2012-09-04Урлагийн гавъяат зүтгэлтэн, ардын жүжигчин, доктор, профессор П.Хаянхярваатай ярилцлaв.

-Сүүлийн үед та их завгүй дуулдсан. Ямар бүтээл хийгээд байна вэ?
-Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, хурандаа Ч.Гансүхийн захиалгаар цэргийн ансамблийн түүхийг бичих гээд 700-гаад хүний намтар, 1932 оноос хойшхи түүхэн замналыг үнэнээр нь дурсах гэж архив, бусад бичиг баримтыг шүүж нэлээн төвөгтэй ажлыг бариад сууж байна даа. Энэ номыг энэ ондоо багтаан гаргана. Манайхан түүхийг жаахан түүхийрүүлдэг гэмтэй шүү дээ. Нэгдүгээрт түүхээ мэддэггүй, хоёрдугаарт түүхийн баримтыг хадгалаагүй устгасан, гуравдугаарт оролцсон хүмүүс зөвхөн өөрийгөө дөвийлгөж ярьдгаас түүх гуйвж, үлгэр, домог шиг, сүржин болдог. Үүнээс зугтах эорилготой ном бичиж байна.
-Энэ завгүй ажлынхаа баримтыг яаж цуглуулж байна даа?
-Миний аав цэргийн хөгжмийн ерөнхий удирдаач Пүрэвжав гэж хүн байлаа. Багаасаа цэргийн ансамбльтай ойр явсан учраас цэргийн ансамблийн 1945 оноос хойших түүхийг бараг мэднэ. Тэр үеийн ахмадуудын дурдатгал, дурсамж, архивт байгаа боломжийн материалыг ашиглан бичиж байгаа. Хийгээд ирэхээр их төвөг¬тэй, материал цуглуулах нэг зовлон байна. Ялангуяа миний мэддэг дунд үеийнхний намтар, зураг, ямар ажил хийж байсан нь олддоггүй. Хэнийг ч мартахгүй, орхихгүй юмсан. Ахмадууд, тэдний ар гэр, үр хүүхэд нь надад туславал их баярлах байна.
- Москвагийн хөгжмийн ангид суралцсан нэгэн. Анхны дууны ая хийсэн түүхээсээ сөхөөч?
-Би 22 настайдаа Москвагийн хөгжмийн ангид дөрвөн жил сураад ирлээ. Тэгээд ажилд орохын өглөө С.Долд гэдэг яруу найрагч манай гэрт орж ирээд "Чи шууд ажилд орж бай¬гаа юм уу, Дуутай очихгүй юм уу" гэхэд нь би дуу зохиож үзээгүй шүү дээ. Яах юм бэ гэлээ. Тэрээр "Би чамд зориулаад шүлэг бичээд ирлээ" гэдэг бай¬гаа. Аваад хартал "Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ" дууны ая шууд ороод ирсэн.
-Тэгвэл сүүлийн үеийн хөгжмийн зохиолчдын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Дууны амин сүнс бол аялгуу байдаг. Гэтэл аялгуу багатай, маяг ихтэй дуу хийдэг болсон юм уу гэж ахмад хүний хувьд боддог. Өнөөгийн хөгжмийн зохиолчид монгол дууг жаа¬хан хэлгий болгож байна.
-Хөгжмийн зохиолчид дуучныхаа хоолойд тааруулж дуу хийдэгтэй санал нийлдэг үү?
-Дуучнаа олж дуу зохиож өгвөл илүү сайн болдог ёс бий, Тухайлбал, Батсүх, Үнэнхүү, Жавзандулам, Долгор шиг дуучинд зориулж бичиж болно. Тэгэх ч ёстой. Тэгвэл дуу хурдан амьдарна. Дууг заавал сэтгэлээсээ дуулах ёстой. Ингэж дуулсан дуу ямар ч хүнд хүрдэг. Хоолойгоороо дуулдаг дуучид ч бий. Сүүлийн үед Төрийн дууллыг манай рок попынхон буруу дуулж байна. Энэ талаар нэлээн шүүмжилсэн ч огт тоохгүй юм.
-Яаж буруу дуулж байна гэж?
-Төрийн дууллаа мэдэхгүй байна гэдэг гутамшиг. Дөрөвхөн бадаг дууг долоон ая болгоод дуулж байна. Төрийн дууллыг буруу дуулна гэдэг хөгжмийн соёл муудсаны шинж, Хэрэв хөгжмийн соёлтой хүн бол эхлээд нот, үг, зохиогчийн санааг ойлгож дуулах ёстой. Ер нь дууг буруу дуулдаг дуучин олон байна. Тухайлбал, Банзрагч гэж хүү дууг буруу бөгөөд сайхан дуулах юм. Тө¬рийн дуулал Үндсэн хуулиар батлагддаг. Энэ хуулийг өөрчлөхгүй бол дуу ч мөн адил өөрчлөгдөхгүй. Дамдинсүрэн, Мөрдорж хоёр лав дутуу зохиогоогүй байх. Мэдлэг, соёл хоёр хүнд заавал байх ёстой.
- Социализмын үед нэг дуу хийхэд олон шат дамжиж байж хүмүүст хүрдэг байсан. Харин одоо дуу төрөө л бол олны сонорт хүрдэг болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бас учиртай. Өмнө нь олон хүнээр батлуулж, зөвшөөрүүлж, зөвлөгөө авсаны дараа хүмүүст хүрдэг байсан. Гэтэл одоо шууд ширээнээс дуучинд шилждэг болжээ. Мөн дуучин нь мөнгө нэхнэ. Мөнгө авчихаад ямар дуулахыг нь мэдэхгүй шүү дээ.
-Таны үеийн болон одоогийн хөгжмийн зохиолчдын хооронд ямар ялгаа байна?
-Өнөөдрийн хөгжмийн зохиолчид дэлхийн хэмжээнд сэтгэдэг болж, Мэдлэг орчин үеийн төвшинд байгаа ч үүнийгээ зөв ашиглаж чадахгүй байна. Яагаад гэхээр хэчнээн мэдлэг байгаад ч онолгүй, ахмадын зөвлөгөөгүйгээр юм болохгүй шүү дээ. Авьяас бол байна.
-Танаас зөвлөгөө авдаг хөгжмийн зохиолч байна уу?
-Байхгүй. Хүн тоохгүй болохоор урам хугараад байх юм.
-Цэргийн ансамблийг 1939 оны Халх голын дайнд оролцсон гэж ярьдаг юм билээ?
-Нэг өдөр Л.Мөрдорж багштай ярьж байгаад манай ансамблийг Халх голын дайнд оролцсон гээд байх юм. Хээээ, хаана тоглосон юм бэ гэсэн чинь. Үгүй ээ Хаянхярваа минь оролцсон юм байхгүй. Дайн эхлэх үед бид Дорнодын Матад, Тамсагаар бригадаар явж байгаад их бороотой шөнө Халх голын орчмоор явж байхдаа хил давчих вий гэж айж тэмтчиж явтал нэг цэргийн ангийн байрлалд ороод ирж. Хатуу харуул манаатай, тас няс гээд буудах нь холгүй байна гэнэ. Тэгэхээр нь "Бид цэргийн төв клубийн дуу, бүжиг, хөгжмийн хэсэг байгаа юм. Танай ангид урлагаар үйлчлэх гэж явна" гэхэд нь хороон даргатай уулз гээд Дандар гуай дээр аваад ирж. Тэгэхээр нь "Бид бригадаар тоглох" гэж явна гэхэд Дандар гуай "Юуны чинь тоглох гэж. Маргааш дайн эхэллээ. Та нар дайны фронтод ирж амиа алдаж байхаар эртхэн амиа аваад зайл" гээд хөөж явуулсан гэж багш хэлсэн. Тэр үед Л.Мөрдорж гуай цэргийн төв клубын хөгжмийн удирдаач, дарга" байсан юм билээ. 1930-аад оны цэргийн төв театр тухайн үедээ Монгол Улсын мэргэжлийн урлагийн ганц төв байгууллага бай¬сан. Улсын төв театрын бүжигчин, жүжигчнийг цэр-гийн ансамбль бэлтгэж байсан түүхтэй.
- Тухайлбал?
-1942 онд алдарт Игорь Моисеевийн ансамбль гадаадын анхны айлчлан тоглолтоо монголд хийхээр ирэхэд нь Цэргийн ансамблийн удирдлага тухайн үед зах зээлийн овсгоотой байж, Манай бүжигчдэд бүжиг зааж өгөөч гэхэд "Та нар сурдаг юм бол бид туслахад бэлэн байна" гэж Моисеев амлаад 10 хоног Орос, Украйн, Эстон, Магда гээд олон улсын бүжгийг мэргэжлийн өндөр төвшинд бэлдэж, үндэснийх нь хувцасыг бэлэглэсэн. Монголд анх удаа олон улсын мэргэжлийн бүжгийг мэргэжлийн төвшинд үзүүлсэн хамтлаг бол цэргийн дуу, бүжгийн ансамблийн бүжигчид.
- Олны танил ямар бүжигчид байсан юм бол?
- Х.Ёндон ардын бүжгийн мастер, эцэг Ц.Сэвжид, Ц.Раднаа, Ж.Цэрэндулам, П.Александр гээд манай өмнөө барьдаг ахмадууд байсан, Мөн монголын балетыг хөл дээр нь босгосон Б.Жамьяндагва, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Мижиддорж, Жигмэддорж, Цэрэндэндэв, ленин Дамдинсүрэн гээд олон сайхан бүжигчид, жүжигчид эндээс төрсөн.
-Монголд удирдаачийн урлаг хэдэн онд хөгжсөн бэ?
-Монголын хөгжмийн мэргэжлийн удирдаачийн урлаг 1950 онд бий болсон. Үүнээс өмнө өөрийнхөө авьяас, сонирхлоор удирддаг уран сайханчид байсан. Цэргийн анхны мэргэжлийн удирдаач бол Москвад сургууль төгсч ирсэн Г.Цэрэндорж. Энэ хүнийг Монгол Улс, монголын соёл тоогоогүй. Түүнийг мэргэжлээр нь ажиллуулсан бол монголын удирдаачийн урлагийг дэлхийд гаргах байсан. Тийм авьяастай, чадалтай өвөрмөц удирдаач байлаа
-Яагаад мэргэжлээр нь ажиллуулаагүй юм бол?
-Социализмын үед гэр бүлийн талаар тогтвортой, архи уудаггүй, намын гишүүн байх ёстой гээд нэг намын дарангуйлалд байлаа. Тэр үед Г.Цэрэндорж намын гишүүн байгаагүй байх. Их наргианч жаахан уучихдаг хүн, байсан. Гэр бүлийн хувьд тэр үед тогтворгүй орос авгай аваад тохирохгүй болохоор нь монгол эмэгтэйтэй суусан гээд хөөгдсөн. Хүний авъяасыг нь тоохгүй, зөвхөн хариуцлага талаас нь хатуурхаад баллаж байгаа юм. Олон хүнийг хөөсөн. Тэгээд цэргийн ансамблиас гарсан хүмүүс дандаа өөдөлдөг сонин түүхтэй, Би хүртэл хөөгдөж байсан. Тухайн цагийн өнгө юм даа. Гомдох юм ч байхгүй. Олон сайхан авьяастнаа ад үзсэнээрээ монгол улс хохирч, Дуурийн театр, ардын дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын драмын театр хөгжсөн.
-Таныг яагаад хоосон юм бэ. Шалтгаан нь юу байв?
-1972 оны долдугаар сарын 29-нд хурандаа Намдаг намайг дуудаад "Таныг ажлаас халлаа, Ажлаа өгөөд яв" гэж хэлээд зүгээр л халчихсан, Ямар нэгэн юм байгаа байх. Би ч жаахан ааштай, түргэн амтай, их харгис зантай байсан болоод олонд хүндлэгдээгүй юм байлгүй гэж боддог. Залуудаа ажлын төлөө хэнд юу ч хамаагүй хэлдэг байсандаа өтөлсөн хойноо их харамсдаг. Би тэр үед Монгол-Зөвлөлтийн нийгэмлэгийн салбарын дарга байлаа. Тэгээд нэг өдөр татварын 800 гаруй төгрөг хураачихаад явж байтал нэг удирдах ажилтан тааралдаад "Чамд бэлэн мөнгө байна уу, хэрэглэчихээд өгье" гэхээр нь өгчихлөө. Гэтэл тэр орой нь шалгалт ирээд татварын мөнгө дутаасан гэж байсан. Энэ түүхийг бичих гээд архив үзэж байтал намайг долдугаар сарын 29-нд халаагүй. Харин наймдугаар сарын 8-нд өөр ажилд шилжүүллээ гэж бичсэн байна лээ. Уг нь яг хөөсөн юм.
-Та одоо хэд хүрч байна вэ?
-75-тай. Хөлөө хугалчихаад жаахан жаахан муу байна. Түүнээс биш бусад өвчин гайгүй. Нүдний хараа сайн, шил хийлгүй ямар ч номын үсгийг уншиж чадна. Энэ нь ном бичхэд хэрэг болж байна. Хийж чадвал хөгжмийн зохиолч чинь хийморьтой ажил. Юм мэддэггүй хүнд жаахан дургүй.
Р.Оюун