаягтай золгодог, ахмадаа хүндэтгэн мөргөж золгодог, их гоё. Гадуур хараад байхад тийм ёс алга байна, шууд гараа зөрүүлээд л золгочих юм билээ. Ахмад хүмүүс нь ерөөл магтаалаа хэлнэ.
Сайн явж санаагаар
жаргаарай
Мөнх явж энх жаргаарай гэх мэт сайхан магтаалын үгс их бий.
- Одоо манай монголчууд цагаан сарыг хоёр өөр тооллоор тэмдэглээд байгаа, үүнийг та юу гэж бодож байна?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Өдий болтол өөрсдийн Гандантэгчилэн хийдийн зурхайгаар явж байгаа үүнийг л зөв гэж бодож байна. Хоёр янзын тооллоор тэмдэглээд байгааг ойлгохгүй л юм. За энэ яахав, сайхан баярлаарай монголын ард түмэн минь.
Д.Өлзий
Б.Төгрөгнаран
montsame.mn