2012-07-28-Нялх ахуйдаа чоно хөхөж байсан хүнодоо хэрнээ амьд сэрүүн байгааг сонсоод Налайхыг зорилоо.

Налайхынүргэлжилсэн олон хашаануудын дундхэрд номергүй хүрэн дааман хаалгатайхашаанд том жижиг хоёр гэр байна.Жижиг гэр нь Содномын буюу Баяагийнамьдардаг гэр орон аж. Баруун талынмодон орон дээр цав цагаан толгойтойхүн хучаатай хэвтэнэ. Миний уулзахаарзорьж яваа Баянзул буюу Баяа хөгшинажээ. Баяатай ярилцах, ойлголцох тунбэрх бололтой. Ам чих хоёроо барагнийлүүлэн байж ийнхүү ярилцлаа.
-Баяа нас сүүдэр хэд хүрч байна?
-Ная гарч байгаа юмуу даа. (Дэргэдээс жаалхүү "Эмээ насаа мэддэггүй юм. Заримдаа далтай, заримдаа наятай, бүр болиод зуу хүрч байгаа бололтой ярьдаг юм" гэж тодрууллаа)
-Та чинь аль нутгийн хүн билээ?
-Манайх одоогийн Дорнод аймаг, Матад сумын айл юм гэсэн. Багадаа нутгаасаа гарсан, Матад гэхээс цаашгүй.
Таныг чоно хөхөж байсан гэх юм билээ. Үнэн үү?
Үнээн үнэн. Би мэдэх биш дээ. Ээж аав минь л тэгэж хэлдэг байсан.
-Яагаад чоно хөхөх болсон юм бол. Ээж аав чинь юу гэж ярьдаг байв?
-Манайх хөдөө байсан юм билээ. Овоо хэдэн малтай, түүгээрээ л амьдралаа залгуулдаг байж. Би дээрээ хоёр ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй, дөрвүүлээ өссөн юм гэдэг. Дүү гараагүй, би хоёр ой хүрээгүй байх үедээ л чононд баригдсан гэдэг.
-Яагаад чононд баригддаг билээ?
-Ээж аав хоёрын ярих нь бол, манайх ганц гэрээрээ байсан. Намайг хананы нүднээс уяж суулгачихаад малдаа явдаг байсан юм билээ. Ах нар тэр өдөр саахалтын хүүхдүүдтэй тоглоод алга болсон, би л ганцаараа үлдсэн юм гэдэг. Яагаад ч юм уяа минь тайлагдаж, би гэрээсээ гараад нэлээн холдсон юм байлгүй. Орой аав ээжийг ирэхэд би алга байж. Сандраад л ойр хавьдаа эрцгээж л дээ. Нар шингээгүй гэгээн цагаан өдөр шүү дээ. Айл саахалтынхандаа хэлээд, бүгдээрээ эрээд ололгүй шөнө болгочихсон юм гэдэг. Тэгээд л аав ээж минь нулимстайгаа хатаж би гэдэг хүн сураг тасрах нь тэр.
-Мөр ч байхгүй юу?
-Юу нь байхав дээ. Хавар оройхон, зузаан баривч, нэхий бойтогтой л үлдээсэн юм билээ. Маргааш нь нэг сураг гарсан чинь, мал хариулж явсан хүн хоёр чоно харсан байдаг. Тэр хоёр чоно, нэг жижигхэн хар юмыг ээлжилж сэрвээн дээгүүрээ хаяад, давхиад байсан гэдэг. Хоньчин бодохдоо, айлын малаас ишиг суйлж дээ гэж бодоод л өнгөрсөн гэдэг юм. Намайг л авч явсан юм билээ.
-Таныг, чоно яагаад идчихээгүй юм бол?
-Манай нутаг чоно ихтэй шүү дээ. Сүрэг сүргээрээ явна. Заримдаа ч ганц хоёроороо явдаг л даа. Намайг Цавчим гэж цагаан хад чулуутай том уулын агуйд аваачсан юм билээ. Аав ээжийн ярих нь бол бэлтрэгнүүдээ суйлуулсан эмэгчин чоно үрийн хүслэн болж яваад, хүүхэд олдож тэр агуйдаа аваачин хөхөө хөхүүлэн тэжээсэн байх гэдэг юм. Юутай ч би тэр амьтны хөхийг хөхөж жил тойрсон.
-Тэгээд яаж гэртээ ирээ вэ?
-Би, чонын агуйд ямар янзтай амьтан байснаа огт мэдэхгүй шүү дээ. Намайг эмэгчин чоно хөхүүлж байсан байж таарна. Дараа жилийнх нь хавар ууланд том үргээлэг болсон юм гэдэг. Нутгийн олон анчид явсан юм гэнэ лээ. Манай аав ч бас ангаас хоцрохгүй, нутгийн эрчүүдтэй явдаг л байж. Анчид ууланд явж байтал, нэг хадны дэргэд хар юм бүртэлзээд байж гэнэ. Тэгээд л хөөцөлдөж барьж авсан юм гэдэг. Би тэгсэн чинь агуй руугаа зугтаагаад, улиад байсан гэх юм билээ. Нутгийн анчин Тэрбиш гуай намайг аргадаж барьж аваад аавд хүргэж очсон чинь аав уйлаад, бараг ухаан алдан унах дөхсөн гэдэг юм.
-Гэртээ очоод ямар янзтай байсан бол?
-Ярьдаггүй, хааяа ульдаг л хүүхэд байсан гэдэг. Орон дээр унтахгүй, шал, адсаган дээр өвдөг эрүүгээ нийлүүлэн цагираглаж унтдаг, хэзээ хойно хүртэл, болсон маханд муу, махыг түүхийгээр нь идэх гээд байдаг хүүхэд байсан гэх юм билээ. Аав ээж минь "Чоно цуглана" гээд намайг улиулдаггүй байсан гэдэг.
-Ер нь хэдий хүртэл ульдаг байв. Хэдийнээс үг яриа сурав даа?
-Би тав зургаан нас хүрч хэл яриатай болсон. Арван нас хүрч, орон дээр унтаж сурсан. Арван хэд хүртлээ улимаар санагдаад л байдаг байсан.
-Ульж байв уу?
-Ээж ааваасаа айна. Ганцаараа явахдаа бол ульж байсаан. Бүр томоо болтлоо би чононоос айдаггүй, чоно надаас айдаггүй байсан. Хонь хариулж явахад ганц хоёроороо чоно хүрээд ирнэ. Надаас нэлээн зайтай, хамт л яваад байна. Шилбүүр далайхтай зэрэг нэлээн холдоно. Намайг дайрахгүй. Миний малаас барихгүй. Их л эвтэй найртай явдаг байлаа. Хааяа янзыг нь үзэх гээд би улина. Чих нь хөдлөнгүүтээ над руу эргэж хараад цомцойж сууна. Ийм маягаар чонотой харьцдаг байлаа.
-Ер нь чонын улилт таны бие эрхтэнд шингэж ээ дээ?
-Нэг хэсэгтээ л миний сэтгэлийн дуу байж. Намайг арван хэдтэй байхад нутгийн анчид аваад явж билээ. Ууланд ойртоод намайг жалганд хэвтүүлэн хүчтэй уль гэсэн. Би чадлаараа ульсан. Тэгсэн чинь "Чоно гарч ирлээ. Тэр явна. Түүгээр нь тойръё" гэцгээж байх юм. Би учрыг ойлголоо. Надаар чоно дуудуулж гаргаад буудах юм байна л даа. Би дахиж улиагүй. Уль гэсэн ч улихаа больчихсон. Дахиж ийм анд яваа ч үгүй. Би чононд өөриймсөг элэгтэй хүн шүү дээ. Цагаан сүүг нь хөхөж хүн болчихоод тэднийг алуулах гэж явах учиргүй. Түүнээс хойш би улихаа больсон. Дотор сэтгэлдээ чоныг ээж аав шигээ дээдэлж өнөөг хүрсэн.
-Та, өсч өндийгөөд ямар ажил төрөл хийж байв?
-Намайг бага байхад манайх Дорнод аймгийн төвд ороод ирсэн. Сургуульд явуулах гэсэн боловч би бичиг ном сураагүй л дээ. Тэгээд арван хэдтэйгээсээ ажиллаж эхэлсэн. Дорнод аймгийн эмнэлэгт нэлээн хэдэн жил асрагч хийсэн. Аав ээж минь бурхан болоод би бага ахыгаа бараадан энэ Налайхад хүрч ирсэн дээ. Том ах маань дайнд яваад эргэж ирээгүй. Бага ах Налайхын уурхайд ажиллаж байгаад тэр жилийн нөгөө айхавтар нуралтанд дарагдаж таалал төгссөн. Би эмэгтэй дүүтэйгээ энд амьдардаг болсон. Налайхын эмнэлэг, яслиудад олон жил асрагч цэвэрлэгч хийсээн. Тэгээд тэтгэвэртээ гарсан. Дүү минь хэдэн жилийн өмнө ойчиж, би дүүгийнхээ хүүхэд, хүүхдийн хүүхдүүдтэй байж байгаа царай нь энэ. Дүү нар ажилд явчихна. Энэ хэд тоглоод мартчихгүй бол өдөрт нэг удаа аяганы амсар зуулгана. Заримдаа ч тоглоод алга болох юм даа. Хүүхдүүд дэрний дэргэд цай тавьж өгөөд явна. Түүнээс ганц хоёр балгаад л хэвтэж байх юм даа.
-Та залуудаа сайхан хүүхэн байв уу. Хүн хартай суув уу?
-Байдаг л нэг барга хүүхэн байгаа биз дээ. Хорин хэдтэйдээ хүнтэй сууж үзсээн. Жил хэртэй болоод намайг орхисон. Мэддэг нэг нь "Чонын хүүхэд", "Чонон заяатай амьтан" гэж шоолж байгаад салгачихсан. Налайхад ирээд нэг уурхайчин залуутай дотно холбоотой байсан. Манай ах дүү нар л хөндийрүүлсэн дээ. Тэр хүнээсээ жирэмсэн болсон чинь манай ах дүү нар "Яавч үүнээс өөдтэй хүүхэд төрөхгүй", "Ульдаг хүүхэд гарвал яана аа" гэхчлэн өөтүүлсээр байгаад томоо болсон хойно нь эмнэлэгт аваачаад зулбуулчихсан. Хүн дүрсээ олчихсон томоо хүүхэд байсан л гэх юм билээ. Ингэж хүүхдээ авахууллаа гэж залуу маань надад гоморхож хөндийрсөн. Түүнээс хойш би хүнтэй суугаагүй. Дүүгийн хэдэн хүүхдийг маллалцсаар өнөөг хүрэх шив дээ. Би насаа ч мэддэггүй. Их л өндөр насалж байгаа байх. Энэ насандаа өвчнөөр өвдөж, эм тан хэрэглэж үзээгүй. Одоо л насны доройтол гэгч нь болж байгаа юм уу даа, босч сууж чадахаа больсон. Хүүхдүүд тамир тэнхлийн тариа хийе, эм тариа уулгая гэдэг. Би тариа хийлгэдэггүй. Урмыг нь бодож эмийг нь аваад дэрэн доогуураа нуучихдаг. Сүүлд, шээсэн сав руугаа хийчихдэг юм.
-Хоол унд юу идэх вэ?
-Хүний л иддэгийг идэх болсон. Шүүрхий маханд дуртай. Малын элгийг бол гал дээр хөрсийг нь борлуулаад л идчихнэ. Будаа тарианд бол тааруухан. Сүү, цагаан идээг бол идэж ууна аа.
-Чонын хөх хөхөж байсантай холбоотой, таны биед болон ааш араншинд мэдэгдэх зүйл байх уу?
-Онцын мэдэгдэх зүйл байхгүй. Ульдаг хуцдагаа ч мартчихсан. Би багадаа их сэргэлэн, харайж дүүлэх дуртай хүүхэд байсан гэх юм билээ. Их хурдан гүйдэг байсан гэсэн. Сургуульд байснаа би түрүүн хэлсэн. Жил хэртэй болоод л гарсан даа. Тэр үед сургуулийн хүүхдүүдийг явган уралдуулдаг байлаа. Би нэг удаа уралдаад түрүүлчихсэн чинь алтан үсгийн үнэмлэх өгсөн. Би хадгалаад л байдаг байж билээ. Бас нэг удаа "халзан" Чоймоо гуай бид хоёр саахалтын айл руу явах боллоо. Чоймоо гуай намайг сундалдаад яв гэж байна. Би "үгүй дээ, гүйгээд очно" гэсэн. Чоймоо гуай тэгсэн сүүлд аавд "Адтай золиг шүү. Би морьтой, гайгүй л хурдлаад очсон чинь надаас түрүүлээд оччихсон байх юм" гээд инээж суусансан. Сүүлд хүртэл гүйдэг байсаан. Эмнэлэгт асрагч хийж байхад чинь өглөө эртлэн очиж бүх зүйлээ цэвэрлэнэ шүү дээ. Улс амьтан босоогүй байхад би босоод л гүйчихдэг байсан. Хэдхэн минут гүйгээд ажил дээрээ очно. Эмч нарыг ирэхэд өрөө тасалгааг нь гял цал болгочихсон байдагсан. Овоо хурдан байсан байх аа.
-Та босч, сууж чадахгүй. Дээлээ ч өмсөж чадахгүй байх. Би уул нь таны зургийг авъя гэсэн юм. Сониндгарч байгаа ярилцлага заавал зурагтай гардаг. Яах билээ, хоёулаа. Танд авахуулсан хуучин фото зурагбайна уу?
-Би ер нь зургаа авахуулж үзээгүй. Их ч дургүй. Эмнэлэгт ажиллаж байхад манайхны хамт олны зургийг аваад хананд хадчихсан байсан. Тэгж л ганц удаа зургаа авахуулсан юм байна. Сүүлд алга болсон л байна билээ. Ураад л хогийн саванд хийчихээ биз дээ. Хүүхдүүд эмээтэйгээ зургаа авхуулъя л гэдэг байсан. Би дургүйцээд авахуулдаггүй байсан.
-Та Налайхад ирснээсээ хойш нутаг руугаа явсан уу?
-Бүрлээч ах маань амралтаараа намайг аваад Дорнод аймаг, Матад сум, тэр үед амьд сэрүүн байсан хэдэн ах дүү, хамаатныхаараа очсон. Сүйд л болж байна билээ. Тэгээд ч үе үеэрээ дууссан даа. Одоо бол хойч үеийнхэн нь л байдаг байх.
-Өнөөх ууландаа очив уу?
-Үгүй дээ. Машин зам дэргэдүүр нь гардаг юм. Хайрхан уулынхаа дэргэд очоод харин нэг ульчихмаар санагдсан шүү гэснээр Баяа гуай бид хоёрын яриа өндөрлөлөө.
Би, хөгшнийхөөс гараад элдвийн бодолд дарагдаж явлаа. ...Энэ хөгшин ер нь хэдэн настай хүн бол? Японы онгоцнууд Дорнодын төвийг бөмбөгдөхөд ээжийнхээ гараас хөтлөөд аргалан дунд нуугдах гэж гүйж явсан, Оросын цэргийн "урт буутай машинууд" урагшаа цувахыг харж байсан зэргийг нь бодохоор 1930-аад оны үед төрсөн, 1939 юмуу 1945 оны дайны үед арван хэдтэй охин байсан баймаар. ...Ийм хурдан охиныг олимп, дэлхийн аваргад байг гэхэд дотооддоо сайн тордож, уралдуулж болоогүй л юм байх даа. ...Хүний хувь заяа гэж. Хайран сайхан хүний үр ингээд бичиг соёл ч үгүй, хань ижил ч үгүй хорвоог барах гэж дээ хэмээн бодож явлаа.
Г.ЖАМЬЯН /medee.mn/